2018 оны зарлагатай 2019 оны орлого тэнцэх үү

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2018-10-13 14:47:45

УИХ-д Засгийн газар жил бүрийн 10 дугаар сарын 1-нд улсын төсвийн төслийг өргөн барьж  чуулган дөрвөн удаагийн хэлэлцүүлэг хийж, 45 хонгийн дотор  батлах хуультай.  Энэ хүрээнд ирэх оны төсвийн анхны хэлэлцүүлгийг УИХ хийлээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар 2019 оны төсвийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бичиж парламентад өргөн барина гэж өнгөрсөн жил мэдэгдэж байсан билээ. Төсвийн төслийг хэлэлцэж байгаа байдлаас харахад гишүүдийн байр суурь янз бүр байна. Эрх баригч МАН-ын бүлгийн гишүүд төслийг чамбай болсон гэж хэлж байхад сөрөг хүчин буюу Ардчилсан намын бүлгийн гишүүд төсвийн төслийг сүүдэртэй талаас нь харж байх жишээтэй. Тухайлбал УИХ-ын гишүүн З. Нарантуяа “Завхан аймгийн урд талын сумдын сургууль,  эмнэлэгийн барилгад урсгал   засвар хийх төсөв тавигдсангүй гэж хэллээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Л. Мөнхбаатар, Д. Тэрбишдагва зэрэг олон гишүүн төсвийн төслийг эерэг талаас нь өлгөн авч үг хэлж байв. Тэд 2019 оны төсвийн төсөл урьд жилүүдийн төсвийн төслийг бодвол тооцоо судалгаа сайн, боловсруулалт нь чамбай  болсон гэж хэлж байна.Засгийн газар 2019 оны  төсвийн орлогыг 9, 7 их наяд төгрөг, зарлага нь 11 их наяд 600 тэрбум төгрөг байхаар оруулж иржээ. 

Тэгвэл 2018 онд улсын төсөв  7,3 их наяд төгрөгийн орлоготой, 9,7 их наяд төгрөгийн зарлагатай байсан аж. Тэгэхээр 2019 оны төсвийн орлого 2018 оны төсвийн зарлагатай тэнцэх нь.  Харин 2019 оны төсвийн орлогыг  2018 оныхтой харьцуулах юм бол 40 хувиар нэмэгдэх бололтой. Ирэх онд ийм орлого олохын тулд 42 сая тонн нүүрс экспортолно. Зэсийн экспортоос 5, 6 тэрбум төгрөг олохоор төсвийн төсөлд тусгажээ. Гэхдээ гаалийн хяналт, шалгалтыг сайжруулж Монгол Улс экспортолж байгаа эрдэс, баялагаас авах татавараа бүрэн хэмжээгээр авч, төсвийн орлогоо нэмэх зорилт тавьсан аж.

Төсвийн төслийн  зарлага талын хамгийн их нь төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын цалинд 2, 2 их наяд төгрөг,  тэтгэвэр тэтгэмжид 1, 5 их наяд төгрөг зарцуулна гээд цааш нь жагсаасан байх юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл хэлцэж байгаатай холбогдуулан чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлсэн нь бусдын анхаарлын төвд байна. ТэрбээрМиний зүгээс 2019 оны төсвийн төсөлд өгөх шүүмжлэл, санал цөөнгүй байна.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5.1.3, Төсвийн тухай хуулийн 6.2.2 болон 22, 29.4 дэх заалтууд ноцтой зөрчигдөж байгааг засахгүйгээр энэ төсөв батлагдаж болохгүй. Төсвийн 2019 оны тэнцвэржүүлсэн орлого 2 их наяд 445,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ, үүний 1,3 их наяд төгрөгийг уул уурхайн салбараас орохоор тооцсон нь нийт нэмэгдэх орлогын 53,1 хувийг эзэлжээ. Өөрөөр хэлбэл хамгийн баталгаагүй орлогоор төсвийн талаас илүү хувийг бүрдүүлэхээр тооцож байгаа нь төсөвт асар том цоорхой гаргаж мэдэх эрсдэл мөн. Сангийн яам батлагдаагүй байгаа Татварын багц хуулийг батлуулснаар орлого нэмэгдэнэ гэх хэрнээ төсвийн орлого яг хэдэн тэрбум төгрөгөөр нэмэгдэхийг тодорхой заасангүй. Улсын төсвийг зөвхөн батлагдсан, үйлчилж байгаа хуулийн хүрээнд хийх хуультайг дахин сануулъя.

 

 

Орлогоо бодитоор төсөөлж, зарлагаа аль болох хэмнэх чиглэл рүү хандуулахыг нөхцөл байдал биднээс шаардаж байна. Олон улсын валютын сангаас “Санхүүгийн нөөцтэй байх хэрэгтэй. Элдэв хямрал, салхи шуурганд ганхахааргүй санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн сууриа хадгалах нь чухал” гэж сануулсаар байгааг төсвийг боловсруулахдаа тооцох, тусгах талаар санаачилгатай ажиллаач гэж Сангийн яамны албан тушаалтнуудаас, Сангийн сайдаас хүсэж, шаардах байна. Ирэх жилийн төсөв бодитой хийгдэж, батлагдахгүй бол маш хүнд сорилттой тулгарахыг дэлхийн шилдэг шинжээчид анхааруулсаар байгааг битгий мартаач хэмээн онцлоод ирэх жилийн төсөвт үндэсний эрх ашгийг эрхэмлэсэн, шинэчлэл хийсэн, бодитой байдлаар хандахыг УИХ-ын эрхэм гишүүдийг Ерөнхийлөгч уриалав.

 

Улсын төсвийн салшгүй нэг хэсэг нь  орон нутгийн төсөв байдаг. Энэ хүрээнд доорх зүйлийг хийнэ хэмээн төсвийн төсөлт тусгажээ. Тухайлбал орон нутагт ашигт малтмалын хайгуул (АМХ)-ын зөвшөөрлийн төлбөрийн төсөвт төвлөрүүлэх орлогын 50 хувь, газрын тосны зөвшөөрлийн 30 хувь, олборлосон түүхий нүүрсний агаарын бохирдолын төлбөрийн 50 хувийг тус бүр  хувиарлана гэжээ.

 

Мөн гадаадын зээл тусламжаар 2019 онд1 их наяд 371тэрбум 500 сая төгрөг ашиглана гэжээ. Түүний 21 хувийг байгал орчныг хамгаалах, агаарын бохирдолыг буруулах, бохир ус цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэхэд, 17 хувийг сургууль, цэцэрлэг эмнэлгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд, 39 хувийг нефть бүтээгдэхүүн, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэхэд, 15 хувийг  нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрийг дэмжих, худалдаа, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр ашиглан нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ хэмээсэн байна. Засгийн газар 2019 оны төсвийн алдагдал ДНБ-ний 5.4 хүргэж бууруулахаар тооцжээ.

Улсын төсвийн анхны хэлэлцүүлгийг чуулганаар хэлэлцэж байгаа байдлаас хархад, эрх баригчид болон сөрөг хүчин, Ерөнхийлөгчийн баримталж байгаа байр суурь харилцан адилгүй байна. УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч  ойлголтоо ойртуулж, алдагдалаа багасаж төсөвөө батлах нь мэдээжийн хэрэг биз. Тэднийг ойлголтоо ойртуулах, гураван хэлэлцүүлэг хүлээж байна. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд Монгол улсын 2018 онд зарцуулсан зэрдлынхаа хэмжээний орлогыг 2019 онд олохоор төсвийн төсөлд суулгасан байна. Ирэх жилийн орлого энэ жилийн зарлагатай тэнцүү  байх, эсэх нь 2019 оны төсвийн төсөл батлагдснаар  тодорхой болно. Г.Эрдэнэбат

 

Холбоотой мэдээ