ТОКИО-2020
Саиед Моллай шөвгийн 8-д шалгарлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жүдоч /Иран гаралтай/ дэлхийн аварга Саиед Моллай 81 кг-д шөвгийн 8-д үлдэх эрхийн төлөө Азербайжаны залуу жүдоч Мурад Фатиевтэй барилдаж яллаа.


Тэд хоорондоо анх удаа таарч байгаа бөгөөд нэмэлт цагт тохох мэхээр вазари үнэлгээгээр ялж, шигшээ 8-д шалгарч байна. С.Моллай шөвгийн наймд ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн 21 настай залуу жүдоч Тато Григалашвилитэй учраа таарсан байна.

 

Тэрбээр 2 дугаар тойрогт Казахстаны залуу жүдоч, тивийн аваргын алт, мөнгөн медальт Дидар Хамзадтай барилдсан бөгөөд өмнө нь хоёр удаа ялагдаж байв. Харин энэ удаа олимпын дэвжээнд маш хянуур барилдаж, өрсөлдөгчдөө үүрэх мэх хийгээд дутуудахад нь тэвэрч эргээд цэвэр ялсан юм. 

С.Моллай ялж шигшээ 16-д шалгарсан бол Б.Ганхайч тэмцээнээ дуусгав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын жүдоч /Иран гаралтай/ дэлхийн аварга Саид Моллай 81 кг-д эхний ялалтаа байгуулж, шөвгийн 16-д шалгараад байна.

 

Тэрбээр Казахстаны залуу жүдоч, тивийн аваргын алт, мөнгөн медальт Дидар Хамзад өмнө нь хоёр удаа ялагдаж байв. Харин энэ удаа олимпын дэвжээнд хянуур болгоомжтой барилдаж, өрсөлдөгчөө үүрэх мэх хийгээд дутуудахад нь тэвэрч эргээд цэвэр ялалт байгуулав.

 

Одоо Моллай шөвгийн 8-д үлдэх эрхийн төлөө Азербайжаны залуу жүдоч Мурад Фатиевтэй барилдана. Хоёр бөх хоорондоо анх удаа таарч байгаа юм байна.


 

Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Б.Ганхайч түүнтэй нэгэн зэрэг дэвжээнд гарч, Бразилын К.Куадрост хоёр вазари алдан ялагдаж, олимпын наадмыг орхилоо.

 

Манай бөх олимпын хүрэл медальт, хашир туршлагатай Бразил жүдочийг өмнө нь нэг ялж байсан ч олимпын дэвжээнд энэ амжилтаа бататгаж чадсангүй.

Оросын тамирчид Олимпын гурав дахь өдөр гурван алтан медаль хүртлээ

ТОКИО. /TASS/. ОХУ-ын тамирчид “Токио-2020” Олимпын наадмын гурав дахь өдөр таван медаль хүртсэний гурав нь алтан медаль байлаа.


Олон улсын хориг арга хэмжээнүүдийн улмаас ОХУ-ын Олимпын хорооны нэрийн дор Токиогийн Олимпод оролцож буй Оросын баг тамирчид өнөөдрийн байдлаар нийт дөрвөн алт, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна.


Зуны Олимпын наадмын медалийн чансааг Японы баг тамирчид найман алт, хоёр мөнгө, гурван хүрэл медальтайгаар тэргүүлж байна. Түүний араас АНУ долоон алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медальтайгаар бичигдэж байгаа бол Хятадын баг тамирчид зургаан алт, таван мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн амжилтаар удаалж байна.


Олимпын гурав дахь өдөр Оросын тамирчин Софья Позднякова туялзуур сэлмийн эмэгтэйчүүдийн төрөлд, Максим Храмцов таеквондонгийн эрэгтэйчүүдийн 60-аас доош кг-ын жинд, гимнастикийн эрэгтэй багийн тамирчид болох Денис Аблязин, Давид Белявский, Артур Далалоян, Никита Нагорный нар алтан медаль хүртжээ.


Харин мөнгөн медалийг Софья Великая туялзуур сэлмийн төрөлд хүртсэн бол Александр Бондарь, Виктор Минибаев нар 10 м тавцангаас усанд үсрэх төрөлд хүрэл медалийн эзэд болжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдад даваа гарагт баяр хүргээд, Олимпын ялалт нь тамирчид, дасгалжуулагчдын хувьд хамгийн өндөр амжилт болохыг сайшаан амжилт хүссэн байна. 

Германы гимнастикийн баг Олимпод битүү өмсгөлтэй оролцжээ

ТОКИО. /BBC/. Токиогийн Олимпын үеэр Германы эмэгтэйчүүдийн гимнастикийн баг хүйсээр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг байр суурьтай байгаагаа үргэлжлүүлэн илэрхийлж, гимнастикийн битүү өмсгөлтэйгээр тэмцээнд оролцжээ.

Энэ оны эхээр болсон Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр тэдний зарим нь ийм хувцас өмссөн юм. Германы уран сайхны гимнастикч Сара Воссын хувьд, энэ спортоор хичээллэж байгаа залуу үеийнхэндээ аюулгүй байдлыг мэдрүүлэхийг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Сара Восс, Паулин Шефер-Бетц, Элизабет Сейц, Ким Буй нарын тамирчид шагай хүртэл татсан улаан, цагаан өнгийн өмсгөлтэйгээр ням гарагт болсон тэмцээнд оролцсон бөгөөд энэхүү өмсгөл нь тогтсон заншлыг эсэргүүцэж байгаагийн илэрхийлэл болсон байна.


Олон улсын тэмцээнд хөлөө халхалсан гимнастикийн өмсгөлийг ихэвчлэн шашин шүтлэгтэй холбоотой шалтгаанаар зарим гимнастикч өмсдөг. Германы баг өнгөрсөн долоо хоногт хийсэн бэлтгэлийнхээ үеэр мөн ийм хувцас өмсжээ. 

"Бид эмэгтэй хүн бүр төдийгүй бүх хүн юу өмсөхөө шийдэх ёстой гэдгийг харуулахыг хүссэн юм" гэж Олимпын наадамд гурав дахь удаагаа оролцож буй гимнастикч Э.Сейц хэлсэн байна. 

 

Жүдоч Б.Ганхайч олимпын татамид нэг давлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д, ОУХМ Б.Ганхайч, Пан Америкийн аваргын мөнгөн медальт Мексикийн Пришка Авити Алкаразыг ялав.


Тэрбээр, өрсөлдөгчөө нэмэлт цагийн 4 дэх миунтанд цэвэр /иппон/ ялж 1/16 шигшээд шалгарлаа. Б.Ганхайч 2 дугаар тойрогт Бразилын хашир туршлагатай тамирчин, олимпийн хүрэл медальт Кетлин Куадростой барилдана.

Япон ширээний теннисээр Олимпын анхны алтан медалиа хүртжээ

ТОКИО. /NHK/. Японы баг тамирчид ширээний теннисний холимог хосын төрөлд түрүүлж, тус спортын төрөлд Японы анхны Олимпын алтан медалийг даваа гарагт хүртжээ.


Японы багийн тамирчид Жүн Мизүтани, Мима Ито нар финалын шатанд Хятадын тамирчид болох Сю Шин, Лю Шивэн нарыг ялсан бол Тайванийн баг хүрэл медаль хүртсэн байна.


Хятадын багийн хувьд 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан бөгөөд Японы багийн хамгийн том өрсөлдөгчдөд тооцогдож байжээ.


Сонирхуулахад, ширээний теннисний холимог хосын төрөл нь “Токио-2020” зуны Олимпын наадамд шинээр нэмэгдэж буйгаараа онцлог юм. 

Монголын сагсчидтай өнөөдөр тоглох Хятадын баг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд өрсөлдөж буй Монголын багтай өнөөдөр /2021.07.27/ УБ цагаар 12 цаг 55 минутаас тоглох БНХАУ-ын багийн амжилтын талаар танилцуулж байна.


БНХАУ-ын баг өмнө нь Италийн шигшээг 22:13, Францын багийг 20:13, Румын улсын шигшээ багийг 21:10, Японы шигшээг 15:12-оор тус тус ялсан юм. Харин ОХУ-ын Үндэсний олимпын хорооны багт 19:9-өөр хожигдол хүлээгээд байгаа юм байна.


Хятадын багийн гишүүд:


Ванг Лили 1992 онд төрсөн. 1 метр 76 см өндөр


Ян Шую 2002 онд төрсөн. 1 метр 85 см өндөр


Жан Житинь 1995 онд төрсөн. 1 метр 95 см өндөр


Ван Жиюан 2002 онд төрсөн. 1 метр 87 см өндөр

Японы баг тамирчид 8 алттай, медалийн чанараар 206 орныг тэргүүлж явна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын энэ өдөр /2021.07.27/-ийн өглөөний 08 цагийн байдлаар энэхүү олимпыг Зохион байгуулагч орон Япон улсын баг тамирчид 8 алт, 2 мөнгө, 3 хүрэл медальтай, нийт медалийн /13/ тоогоор 3 дугаарт жагсаж байна.


Харин АНУ-ын баг 7 алт, 3 мөнгө, 4 хүрэлтэй, нийт 14 медальтай 2 дугаарт, БНХАУ-ын шигшээ баг 6 алт, 5 мөнгө, 7 хүрэлтэй, нийт 18 медальтай 1 дүгээрт бичигдэж байгаа юм байна.


Медалийн тоо болон чанараар ОХУ-ын Үндэсний олимпын хорооны баг 4 алт, 5 мөнгө, 3 хүрэл, нийт 12 медальтай 4 дүгээр байрт, Итали улсын баг 1 алт, 4 мөнгө, 4 хүрэлтэй 5 дугаар байрт тус тус бичигджээ. Түүнчлэн Их Британийн шигшээ баг 3 алт, 3 мөнгө, 1 хүрэлтэй, БНСУ-ын баг 3 алт, 4 хүрэлтэй 6 дугаар байрт бичигдэж байна.


Монгол Улсын шигшээ багийн хувьд 2 хүрэл медальтай Египет, Турк, Украин улсын шигшээ багуудтай хамт 42 дугаар байрт явж байна.

Өнөөдөр Монголын сагсчид болон жүдо, буудлагын тамирчид хүчээ сорино

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын 4 дэх өдөр /2021.07.27/ Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас 8 тамирчин спортын 3 төрөлд өрсөлдөнө.


Тухайлбал, өглөөний 08 цагаас буудлагын спортын 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрлийн урьдчилсан шатанд Ц.Анударь, Э.Даваахүү нар цэцээ сорино. Тус төрлийн медалийн тоглолт 10 цагаас эхэлнэ.


Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг, эрэгтэйчүүдийн 81 кг жингийн барилдаан болж шилдгүүдээ шалгаруулна. ОУХМ Б.Ганхайч 63 кг-д /7 дахь барилдаан/ Пан Америкийн аваргын мөнгөн медальт Мексикийн Пришка Авити Алкаразтай хүч үзнэ. Б.Ганхайчийн хувьд ялбал шөвгийн 16-д Бразилын Кетлин Куадрос болон Хондурасын Сергиа Давид нарын ялсантай барилдана.


Эрэгтэйчүүдийн 81 кг-д Иран гаралтай Монголын шигшээ багийн тамирчин Сайед Моллай /18 дахь барилдаан/ Казахстаны Дидар Хамзатай хүчээ сорино. 2018 оны дэлхийн аварга Сайед Моллайн хувьд өрсөлдөгчөө ялбал шөвгийн 16-д Сьерре Леон болон Азербайжаны бөхчүүдийн ялсантай барилдана.


Харин эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн баг хэсгийн шатны сүүлийн тоглолтоо 12 цаг 55 минутаас Хятадын шигшээ багтай өрсөлдөнө. Хэрэв хэсгээс гарвал 19 цаг 30 минутаас хасагдах шатны тоглолт хийх юм. 

ТОКИО-2020: Олимпын цагариг шивүүлсэн 10 тамирчин

ТОКИО. /SCMP/. Хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийн бэлгэдэл болсон Олимпын наадамд оролцох нь дэлхийн олон орны тамирчдын хувьд насан туршийнх нь мөрөөдөл байдаг. Тиймээс дэлхийн тивүүдийг төлөөлдөг Олимпын таван цагаригийг тамирчид өөрсдийн биедээ шивүүлсэн байх нь гайхах зүйл биш юм.


“Токио-2020” зуны Олимпын наадам тамирчдын хийлгэсэн Олимпын цагариг бүхий шивээсийг дахин харах боломжийг бидэнд бүрдүүлж байна.


Ийнхүү Олимпын наадмын цагариг шивүүлсэн онцлох 10 тамирчныг танилцуулж байна.

 

Сиобхан Хаухи



Усан сэлэлтийн тамирчин Сиобхан Хаухи бол Хонконгийн хувьд Олимпын медалийн найдвар болсон тамирчин юм. С.Хаухи нь “Рио-2016” Олимпод оролцож, 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өрсөлдөж байсан туршлагатай. Тэрбээр энэ төрөлдөө 13 дугаар байр эзэлж байсан ч Хонконгийн усан сэлэлтийн тамирчдын хувьд Олимпод үзүүлж байгаагүй хамгийн сайн үр дүн байв. Тэр жилдээ С.Хаухи Олимпын таван цагаригийг зүүн мөрөн дээрээ шивүүлж, инстаграм хуудсандаа нийтэлж байжээ.


Кайл Чалмерс



Австралийн усан сэлэлтийн тамирчин Кайл Чалмерс “Рио-2016” Олимпын наадмаас алтан медаль хүртсэнийхээ дараа гурван шивээс хийлгэжээ. Тэрбээр, “Би хавирган дээрээ Олимпын таван цагаригийг шивүүлж, бугуйндаа Ром тоо шивүүлсэн. Риогийн Олимп нь 31 дэх удаагийн Олимпын наадам байсан тул би тэр тоог нь шивүүлсэн. Дараа нь “Хурднаас хурдан, Өндрөөс өндөр, Хүчтэйгээс хүчтэй” гэсэн Олимпын уриаг гарынхаа шуунд шивүүлсэн” гэжээ.


К.Чалмерс нь “Рио-2016” Олимпын наадмын эрэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль хүртэхдээ дөнгөж 18 настай байжээ. Түүнчлэн 2019 онд 100 метрийн чөлөөт сэлэлтийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн бөгөөд одоо “Рио-2016” Олимпын алтан медалиа хамгаалахаар “Токио-2020” зуны Олимпын наадамд өрсөлдөж байна.


Брейди Эллисон



Брейди Эллисон бол Америк гаралтай нум сум харваач бөгөөд 2008, 2012, 2016 оны Олимпод оролцож байсан туршлагатай, гурван удаагийн медальт тамирчин юм. “Рио-2016” Олимпын наадмаас мөнгө, хүрэл медаль хүртсэн тэрбээр анхны алтан медалиа “Токио-2020” зуны Олимпын наадмаас авахаар өрсөлдөж байна.


Ванесса Феррари



Итали гаралтай уран сайхны гимнастикч Ванесса Феррари нь ДАШТ-ний таван удаагийн медальт, Европын найман удаагийн медальт тамирчин юм. Тэрбээр Итали улсыг төлөөлөн өнгөрсөн гурван удаагийн Олимпын наадамд оролцсон бөгөөд “Токио-2020” зуны олимпын наадамд өрсөлдөхөөр болжээ. В.Феррари хүзүүнийхээ ард талд Олимпын таван цагаригийг оролцсон Олимп бүрийнхээ хамтаар шивүүлсэн байна.


Жозеф  Скулинг



Сингапурын усан сэлэлтийн тамирчин Жозеф Скулинг “Рио-2016” Олимпын наадмаас алтан медаль авсныхаа дараа Олимпын таван цагаригийг баруун гаран дээрээ шивүүлжээ. "Рио-2016" зуны Олимпын наадамд 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрлөөр Сингапур улс анх удаа алтан медаль хүртсэн юм. Түүний 50.39 секундын ялалтын хугацаа нь үндэсний болон Олимпын түвшинд олон дээд амжилтыг эвдсэн бөгөөд тэрбээр өөрийн бага насны шүтээн, усан сэлэлтийн домог болсон АНУ-ын тамирчин Майкл Фелпсийг ялжээ.


Мишель Коулман



Шведийн тамирчин Мишель Коулман 2012, 2016 оны Олимпын наадамд оролцож байсан бөгөөд Олимпын таван цагаригийг шуундаа шивүүлжээ. Тэрбээр 100 м, 200 м-ийн араар сэлэлтийн төрөлд Шведийн үндэсний дээд амжилтыг эзэмшдэг байна. Мөн тэрбээр 2015 оны ДАШТ-д 4х100 метрийн холимог буухиа сэлэлтийн төрөлд Шведийн багийг мөнгөн медаль авахад хувь нэмрээ оруулжээ.


Стефани Ау Хой-Шун


Хонконгийн усан сэлэлтийн тамирчин Стефани Ау Хой-Шун бол Хонконгийн олон удаагийн дээд амжилтыг эзэмшдэг тамирчин юм. Тэрбээр 2008, 2012, 2016 оны Олимпод тус тус оролцож байсан бөгөөд “Токио-2020” зуны Олимпын наадамд оролцох эрхээ авсныхаа дараа Олимпын таван цагаригийг хавирга орчимдоо шивүүлжээ. Энэ удаагийн наадам нь түүний хувьд дөрөв дэх, магадгүй сүүлчийн Олимпын наадам болж буйгаараа онцлог юм.


Жоана Хейдрих



Швейцарын эмэгтэйчүүдийн далайн эргийн волейболын тоглогч Жоана Хейдрих өөрийнхөө оролцсон анхны Олимпын наадмыг илэрхийлж, хавирга орчимдоо “Рио-2016” гэсэн шивээс хийлгэжээ. Тэрбээр “Рио-2016” Олимпын үеэр эхний тойрогт Бразилын багт хожигдсон боловч илүү сайн үр дүнд хүрэхийн тулд “Токио-2020” зуны Олимпын наадамд эргэн иржээ.


Анна Дерек



“Рио 2016” зуны Олимпод оролцож байсан Хорватын уран сайхны гимнастикч Анна Дерек "Токио-2020" зуны Олимпын наадамд оролцох эрхээ аваад байна. А.Дерек Олимпын наадам эхлэхээс өмнө Токио дахь Олимпын цагаригийн хөшөөтэй авхуулсан зургаа өөрийн цахим хуудаснаа нийтэлж, Олимпын наадмыг зохион байгуулахад хичнээн хүндрэлтэй байсныг онцлон бичжээ.


Том Дэйли



Их Британийн усанд үсрэлтийн тамирчин Том Дэйли дөнгөж 18 настайдаа 2012 оны Лондонгийн Олимпын наадмаас хүрэл медаль хүртэж байжээ. Үүнийхээ дараа тэрбээр Олимпын таван цагаригийг гарын булчин дээрээ шивүүлсэн байна.

 

 

Ц.Цогтбаатар олимпын хүрэл мeдалийн төлөө хүч үзнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг жингийн хагас шигшээд ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар, олимп, дэлхийн 3 удаагийн аварга Японы Шоохэй Оно-той учраа таарч ялагдав.


Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Ц.Цогтбаатарын хувьд Японы аваргатай анх удаа таарч барилдсан бөгөөд нэмэлт  цагт барилдаж базари үнэлгээгээр ялагдаж хүрэл мeдалийн төлөө Канадын жүдочтой хүч үзнэ.

Ф.Гранди: Дүрвэгч тамирчид хүмүүст урам зориг өгч байна

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадамд оролцож буй дүрвэгч тамирчид бэрхшээл сорилттой тулгарч буй хүмүүст урам зориг өгч байна гэж НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Филиппо Гранди “NHK” телевизэд цахимаар ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.


Өнгөрсөн баасан гарагт болсон Олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр 11 улс орны тамирчдаас бүрдсэн дүрвэгсдийн багийнхан Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд Грекийн тамирчдын араас хоёрдугаарт жагсан орж ирсэн юм.


Ф.Гранди хэлэхдээ, “Тэд бол дайн, хавчлага, ялгаварлан гадуурхалтаас дайжсан хүмүүс. Тиймээс цэнгэлдэх хүрээлэнд барин орсон тэдний бэлгэдэл нь Японд төдийгүй дэлхий дахинд цар тахал нүүрлээд буй энэ хүнд цаг үед маш хүчтэй утга санааг илэрхийлсэн” гэв.



“Ийнхүү тэд Токиод ирэн дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж буй нь ямар нэгэн шалтгаанаар зугтаж, дайжиж байсан хүмүүсийн хувьд гайхалтай амжилт юм. Тэд хүсэл зориг, бэлтгэл сургуулилалт, ирээдүйдээ итгэх итгэлийнхээ хүчээр энд ирсэн нь хүн бүхэнд урам зориг өгнө” хэмээн тэрбээр нэмж хэлжээ.


Мөн Ф.Гранди НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссарын газар, Япон улс хооронд өнгөрсөн долоо хоногт байгуулсан санамж бичгийн талаар дурдсан байна. Тодруулбал, Японы Цагаачлалын асуудал хариуцсан газар дүрвэгсдийн статус олгох шалгуураа илүү тодорхой болгохын тулд НҮБ-ын агентлагаас зөвлөгөө авахаар болжээ.


Түүний хэлснээр, дүрвэгсдийг тодорхойлох Японы систем "бага зэрэг удаан, төвөгтэй" байгаа бөгөөд энэхүү санамж бичиг талуудыг хамтран ажиллахад хувь нэмрээ оруулах ажээ. 

Арван гурван настай М.Нишия скейтбордингийн төрөлд Олимпын аварга боллоо

ТОКИО. /Reuters/. “Токио-2020” зуны Олимпын наадамд скейтбординг буюу тавцантай гулгах төрөлд өрсөлдсөн Японы өсвөр насны тамирчин Момижи Нишия даваа гарагт болсон эмэгтэйчүүдийн скейтбордингийн тэмцээнд алтан медаль хүртэж, зохион байгуулагч орны алтан медалийн тоог нэгээр нэмлээ.


Харин Бразил улсын тамирчин Райсса Лийл мөнгөн медаль, Японы тамирчин Фүна Накаяма нар хүрэл медалийн болзол хангажээ. Медаль хүртсэн эдгээр гурван тамирчин бүгд өсвөр насны хүүхдүүд бөгөөд М.Нишия, Р.Лийл нар 13, Ф.Накаяма 16 настай ажээ.


Японы тамирчин Юто Хоригомэ скейтбордингийн төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд ням гарагт алтан медаль хүртсэний дараа М.Нишия уг төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд ийнхүү алтан медалийн эзэн болжээ.


Ташрамд дурдахад, Ю.Хоригомэ нь скейтбордингийн төрөлд Олимпын анхны алтан медалийг хүртсэн тамирчин болсон юм.

Далайн шуурга Токиог чиглэж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон орон, тэр дундаа Токио хотыг маргааш орон нутгийн цагаар 15.00 орчимд далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгааг анхаарууллаа.


Үүний улмаас гадаа талбайд явагддаг зарим тэмцээн уралдаан эхнээсээ хойшлоод байна. Тухайлбал, байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн маргааш болох байсан ч нэг өдрөөр хойшилжээ. Энэ төрөлд манай тамирчин Б.Урантунгалаг өрсөлдөх юм.


Байт харваанаас гадна сэлүүрт завины тэмцээн шуурганаас болж хойшлогдоод байна.

Олимпын татамид Ц.Цогтбаатар 3 дараалан ялж, хагас шигшээд шалгарлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг жингийн 1/8 шигшээ буюу 3 дугаар тойргийн барилдаанд ОУХМ Ц.Цогтбаатар, Косовогийн бөх, Европ тивийн аварга Акил Гжакова-тай барилдаж базари үнэлгээгээр ялж хагас шигшээд шалгарлаа.


Тэрбээр А.Гжаковаг нэмэлт цагт шийдсэн үүрэх мэх хийж ялснаар хагас шигшээд ийнхүү тунаж үлдлээ.


ОУХМ Ц.Цогтбаатар 3 дэлхийн аварга, 2 олимпын аваргын хамт Токиогийн олимпын эрэгтэйчүүдийн 73 кг жингийн хагас шигшээд шалгарсан нь энэ жинд хамгийн өндөр ур чадвартай, хүчирхэг жүдочид өрсөлддөг гэдгийг харуулж байгаа юм.


Тэрбээр үдээс хойш хагас шигшээд олимп дэлхийн, аварга Ооно Шохэйтэй барилдана. Манай жүдоч Ц.Цогтбаатарын хувьд Японы домогт аваргатай анх удаа учраа таарч байгаа юм байна. 

Ах дүү Абэ нар нэг өдөр Олимпын аварга боллоо

ТОКИО. /Kyodo/. Японы тамирчид болох ах, дүү Абэ нар “Токио-2020” Олимпын ням гарагт болсон жүдо бөхийн тэмцээнд өрсөлдөж, хоёул алтан медалийн болзол хангалаа.


Дүү Абэ Үта нь эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ялалт байгуулсан бол түүний ах Абэ Хифүми нь эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд учраа бүрээ өвдөглүүлснээр ялан нэг өдөр ийнхүү Олимпын алтан медаль хүртжээ.


Өдгөө 21 настай А.Үта финалын шатанд Францын тамирчин Амандин Бюшарыг ялсан байна. Харин 23 настай А.Хифүмигийн хувьд финалд Гүржийн жүдоч Важа Маргвелашвилиг ялж, алтан медалийн болзлыг тус тус хангажээ.



Тэдний ялалт нь Япон улсын Олимпоос хүртсэн алтан медалийн тоог тавд хүргэсний зэрэгцээ Олимпын наадмаас нэг өдөр алтан медаль хүртсэн анхны Япон ах, дүү хоёр болжээ.


Түүнчлэн А.Үта өөрийн хэсгээс төрсөн анхны Японы алтан медальтан, мөн хамгийн залуу аварга болсон бол А.Хифүмигийн хувьд 2008 оны Бээжингийн Олимпын наадамд оролцож байсан Масато Үчишибагаас хойш зиндаандаа түрүүлсэн анхны Японы жүдогийн тамирчин болж байна.


"Бид түүхэнд нэрээ үлдээж, түүхийг өөрчилж чадсан гэж бодож байна. Энэ удаагийн Олимпын наадам коронавирусний цар тахлын үед боллоо. Маш олон хүнд талархсан сэтгэлээ илэрхийлье" гэж А.Хифүми хэлжээ.


Дэлхийн хошой аварга А.Үтагийн хувьд анхны Олимпын наадамдаа оролцож байгаа юм. Тэрбээр тэмцээний хамгийн хүнд тулаанаа Европын аварга А.Бюшарын эсрэг хийсэн юм.



"Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би Олимпод барилдахын төлөө маш их хичээсэн. Хичээл зүтгэл маань талаар болоогүйд маш их баяртай байна. Ахыгаа алтан медаль хүртэхэд тайвширч, маш их баярласан. Бид шагнал гардуулах ёслолоос өмнө бие биедээ баяр хүргэсэн” гэж А.Үта ярьлаа. 


Нэмэлт цагийн 4 минут 27 секундэд А.Бюшарыг иппон үнэлгээгээр цэвэр ялсан тэрбээр, “А.Бюшар бол миний хүчтэй өрсөлдөгч. Би түүнийг үнэхээр их хүндэлдэг бөгөөд ийнхүү ялж чадсандаа баяртай байна” хэмээн нэмж хэлжээ.

Токиогийн татамид Ц.Цогтбаатар 2 барилдаж өрсөлдөгчдөө яллаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Токиогийн олимпын жүдо бөхийн эрэгтэй 73 кг жингийн 2 дугаар тойргийн барилдаанд Ц.Цогтбаатар ялав.


ОУХМ Ц.Цогтбаатар энэ барилдаанд Монако улсын жүдоч Бесси Седрикийг этэх мэхээр тэнцвэр алдуулж, үргэлжлүүлэн дайрч унагаад вазари авсан. Дараа нь хөмрөх мэхээр хоёр дахь вазаригаа авснаар барилдааныг хугацаанаас нь өмнө дуусгав.


Одоо манай жүдоч Косовогийн бөх, Европ тивийн аварга Акил Гжаковатай хагас шигшээд үлдэхийн төлөө барилдана. Тэд өмнө нь 3 удаа таарахад Ц.Цогтбаатар хоёрт нь ялж байв. Хамгийн сүүлд 2021 оны 3 дугаар сард Тбилисийн их дуулгын хагас шигшээд Цогтбаатар хожсон юм.


Манай бөх эхний тойрогт Гвинейн Мамадоу Самбатай барилдаж, өрсөлдөгчөө цэвэр /иппон/ ялж 1/16-д шалгарсан юм.



Жүдоч Ц.Цогтбаатар эхний даваандаа Гвинейн бөхийг яллаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Токиогийн олимпын жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг жингийн барилдаан болж байгаа бөгөөд Д.Сумъяа ялагдан тэмцээнээ дуусгасан бол Ц.Цогтбаатар эхний учраагаа ялав.

 

Эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж, өрсөлдөгчөө этэж унаган, дарснаар цэвэр /иппон/ ялж 1/16-д шалгарлаа.

 

Тэрбээр дараагийн тойрогт Монакогийн Бесси Седрик, Буркина Фасогийн Диалло Лукас хоёрын хэн ялсантай барилдах юм.

 

Түүний хэсэгт 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2019 оны Европын наадмын аварга Шведийн Томми Масиас байгаа. Цогтоо, Масиас хоёр хэсгийн аваргын төлөө барилдах нь бараг л тодорхой байгаа юм.

 

Харин монголчуудын найдвар тавьж байсан олимпын мөнгөн Д.Сумъяа эхний барилдаандаа ялагдал хүлээн тэмцээнээ дуусгав. Европ тивийн аваргын мөнгөн медальт Словенийн К.Кайзер барилдаан дөнгөж эхэлмэгц тохох мэх хийж вазари үнэлгээ авснаар манай жүдочийг ялж, олимпын тэнгэр Д.Сумъяад боломж олгосонгүй хатуурхав.



Тунисын залуу тамирчин Олимпын алтан медаль хүртлээ

ТОКИО. /ALJAZEERA/. Токиогийн Олимпын наадамд усан сэлэлтийн төрлөөр оролцсон Тунисын өсвөр насны тамирчин Ахмед Хафнауиг тэмцээний эхэнд хэн ч анзаарч хараагүй боловч барианд орох үедээ бүхний анхаарлыг татаж чадлаа.  


Тунис улсын усан сэлэлтийн тамирчин А.Хафнауи нь ням гарагт болсон эрэгтэйчүүдийн 400 метрийн өврөөр даллах буюу чөлөөт сэлэлтийн төрөлд мэргэжлийн тамирчдыг ялснаар ийнхүү 18 насандаа Олимпын аварга болжээ.


Харин Австралийн тамирчин Жэк Маклуфлин тус тэмцээнд мөнгөн медаль, АНУ-ын тамирчин Кьеран Смит хүрэл медаль хүртсэн байна.




А.Хафнауиг 3 минут 43.26 секундын дотор барианд орох үед 15000 хүний ​​суудалтай хоосон шахуу цэнгэлдэхэд үзэгчид чангаар хашхиралдан түүний ялалтыг тэмдэглэж байлаа.


Тунисын тамирчин энэ талаараа, "Би барианд хамгийн эхэнд ирснээ мэдсэнийхээ дараа л өөрийгөө түрүүлсэн гэдэгт итгэсэн" хэмээн хэлжээ. Мөн тэрбээр, "Ус руу үсрэн орох үедээ хугацааны тухай биш медалийн тухай л бодож байсан" гэв.


Залуу тамирчин А.Хафнауигийн талаар юу мэдэх вэ? гэж АНУ-ын тамирчин К.Смитээс асуухад, "Үнэндээ юу ч мэдэхгүй байна" хэмээн хариулсан байна.


Ингэснээр А.Хафнауи усан сэлэлтийн төрөлд Олимпын алтан медаль хүртсэн Тунисын хоёр дахь тамирчин болжээ. Тодруулбал, тус улсын усан сэлэлтийн тамирчин Оуссама Меллоули 2008 оны Бээжингийн Олимпын 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль хүртсэн юм. Тэрбээр Олимпын гурван медальт алдартай тамирчин билээ.


Өдгөө 18 настай усан сэлэлтийн тамирчин хүү А.Хафнауи Хойд Африкийн орныхоо дөрөв дэх Олимпын алтан медальт тамирчин болсноос гадна Африк тивээс усан сэлэлтийн төрөлд Олимпын алтан медаль хүртсэн хамгийн залуу хоёр дахь тамирчин болж байна.


"Би эх орныхоо далбааг мандаж, төрийн дууллаа эгшиглэхийг сонсоод нулимс дуслуулсан. Их сайхан байлаа. Миний бие үүгээрээ маш их бахархаж байна. Энэхүү амжилтаа Тунисын бүх ард түмэндээ зориулж байна" гэж А.Хафнауи ярьжээ. 

ОУОХ медаль хүртсэн тамирчдыг зураг авхуулахдаа амны хаалтаа түр тайлахыг зөвшөөрчээ

ТОКИО. /NHK/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Токиогийн Олимпын медаль хүртсэн тамирчдыг гэрэл зургаа авхуулахаар шагналын тавцан дээр зай барин зогсож байхдаа амны хаалтаа 30 хүртэлх секундын хугацаагаар тайлахыг зөвшөөрчээ.


“Токио-2020” наадмын оролцогчдод зориулсан халдвараас урьдчилан сэргийлэх гарын авлагад тамирчид шагнал гардуулах ёслолын үеэр амны хаалт зүүх ёстой хэмээн тусгасан байсан юм.


Ийнхүү ОУОХ-ноос гаргасан шинэ шийдвэрийн дагуу ням гарагт Олимпын медаль хүртсэн тамирчид ёслолын үйл ажиллагааны үеэр амны хаалтаа түр тайлан зургаа авхуулсан байна.