Баянхонгорын хүүхдүүд крикетээр хичээллэх боломж бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-04-02 16:19:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Крикетийн холбооны салбарыг Баянхонгор аймагт байгуулан, тус спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуусыг бүртгэж эхэлжээ.

Дэлхийн 120 гаруй улс оронд түгээн дэлгэрээд буй Крикетийн спорт нь тухайн хүний хараа, авхаалж самбаа, хурд, сэтгэн бодох болон зөв шийдвэр гаргах сэтгэлгээг хөгжүүлдэг гэдгээрээ онцлог аж. Крикет нь спортын төрлүүдээс сонирхогч, хөгжөөн дэмжигч, оролцогч зэргээрээ тэргүүлэх спортын тоонд багтдаг байна. 

Аймгийн БТСГ-ын дэмжлэгтэйгээр байгуулсан Баянхонгор аймаг дахь Крикетийн холбоо нь орон нутгийнхаа хүүхэд, залуусыг уг спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж, бэлтгэл сургалтыг тун удахгүй хичээллүүлж эхлэхээр болжээ. Улмаар ирэх есдүгээр сарын 10-14-нд Улаанбаатар хотод болох хүүхдийн спортын шигшээ тоглолтод аймгаа төлөөлөн оролцох шилдэг тамирчдыг бэлтгэж оролцуулах аж.

Сонирхуулахад, Крикетийн спорт монголчуудын сайн мэдэх “гүйдэг матка”-тай олон талаар төстэй. Монголд анхны крикетийг 1992 онд Ховд аймагт тоглосон гэдэг ч Монголын хүүхэд залуучууд 2012 оноос эхлэн энэ спортоор идэвхтэй хичээллэж эхэлжээ. Крикет нь хүүхдүүдэд эр зориг, харилцан хүндлэлийг бий болгодог багийн спорт юм. Нийт хөгжөөн дэмжигчийнхээ тоогоор хөлбөмбөгийн дараа дэлхийд хоёрдугаарт ордог байна.


Холбоотой мэдээ