БНСУ нэг удаагийн уутны хэрэглээг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-12-31 12:14:35

СӨҮЛ. /Yonhap/. Байгалийн нөөцийг хамгаалах, дахин боловсруулах хаягдлын хэмжээг бууруулах зорилгоор ирэх оноос эхлэн БНСУ даяарх супермаркет болон жижиглэн худалдааны газруудад нэг удаагийн уутны хэрэглээг хориглохоор болжээ.


Уг хориг нь энэ долоо хоногийн мягмар гарагаас эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд худалдааны томоохон сүлжээний хоёр мянга орчим дэлгүүр, 11 мянга гаруй супермаркет багтах юм. Харин дэлгүүрүүд уг хоригийг зөрчсөн тохиолдолд 3 сая вон буюу 2683 орчим ам.доллар хүртэлх хэмжээний торгууль ногдуулах аж.


Дэлгүүрүүд нэг удаагийн гялгар уутны оронд дахин ашиглах боломжтой даавуун юм уу цаасан уутыг хэрэглэгчдэд санал болгох шаардлагатай болсон байна. Харин мах, загас зэрэг бүтээгдэхүүнд ашигладаг гялгар савыг үргэлжлүүлэн хэрэглэж болох юм.


Байгаль орчны яам цаашид угаалгын газруудын гялгар уутны хэрэглээг бууруулах төлөвлөгөөг олон нийтэд  танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ