"Хүрэл тулга-2006" наадам амжилттай өндөрлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-29 16:33:06

Жил бүр уламжлал болон зохиогддог “Хүрэл тулга-2016” наадам энэ амралтын өдрүүдээр амжилттай болж өндөрллөө.

Өсвөр  үе, хүүхэд багачуудыг эх хэлнийхээ яруу тунгалаг үгсийн сантай танилцуулж авъяас билгийг нь нээн хөгжүүлэг зорилготой уг наадмыг аймгийн ХГБХХ, Монголын Зохиолчдын Эвлэлийн Дорнод салбар, аймгийн Төв номын сан, ДОРНОД сонин жил бүр хамтран зохион байгуулдаг сайхан уламжлалтай. Энэ удаагийн наадмын онцлог нь орон нутгийн зохиолчдоо алдаршуулах зорилгоор Дорнод нутгийн авъяаслаг яруу найрагч Баттөмөрийн Тайван агсаны нэрэмжит болон явагдсанд байлаа. Тайван агсан их Д.Нямсүрэн найрагчийн шавь, олон сайхан шүлгээрээ өөрийгөө мөнхлөн үлдээж чадсан Дорнод нутгийн унаган яруу найрагч байлаа.

Энэ жилийн наадамд 14 сумаас шалгарч ирсэн ЕБС-ийн 40 гаруй сурагч хоёр насны ангилалаар өрсөлдөж ур ухаанаа уралдуулсан юм. Шүлэгчдийн чансаа жилээс жилд дээшилж шүлэг урлах мэдрэмж, утга уянгын тал дээр сайжирч байгаа нь харагдсан гэдгийг шүүгчид онцолж байлаа.

Наадмын шүүгчээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ц.Жамбалгарав, Дорнод сонин эрхлэгч Б.Туяа, ХГБХХ-ийн мэргэжилтэн Оргилсайхан, Боловсролын газрын Монгол хэлний мэргэжилтэн Эрдэнэчимэг нар шүүн явуулсан. Оролцогчдын чадварыг сорихын тулд сүүлийн шатанд үлдсэн таван сурагчид шүүгчдийн зүгээс сэдэв өгч 8 минутад шүлэг бичүүлж оноог нь дүгнэж шилдгүүдийг тодруулсан.

Ингээд наадмын дунд насны ангилалд Булган сумын 6а ангийн сурагч У.Мягмарсүрэн, Баян-Уул сумын 9а ангийн А.Отгонзул, Халхгол сумын Ялалт багийн 9а ангийн сурагч Ц.Сүхбат нар тэргүүллээ. Ахлах насны ангилалд Баян-Уул сумын 12 а ангийн сурагч Н.Золбаяр тэргүүлж Цагаан-Овоо сумын 10б ангийн сурагч Б.Уранчимэг удаалж Хэрлэн сумын 1-р сургуулийн 11г ангийн сурагч А.Тамир гутгаар байрыг хүртлээ.

Энэ ангилалд МЗЭ-ийн Дорнод салбарын нэрэмжит шагнал болох “Содон хэллэгтэй найрагч” шагналын анхны эзнээр Хэрлэн сумын 2-р сургуулийн 11а ангийн сурагч Ч.Алтанзул тодорсон байна. Наадмын бас нэгэн хүндтэй шагналыг Дорнод сонин жил бүр уламжлал болгон тодруулдаг. “Хэвлүүхэн найрагч” хэмээх уг шагналын эзнээр Шинэ хөгжил цогцолбор сургуулийн 8б ангийн сурагч Г.Эрдэнэхүслэн тодорч морины дүрс бүхий дурсгалыг гардан авсан.

Наадамд түрүүлсэн сурагчид аймгаа төлөөлөн Улсын хэмжээнд зохион байгуулагддаг “Хүрэл тулга” наадамд оролцох эрх, Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуульд хөнгөлөлттэй сурах эрх зэргээр давхар шагнуулсан юм.

Б.Туяа

 

 

Холбоотой мэдээ