Биологийн багш нар сургалтаа туршилт дээр тулгуурлан явуулах чадвар эзэмшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-03-26 16:10:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ЖАЙКА ОУБ-ын сайн дурын ажилтан Мики Кюкюшима биологийн хичээл дээр туршилт хийж, сурагчдын шинжлэх ухаанч мэдлэг, чадварыг хэрхэн дээшлүүлэх талаар Сайнцагаан сумын таван сургуулийн биологийн багш нарт сургалт явуулан чадавхжуулж байна. 

Сургалтын үеэр “Цэгц билиг” сургуулийн биологийн багш А.Нарангарав навчны судалжилтыг харах, Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш Э.Бямбажав бууцайнаас хлорфил ялгах, сайн дурын ажилтан Мики ДНК гэсэн туршилтуудыг хийж, онолын мэдлэг, шинжлэх ухаанч арга барил, таамаглал дэвшүүлэх, туршилтаараа батлах зэрэг олон чадварыг оролцогчдод эзэмшүүлж байна.

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Дундговь аймагт байгалийн ухааны хичээлийн сургалтын чанарыг сайжруулах, байгалийн ухааны кабинетуудыг байгуулах, багш нарын онолын мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд “Байгалийн ухааны дэд хөтөлбөр” батлагдаад хэрэгжиж байгаа ажээ.

Тус дэд хөтөлбөрийн нэг хэсэг бол байгалийн ухааны хичээлээр туршилт дээр тулгуурлаж, сургалтын үйл ажиллагаа явуулж, сурагчдад шинжлэх ухаанч арга барилыг олгох явдал юм.

Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд сайн дурын ажилтан Мики Кюкюшима багш нарыг чадавхжуулахад тусалж, БСУСГ-т хоёр жил ажиллаж байгаа ажээ. Тэрээр ажиллах хугацаандаа Цэгц билиг сургууль дээр багш А.Нарангаравтай хамтран байгалийн ухааны сургалтуудыг тэр дундаа физик, химиийн багш нарыг чадавхжуулах чиглэлээр ажиллаж байсан бол энэ жил биологийн багш нартай ийнхүү ажиллаж байгаа ажээ.  

 

Холбоотой мэдээ