ТОКИО-2020
Токиогийн Олимпын тасалбарыг тавдугаар сараас дэлхий даяар худалдаална

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотноо энэ зун болох Олимпын наадмын тасалбарыг гадаадын улс орнуудын иргэд тавдугаар сарын дунд үеэс худалдан авах боломжтой болно гэж тус наадмыг зохион байгуулах хороо лхагва гарагт мэдээлжээ.


Ингэснээр ирэх долдугаар сарын 24-нөөс эхлэх Олимпын наадмыг үзэж сонирхохын тулд Японыг зорихоор төлөвлөж буй хүмүүс наадмын тасалбаруудыг албан ёсны цахим хуудаснууд болон гэрээт борлуулагчдаас худалдан авах боломж бүрдэх ажээ.


Токиогийн Олимпын тасалбарын эхний хоёр цахим сугалааны үеэр 4.48 сая гаруй тасалбарыг Японы иргэд хэдийн худалдан авчээ. Олимпын наадмыг зохион байгуулагчид тасалбарынхаа нийт тооны талаар мэдээлээгүй байгаа боловч 9 сая гаруй тасалбар худалдаанд гаргах төлөвтэй байна.


"Паралимпын наадмын тасалбарыг хэзээнээс худалдаалж эхлэхээ хараахан шийдээгүй байна" гэж зохион байгуулагчид мэдээлжээ. 

ЛеБрон Жеймс Токиогийн Олимпод оролцож магадгүй

ВАШИНГТОН. /Independent/. АНУ-ын Сагсан бөмбөгийн үндэсний шигшээ баг “Токио-2020” Олимпын наадамд оролцохоор шигшигдэн үлдсэн 44 тамирчны нэрийг даваа гарагт танилцуулжээ. Үүнд 2004, 2008, 2012 оны Олимпын наадамд оролцсон, Олимпын наадмын хошой аварга ЛеБрон Жеймс багтжээ.


Шигшигдэн үлдсэн тамирчдын дунд Олимпын наадам болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 31 алтан медаль хүртсэн 19 тоглогч байгаа бөгөөд тэдний 9 нь 2016 онд Рио-де-Жанейро хотноо болсон Олимпын наадамд оролцсон байна.


Л.Жеймс АНУ-ын үндэсний шигшээ багийн 68 тоглолтод оролцсон бөгөөд Риогийн Олимпыг янз бүрийн шалтгааны улмаас өнжжээ. Тэрбээр “Токио-2020” Олимпод оролцохыг эрмэлзэж байгаа нь Сан Антонио Спөрс багийн дасгалжуулагч Грегг Поповичийн удирдлага дор тоглох хүсэлтэй байгаатай мөн холбоотой ажээ.


С.Анужин

Абэ Шинзо: Коронавирусний халдвар Олимпын наадмыг зохион байгуулахад саад учруулахгүй

ТОКИО. /Kyodo/. Японы Засгийн газар олон нийтийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж, шинэ төрлийн коронавирусний тархалтыг хязгаарлах үүрэг хүлээсэн гэж тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо мэдэгдээд, уг вирус Олимпын наадмыг зохион байгуулахад саад учруулахгүй байх нөхцөлийг баталгаажуулна хэмээн амлажээ.  


Японы Ерөнхий сайд даваа гарагт болсон доод танхимын уулзалтын үеэр ийнхүү хэлжээ. Коронавирусний халдварын тархалт аялал жуулчлал тэргүүтэй Японы бүс нутгийн эдийн засагт ихээхэн нөлөөлж буйг Абэ Шинзо онцлоод, Засгийн газар нөхцөл байдлыг хянаж, шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлэх болно гэж мэдэгдсэн байна.


Мөн энэ онд болох Токиогийн Олимп, Паралимпын наадмын бэлтгэл ажлыг саад бэрхшээлгүйгээр явуулах нөхцөл бололцоог хангах чиглэлд Засгийн газар ажиллах болно гэж Абэ Шинзо хэлжээ. Мөн тэрбээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тэргүүтэй бусад холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллана гэдгээ илэрхийлжээ. 

Марафонч Ц.Бямбажав олимпын эрхийн болзлыг хангав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Кюүшюү аймгийн Ойтад 2020 оны хоёрдугаар сарын 2-нд болсон 64 дэх удаагийн уламжлалт “Беппу-Ойта” олон улсын марафонд хурдаа сорьсон Монголын үндэсний шигшээ болон “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн тамирчин Цэвээнравдангийн Бямбажав 2 цаг 09 минут 03 секундийн амжилтаар V байр эзэлж, “Токио-2020” олимпын наадамд оролцох болзлоо хангав хэмээн спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин мэдээллээ.


Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /IAAF/-ноос олимпын наадамд оролцох тамирчдад entry mark буюу норматив нормыг тавьдаг. Тухайлбал, “Токио-2020” олимпын марафон гүйлтэд эрэгтэйд 2 цаг 11 мин 30 секунд, эмэгтэйд 2 цаг 29 мин 30 секундээс дотогш амжилт үзүүлсэн тамирчид олимпын дэвжээнд уралдах эрх авах юм. Монголын марафончдоос ОУХМ Б.Мөнхзаяа олимпын наадамд оролцох болзлоо биелүүлээд байгаа.


“Беппу-Ойта 2020” марафонд Мароккогийн тамирчин Хамза Сахли 2:08:01 амжилтаар түрүүлж, Этиопын Абдела Годана 2:08:06-аар мөнгө, Японы Ёшида Юяа 2:08:30 секунд гэсэн амжилтаар хүрэл медаль тус тус хүртсэн байна.

ОУОХ коронавирусний асуудлаар ДЭМБ-тай хамтран ажиллаж байна

ЖЕНЕВ. /Kyodo/. Токиогийн Олимпын наадмын бэлтгэл ажил үргэлжилж байгаа энэ үед шинэ төрлийн коронавирусний асуудлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ болон бусад холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байна гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/ пүрэв гарагт мэдэгджээ.


Токио-2020 Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулахад халдварт өвчнүүдийн эсрэг зохих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь чухал. Үүний тулд холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллана гэж ОУОХ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.


Зуны Олимпын наадам эхлэхэд зургаан сар хүрэхгүй хугацаа үлдээд буй энэ үед уг вирус дэгдсэн нь Япон улсын хувьд томоохон асуудал болоод байгаа бөгөөд тус улсад баасан гарагийн байдлаар уг вирусээр халдварласан хүний тоо 14 хүрчээ. Шинэ төрлийн вирусний улмаас 2020 оны Олимп болон Паралимпын наадмыг цуцалж магадгүй гэсэн цуурхал цахим орчинд тархсан боловч Японы Олимпын хороо уг мэдээллийг няцаажээ.


Бид ОУОХ болон бусад холбогдох байгууллагатай нягт хамтран ажиллаж, вирусний эсрэг шаардлагатай арга хэмжээг авах болно гэж Токиогийн Олимпыг зохион байгуулагчид  пүрэв гарагт мэдэгдсэн байна.


Хятад улсын Ухань хотод дэгдсэн вирусний улмаас олон улсын спортын хэд хэдэн арга хэмжээ хойшилсон байна. Үүнд Хятадад зохион байгуулахаар төлөвлөж байсан Олимпын эрх авах эмэгтэйчүүдийн хөл бөмбөг, эмэгтэйчүүдийн сагсан бөмбөг, боксын тэмцээнүүдийг өөр улсад зохион байгуулахаар болжээ.


2016 онд Рио-де-Жанейрогийн Олимпын үеэр шумуулнаас хүнд халдварладаг Зика вирусний улмаас уг наадамд хэд хэдэн алдартай тамирчин оролцоогүй юм.


С.Анужин

ОУХМ Б.Мөнхзаяа олимпод уралдах эрхээ 3 удаа баталгаажуулав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шилдэг марафонч ОУХМ Б.Мөнхзаяа Японы Осака хотноо /2020.01.26/ болсон олон улсын тэмцээнд хурд сорьж XII байр эзэлж, Монгол Улсын дээд амжилтыг 2 цаг 28 минут 3 секунд болгон шинэчлэв.


Тэрбээр улсын дээд амжилтыг өмнө нь 2 цаг 29 минут 18 секундээр эзэмшиж байв. Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин Б.Мөнхзаяа бэлтгэлээ хань Б.Доржпаламын удирдлагад хийж тэмцээнд оролцдог бөгөөд “Токио-2020” олимпын наадамд оролцох болзлыг ийнхүү гурав дахь удаагаа биелүүлжээ.



Б.Мөнхзаяа олон улсад нэр хүндтэй Тайванийн марафонд 2017 онд түрүүлж, тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болж байв. Өнөөдөр ОУХМ Б.Мөнхзаяа нөхрийн хамт Япон улсад базааж байна.  

Азийн боксчид олимпын эрхийн төлөө Амман хотод хүчээ сорино

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн орнуудын боксчдод “Токио-2020” олимпын эрх олгох тэмцээнийг гуравдугаар сарын 3-11-нд Йорданы нийслэл Амман хотод зохион байгуулахаар болов.


Уг тэмцээнийг Хятадын Ухань хотноо зохион явуулах байсан боловч коронавирусний тархалтаас болж цуцласан юм. Арабын тэмцээнээр хөнгөн жинд эхний 6, дунд жинд эхний 5, хүнд эхний 4 байр эзэлсэн тамирчдад “Токио-2020” олимпын рингэнд тулалдах эрх олгоно.


Харин Амманд азгүйтсэн боксчид тавдугаар сард Парис хотноо цугларч, олимпын үлдсэн эрхийн төлөө тулалдах юм байна.


Монголын боксчид 1972,1976, 1980, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016 оны олимпын наадамд нийт 11 удаа хүчээ сорьж нэг алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн түүхтэй.

Токиогийн Олимпын наадам эхлэхэд 6 сар үлдлээ

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотноо болох Олимпын наадам өнөөдрөөс яг зургаан сарын дараа эхэлнэ. Долдугаар сарын 24-нөөс эхлэн 17 хоногийн турш үргэлжлэх Олимпын наадмын үеэр спортын 33 төрлөөр 339 тэмцээнийг зохион байгуулна.


Одоогийн байдлаар Олимпын наадмын бэлтгэл ажил ид үргэлжилж байгаа бөгөөд Токиогийн шинэ цэнгэлдэх хүрээлэн 2020 оны эхний өдөр үүд хаалгаа нээсэн юм. Токио хотын ногоон бүсэд баригдсан уг байгууламжийг “ойн дундах цэнгэлдэх хүрээлэн” хэмээн нэрлэж байна.


Усанд сэлэлт, шумбалтын тэмцээнүүдийг зохион байгуулах Токиогийн усан спортын төвийн барилгын ажил дуусах шатандаа оржээ. Мөн хотын удирдлагууд болон Олимпын наадмыг зохион байгуулагчид олон зочдыг хаана байрлуулах, зуны халууныг хэрхэн зохицуулах талаар хэлэлцэж байгаа ажээ. 

Паралимпын буудлагын тамирчдад санхүүгийн дэмжлэг олгоно

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” паралимпын наадамд буудлагын баг тамирчдыг бэлтгэн оролцуулах, улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулав.


БТСГ-ын дарга Ц.Шаравжамц Монголын пара буудлагын холбооны ерөнхийлөгч, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нар энэхүү гэрээнд гарын үсэг зурлаа.


Ташрамд дуулгахад, энэ удаагийн гэрээ хэд хэдэн онцлогтой болохыг толилуулж байна.


Нэгд. ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, дасгалжуулагч, тамирчдын цалинг нэмэгдүүлсэн, цол зэргийн урамшууллыг хувь тооцон олгох мөн олимпын наадмын эрх авсан тамирчдад урамшуулал олгоно.


Хоёрт. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд спорт холбоодын санхүүжилтийг улирлаар болон хагас жилээр олгох боломжийг нээсэн. Энэ нь спорт холбоодын хувьд төлөвлөгөөт уралдаан тэмцээнд оролцох онгоцны тийз, виз, зочид буудлын төлбөрүүдээ урьдчилан хямд захиалах, хэмнэлт хийх ач холбогдолтой юм.


Гуравт. Олимпын жилийн төсөв санхүүжилтийг бидний төлөвлөсөн бүх гадаад дотоод арга хэмжээ, хэрэглэл материал, эм витаминжуулалт зэрэгт хангалттай хүрэлцэхээр баталсан.

Токиогийн Олимпын үеэр шөнийн галт тэргээр үйлчлэхээр төлөвлөж байна

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотноо ирэх зун зохион байгуулах Олимпын наадмын үеэр шөнийн галт тэргээр үйлчлэх асуудлыг холбогдох албаны төлөөлөгчидтэй хэлэлцэж байна гэж Токиогийн Олимпыг зохион байгуулах хороо, Токио хотын засаг захиргаа лхагва гарагт мэдээлжээ.


Ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9 хүртэл үргэлжлэх Олимпын наадмын үеэр Токиод тэмцээн зохион байгуулах 8 хүрээлэн оройн 23 цагт зарим тохиолдолд үүнээс орой хаах тул галт тэрэг, метроны 60 орчим шугамын үйлчлэх хугацааг сунгахаар тээврийн үйлчилгээний 19 компанитай хэлэлцэж байгаа ажээ. Шөнийн тээврийн үйлчилгээний хуваарь дөрөвдүгээр сард эцэслэн гарах төлөвтэй байна.


Мөн Токио хотоос гадна Хоккайдо мужийн Саппоро, Мияги мужийн Рифү, Ибараки мужийн Кашима хотын галт тэрэгний үйлчилгээний цагийг сунгахаар төлөвлөж байгаа ажээ. Харин Паралимпын наадмын үеэр галт тэрэгний хуваарийг нээлт, хаалтын ёслол болох өдрүүдэд /наймдугаар сарын 25, есдүгээр сарын 9/ сунгах гэнэ. 

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэй шигшээ баг Европыг зорив

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” олимпын эрхийн тэмцээнд хүчээ сорих 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ багийн тамирчид өнөөдөр Европ тивийг зорив.


Энэ оны гуравдугаар сард олимпын эрхийн төлөөх тэмцээн болох юм. Монголын баг тамирчид тус тэмцээний өмнө сагсан бөмбөгийн спортоор хүчирхэг гэгддэг Серби, Словени улсын шилдэг багтай хамтарсан бэлтгэл хийх бөгөөд хоёрдугаар сарын 1-нд Серби улсын Нови Сад хотноо болох шилдэг зургаан багийн тэмцээнд оролцоно.


Харин хоёрдугаар сарын 8, 9-нд Словенид өндөр зэрэглэлийн найман улсын тэмцээнд өрсөлдөх юм. Энэ улсууд олимпын эрхийн тэмцээндээ бэлдэж байгаа бөгөөд Ази тивээс Монгол Улсын шигшээ багийг урьсан байна.


Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ноос сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “Токио-2020” олимпын наадамд шууд оролцох дөрвөн багийг өнгөрсөн 11 дүгээр сард зарласан. Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн тамирчид шууд оролцох эрхээ авсан бол эрэгтэй шигшээ баг эрхээ аваагүй бөгөөд Польш, Бразил, Турк, Испани улсын зоонд хуваарилагдсан юм. 

Олимпын наадамд оролцох байт харвааны тамирчдыг Төрийн банк дэмжинэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн банк, Монголын байт харвааны холбоо хамтран ажиллах санамж бичигт энэ сарын 17-нд  гарын үсэг зурав. Ингэснээр “Токио-2020” зуны олимпын эрхээ авсан байт харвааны тамирчдыг тус банк дэмжиж ажиллахаар боллоо.


Хамтран ажиллах санамж бичигт Төрийн банкны бизнес хариуцсан дэд захирал Д.Сугар, Монголын байт харвааны холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэболд гарын үсэг зурсан юм. Энэхүү ёслолд Төрийн банкны төлөөлөл болон байт харвааны дасгалжуулагч, тамирчдын төлөөлөл оролцлоо.


Байт харвааны холбоо, Төрийн банктай хамтарч ажилласнаар Токиогийн олимпын наадамд оролцох эрх авсан ОУХМ Б.Отгонболд, пара байт харвааны шигшээ багийн тамирчин, спортын мастер Н.Мөнхбаатар нар бэлтгэл сургуулиа тасралтгүй, тууштай хийх боломж бүрдэж байна.  

“Токио-2020”-д оролцох баг тамирчдад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг олгоно

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны олимп, паралимпын наадамд Үндэсний шигшээ багийн тамирчдыг бэлтгэн оролцуулахад Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг олгох гэрээг Спорт холбоодтой байгуулав.


Биеийн тамир, спортын тухай хууль, Болосврол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”, “Хөтөлбөр батлах тухай” 2017 оны А/17 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор БТСГ-ын Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг олимпын 9, паралимпын 7 нийт 16 спортын төрлийн холбоотой хамтын ажиллагааны гэрээ байгуулна.


Энэхүү гэрээ хэд хэдэн онцлогтой.


1. ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, дасгалжуулагч, тамирчдын цалинг нэмэгдүүлсэн, цол зэргийн урамшууллыг хувь тооцон олгох мөн олимпын наадмын эрх авсан тамирчдад урамшуулал олгоно.


2. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд спорт холбоодын санхүүжилтийг улирлаар болон хагас жилээр олгох боломжийг нээсэн. Энэ нь спорт холбоодын хувьд төлөвлөгөөт уралдаан тэмцээнд оролцох онгоцны тийз, виз, зочид буудлын төлбөрүүдээ урьдчилан хямд захиалах, хэмнэлт хийх ач холбогдолтой юм.


3. Олимпын жилийн төсөв санхүүжилтийг бидний төлөвлөсөн бүх гадаад дотоод арга хэмжээ, хэрэглэл материал, эм витаминжуулалт зэрэгт хангалттай хүрэлцэхээр баталсан.


Тухайлбал, Монголын чөлөөт бөхийн холбоотой “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулж, хоёр талыг төлөөлж МЧБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, БТСГ-ын дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар уг гэрээнд гарын үсэг зурлаа.



Монголын жүдо бөхийн холбоотой “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулж, талуудыг төлөөлж МЖБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаатар, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар оролцож, гарын үсэг зурлаа.





Монголын боксын холбоотой “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулж, талуудыг төлөөлж МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар гарын үсэг зурав.



Монголын хүндийн өргөлтийн холбоотой “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулж, талуудыг төлөөлж МХӨХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Үенбаатар, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар гарын үсэг зурсан байна.



Монголын буудлага спортын холбоотой “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулав.



“Токио-2020” Зуны паралимпын наадамд оролцох пара жүдо бөхийн баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулж, талуудыг төлөөлж Монголын пара жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Цагаанбаатар, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар гарын үсэг зурлаа.


“Токио-2020” Зуны паралимпын наадамд оролцох пара пауэрлифтингийн баг тамирчдад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулан талуудыг төлөөлж Монголын пара пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар  гарын үсэг зурлаа.


“Токио-2020” Зуны паралимпын наадамд оролцох пара хөнгөн атлетикийн баг тамирчдад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулан талуудыг төлөөлж Монголын пара хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч Б.Батдорж, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар гарын үсэг зурсан юм.



“Токио-2020” Зуны паралимпын наадамд оролцох пара цанын баг тамирчдад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулан талуудыг төлөөлж Монголын пара цанын холбооны Ерөнхийлөгч Д.Ренчинханд, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар гарын үсэг зурав.


“Токио-2020” Зуны паралимпын наадамд оролцох пара байт харвааны баг тамирчдад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээг байгуулан талуудыг төлөөлж Монголын пара байт харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бат-Отгон, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар гарын үсэг зурлаа.



“Токио-2020” Зуны паралимпын наадамд оролцох пара таеквондогийн баг тамирчдад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулав.

Токио хотод Олимпын наадмын бэлгэ тэмдгийг байрлуулжээ

ТОКИО. /Kyodo/. Олимпын наадмын бэлгэ тэмдэг болох цэнхэр, шар, хар, ногоон, улаан өнгийн таван цагаригийг Японы нийслэл Токио хотын “Odaiba” далайн паркад баасан гарагт байрлуулжээ. Ёкохама хотод бүтээсэн уг хөшөө 32.6 метр өргөн, 15.3 метр өндөр ажээ.


“Токио хотын оршин суугчид болон дэлхийн өнцөг булан бүрээс ирэх жуулчид, аялагчдад зориулан Олимпын наадмын уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор хийж буй хотын засаг захиргааны гол санаачилгуудын нэг нь энэхүү хөшөө юм” гэж Олимпын наадмыг зохион байгуулагчид мэдээлсэн байна.


Ташрамд дурдахад, энэ оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6-нд болох Паралимпын наадмын үеэр энэхүү хөшөөг Паралимпын наадмын бэлгэ тэмдгээр солих ажээ. 

Боксын шигшээ багийн тамирчдад улсын төсвөөс дэмжлэг олгоно

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны олимпын наадамд Монголын боксын шигшээ багийн тамирчдыг бэлтгэн оролцуулахад  улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулав.


Энэхүү гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, БТСГ-ын дарга, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар гарын үсэг зурлаа.

Токиогийн Олимпын тасалбарын загваруудыг танилцуулжээ

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотноо энэ онд болох Олимп, Паралимпын наадмын тасалбарын 84 загварыг тус наадмыг зохион байгуулах хороо лхагва гарагт танилцуулжээ.


Токиогийн Олимпын наадмын зохион байгуулах хорооны мэдээлснээр, тасалбарын загваруудад Японы уламжлалт дөрвөн өнгө болох гүн улаан, хөхөлбөр нил, цайвар туяатай хөх ягаан, гүн ногоон өнгийг ашиглажээ. Түүнчлэн эдгээр өнгө нь тэмцээн болох газруудыг тус тус илэрхийлэх ажээ.


Мөн Паралимпын наадмын тасалбарын цахим сугалааны хоёр дахь үе шат лхагва гарагаас эхэлсэн байна. “Токио-2020” наадмыг зохион байгуулах хороо Олимп, Паралимпын наадмын тасалбаруудыг ирэх хавраас эхлэн цахим хуудсаараа болон Токио хотын дэлгүүрүүдээр худалдаалахаар төлөвлөжээ. 

Сагсанбөмбөгийн 3х3 төрөлд Монголын 4 тамирчин “ТОП-100”-д багтжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /FIBA/-ны олон улсын сагсанбөмбөгийн 3х3 төрлийн 2020 оны дэлхийн чансааг шинэчлэн /2020.01.07/ танилцуулав.


Монгол Улсын энэ төрлийн эрэгтэй шигшээ багийн дөрвөн тамирчин дэлхийн шинэчилсэн чансаанд “ТОП-100”-д багтсан байна. Тодруулбал, Д.Дэлгэрням дэлхийн No.44 /Ази тивийн No.1/, Э.Дөлгөөн No.53 /Ази тивийн No.2/, Э.Цэрэнбаатар No.69 /Ази тивийн No.4/, А.Ананд No.77 /Ази тивийн No.6/-д тус тус эрэмбэлэгджээ.



Чөлөөт бөхийн УАШТ өндөрлөж, олимпын эрхийн төлөө өрсөлдөх бөхчүүд тодров

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 55, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 3-6-нд Спортын төв ордонд болов.


Тэмцээнд “Аварга”, “Аврагч”, “Алдар”, “Алдартан”, Архангай, “Арслан”, Баянхонгор, “Женко”, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, МУБИС, Налайх, “Приус” төв, “Сүлд”, Сонгино хайрхан дүүрэг, “Төгс”, УСУГ, ҮБТДС, “Хангай хүчтэн”, “Хангай хайрхан уул”, “Хангарьд”, “Харгант цамхаг”, “Хасу-Мегастарс”, “Хасу-Хэнтий”, “Хилчин”, “Хүч”, “Цастын барс”, “Эрч” гэсэн 27 байгууллагын 320 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв.


Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, О.Бурмаа ес, Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг найм, ОУХМ О.Үйтүмэн долоо, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ Э.Даваачимэг тав, ОУХМ Т.Түвшинтулга дөрөв, Ц.Намуунцэцэг гурав, Э.Цэвэгмид, З.Сумьяабазар, Б.Болортуяа хоёр, Ц.Чинзориг, Э.Тэмүүлэн, Д.Батзул, М.Цогтгэрэл, Ч.Алтангэрэл, М.Лхагвагэрэл, Б.Дөлгөөн, Б.Хонгорзул, З.Болортунгалаг нар анх удаагаа Монгол Улсын аварга хэмээх алдрыг хүртэв.


Энэ удаагийн УАШТ-д 9 шинэ аварга төрж, З.Болортунгалагаас бусад нь 18-23 насны бөхчүүд байсан нь Монголын чөлөөт бөхөд шинэ үе хүч түрэн орж ирж буйг тод харууллаа. Олимпын жингийн улсын аварга тамирчид гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох “Токио-2020” зуны олимпын наадмын Азийн эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.


Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 135 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан дасгалжуулагчтай “Хасу-Мегаватт” компанийн “Хасу-Мегастарс” клуб 126 удаалж, спортын мастер Г.Цэрэнпунцаг дасгалжуулагчтай “Хангарьд” спорт хороо 99 оноогоор гутгаар байрыг эзлэв. Эмэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 159, ОУХМ Г.Наранчимэг дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо 144, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 139 оноогоор эхний гурван байрт орлоо.


Сүүлийн өдөр /2020.01.06/ эрэгтэйчүүдийн 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 62, 72, 76 кг жингийн медалийн төлөөх барилдааны мэдээллийг МЧБХ-ноос хүргэж байна.

 

Эрэгтэйчүүдийн 92 кг-д /15 бөх/: 1. Мөнхбаатарын Цогтгэрэл /Хангарьд/  2. Доржготовын Доржсүрэн /Аврагч/  3. Баатарын Нямбаяр /Приус центр/, Баяраагийн Бат-Эрдэнэ /МУБИС/


Залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ М.Цогтгэрэл алтан медаль хүртлээ. Тэрбээр шигшээ барилдаанд нэг багшийн шавь, 2018 оны УАШТ-ий мөнгөн медальт “Аврагч”-ийн Д.Доржсүрэнг оноогоор цэвэр ялж анх удаагаа улсын аварга болов. Хүрэл медалийг залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Нямбаяр, гавьяат дасгалжуулагч Б.Баяраагийн хүү МУБИС-ийн Б.Баясгалан нар хүрэл медалийн эзэн боллоо. Өнгөрсөн жилийн улсын аварга Б.Нямбаяр 1/4 шигшээд аварга болох ерөөлтэй М.Цогтгэрэлд ялагдсан.


97 кг-д /17 бөх/: 1. Чинбатын Алтангэрэл /Хилчин/ 2. Баасанцогтын Өлзийсайхан /Хасу-Мегастарс/ 3. Төмөрбатын Мөнгөншагай /Харгант цамхаг/, Балтмөнхийн Бадамдорж /Цастын барс/


Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ө.Батзул, “Будапешт-2018” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт ОУХМ Л.Төртогтох, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт Т.Мөнгөншагай, “Монголиа Опен” ОУТ-ий аварга Ч.Алтангэрэл, өсвөр үе, залуучуудын улсын хошой аварга Э.Батмагнай гэсэн шилдгүүд дээд хэсэгт “чихэлдсэн”. Эндээс “Хилчин”-ий Ч.Алтангэрэл шигшээд шалгарч “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Б.Өлзийсайханд 5:4-өөр ялснаар анх удаа улсын аварга болж “Токио-2020” олимпын эрхийн тэмцээнд зодоглохоор болов. Б.Өлзийсайханы хувьд УАШТ-ээс гурав дахь мөнгө, долоо дахь медалиа хүртэв. Тэрбээр 74, 86, 92, 97 гэсэн дөрвөн өөр жинд медаль хүртээд байна. Өнгөрсөн жилийн энэ жингийн дэд аварга Т.Мөнгөншагай, 2015 оны хүрэл медальт “Цастын барс”-ын Б.Бадамдорж нар хүрэл медалийн эзэн боллоо. Энэ жингийн нэг номер Ө.Батзул эхний даваанд Л.Төртогтоход оноогоор цэвэр (0:10), “Хүч” спорт хорооны тамирчин Э.Батмагнай 1/4 шигшээд Т.Мөнгөншагайд 4:7-гоор дийлдсэн.


125 кг-д /24 бөх/: 1. Мөнхтөрийн Лхагвагэрэл /Хилчин/ 2. Доржхандын Хүдэрбулга /Сүлд/ 3. Нацагсүрэнгийн Золбоо /Хүч/, Пүрвээгийн Өсөхбаатар /Хилчин/


23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл урамтай сайхан барилдаж 21 настайдаа Монгол Улсын аваргаар анх удаа тодорлоо. Тэрбээр шигшээ барилдаанд “Инчёнь-2014” наадмын хүрэл медальт, Азийн аварга ОУХМ Д.Хүдэрбулгыг 3:1-ээр ялсан. Азийн АШТ-ий таван медальт Н.Золбоо, Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт П.Өсөхбаатар гэсэн хашир туршлагатай ОУХМ-ууд хүрэл медаль хүртэв. Н.Золбоо дотны найз “Сүлд” спорт хорооны У.Мөнхбаярыг 8:1-ээр илүүрхэж УАШТ-ээс 10, П.Өсөхбаатар өнгөрсөн жилийн хүрэл медальт Б.Ганзолбоог оноогоор цэвэр ялж ес дэх медалиа зүүсэн юм. Хүнд жинд чөлөөт бөхийн суурьтай үндэсний бөхийн улс, аймгийн алдар цолтой бөхчүүд олноор зодоглов.


Эмэгтэйчүүдийн 62 кг-д /7/: 1. Сүхээгийн Цэрэнчимэд 2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ /хоёул Алдар/ 3. Өлзийсайханы Пүрэвсүрэн /Хүч/


Олимпын жинд тун өрсөлдөөнтэй боллоо. Энэ жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин ДАШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор жин өгсөж, өнгөрсөн жилийн 65 кг-ын улсын аварга ОУХМ Х.Болортуяа жин уруудаж, өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ө.Пүрэвсүрэн нар “А” хэсэгт хоорондоо барилдсан нь бөх сонирхогчдын анхаарлыг татсан. Энэ хэсгээс С.Цэрэнчимэд нэгээр, Ө.Пүрэвсүрэн хоёроор гарсан юм. Нөгөө хэсгээс ОУХМ П.Номин-Эрдэнэ тэргүүлсэн. Чимэдээ гавьяат хагас шигшээд “Алдартан”-ы Д.Мягмарсүрэнг, П.Номин-Эрдэнэ Ө.Пүрэвсүрэнг ялснаар алтан медалийн төлөө шалгараад байв. “Алдар”-ын хоёр тамирчин шигшээд өрсөлдөхөд С.Цэрэнчимэд гавьяат туршлагаар илүү гэдгээ харуулж цэвэр ялснаар тав дахь удаагаа улсын аваргаар тодров. Хүрэл медалийг Баянхонгорын Ө.Пүрэвсүрэн хүртлээ. Түүний хувьд 2018 онд Эрдэнэтэд үзүүрлэж, өнгөрсөн жил хүрэл медалийн эзэн болж байв. Энэ жингийн шилдгүүдийн нэг өнгөрсөн жилийн улсын аварга ОУХМ Э.Гантуяа бэртлийн улмаас зодоглоогүй.


72 кг-д  /6 бөх/: 1. Энхбаярын Цэвэгмид /Алдар/ 2. Доржсүрэнгийн Цогзолмаа /Аврагч/ 3. Цэрмаагийн Хулан /Хасу-Мегастарс/


Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Цэвэгмид шигшээ барилдаанд “Аврагч”-ийн Д.Цогзолмааг цэвэр ялж таван жилийн улсын аваргын хоёр дахь түрүүгээ хүртсэн. Тэрбээр УАШТ-ээс 55, 59, 63, 65, 72, 75 кг гэсэн зургаан жинд медаль зүүгээд байна. 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Ц.Хулан хүрэл медалийн төлөөх барилдаанд туршлагатай мастер Х.Мөнхтуяаг цэвэр ялж насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа хүртлээ. Өнгөрсөн жилийн улсын аварга “Стамбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Б.Оюунсүрэн өнжсөн.


76 кг-д /8 бөх/: 1. Очирбатын Бурмаа /Женко/ 2. Бадрахын Одончимэг 3. Ганбатын Ариунжаргал /хоёул Алдар/, Гэлэгжамцын Наранчимэг /Хилчин/


ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт гавьяат тамирчин О.Бурмаа, “Хернинг-2009” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Одончимэг, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга ОУХМ Г.Наранчимэг гээд Монголын хүнд жинг олон жил авч яваа шилдгүүд уламжлал ёсоор алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болцгоов. Монгол Улсын найман удаагийн аварга О.Бурмаа шигшээ барилдаанд улсын 11 удаагийн аварга Б.Одончимэгийг цэвэр ялснаар ес дэх түрүүгээ хүртлээ. Хүрэл медалийг ОУХМ Г.Наранчимэгийн хамт “Алдар”-ын Г.Ариунжаргал хүртэв. Г.Ариунжаргалын хувьд гурван жил дараалан энэ жинд /2018 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртсэн/ медаль хүртэв.








Токиогийн Олимпын наадмын зурагт хуудаснуудыг танилцуулжээ

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотноо ирэх онд зохион байгуулах Олимп, Паралимпын наадмын албан ёсны зурагт хуудаснуудыг даваа гарагт танилцуулсан байна.


Токио хотын Орчин үеийн урлагийн музейд Олимпын 12, Паралимпын 8 буюу нийт 20 зурагт хуудсыг дэлгэн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд танилцуулжээ. Зурагт хуудаснуудыг Японы болон гадаадын уран бүтээлчид бүтээжээ.


Энэхүү үзэсгэлэн мягмар гарагаас хоёрдугаар сарын 16 хүртэл Орчин үеийн урлагийн музейд үзэгчдийн хүртээл болно. Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгчдийн мэдээлснээр, Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпын хороо тус тус нэг зурагт хуудсыг сонгох ажээ. 

С.Батцэцэг “Токио-2020” олимпын эрхээ баталгаажуулав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны “А” зааланд гурав дахь өдрөө /01.05/ үргэлжилж шилдгүүдээ шалгаруулав.


Тус тэмцээний гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 79, эмэгтэйчүүдийн 53, 57, 65, 68 кг жингийн медальтнууд тодорсон бол өнөөдөр 6 жингийн дагах болон шигшээ барилдаан болж аваргуудаа шалгаруулснаар УАШТ өндөрлөнө. МЧБХ-ноос гурав дахь өдрийн медалийн эздийг танилцуулж байна.


Эрэгтэйчүүдийн 61 кг-д  /23 бөх/: 1. Цэрмаагийн Чинзориг /Хангарьд/  2. Намсрайн Ганбаяр /Женко/ 3. Эрдэнэбатын Төгсжаргал /Хасу-Мегастарс/, Баярсайханы Алтангэрэл /Хангай хайрхан уул/


Ази тивийн 23 хүртэлх насны АШТ-ий хүрэл медальт, спортын мастер Ц.Чинзориг хоёр жилийн өмнө нь Орхон аймагт хүртсэн мөнгөн медалийнхаа өнгийг хувиргаж анх удаа Монгол Улсын аваргаар тодорлоо. Тэрбээр шигшээ барилдаанд “Женко” клубийн Н.Ганбаярыг ялсан. Тэгвэл “Хасу-Мегастарс” клубийн 19 настай тамирчин Э.Төгсжаргал, “Хангай хайрхан уул” дэвжээний тамирчин Б.Алтангэрэл нар хүртэв. Э.Төгсжаргал УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, нэг дэвжээний Б.Түмэнцогтыг 3:2-оор, Б.Алтангэрэл Баянхонгор аймгийн тамирчин П.Мөнх-Эрдэнийг 10:8-аар тус тус ялж улсын аваргаас анхны медалиа зүүсэн.


74 кг-д /16 бөх/: 1. Занданбудын Сумьяабазар /Хангарьд/  2. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ /Хилчин/ 3. Бат-Эрдэнийн Бямбадорж /Алдар/, Мэндбилэгийн Тэмүүжин /МУБИС/


Өсвөр үеийн ДАШТ болон Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ З.Сумьяабазар улсын хошой аварга боллоо. Тэрбээр шигшээ барилдаанд залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Бат-Эрдэнийг 2:1-ээр ялж аваргаа хамгааллаа. Тэрбээр гуравдугаар сарын 27-29-нд БНХАУ-ын Шиань хотод болох Азийн олимпын эрх олгох тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно. Хүрэл медалийг 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Бямбадорж,, МУБИС-ийн 19 настай залуу тамирчин М.Тэмүүжин нар хүртсэн. Сонирхуулахад, тэд өнгөрсөн жилийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд яг энэ дарааллаар медалийн тавцанд зогсож байв. Гурав дахь олимпын “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат өчигдөр шөвгийн наймд Б.Бат-Эрдэнэд 8:8-аар ялагдсан бөгөөд өнөөдөр бэртлийн улмаас дэвжээнд гараагүй аж.


79 кг-д /22 бөх/: 1. Дамжингийн Батзул /Хасу-Мегастарс/ 2. Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ /Аврагч/ 3. Амгаланбаатарын Бат-Эрдэнэ /Хангай хайрхан уул/, Ган-Очирын Даянбилэг /Алдар/


Сүүлийн гурван жил энэ жинд хэнд ч тахимаа өгөөгүй, Монгол Улсын найман удаагийн аварга ОУХМ Д.Гомбодорж залуучуудад боломж олгож УАШТ-ийг өнжсөн. Тэгвэл үүнийг “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, спортын мастер Д.Батзул ашиглаж шигшээ барилдаанд “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий хүрэл медальт, “Аврагч”-ийн Д.Төгс-Эрдэнийг оноогоор цэвэр ялж алтан медалийн эзэн боллоо. Харин өнгөрсөн жилийн УАШТ-ий хүрэл медальт “Хангай хайрхан уул” дэвжээний А.Бат-Эрдэнэ амжилтаа бататгасан бол “Алдар”-ын Г.Даянбилэг анхны хүрэл медалиа хүртэв.


53 кг-д /8 бөх/: 1. Бат-Очирын Болортуяа /Женко/ 2. Ганбаатарын Отгонжаргал /Алдар/ 3. Амгаланбаатарын Наранцацрал /Эрч/, Эрдэнэчимэгийн Сумъяа /Хилчин/


Дэлхийн дэд аварга ОУХМ Э.Сумьяа, ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Отгонжаргал, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Энхцэцэг гээд хэн хэнийгээ ялж мэдэх дөрвөн тэнцүү өрсөлдөгч энэ жинд хүч үзсэн юм. “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа хагас шигшээд “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумьяаг 14:7-гоор алтан медалийн төлөөх барилдаанд ОУХМ Г.Отгонжаргалд 0:6-гаар ялагдаж яваад цэвэр ялж хоёр жил дараалан улсын аварга болсноос гадна Токиогийн олимпын наадмын эрхийн тэмцээнд оролцохоор боллоо. Хүрэл медалийн төлөөх барилдаанд хашир туршлагатай ОУХМ Э.Сумъяа “Хангарьд”-ын Ц.Халиуныг, “Эрч”-ийн А.Наранцацрал ОУХМ Б.Энхцэцэгийг цэвэр ялснаар шагналын тавцанд зогслоо.


57 кг-д / 7 бөх/: 1. Болдсайханы Хонгорзул /Женко, Баянхонгор/ 2. Алтанцэцэгийн Батцэцэг /Хасу-Мегастарс/ 3. Пүрэвхүүгийн Шинэхүү /Эрч/


Өнгөрсөн жилийн улсын аварга ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хоёр ч жин алгасан 62 кг-д барилдахаар болсон. Гол өрсөлдөгч нь жин өгссөнөөр 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг түрүүлэх хамгийн өндөр магадлалтай бөхөөр нэрлэгдэж байв. Харин шигшээ барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга “Женко” клуб, Баянхонгор аймгийн тамирчин Б.Хонгорзулд 2:8-аар ялагдлаа. Ийнхүү Б.Хонгорзул 18 настайдаа /ирэх наймдугаар сард 19 нас хүрнэ/ насанд хүрэгчдийн улсын аваргад түрүүлж, олимпын эрх олгох тэмцээнд оролцохоор болов. Энэ жинд “Эрч” клубийн тамирчин ОУХМ П.Шинэхүү дэвжээний дүү, 2017 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Б.Болор-Эрдэнийг 8:6-гаар ялснаар хүрэл медалийн эзэн болов.


65 кг-д /11 бөх/ : 1. Зоригтын Болортунгалаг /Хилчин/ 2. Баяраагийн Майцэцэг /Алдар/ 3. Отгонбатын Оюунтуяа /Цастын барс/, Баасанхүүгийн Дэлгэрцэцэг /Аврагч/


Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальт “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг түрүүлэв. Түүний хувьд улсын аваргаас өмнө нь хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү анх удаагаа улсын аварга болов. Тэрбээр шигшээ барилдаанд “Алдар”-ын залуу тамирчин Б.Майцэцэгийг цэвэр ялсан. Энэ жинд хүрэл медалийг 2016 оны Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ О.Оюунтуяа, өнгөрсөн жилийн өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт “Аврагч”-ийн 18 настай тамирчин Б.Дэлгэрцэцэг хүртэв.


68 кг-д /5 бөх/: 1. Соронзонболдын Батцэцэг /Хилчин/ 2. Энхсайханы Дэлгэрмаа /Хасу-Мегастарс/ 3. Очирбатын Насанбурмаа /Женко/


Энэ жинд 5 бөх тойргоор барилдаж “Токио-2020” олимпын эрх авч ирсэн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг өнөөдөр ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт гавьяат тамирчин О.Насанбурмааг цэвэр ялснаар Монгол Улсын аваргаар найм дахь удаагаа тодорсноос гадна “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхээ албан ёсоор баталгаажуулав. Улсын аваргын өмнө багш, дасгалжуулагчид удтал хэлэлцэж, “Нур-Султан-2019” ДАШТ-ээс олимпын эрх авсан тамирчин хэрэв улсын аваргад түрүүлбэл олимпын наадамд шууд оролцуулна гэсэн шийдвэрийг гаргасан юм. Дэлхийн найман медальтай манай шилдэг хоёр бөхийн барилдаан тун сонирхолтой өрнөж О.Насанбурмаа гавьяат 9:0-ээр хошуучилж байсан ч С.Батцэцэг шийдсэн мордох мэхээ даацтай хийж цэвэр ялсан. Энэ жинд мөнгөн медалийг ОУХМ Э.Дэлгэрмаа хүртэв. Тэрбээр өмнөх өдөр нь гавьяат тамирчин О.Насанбурмааг 3:1-ээр, ОУХМ “Алдар”-ын Э.Даваанасанг цэвэр ялж Хөдөлмөрийн баатар С.Батцэцэгийг 3:5-аар илүүрхэж яваад цэвэр даруулсан юм.