ТОКИО-2020
Ямайкийн хөнгөн атлетикч Томпсон Хера 2 дахь алтан медалиа хүртэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ямайкийн хөнгөн атлетикч Элейн Томпсон Хера “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын 200 м гүйлтийн уралдаанд алтан медаль хүртлээ.


Тэрбээр 21.53 секундийн амжилт үзүүлэв. Энэхүү 200 м гүйлтийн уралдааны 2 дугаар байрт буюу мөнгөн медалийг Намибын тамирчин Кристин Мбома /21.81/ барианд орсон бол хүрэл медалийг АНУ-ын гүйгч Габриэл Томас /21.87/ хүртжээ.


Томпсон Хера Токиогийн олимпын 100 м зайд алтан медаль  аваад байсан юм


Энэхүү 200 м гүйлтийн уралдааны 2 дугаар байрт буюу мөнгөн медалийг Намибын тамирчин Кристин Мбома /21.81/ барианд орсон бол хүрэл медалийг АНУ-ын гүйгч Габриэл Томас /21.87/ хүртжээ.


Ингэснээр, Томпсон Хера олимпын 4 удаагийн аварга болж байна. Тэрбээр “Рио-2016” олимпын наадамд 100 м, 200 м зайд алтан медаль хүртэж байсан юм.

Э.Бэхбаяр Ираны бөхөд 4:1-ээр хожигдлоо

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр шөвгийн наймд "Жакарта-2018" Азийн наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга Ираны бөх Реза Атринагарачитай барилдаж 4:1-ээр хожигдов.


ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Ази тивийн аварга Э.Бэхбаяр Азийн аварга Ираны Атринагарачитай барилдан эхний үед торгуулийн 30 секундэд оноо авч чадалгүй нэг оноо алдсан. Харин 2 дугаар үед манай бөх торгуулийн 30 секундээр 1 оноо авсан ч дахин нэг оноо алдаж, оноогоо нөхөхөөр дайрсан ч ардаа алдсанаар ийнхүү 4:1-ээр ялагдлаа.


Э.Бэхбаяр энэ Иран бөхтэй 4 барилдаж, 3 ялагдаад байна. Ираны бөх Реза Атринагарачи финалд шалгарвал манай бөхөд дагаж барилдах боломж гарч ирнэ.


1/8 финал


Стеван Мичи /Серби/ - Юки Такахаши /Япон/ - 0:7

 

Нурислам Санаев /Казахстан/ - Димантино Фафе /Гвинея-Бисау/ - 7:0

 

Абдельхак Хербаш /Алжир/ - Георгий Вангелов /Болгар/ - Георгий Вангелов цэвэр яллаа.

 

Оскар Тигрерос Урбано /Колумби/ - Кумар Рави /Энэтхэг/ - 2:13

 

Сулейман Атли /Турк/ - Реза Атринагарачи /Иран/ - 2:3

 

Арсен Арутюнян /Армен/ – Э.Бэхбаяр /Монгол/ - 1:6

 

Лю Минху /Хятад/ - Гуломжон Абдуллаев /Узбекистан/ - 2:10

 

Завур Угуев /Орос/ - Томас Гилман /АНУ/ - 5:4.

 

1/4 финал

 

Юки Такахаши (Япон) - Нурислам Санаев /Казахстан/ - 4:4. Нурислам Санаев ялсан. Завур Угуев /Орос/ - Гуломжон Абдуллаев /Узбекистан/ - 6:6-аар З.Угуев яллаа 

Б.Хонгорзул олимп, дэлхийн аварга Японы бөхөд ялагдлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио - 2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д Монголын 20 настай залуу бөх Б.Хонгорзул, энэ жингийн нэгд эрэмбэтэй олимп, дэлхийн аварга Японы бөх Рисако Каваитай барилдаж ялагдлаа.


2016 оны олимпын аварга, дэлхийн 3 удаагийн аварга, Ази тивийн 4 удаагийн аварга Японы Рисако Каваи манай бөхийг 7:0-ээр илүүрхэн хожлоо. Тэрбээр эхний тойрогтоо Гвинейн бөхийг ялсан. Б.Хонгорзул эхний тойрогтоо Францын Матильде Ривиерег 7:2-оор ялсан байв.

Э.Бэхбаяр шөвгийн наймд шалгарав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирин Э.Бэхбаяр 1/8 шигшээ барилдаанаа Дэлхийн цомын мөнгө, Европын АШТ-ий алт, хүрэл медальт Армен улсын бөх Арсен Арутюнянтай хийж, түүнийг 6:1-ээр яллаа.


ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Ази тивийн аварга Э.Бэхбаяр гавьяат шөвгийн наймд "Жакарта-2018" Азийн наадмын хүрэл медальт, Ази тивийн аварга Ираны бөх Реза Атритай хүч үзнэ.

Б.Хонгорзул эхний учраа Францын бөхийг яллаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй 57 кг жингийн барилдаанууд өнөөдөр эхэлж, эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Б.Хонгорзул Францын Матильде Ривиеретэй эхний даваанд таарч оноогоор яллаа.


Энэ жил 31 настай франц бүсгүй 2017 оны Европын аваргын 55 кг жингийн хүрэл медальтай хашир тамирчинтай манай бөх Б.Хонгорзул тун ширүүн өрсөлдөж түүнд бүхэл 4 оноо алдаж адилхан 5 оноотой байхад, давуулж  шидэн 2 оноо авч 7:5-аар хожлоо. Дараагийн тойрогт Б.Хонгорзул Японы Рисако Каваитай барилдана.

К.Вархольм Олимпын аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

ТОКИО. /Anadolu/. Норвегийн тамирчин Карстен Вархольм мягмар гарагт болсон саадтай гүйлтийн эрэгтэйчүүдийн 400 метрийн төрөлд Олимпын алтан медаль хүртэж, өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг эвдлээ. 


Өдгөө 25 настай залуу тамирчин К.Вархольм 45.94 секундэд барианд орсноор өөрийн амжилтаа ийнхүү шинэчлэн тогтоосон байна.


Харин АНУ-ын тамирчин Рай Бенжамин 46.17 секундийн амжилтаар мөнгөн медаль, Бразилын тамирчин Алисон дос Сантос 46.72 секундэд барианд орсноор хүрэл медалийн болзол хангажээ. 


Туркийн тамирчин Ясмани Копеллогийн хувьд 47.81 секундийн амжилтаар зургаадугаар байр эзэлсэн байна. 


К.Вархольм Норвегийн нийслэл Осло хотод 2021 оны долоодугаар сард болсон тэмцээний үеэр энэхүү төрөлд 46.70 секундэд барианд орж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож байжээ.
Токиогоос БНХАУ-32 , АНУ-24, Япон-19 алтан медаль хүртээд байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 13 дахь өдрийн 10 цагийн /Улаанбаатарын цаг/ байдлаар 84 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл, нийт 3 медальтай Протугал улстай хамт медалийн тоогоор 62 дугаар байрт байна.


Токиогийн олимпын медалийн тоогоор БНХАУ-ын баг 32 алт, 21 мөнгө, 16 хүрэл /нийт 69/-тэй медалийн чанараар олимпод оролцогч 206 орныг тэргүүлж явна.


АНУ-ын баг 24 алт, 28 мөнгө, 21 хүрэл /нийт 73/-тэй, медалийн тоогоор тэргүүлж, чанараар 2-т эрэмблэгджээ. Харин эзэн орон Япон улсын баг 19 алт, 6 мөнгө, 11 хүрэл, нийт 36 медальтай медалийн чанараар 3 дугаарт эрэмбэлэгдэж байна.


Австралийн шигшээ баг 14 алт, 4 мөнгө, 16 хүрэл, нийт 34 медальтай медалийн чанараар 4 дүгээрт, харин медалийн тоогоор 6 дугаарт жагсчээ. Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 13 алт, 21 мөнгө, 18 хүрэл, нийт 52 медальтай медалийн тоогоор 3 дугаарт, медалийн чанараар 5 дугаарт жагсаад байна.


Харин Их Британи 13 алт, 17 мөнгө, 13 хүрэлтэй нийт 43 медальтай, чанараар 6 дугаарт, медалийн тоогоор 4 дүгээрт бичигдэж байна.

Өнөөдөр Монголын чөлөөт бөхийн 2 тамирчин олимпын дэвжээнд хүч үзнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний 4 дэх өдөр буюу өнөөдөр /2021.08.04/ Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт залуу тамирчин Б.Хонгорзул 57 кг-д эхний барилдаанаа Францын Матилде Ривиерагийн эсрэг хийх сугалаа татжээ.


Түүний өрсөлдөгч нь Европын АШТ-ий хүрэл медальт манай тамирчнаас 12 эгч бөх юм байна. Харин энэ бөхийг хожвол шөвгийн наймд олимп, дэлхийн аварга Япон бөх Р.Кавайтай барилдах магадлалтай байна.



Энэ өдөр Токиогийн олимпын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн эхлэх бөгөөд монгол эрчүүдийнхээ салхийг хагалж гавьяат тамирчин Э.Бэхбаяр дэвжээнд гарч хүч үзнэ. Тэрбээр эхний даваанд Европ тивийн аварга Армен бөх Арсен Арутюнантай барилдах сугалаа татсан юм. Эхний учраагаа давбал Ираны Резра Атри, Туркийн Сулейман Атли нарын аль ялсантай нь барилдана. Иран бөх нь Азийн аварга цолтой бол турк бөх нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай юм.


Чөлөөт бөхийн өнөөдрийн барилдаан өглөө 10 цаг 30 минутаас эхлэх бөгөөд Б.Хонгорзулын хувьд хоёр дахь, Э.Бэхбаяр зургаа дахь барилдаанд дэвжээнд гарч барилдах юм байна.



С.Батцэцэг олимпын хошой хүрэл медальтан болох боломжоо алдав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний 3 дахь өдөр буюу өнөөдөр /2021.08.03/ эмэгтэйчүүдийн 68 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд С.Батцэцэг, Киргизийн бөхтэй барилдаж цэвэр ялагдав.


Киргизийн Мээрим Жуманазароватай барилдаж 1 дүгээр үед торгуулийн 1 оноотой дуусгасан ч 2 дугаар үед манай бөх 7 оноо алдаж, улмаар цэвэр ялагдаж, олимпын хүрэл медалиас атгаад алдлаа.


Тэрбээр 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларроктой учраа таарч, эхлээд 3 оноо алдсан. Харин барилдаан дуусахаас 19 секундын өмнө мордож 4 оноо аван, үргэлжлүүлэн цэвэр дарж ялсан. Улмаар 1/4 шигшээд 2019 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг 8:5-аар ялсан юм.


Харин хагас шигшээ барилдаанд Нигерийн бөх Блессинг Оборудудутай барилдаж, 2:7-гоор хожигдсон юм. Ингээд Токиогийн олимпын хүрэл медалийн төлөө М.Жуманазаровата барилдан ялагдсанаар олимпын хошой хүрэл медальтан болох боломжоо харамсалтай алдав. 

Токиогийн олимпоос БНХАУ-ын баг 30 алтан медаль хүртээд байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын 12 дахь өдөр /2021.08.03/-ийн Улаанбаатарын 16 цагийн байдлаар 81 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас Монголын Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл, нийт 3 медальтай, медалийн тоогоор Протугал улстай хамт 61 дугаар байрт бичигдэж байна.


Токиогийн олимпын наадамд өнөөдрийн байдлаар медалийн тоогоор БНХАУ-ын баг 30 алт, 19 мөнгө, 16 хүрэл /нийт 65 медаль/-тэй медалийн чанараар 206 орныг тэргүүлж явна.


АНУ-ын баг 22 алт, 27 мөнгө, 17 хүрэл /нийт 66 медаль/-тэй, медалийн тоогоор тэргүүлж, чанараар 2 дугаарт эрэмбэлэгджээ. Харин эзэн орон Япон улсын баг 18 алт, 6 мөнгө, 10 хүрэл /нийт 34 медаль/-тэй медалийн чанараар 3 дугаарт эрэмбэлэгдэж, медалийн тоогоор 5-д орж байна.


Австралийн шигшээ баг 14 алт, 4 мөнгө, 15 хүрэл, нийт 33 медальтай медалийн тоогоор 4 дүгээрт, харин медалийн чанараар 6 дугаарт жагсчээ. Харин медалийн чанараар Их Британи 13 алт, 13 мөнгө, 13 хүрэлтэй 5 дугаарт, харин медалийн тоогоор 4 дүгээрт бичигдэж байна.


Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 12 алт, 21 мөнгө, 17 хүрэл, нийт 50 медальтай медалийн тоогоор 3 дугаарт, медалийн чанараар 6 дугаар жагсаад байна. 



АНУ-ын тамирчин шагналын тавцан дээр гараараа “Х” хэлбэрийг дүрсэлжээ

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадмын бөөрөнцөг түлхэлтийн тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд медаль хүртсэн АНУ-ын тамирчин Рэйвен Сондерсын ням гарагт шагнал гардуулах ёслолын үеэр гаргасан үйлдэл дэлхий дахины анхаарлыг татаад байна.

Тодруулбал, Токиогийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн тамирчин Р.Сондерс шагнал гардуулах ёслолын үеэр медалийн тавцан дээр гараараа "X" хэлбэрийг дүрслэн үзүүлсэн нь Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ дүрмийг зөрчсөн эсэхийг тус хорооноос шалгаж эхэлжээ.

ОУОХ энэ удаагийн Олимпын наадмын эсэргүүцлийн ажиллагааны эсрэг дүрэм журмыг хөнгөвчилсөн боловч медалийн тавцан дээр эсэргүүцлийн шинжтэй үйлдэл гаргахыг хориглосон хэвээр байгаа юм.

Харин бөөрөнцөг түлхэлтийн тамирчин Р.Сондерс маргаан дагуулснаа хүлээн зөвшөөрөөд, "Энэ медалийг авах гээд хичээгээд үз” хэмээн “Twitter” хуудсандаа жиргэсэн байна.

Мөн өөрийн гаргасан “X” үйлдлийн бэлгэдэл нь "дарамт шахалтад орсон хүмүүсийг" дэмжиж буйгаа илэрхийлсэн санаа хэмээн тайлбарласан түүхийг нийгмийн сүлжээндээ хуваалцжээ. 

Өдгөө 25 настай өнгөт арьст, ижил хүйстэн тамирчин эл үйлдлийг гаргасныхаа төлөө хүлцэл өчихийг хүсэхгүй байгаагаа ч мөн илэрхийлсэн байна. 

Үүний зэрэгцээ өөрийнхөө гаргасан амжилтыг өнгөт арьст, ЛГБТИ, сэтгэцийн эрүүл мэндийнхээ төлөө тэмцэж буй хүмүүст зориулж буйгаа “Instagram” хуудсандаа нийтэлжээ. Тэрээр өмнө нь сэтгэл гутралтай тэмцэж байгаагаа илэн далангүй ярьж байжээ. 

Олон улсын олимпын хороо Э.Цэндбаатарын тулааны дүнг хэвээр үлдээв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын шигшээ багаас “Токио 2020” зуны олимпын XXXII наадмын боксын төрөлд өрсөлдсөн Э.Цэндбаатарын хүрэл медалийн төлөөх тулааны дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн албан ёсоор протест өргөн барьсан билээ.


ОУОХ-ны Бокс хариуцсан ажлын хэлтсээс уг протестын хариу албан захидлыг ирүүлэв.

Үүнд:


-“Токио 2020” Олимпын наадам болон эрх олгох тэмцээн бүрийн тулаанд хяналт хийж, шийдвэрийг буцаах дүрэм үйлчлэхгүй байгаа.


- Олон улсын олимпын хорооны /ОУОХ/-ны Бокс хариуцсан ажлын хэсэг /BTF/ нь өглөө бүр хөндлөнгийн аудитын төлөөлөгчид болон үнэлгээчдийн хамтаар өмнөх өдрийн тулаан бүрийн шүүлттэй холбоотой асуудлыг дахин нягталж, хэлэлцүүлэн дүгнэж байгаа.


- Оноо тэнцсэн тохиолдолд хайнаа салгах дүрмийн дагуу буюу BTF-ийн дүрмийн 18.11.1-ийг үндэслэн ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн


- ОУОХ-ноос хараат бус гаднын аудиторын хяналт дор Э.Цэндбаатарын тулааныг дахин нягтлуулан шалгахад нийт 6 үнэлгээчин бүгд санал нэгтэй ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн.


- Тус тулааныг шүүсэн шүүгчид нь дүрмийн дагуу шийдвэр гаргасан гэж үзсэн тул шүүгчид анхааруулга өгөх, арга хэмжээ авах албан ёсны шийдвэр гараагүй болохыг мэдэгдэж байна гэжээ.


МҮОХ нь Олимпийн наадамд оролцож буй шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын эрх ашгийг хамгаалж, холбогдох дүрэм журмын хүрээнд зохион байгуулалтын ажлыг хийх үүргээ цаашид ч хичээнгүйлэн гүйцэтгэх болно.


Баг тамирчдаа дэмжиж, санал сэтгэгдлээ хуваалцаж буй эрхэм хөгжөөн дэмжигчид та бүхэнд талархлаа илэрхийлье. Та бүхний дэмжлэг наадмын сүүлийн өдрүүдэд өрсөлдөхөөр зэхэж буй баг тамирчдад урам өгч, амжилтын буухиагаа тасралтгүй үргэлжлүүлэх эрчим нь болно гэдэгт итгэлтэй байна.









Япон боксын эмэгтэйчүүдийн төрөлд Олимпын анхны алтан медалиа хүртэв

ТОКИО. /CNN/. Японы тамирчин Сена Ирие Токиогийн Олимпын боксын эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн төрөлд өнөөдөр алтан медаль хүртлээ.


Ийнхүү өдгөө 20 настай тэрбээр боксын эмэгтэйчүүдийн төрөлд Олимпын анхны алтан медалийг эх орондоо авчирчээ.


Харин Филиппиний тамирчин, дэлхийн аварга Нести Петесио мөнгөн медаль, Их Британийн тамирчин Каррис Артингстолл, Италийн тамирчин Ирма Теста нар хүрэл медалийн болзол хангасан байна.


Ингэснээр Японы баг тамирчдын Токиогийн Олимпоос хүртсэн алтан медалийн тоо 18-д хүрээд байгаа бөгөөд тус улсын хувьд зуны наадмаас хамгийн олон алтан медаль хүртээд буй нь энэ юм. 

Л.Кэррингтон Токиогийн Олимпын наадмаас хос алтан медаль хүртлээ

ТОКИО. /Xinhua/. Дэлхийн зургаан удаагийн аварга, Шинэ Зеландын тамирчин Лиза Кэррингтон каяк завины эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 200 метрийн төрөлд түрүүлснээр Олимпын гурав дахь алтан медалиа хүртжээ.


Тэрбээр өнөөдөр болсон хагас шигшээ тэмцээнд 38.127 секундийн амжилт үзүүлснээр Олимпын дээд амжилтаа шинэчлээд байсан бөгөөд ийнхүү 38.120 секундэд барианд орсноор амжилтаа улам ахиулсан байна.


Харин тус төрөлд Испанийн тамирчин Тереза Портела 38.883 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртсэн бол Данийн тамирчин Эмма Аастранд Йоргенсен 0.018 секундээр удаалж, хүрэл медалийн болзол хангажээ.


Л.Кэррингтон каяк завины эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 200 метрийн төрөлд алтан медаль хүртсэнээсээ хойш ердөө нэг цагийн дараа каяк завины эмэгтэйчүүдийн 500 метрийн хосын төрөлд өрсөлдөн дахин алтан медаль хүртжээ.


Тэрбээр өнөөдөр ийнхүү хос алтан медалийн эзэн болсноор Шинэ Зеландын каяк завины тамирчид болох Иан Фергюсон, Пол МакДональд, морин спортын домог Марк Тодд нарын адил Олимпоос таван медаль хүртсэн улсынхаа шилдэг тамирчдын нэг боллоо.


Өдгөө 32 настай Л.Кэррингтон Лондоны Олимпоос алт, Риогийн Олимпоос алт, хүрэл медаль тус тус хүртсэн юм.

ОУХМ Х.Болортуяа 1/4 шигшээд  Болгарын бөхтэй барилдана

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг жингийн 1/4 шигшээд ОУХМ Х.Болортуяа, Болгарын бөх Тайбе Юсеинтэй барилдахаар болов.


Дэлхийн аварга, ДАШТ-ий 3 мөнгө, 2 хүрэл медальт, Болгарын бөх Тайбе Юсеин, Бразилын Лаис Нунесыг 4:1-ээр ялж манай бөхтэй хүч үзэхээр болжээ.  


Х.Болортуяагийн хувьд 2020 оны Иван Ярыгиний Гран прид түрүүлж, Ази тивийн аваргад үзүүрлэсэн амжилттай Токиогийн олимпод хүчээ сорьж байгаа юм.

Х.Болортуяа эхний даваанд Энэтхэгийн бөхийг ялав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эхний даваанд Энэтхэгийн залуу бөх Сонам Сонам Маликтай барилдаж 2:2-оор /сүүлийн оноо авснаар / яллаа.


Тэрбээр шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, дэлхийн аварга, дэлхийн дэвжээнээс нийтдээ 6 медаль хүртсэн Болгарын бөх Тайбе Юсеин нарын хэн ялсантай барилдана.

Трансжендер гэдгээ ил тод мэдэгдсэн тамирчин Олимпын наадамд өрсөлдлөө

ТОКИО. /NHK/. Шинэ Зеландын тамирчин Лорел Хаббард трансжендер гэдгээ олон нийтэд ил тод мэдэгдэн Олимпын наадамд оролцсон анхны тамирчин боллоо. Тэрбээр Токиогийн Олимпын хүндийн өргөлтийн эмэгтэйчүүдийн төрөлд өрсөлдсөн юм.


Хэдийгээр өдгөө 43 настай тамирчин хүндийн өргөлтийн 87 кг-ын төрөлд медаль хүртэж чадаагүй боловч бүхний анхаарлыг татжээ. Л.Хаббарт эрэгтэй төрсөн ч найман жилийн өмнө нэрээ сольж, хүндийн өргөлтийн спортын замналаа үргэлжлүүлэхээсээ өмнө дааврын эмчилгээ хийлгэжээ.


Олон улсын олимпын хороо 2015 онд дүрэм журмаа өөрчлөн трансжендер тамирчдын талаар тусгаснаар Л.Хаббарт Олимпын наадамд оролцох эрхтэй болжээ. Мөн тэрбээр 2017 оны ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн 90 кг-ын төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.


Токиогийн Олимпын наадамд 160 гаруй ЛГБТИ тамирчин оролцож байгаа ажээ. 

С.Батцэцэг олимпын хүрэл медалийн төлөө Киргизийн бөхтэй хүч үзнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний 3 дахь өдөр буюу өнөөдөр /2021.08.03/ эмэгтэйчүүдийн 68 кг жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд С.Батцэцэг Киргизийн бөхтэй барилдахаар болов.


Өнөөдөр өглөөний тус жингийн дагах барилдаанд Азербайжаны бөх, ДАШТ-ий хүрэл медальт Э.Манолова, Киргизийн бөх, Азийн наадмын мөнгөн медальт М.Жуманазароватай халз тулан хүч үзэхэд Мээрим Жуманазарова 4:1 илүүрхэн хожиж, хагас шигшээд С.Батцэцэгтэй барилдах эрх авлаа.


Гавьяат тамирчин С.Батцэцэг 1/8 шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларроктой учраа таарсан. Гурван оноо дутуу байхдаа барилдаан дуусахаас 19 секундын өмнө мордож 4 оноо авч, үргэлжлүүлэн цэвэр дарж ялсан. Улмаар 1/4 шигшээд 2019 оны Европын АШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг 8:5-аар ялсан.


Ингээд хагас шигшээд Нигерийн бөх Блессинг Оборудудутай Нигери барилдаж, 2:7-гоор хожигдсон. Ингээд манай бөх хүрэл медалийн төлөө Блессинг Оборудудуд ялагдсан 2 бөхийн хэн ялсантай барилдахаар болсон билээ. 

Беларусийн тамирчинд Польшийн виз олгожээ

ТОКИО. /BBC/. Токиогийн Олимпын наадмыг орхин эх орон руугаа буцах албан шаардлагыг биелүүлэхээс татгалзсан Беларусийн гүйлтийн тамирчинд Польшийн хүмүүнлэгийн виз олгожээ.


Өдгөө 24 настай Кристина Тимановская Японы цагдаа нарын хамгаалалтан дор зочид буудалд байрласныхаа дараа Токио хот дахь Польшийн Элчин сайдын яамны байранд байгаа юм.


Түүний хэлснээр, дасгалжуулагч нараа шүүмжилснийх нь төлөө өөрийг нь нисэх буудал руу хүчээр авч явсан бөгөөд тэрбээр өөрийн аюулгүй байдалдаа санаа зовниж буйгаа илэрхийлжээ.


Беларусийн талын мэдээлснээр, К.Тимановскаяг сэтгэлзүйн байдлынх нь улмаас багаас хассан байна.


Тамирчин бүсгүй даваа гарагт “BBC” телевизэд, өөрийгөө аюулгүй байгаагаа мэдээлсэн боловч одоогоор үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байх зөвлөгөө авсан гэдгээ хэлжээ.


К.Тимановскаяд тохиолдол энэхүү явдал нь 1994 оноос хойш Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн удирдаж буй Беларусь улсыг дахин олон улсын хараанд оруулжээ. Өнгөрсөн онд ерөнхийлөгчийн маргаан дагуулсан сонгуулийг эсэргүүцсэн жагсаалыг аюулаас хамгаалах хүчнийхэн хүчээр таслан зогсоосон юм.


Эсэргүүцлийн жагсаалд улсдаа нэртэй тамирчид ч мөн дуу хоолойгоо өргөсөн боловч тэднийг санхүүжүүлэхээ зогсоон үндэсний шигшээ багаас хасаж, баривчлан саатуулсан байна.


Польшийн Гадаад хэргийн дэд сайд Марцин Пшидачийн мэдээлснээр, К.Тимановская Токио дахь Польшийн дипломатчидтай шууд холбоо тогтоосон бөгөөд манай улс түүнийг спортын замналаа үргэлжлүүлэхэд нь туслахын төлөө шаардлагатай бүхнийг хийнэ гэв.


“Тамирчны нөхөр Украины нийслэл Киев хот руу дүрвэсэн. Тэрбээр эхнэртэйгээ Польшт уулзана” гэж Варшавт төвтэй сөрөг хүчний улстөрч мэдээлжээ.


Беларусийн Засгийн газар Польш улсын шийдвэрийн талаар одоогийн байдлаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. 

Өнөөдөр С.Батцэцэг, Х.Болортуяа нар олимпын дэвжээнд хүчээ сорино

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн 2 эмэгтэй тамирчин Монгол Улсаа төлөөлж олимпын дэвжээнд хүч, ур чадвараа сорин барилдана.


Тухайлбал, эмэгтэйчүүдийн 62 кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа эхний даваанд Энэтхэгийн залуу бөх Сонам Маликтай барилдах сугалаа татсан. Тэрбээр түүнийг давбал шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, Болгарын бөх, дэлхийн аварга, дэлхийн дэвжээнээс нийт 6 медаль хүртсэн Тайбе Юсеин нарын ялсантай халз барилдах оноолттой.



Манай бөх Х.Болортуяагийн хувьд 2020 оны Иван Ярыгиний Гран прид түрүүлж, Ази тивийн аваргад үзүүрлэсэн амжилттайгаар Токиогийн олимпод хүчээ сорихоор ирээд байгаа юм.

Урьдчилсан шатны барилдаан Улаанбаатарын цагаар 11:00 цагт эхлэх бөгөөд манай тамирчин 7 дахь барилдаанд дэвжээнд гарна.



Энэ өдөр “Лондон-2012” олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Токиогийн олимпийн хүрэл медалийн төлөө хүч үзнэ.


Өнөөдөр халз тулах Азербайжаны бөх Э.Манолова /ДАШТ-ий хүрэл медальт/, Киргизийн бөх М.Жуманазарова /Азийн наадмын мөнгөн медальт/ нарын хэн ялсан нь манай гавьяат тамирчин С.Батцэцэгтэй медалийн төлөө барилдах юм.


Олимпын медалийн төлөөх барилдаанууд 17:15 цагаас эхлэх бөгөөд манай хүн 13 дахь барилдаанд дэвжээнд гарах болно.