Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт таван ширхэг агаар цэвэршүүлэгч өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-01-28 13:15:08

Завхан/МОНЦАМЭ/.Аймгийн Засаг дарга Д.Батсайхан энэ сарын 25-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн үйл ажиллагаатай танилцаж, 2.2 сая төгрөгийн үнэ бүхий таван ширхэг агаар цэвэршүүлэгчийг, ус шүүгчийн хамт гардууллаа. Мөн Хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг эх болон, тасгийн эмч сувилагч нарын санал хүсэлтийг сонслоо.  

Тус аймагт томуу, томуу төст өвчин их байгаатай холбогдуулан энэ сарын 24-ний өдөр аймгийн Засаг даргын зөвлөл яаралтай хуралдаж гаргасан шийдвэрийн дагуу дээрх цэвэршүүлэгчийг өгсөн байна. Мөн тус хурлаас аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургалтын үйл ажиллагааг энэ сарын 25-наас хоёрдугаар сарын 11 хүртэл түр завсарлуулах, мэргэжлийн байгууллагууд ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг шат дараатай хүргэхээр шийдвэрлэжээ. 

Өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт 58 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Өдөртөө 10 гаруй хүүхэд эмнэлгээс гарч 10 гаруй хүүхэд эргэж хэвтээд байна. Харин амбулаториор өдөртөө 60-70 хүүхэд үзүүлж тусламж үйлчилгээ авч байгаа ажээ.

"Нэг өрөөнд дөрвөн хүүхэд асран хамгаалагчтайгаа найман хүн хэвтэж байна. Тиймээс агаар ямар байгаа нь ойлгомжтой. Энэ нь хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эдгэрэлтийг удаашруулж байна. Тиймээс бидэнд агаар цэвэршүүлэгч нэн шаардлагатай байсныг аймгийн Засаг даргад уламжилж хүсэлт тавьсны дагуу өнөөдөр ийнхүү олгож байна. Хүүхдүүдийн эрүүл мэндэд чухал шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг бидэнд гардуулж буй аймгийн удирдлагад талархал илэрхийлье"  хэмээн Хүүхдийн тасгийн их эмч Д.Амгалан мэдээллээ.

Холбоотой мэдээ