ТОКИО-2020

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний хоёр дахь өдөр хагас шигшээ барилдаанд Гавьяат тамирчин С.Батцэцэг, Нигерийн Блессинг Оборудудутай хүч үзэж 7:2-оор хожигдлоо.
Нигерийн бөх, С.Батцэцэгийн
хөлд хамж ороод ард гарч 2 оноо авч, дахин оноогоо ахиулсаар нийт 7 оноотой эхний үеийг
илүүрхэн дуусгав.
Хоёрдугаар үе манай бөх 2 оноо
авснаар ялагдлаа.
Гавьяат тамирчин С.Батцэцэг 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө,
хүрэл медальт Францын Кумба Ларроког цэвэр
дарж ялсан. Дараа нь 1/4 шигшээд 2019 оны
ЕАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг 8:5-аар хожсон.
Харин энэ удаагийн учраа О.Блессинг бол Африкийн 10 удаагийн аварга, тивдээ сүүлийн 10 жил босоо байгаа бөх юм. Тэр эхлээд Азербайжаны Маноловаг 13:2 ялж, дараа нь Киргизийн Мээрим Жуманазароваг 3:2 ялж, хагас шигшээд шалгарсан.
Энэ
жингийн дагах барилдаан маргааш 11 цагаас, шигшээ барилдаан 19 цаг 30 минутаас эхэлнэ. Энэ
жингийн аваргын төлөө Тамира Менса (АНУ), Блессинг Оборудуду (Нигер)
нар хүч үзэн өрсөлдөнө.
Манай бөх маргааш
үдээс хойш Киргизийн
Мээрим Жуманзарова, Азербайжаны Элиз Маналова нарын ялсантай нь хүч үзнэ.
"Лондон-2012" олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө,
нэжгээд хүрэл медальт, Хөдөлмөрийн
баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг ийнхүү маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар
боллоо.

ТОКИО. /BBC/. Токиогийн Олимпын наадмыг орхин эх орон руугаа буцах албан шахалтыг биелүүлэхээс татгалзсан Беларусийн гүйлтийн тамирчин бүсгүй өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ аюулгүй байдалд санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Тодруулбал, Беларусийн тамирчин Кристина Тимановская өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн 200 метрийн гүйлтийн тэмцээнд өрсөлдөх ёстой байсан ч дасгалжуулагч нь түүнийг өөр төрөлд буюу 4х400 буухиа уралдаанд ямар ч бэлтгэлгүй оруулсан тухай богино мэдэгдлийг нийгмийн сүлжээгээр дамжуулан хийсэн байна.
Дүрс бичлэгийнхээ үеэр тамирчин бүсгүй, багийн удирдагуудаас түүнд "дарамт шахалт үзүүлсэн" хэмээгээд, Олон улсын олимпын хорооноос /ОУОХ/ тусламж хүсэж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр, "Тэд намайг Японоос хүчээр гаргахыг оролдож байна" гэж Беларусийн Спортын эв нэгдлийн сангийн /BSSF/ "Telegram" сувагт нийтэлсэн бичлэгтээ дурдсан байна.
Мөн улсынхаа дасгалжуулагчдын
хайхрамжгүй байдлын талаар "Instagram" хуудсандаа ярьсан учраас багаасаа хасагдсан хэмээн ярьжээ. Түүний хэлснээр, багийн удирдлагууд өрөөнд нь орж ирээд ачаагаа баглах нэг
цагийн хугацаа өгч, өөрийнх нь хүсэл зоригийг үл тоомсорлон Токио хотын нисэх онгоцны буудал руу авч явжээ.
Өдгөө 24 настай залуу тамирчин бүсгүй нисэх онгоцонд суухгүйн тулд хүлээлгийн танхимд цагдаагийн ажилтнуудаас тусламж хүссэн бөгөөд одоо цагдаа нартай хамт байгаа учраас өөрийгөө аюулгүй гэж бодож байна хэмээн хэлжээ.
Үүнтэй холбогдуулан ОУОХ Беларусийн холбогдох албаны хүмүүсээс тодруулга авахыг хүсэж байгаагаа мэдэгджээ. Тус улсын Олимпын хорооноос өмнө нь, "Дасгалжуулагчид К.Тимановскаягийн "сэтгэл хөдлөл, сэтгэлзүйн байдлаас" нь болж тэмцээнээс хасах шийдвэр гаргасан" гэж мэдэгдсэн байна.
Мөн ОУОХ үүсээд буй нөхцөл байдалтай
холбогдуулан К.Тимановскаятай холбоо тогтооход "өөрийгөө аюулгүй байгаагаа хэлсэн” гэдгийг уламжилжээ. "К.Тимановская нисэх
онгоцонд суугаагүй. Тэр одоо "цагдаагийн
хамгаалалтад аюулгүй байгаа" гэж Спортын эв нэгдлийн сангийн төлөөлөгч Анатоль Котау "ВВС" телевизэд мэдээлжээ.
К.Тимановская "European Radio for Belarus" радиод ярилцлага өгөх үеэрээ, эх орондоо буцаж очихоос айж байгаагаа ярьжээ. Түүний бичлэг олон нийтэд хүрсний дараа тамирчин бүсгүйг Беларусийн төрийн өмчийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилснээс гадна нэгэн телевизийн суваг түүнд "багаа гэх сэтгэл” байхгүй хэмээн мэдээлсэн байна.
Тамирчин К.Тимановскаягийн хувьд Европын орнуудаас орогнол хүсэх бодолтой байгаагаа илэрхийлээд байгаа ба түүний нөхцөл байдлыг харгалзан Чех, Польш зэрэг Европын хэд хэдэн орон виз олгож, хамгаалалтад авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Гэвч тамирчин бүсгүйн одоогийн нөхцөл байдлын талаар А.Котау "BBC"-д өгсөн ярилцлагадаа, “Тэрбээр
гэр бүлийн гишүүдийнхээ аюулгүй байдалд "санаа зовниж, айсан” хэвээр байна. Беларусь дахь гэр бүлийнхэн нь шахалтад орох вий гэдэгт тэрбээр хамгийн их санаа зовниж байгаа" хэмээн хэлсэн байна.
Ташрамд дурдахад, Спортын эв нэгдлийн сан нь өнгөрсөн оны наймдугаар сард байгуулагдсан бөгөөд 2020 онд болсон маргаан дагуулсан ерөнхийлөгчийн сонгуулиар улиран сонгогдсон Ерөнхийлөгч Александр Лукашенког эсэргүүцсэн жагсаалын үеэр тамирчдыг дэмжих зорилгоор байгуулагджээ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио 2020" Зуны олимпын XXXII наадмын хүндийг өргөлтийн -87 кг жинд өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг 4 дүгээр байрт орлоо.
Манай тамирчин огцом өргөлтөөр 110 кг-ыг амжилттай өргөсөн. Түлхэлттэй өргөлтөд 142 кг-ыг амжилттай өргөсөн.
Харин дараагийн оролдлогоор 145
кг-ыг захиалж өргөөөд амжилтгүй болсноор хүрэл медалийн үзүүрээс
атгаад алдав. Харин энэ амжилтаараа хүндийг өргөлтийн энэ жинд хүчтэй
өрсөлдөгч гэдгээ батлан харууллаа.
Эмэгтэйчүүдийн -87 кг
жингийн
дүн:
1. Ван Жоу Юу (БНХАУ) 120 кг+150 кг=270 кг
2. Т.Салазар (Эквадор) 113 кг+150 кг=263 кг
3. С.Фегуэро (Доминикан) 116 кг+140 кг=256 кг
4. М.Анхцэцэг
110 кг+142 кг=252 кг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр /2021.08.02/ болсон Токиогийн олимпын боксын тэмцээний үеэр шүүлтийн үйл ажиллагаанд цөөнгүй зөрчилтэй асуудал гарч буруу шийдвэр гаргасан үйлдэлд гомдлоо илэрхийлсэн тоглолтуудын нэг нь манай Э.Цэндбаатарын тоглолт байлаа.
Эрэгтэйчүүдийн 57 кг жингийн медалийн төлөөх тулаанд Монголын тамирчин, Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны боксчинд ялалтыг өгсөний дараа Монголын үндэсний олимпын хороо, БТСУХ-ны удирдлагууд Зохион байгуулах хорооны өндөр албан тушаалтнуудтай уулзаж, асуудлыг үнэн зөв шийдвэрлэхийг хүссэн боловч татгалзсан хариу хүлээн авсан байна.
ЗБХ-ны бокс хариуцсан эксперт, удирдлагууд буруутай нь тогтоогдсон шүүгчид шийтгэл оногдуулахаа мэдэгдсэн боловч тоглолтын эцсийн дүнг өөрчлөхгүй гэсэн нь туйлын бүрхэг асуудал боллоо гэж МҮОХ, БТСУХ-ноос мэдэгдлээ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын эмэгтэй чөлөөт бөхийн 62 кг-ын жингийн сугалаа явагдаж манай бөх Х.Болортуяа эхний даваанд Энэтхэгийн Сонам Сонамтай барилдахаар учраа таарчээ.
Сонам Сонам 19 настай залуу тамирчин бөгөөд 12 настайгаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн.
Аав нь бөх барилддаг байсан. Тэрбээр Энэтхэгийн алдарт бөхчүүд болох Сушил Кумар, Сакши
Малик нарыг шүтэн биширдэг. Азийн эрхийн тэмцээний финалд шалгарч, Токиогийн
олимпын эрхээ авсан. 2017 онд World
School Games тэмцээнд түрүүлсэн. Сакши Маликийг 2020 онд хоёр халз барилдаанд
ялж, шигшээ багт багтжээ.
Түүний жингийн барилдаан маргааш 11.00 цагт эхэлнэ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын хүндийг өргөлтийн 87 кг-д хүчээ сорьж буй М.Анхцэцэг огцом өргөлтөө гүйцэтгэж эхний өргөлтөө 110 кг захиалсан ч өргөлт амжилтгүй болсон ч 2 дахь оролдлогоороо захиалгаа амжилттай өргөв.
Харин 3 дахь оролдлогоороо 112 кг-ыг өргөсөн ч техник буруу гэсэн шалтгаанаар хүчингүй болгов. М.Анхцэцэгийн хувьд одоогоор 5 дугаар байрт явна. Түүний өмнө БНХАУ (120 кг), Доминикан (116 кг), Эквадор (113 кг), Венесуэлийн тамирчид (112 кг) бичигдэж байна.
Тун удахгүй түлхэлттэй өргөлт эхэлнэ. Манай тамирчин
түлхэлттэй өргөлтийн эхний оролдлогодоо 138 кг-ыг захиалжээ. Түүнээс илүү
захиалсан 2
тамирчин байна.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын хүндийг өргөлтийн +87 кг-д хүчээ сорьсон Монголын тамирчин ОУХМ Э.Билэгсайхан өргөлтөө гүйцэтгэж дууслаа.
Тэрбээр огцом өргөлтөөр 86, 87 кг-ыг захиалаад хоёр оролдлогодоо алдсан
ч сүүлийн оролдлогоороо 87 кг-ыг өргөж чадав. Харин түлхэлттэй өргөлтийн гурван
оролдлогоор 107, 112, 116 кг-г өргөв. Ийнхүү нийлбэр дүнгээр 203 кг өргөсөн амжилт /87+116 кг/-ыг
үзүүллээ.
Түүнтэй хамт В хэсэгт өрсөлдсөн Кубын П.Дувергер нийлбэр
дүнгээр 225, Бельгийн А.ван Беллинхэм 219, Гватемалын М.Учело 207 кг-ыг тус тус
өргөжээ.
Монгол Улсын гавьяат
тамирчин М.Анхцэцэг 14 цаг 50 минутаас 87 кг-ын А хэсэгт хүчээ сорин өрсөлдөнө.

ТОКИО. /CBC/. Пуэрто-Рикогийн тамирчин Жасмин Камачо-Куинн өнөөдөр болсон саадтай гүйлтийн эмэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд АНУ-ын тамирчин Кени Харрисоныг ардаа орхисноор Олимпын аварга боллоо.
Тодруулбал, Ж.Куинн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч
К.Харрисоныг 15 долиор тэргүүлж, 12.37 секундэд барианд орсноор
ийнхүү алтан медалийн эзэн болжээ. Харин Ямайкийн тамирчин Меган Таппер
12.55 секундийн амжилтаар гуравдугаар байр эзэлж, хүрэл медалийн болзол
хангажээ.
Пуэрто-Рико нь АНУ-ын нутаг дэвсгэрт хамаарагддаг хэдий ч Олимпын наадамд
өөрийн туг далбаан дор өрсөлддөг билээ.
Ж.Куинний хувьд
“Алтан гала” тэмцээнд оролцох үеэрээ хувийн дээд амжилтаа 12.38 секундээр
тогтоож байжээ. Тэрбээр Токиогийн Олимпын наадмын хагас шигшээд 12.26 секундийн
амжилт үзүүлснээр бүх цаг үеийн шилдэг 25 тамирчны жагсаалтын дөрөвдүгээрт
бичигдэж эхэлжээ.
Ийнхүү тэрбээр Олимпын наадмаас алтан медаль хүртсэн Пуэрто-Рикогийн түүхэн дэх хоёр дахь, Пуэрто-Рикогийн Африк-Латин Америк гаралтай анхны тамирчин болж байна.

ТОКИО. /Kyodo/. "Токио-2020" Олимпын наадмаас БНХАУ-ын баг тамирчид 24 алт, 14 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэнээр медалийн чансааг тэргүүлсэн хэвээр байна.
Энэхүү жагсаалтын хоёрдугаарт, 20 алт, 24 мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн АНУ-ын баг бичигдэж байгаа бол зохион байгуулагч Япон улс 17 алт, 5 мөнгө, 9 хүрэл медальтайгаар удаалж байна.
Эдгээр улсын араас Австрали, ОХУ-ын Олимпын хороо, Их Британи, Франц, БНСУ, Итали, Нидерланд эхний 10 байрт жагсаж байна. Манай улсын хувьд нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр жагсаалтын 59 дүгээрт бичигдэж байна.
Ийнхүү Токиогийн Олимпын наадмаас ням гарагт медаль хүртсэн онцлох тамирчдыг танилцуулж байна.
- Италийн тамирчин эрэгтэйчүүдийн
100 метрийн гүйлтийн төрөлд түрүүлэв
Италийн гүйлтийн тамирчин Ламонт
Марселл Жейкобс ням гарагт болсон эрэгтэйчүүдийн 100
метрийн гүйлтийн төрөлд 9.80 секундийн амжилт үзүүлж, Олимпын аварга болжээ.
- Японы тамирчин Казүма Каяа хүрэл медаль
хүртэв
Японы тамирчин Казүма Каяа эрэгтэйчүүдийн
гимнастикийн модон морины төрөлд хүрэл медалийн эзэн болж, Токиогийн Олимпын
наадмаас хоёр дахь медалиа хүртлээ.
- АНУ-ын
тамирчин К.Шауфеле Олимпын аварга боллоо
АНУ-ын гольфийн тамирчин Ксандер Шауфеле ням гарагт болсон эрэгтэйчүүдийн гольфийн тэмцээнд Японы медалийн найдвар болсон тамирчин Хидэки Мацүямаг ялснаар алтан медаль хүртжээ.
- Японы боксчин Цүкими Намики медалийн шатанд
шалгарлаа
Японы боксчин Цүкими Намики боксын эмэгтэйчүүдийн
хөнгөн жингийн шөвгийн наймын тоглолтод 5-0 онооны харьцаагаар ялж, энэ зуны наадмаас боксын хоёр
дахь медалийг эх орондоо авчрахаар боллоо.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг 1/8 шигшээд Оросын Ханум Велиеватай хүч үзэж өрсөлдөгчөө яллаа.
Европын аварга 22
настай, Азербайжан гаралтай ОХУ-ын Х.Велиеватай, манай бөх туршлага зааж, тун
тактиктай барилдаан хийж 8:5-аар илүүрхэн хожиж ¼ шигшээд шалгарлаа.

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхий дахинд “COVID-19” халдварын тохиолдлын тоо 199 сая 014 мянга давж, эдгэрсэн хүний тоо 179 сая 619 мянгад хүрлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг worldometers цахим хуудаснаас авна уу

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын өчигдөр эхэлсэн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг жингийн урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан өнөөдөр болж байгаа бөгөөд С.Батцэцэг эхний өрсөлдөгчөө яллаа.
"Лондон-2012"
олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, ДАШТ-ий мөнгө, хүрэл
медальт Францын бөх Коумба Ларрокийг ялж, шөвгийн наймд Европын аварга ОХУ-ын
Ханум Велиеватай барилдахаар боллоо. Х.Велиева эхний барилдаандаа Канадын
Даниэла Лаппожийг 7:0-ээр ялсан.
Ханум Велиева бол Азербайжан
гаралтай, 22 настай бөгөөд 2020 оны Европын аварга, Иван Ярыгины нэрэмжит Гран при тэмцээний аварга. Тэрбээр 2020
онд оролцсон тэмцээн болгондоо түрүүлсэн. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Польшид
болсон Европын АШТ-д мөнгөн медаль хүртжээ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын буудлага спортын эрэгтэй гар бууны 25 метрийн олимпын хурдан буудлагын дасгалд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөөнөө үргэлжлүүлж 2 дугаар дасгалд 27 тамирчнаас 23 дугаар байрт шалгарлаа.
Тэрбээр эхний 30 сумандаа 283 оноогоор 23 дугаарт жагссан. Өнөөдөр 07 цаг 30 минутаас тамирчид үлдсэн 30 сумаа буудаж 565 оноогоор 23 дугаар байр эзэллээ.
Нийт тамирчдаас
хамгийн өндөр оноотой 6 тамирчин шигшээд шалгаруулах юм. Харин шилдэг 6
тамирчин 13 цаг 30 минутаас эхэлж медалийн төлөө өрсөлдөнө. Өнөөдөр явагдах 2
дасгалаар Токиогийн олимпын буудлага спортын тэмцээнүүд өндөрлөж байна.

ТОКИО. /AP/. Токиогийн Олимпын наадмын эрэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтийн төрөлд Италийн тамирчин Ламонт Марселл Жейкобс түрүүлж, Европын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Мөн энэхүү төрөлд эх орондоо алтан медаль авчирсан
анхны тамирчин болжээ.
Токиогийн Олимпын 100 метрийн гүйлтийн тэмцээн нь Олимпын гурван удаагийн аварга Усэйн Болтыг зодог тайлснаас хойших анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой байсан юм.
Ийнхүү түүний орон зайг Л.Жейкобс нөхөж, 9.80 секундэд барианд орсон байна. Харин АНУ-ын тамирчин Фред Керли мөнгөн медаль, Канадын тамирчин Андре де Грасс хүрэл медалийн болзол хангажээ.
Хятадын тамирчин
Су Бинтяний хувьд, 9.83 секундийн амжилтаар зургаадугаар байр эзэлж, Азийн дээд
амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Мөн тэрбээр 1932 оноос хойш финалд шалгарсан анхны Ази тамирчин
болжээ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны
олимпын XXXII наадмын буудлага спортын эрэгтэй гар бууны 25 метрийн олимпын
хурдан буудлагын дасгалд ОУХМ Э.Даваахүү өрсөлдөөнөө үргэлжлүүлнэ.
Тэрбээр эхний 30
сумандаа 283 оноогоор 23 дугаарт жагсаж байгааа. Өнөөдөр 07 цаг 30 минутаас
тамирчид үлдсэн 30 сумаа буудах юм. Улмаар шилдэг наймд шалгарсан буудагчид 13
цаг 30 минутаас медалийн төлөө өрсөлдөх бөгөөд өнөөдөр явагдах 2 дасгалаар
буудлага спортын тэмцээнүүд өндөрлөж байна.
Токиогийн олимпын өчигдөр эхэлсэн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг жингийн урьдчилсан шат болон хагас шигшээ барилдаан өнөөдөр болно. Энэ жинд "Лондон-2012" олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг зодоглож байгаа. Тэрбээр эхний даваанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын бөх Коумба Ларрокитэй барилдах сугалаа татжээ. Чөлөөт бөхийн барилдаанууд өглөө 10.00 цагаас эхлэх бөгөөд манай бөх 7 дахь барилдаанд дэвжээнд гарна.
“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын хүндийг өргөлтийн тэмцээнд хүчээ сорих Монголын 2 эмэгтэй тамирчин өнөөдөр өрсөлдөөнөө эхлүүлнэ. Тухайлбал, эмэгтэйчүүдийн +87 кг-д өрсөлдөх Э.Билэгсайхан 10 цаг 50 минутаас тэмцээнээ эхлүүлэх бол эмэгтэйчүүдийн -87 кг-д хүч сорих М.Анхцэцэгийн тэмцээн 14 цаг 50 минутаас эхлэх юм.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр /2021.08.01/ “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг жингийн шөвгийн найман тамирчны тоглолт "Кокүгикан" ордонд болж, гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Оросын тамирчин Алберт Батыргазиевт 3:2-оор хожигдлоо.
Энэ тулааны эхний үед
Оросын тамирчныг Э.Цэндбаатар 5:0-ээр илүүрхэн ялсан. Дараагийн үед ч илүү олон
оновтой цохилт хийж 3:2-оор өрсөлдөгчөө хожсон юм.
Харин 3 дугаар раунд
хоёулаа нэлээд цуцсан байсан бөгөөд манай боксчны цохилтын тоо цөөрсөн, харин
А.Батыргазиев идэвх гаргаж хариу оновчтой цохисон.
Энэ үед рингийн шүүгч цохилт орсон /нокдаун/ гэж Э.Цэндбаатарыг тоолсноор Оросын талд давуу байдлыг үүсгэн, 5 шүүгчийн төгсгөлийн дүнд нөлөөлж, манай боксчин харамсалтай ялагдлаа.
Монголын боксчин Э.Цэндбаатар олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ийнхүү Оросын Алберт Батыргазиевт 3:2-оор тун эргэлзээтэй ялагдал хүлээлээ.
Харин Монголын баг
зөвлөлдөж, тулааны шүүлтийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн, албан ёсоор
гомдол гаргасан байна.
Олимпын медаль авахад
тун ойрхон байсан хэдий ч оросууд манай тамирчныг маш сайн судалж, тусгай
тактик /булхай/ боловсруулсан болох нь сүүлийн үе /3-р раунд/-ийн тоглолт
нотолсон юм.

ТОКИО. /NHK/.
Токиогийн Олимпын наадамтай
холбоотой 18 хүнээс коронавирусний халдвар шинээр илэрлээ гэж тус наадмыг
зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээллээ.
Зохион байгуулагчдын
мэдээлснээр, гадаадын нэг тамирчнаас халдвар илэрсэн байна.
Ингэснээр зохион
байгуулах хороо наадамтай холбоотой халдварын тохиолдлуудыг танилцуулж эхэлсэн долоодугаар
сарын 1-нээс хойш илэрсэн ийм тохиолдлын тоо 259-д хүрчээ.
Сүүлийн 24 цагийн
хугацаанд шинээр илэрсэн 18 тохиолдлын 11 нь гэрээт ажилтан, тав нь Олимпын
наадамтай холбоотой төлөөлөгч бол нэг нь сайн дурын ажилтан ажээ. Мөн тэдний
тав нь хилийн чанадаас ирсэн бол 13 нь Японы иргэн юм.
Үүний зэрэгцээ Японд бямба
гарагт халдварын 12 342 тохиолдол шинээр илэрснээр улсын хэмжээнд өдөрт
бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо дөрвөн өдөр дараалан хамгийн олноор нэмэгдсэн
байна.

ТОКИО. /CNN/.
Их Британи, Австралийн тамирчид
Олимпын наадамд шинээр нэмэгдсэн спортын төрөл болох дугуйн “BMX” чөлөөт үзүүлбэрийн эмэгтэй, эрэгтэйчүүдийн
төрөлд тус тус алтан медаль хүртлээ.
Өнөөдөр “Ariake” спортын хүрээлэнд болсон тэмцээнд Их Британийн
тамирчин Шарлотта Уортингтон 97.50 оноогоор алтан медалийн эзэн болжээ. Ингэснээр
тус улс Токиогийн Олимпоос “BMX” төрөлд гурав дахь медалиа хүртсэн байна.
“BMX” чөлөөт үзүүлбэрийн эмэгтэйчүүдийн төрөлд
Америкийн тамирчин Ханна Робертс 96.10 оноо авснаар мөнгөн медаль, Швейцарын
тамирчин Никита Дукарроз /89.20
оноо/ хүрэл медаль хүртжээ.
Харин Австралийн
тамирчин Логан Мартин 93.30 оноогоор дугуйн “BMX” чөлөөт үзүүлбэрийн эрэгтэйчүүдийн төрөлд түрүүлсэн
байна.
Энэхүү төрөлд Венесуэлийн
тамирчин Даниэль Дхерс мөнгөн медаль, Их Британийн тамирчин Деклан Брукс хүрэл
медалийн эзэн болжээ. Д.Дхерсийн хувьд Токиогийн Олимпын гурав дахь медалийг эх
орондоо авчирчээ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр /08.01/ “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээн эмэгтэйчүүдийн 76 кг жингийн барилдаанаар эхэлсэн бөгөөд Монголын гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогт Японы Хироэ Минагаватай барилдаж ялагдлаа.
Хироэ Минагава 1989 онд төрсөн. 2018 оны ДАШТ-ий хүрэл,
2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, тивийн удаагийн аварга, болон мөнгө, хүрэл
медальт, 2018 оны Азийн наадмын мөнгөн медальтай шилдэг бөх. Тэрбээр 32
насандаа анх удаа олимпод оролцож байгаа бол гавьяат О.Бурмаа 39 настайдаа 3
дахь олимпдоо оролцож байгаа юм.
Японы бөх Х.Минагава барилдааны турш манай тамирчны хөлд түлхүү орсоор 8 оноо авч, 0:8 аар хожигдов. Япон бөх финалд шалгарвал О.Бурмаа дагаж барилдах эрхтэй болно. Минагавагийн хувьд шөвгийн наймд Эстонийн бөх, ДАШТ-ий хошой хүрэл медальт Э.Маэтай барилдах юм.

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн финал тун өрсөлдөөнтэй явагдсан бөгөөд халз уг тэмцээнийг Монголын шүүгч Энхбатын Саруул дэнсэлж, Монголын байт харвааны түүхэнд шинэ хуудас бичжээ.
Тус тэмцээнд Туркийн Мете Газоз Италийн Мауро Несполиг
6:4-өөр хожин аваргалсан бөгөөд 22 настай залуу харваачийн ачаар Турк улс байт
харваагаар анх удаа олимпоос алтан медаль хүртсэн юм.
Манай байтынхан энэ удаагийн олимпод анх удаа шүүгчээ
илгээсэн төдийгүй Монгол шүүгч шигшээ харвааг шүүсэн нь түүний ямар чансаатай
байгааг харууллаа.
Э.Саруул Франц, Англи хэлтэй бөгөөд 2013 онд Монголд
болсон Азийн Гран при тэмцээн, 2015 онд АНУ-д зохиогдсон Өсвөр үе, залуучуудын
ДАШТ, 2016 онд Монголд зохион байгуулагдсан Оюутны ДАШТ, тэр жилээ Шанхайн
Дэлхийн цом, 2018 онд Аргентиний Буэнос-Айрес хотноо болсон Залуучуудын олимпын
наадамд шүүгчээр ажиллаж байв. Харин энэ удаа зуны олимпын наадмын финалыг
дэнслэн шүүж, дэлхийд данстай шүүгч гэдгээ баталлаа.