ТОКИО-2020
Эмма Маккеон эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд түрүүлжээ

ТОКИО. /CNN/. Австралийн усан сэлэлтийн тамирчин Эмма Маккеон өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 51.96 секундийн амжилтаар алтан медаль хүртэж, Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Ингэснээр Э.Маккеон Олимпын наадмын тус төрөлд Дон Лоррейн Фрейзер /1956, 1960, 1964/, Жоди Хенри /2004/ нарын дараа алтан медаль хүртэж буй Австралийн гурав дахь усан сэлэлтийн тамирчин болж байна.

Тус төрөлд өрсөлдсөн Хонконгийн тамирчин Сиобхан Хаухи 52.27 секундийн амжилтаар мөнгөн медаль хүртсэнээр Токиогийн Олимпын наадмаас хоёр дахь медалиа хүртлээ.

Тэрбээр лхагва гарагт болсон эмэгтэйчүүдийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн нь Хонконгийн тамирчин усан сэлэлтийн төрлөөр Олимпын наадмаас медаль хүртсэн анхны тохиолдол болсон юм.

Харин Австралийн тамирчин Кейт Кэмпбелл 52.52 секундийн амжилтаар хүрэл медалийн болзол хангажээ. Токиогийн Олимпын наадмыг оролцуулаад Олимпын гурван алтан медалийн эзэн тэрбээр 2008 оны Бээжингийн Олимпын наадмаас 4х100 метрийн чөлөөт буухиа сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртэж байжээ. 

Грекийн анхны алтан медалийг С.Дускос хүртлээ

ТОКИО. /CNN/. Грекийн тамирчин Стефанос Дускос сэлүүрт завины эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өөрийн зайг 6:40.45 минутад туулж, Олимпын алтан медалийн эзэн боллоо.

Өдгөө 24 настай тэрбээр сэлүүрт завины төрлөөр Грекийн анхны алтан медалийг Токиогийн Олимпын наадмаас ийнхүү хүртэж байна. Мөн эх орондоо энэ удаагийн Олимпын наадмын анхны алтан медалийг авчирчээ.

Тус төрөлд 2018 оны Дэлхийн аварга Норвегийн тамирчин Кетил Борч мөнгөн медаль хүртсэнээр энэ төрөлд Олимпын медаль хүртсэн Норвегийн хоёр дахь тамирчин болжээ. Өмнө нь тус улсын тамирчин Олаф Карл Тюфте 2004, 2008 оны Олимпоос тус төрөлд Олимпын алтан медаль хүртсэн юм.

Харин Хорватын тамирчин Дамир Мартин хүрэл медаль хүртсэн байна. Тэрээр 2016 оны Риогийн Олимпын наадмаас энэ төрөлд мөнгөн медаль, 2012 оны Лондонгийн Олимпоос сэлүүрт завины эрэгтэйчүүдийн багийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртэж байжээ.

Монголын жүдочид олимпын багийн тэмцээнд маргааш өрсөлдөнө

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны олимпийн наадмын жүдо бөхийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд олимпын алт, мөнгө, хүрэл медальтнууд /өнөөдөр эр +100 кг, эм +78 кг/ тодорч, ганцаарчисан тэмцээн дуусна.


Харин жүдо бөхийн багийн барилдаан болох бөгөөд Монгол Улсын холимог баг эхлээд БНСУ-ын жүдо бөхийн холимог багтай барилдах хуваарьтай байгаа. Олимпын жүдо бөхийн багийн аварга шалгаруулах тэмцээнд 4 тивийн 12 орны эрэгтэй /73, -90, +90 кг/ 73 тамирчин, эмэгтэй /57, -70, +70 кг/ 65 тамирчин, нийтдээ 138 жүдоч хүчээ сорих юм.

 

Токиогийн олимпод Монгол Улс жүдо бөхийн 12 шилдэг тамирчнаа сойж барилдуулснаар, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн. Тодруулбал, эмэгтэй 48 кг-д өрсөлдсөн МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль, эрэгтэй 73 кг-д өрсөлдсөн ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл медаль, эрэгтэй 81 кг-д өрсөлдсөн Дэлхийн аварга Саид Моллаей мөнгөн медалийн эздээр тус тус тодорсон юм.

 

Токиогин олимпын жүдо бөхийн тэмцээнд өрсөлдсөн 128 орны эрэгтэй, эмэгтэй нийт 12 жингийн 393 тамирчны медаль хүртсэн тоог шигшээ баг  тус бүрээр нь өнөөдөр /2021.07.30/ өглөөний байдлаар тодруулахад, Японы шигшээ баг 8 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалтай тэргүүлж, Косово 2 алттай хоёрт, Франц 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медальтай гуравт жагссан бол Гүржийн баг 1 алт, 2 мөнгөтэй 4 дүгээрт, Монголын шигшээ баг 1 мөнгө, 2 хүрэл медальтай 5 дугаар байрыг эзэлж байна.

 

Men                                        -73 kg                         -90 kg                         +90 kg

 

Competitors                           30                                22                                21

 

Women                                  -57 kg                         -70 kg                         +70 kg

 

Competitors                          27                                22                                16

Жүдоч Ө.Дүүрэнбаяр тэмцээнээ дуусгав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн +100 кг жинд Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны  тамирчин, гавьяат Тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр эхний тойрогт Узбекистаны жүдоч Бекмурод Олтибоевтой барилдаж ялагдлаа.

 

ДАШТ-ий хүрэл, Залуучуудын дэлхийн аваргын алт, мөнгө, Цэргийн дэлхийн аварга, 2014, 2018 оны Азийн наадмын мөнгө, 2018 оны Азийн аваргын хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр /Чансаа 25/, 2018 оны Азийн наадмын хүрэл медаль 2018, 2019 оны "Ташкентын Гран при" мөнгөн медальт Б.Олтибоев /Чансаа 21/-той хүч үзэж, түүнд үүрэх мэхээр цэвэр ялагдаж, Токиогийн олимпын тэмцээнээ дуусгав. 



ОУОХ тамирчдын тусгаарлагдах нөхцөлийг сайжруулна

ТОКИО. /NHK/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/ коронавирусний халдварын улмаас тусгаарлагдаж буй гадаадын тамирчдын нөхцөлийг сайжруулах чиглэлд ажиллана гэдгээ мэдэгджээ. Ингэхдээ одоогийн мөрдөж буй хатуу арга хэмжээнүүдийг хэвээр үлдээнэ.


COVID-19”-ийн шинжилгээний хариугаа эерэг гарснаас хойш тусгаарлалтад орсон Нидерландын таеквондогийн тамирчин, 31 настай Решми Оогинк тусгаарлагдаж буй нөхцөлөө “Олимпын шорон” хэмээн өөрийн “Instagram” хуудсандаа дүрслэн бичсэн юм. 


ОУОХ пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэрээ, бид Нидерландын Олимпын хороотой тусгаарлалтын нөхцөлийг сайжруулах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн гэж мэдээлжээ.


Мөн ОУОХ-ны Эрүүл мэндийн газрын дарга Ричард Бюджетт, “Олимпын наадамд өрсөлдөхийн төлөө шаргуу бэлтгэл хийсэн ч тусгаарлалтад орсон тамирчдыг би сайн ойлгож байна. Гэвч коронавирусээр халдварласан тамирчдыг тусгаарлах нь тун чухал юм” хэмээн мэдэгдсэн байна.


Тэрбээр халдвар авсан тамирчид шинжилгээний хариугаа сөрөг гарах үед тусгаарлалтаас гарах боломжтой гэдгийг нэмж хэлжээ. 

Токиогийн олимпын эргэн тойронд

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын эргэн тойронд өчигдөр болсон сонин, содон мэдээг Монголын үндэсний олимпын хорооноос толилуулж байна.


Хятадын усанд сэлэгч Жан Юү Вэй энэ өдөр /07.29/ 1 цагийн дотор 2 алтан медаль хүртэж, гайхалтай амжилтын эзэн болов. Тэрбээр, эхлээд 200 метрийн эрвээхэй сэлэлтэд 2:03.86 минутын амжилтаар олимпын рекорд тогтоож түрүүлсэн. Үүнээс ердөө ганц цагийн дараа 4х200 метрийн чөлөөт сэлэлтийн буухиад түрүүлсэн багийнхаа нэг гишүүн нь болжээ. Хятадын сэлэгчид энэ зайд дэлхийн рекорд шинэчлэн тогтоосон /7:40.33 мин/ бол мөнгө, хүрэл медалийг АНУ, Австралийн сэлэгчид хүртэв.



Словенийн сагсан бөмбөгийн шигшээ багийнхан шилтэй архины ард ширээ тойрон суугаа зураг инстаграмаар цацагдаж, олны шүүмжлэлд өртөөд байна. Уг зургийг инстаграмдаа оруулсан Испанийн эмэгтэй шигшээгийн тоглогч Кристина Оувинья удалгүй зургаа устгаж, уучлалт гуйсан ч хэдийн олон хүнд хүрчээ. Словенчууд өөрийн тамирчдаа олимп дөнгөж эхэлж байхад шоудлаа хэмээн шүүмжлэх болсон байна. Уг зурганд Словенийн шигшээгийн од Л.Дончич мөн байсан юм.


Харин Словенийн шигшээгийн дасгалжуулагч Александер Секулич “Би энэ зурагнаас ямар ч хууль бус зүйл олж харахгүй байна” хэмээн тамирчдаа өмөөрчээ.


Словенийн эрэгтэй шигшээ хэсгийн эхний хоёр тоглолтдоо Аргентинийг 118:100, Японыг 116:81-ээр хожсон бөгөөд 8 дугаар сарын 1-нд Испанитай тоглох юм.


Оросын жүдоч Нияз Илясов эрэгтэйчүүдийн -100 кг-д хүрэл медаль хүртлээ. Энэ нь тус улсын жүдочдын хоёр дахь хүрэл медаль болов. Оросууд Лондоны олимпод 3 алт, нийт 5 медальтай багийн дүнгээр тэргүүлсэн бол Риогоос 2 алт, 1 хүрэл медальтай ирж байв. Харин Токиогийн дэвжээ Оросын жүдочдод тун халгаатай байна.


Сэлүүрт завины эмэгтэйчүүдийн хосын төрөлд Италийн В.Родни, Ф.Сезарини нарын баг аваргаллаа. Италичууд өөрийн зайг 6:47.54 минутад туулж, арын өрсөлдөгч Нидерландын багаас ердөө 0.14 секундээр илүүрхсэн юм. Италийн сэлүүрт завины эрэгтэй тамирчид олимпын наадмаас 40 медаль хүртсэн баялаг намтартай бол бүсгүйчүүд нь анхны медалиа ийнхүү хүртжээ.


Жүдоч А.Вулф эрэгтэйчүүдийн -100 кг-д аваргалснаар япончууд энэ олимплоос 15 алтан медальтай болж, багийн дүнгээр тэргүүлсэн хэвээр байна. Тэд Риогийн олимпоос нийт 12 алт зүүсэн бол энэ удаа эхний 6 өдөрт л 15 алттай болов. Мөн БНХАУ-ын баг 15 алтан медальтай явна. Харин АНУ 14 алтан медаль зүүгээд байна.

Өнөөдөр Монголын буудлага, жүдо, усанд сэлэлтийн тамирчид өрсөлдөнө

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 8 дахь өдрийн байдлаар 66 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас Монголын Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл , нийт 3 медальтай Индонез улстай хамт 42 дугаар байрт бичигдэж байна.


Өнөөдөр  буюу 7 дугаар сарын 30-ны өдөр манай жүдо, буудлага, усанд сэлэлтийн тамирчид олимпын медалийн төлөө өрсөлдөх тэмцээндээ хүч, ур чадвараа сорино.


Тодруулбал, Токиогийн олимпын жүдо бөхийн тэмцээн 7 дахь буюу өнөөдрийн барилдаан Улаанбаатарын цагаар 10 цагаас эхлэх бөгөөд 11 цаг 21 минутаас эрэгтэйчүүдийн +100 кг жинд гавьяат тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр эхний даваанд Узбекистаны Бекмурад Олитбоевтай 2 дугаар татами дээр хүчээ сорино.


Олимпын буудлага спортын “Asaka shooting Range” танхимд спорт гар бууны эмэгтэйчүүдийн 25 метрийн дасгалд өрсөлдөх тамирчдын тэмцээн өглөөний 08 цагаас эхэлнэ.




Өчигдөр болсон тогтоол буудлагад Цолмонбаатарын Анударь 287 оноогоор 29 дүгээрт, Отрядын Гүндэгмаа 283 оноогоор 38 дугаарт жагссан. Энэ үр дүн дээр өнөөдөр рапид буюу хурдан буудлагын дүн нэмэгдээд нийлбэрээр эхний наймд шалгарсан нь өдөр 13 цагаас шигшээ тэмцээнд өрсөлдөнө.



“Токио-2020” олимпын наадмын усанд сэлэлтийн тэмцээн “Tokyo Aquatics Centre” бассейн төвд өнөөдөр үргэлжилж, чөлөөт сэлэлтийн төрөлд Монголын 2 тамирчин хоёулаа өнөөдөр орой усан замд уралдана.



Чөлөөт сэлэлтийн эрэгтэйчүүдийн 50 метрийн зайд 19 цаг 10 минутаас Мягмарын Дэлгэрхүү хурд, ур чадвараа сорих бол, чөлөөт сэлэлтийн эмэгтэйчүүдийн 50 метрийн зайд Батбаярын Энххүслэн 19 цаг 32 минутаас гараанаас гарч уралдана.





Токиогийн Олимптой холбоотой халдварын тохиолдлын тоо 193 болжээ

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадамтай холбоотой 24 хүнээс коронавирусний халдвар шинээр илэрлээ гэж тус наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээлжээ. 


Тодруулбал, тамирчдын хотхонд байрлаж байсан гадаадын гурван тамирчнаас халдвар илэрсэн байна. Мөн наадамтай холбоотой албаны зургаан хүний шинжилгээний хариу эерэг гарснаас нэг нь тамирчдын хотхонд байрлаж байжээ.


Түүнчлэн 15 гэрээт ажилтнаас халдвар илэрсэн гэж зохион байгуулах хорооноос мэдээлсэн байна.


Олимпын наадамтай холбоотой халдварын тохиолдол өдөрт хамгийн олноор нэмэгдэж буй нь энэ юм. Ингэснээр долоодугаар сарын 1-нээс хойш илэрсэн наадамтай холбоотой халдварын нийт тохиолдлын тоо 193-т хүрчээ.

Оросын тамирчид медалийн чансаагаар дөрөвдүгээрт бичигдэж байна

ТОКИО. /The Moscow Times/. “Токио-2020” Олимпын наадамд ОХУ-ын Олимпын хорооны /ROC/ нэрийн дор оролцож буй тамирчид өнөөдрийн байдлаар долоон алт, арван мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэнээр медалийн чансаагаараа дөрөвдүгээрт жагсаж байна. 


Оросын баг тамирчид наадам эхэлснээс хойш гурван өдрийн дараах байдлаар 12 медаль хүртээд байсан бөгөөд ОХУ-ын Олимпын хороо медаль авсан эмэгтэй тамирчдынхаа тоогоор тэргүүлж байв. Ийнхүү Токиогийн Олимпоос медаль хүртсэн Оросын тамирчдыг танилцуулж байна. 


Виталина Батсарашкина

Өдгөө 25 настай залуу тамирчин Виталина Батсарашкина ням гарагт болсон эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд ОХУ-ын Олимпын хорооны багийн анхны алтан медалийг авч, 240.3 оноогоор Олимпын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.


Анастасия Галашина

Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд өрсөлдсөн буудлагын спортын тамирчин, 24 настай Анастасия Галашина БНХАУ-ын тамирчин Ян Цянийн араас удаалж, Токиогийн Олимпын анхны мөнгөн медалийг бямба гарагт хүртсэн байна.


Инна Дериглазова, Лариса Коробейникова

Олимпын аварга Инна Дериглазова ням гарагт болсон туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан хөнгөн сэлэмний төрөлд АНУ-ын тамирчин Ли Киферийн эсрэг хийсэн тулаандаа ялагдал хүлээж, мөнгөн медаль хүртсэн бол 34 настай Лариса Коробейникова Италийн тамирчин Алис Волпитой хийсэн ээлжит тулаандаа ялж, хүрэл медалийн эзэн болжээ.


Светлана Гомбоева

Олимпын хороог төлөөлөн Токиогийн Олимпын наадамд оролцож байгаа харваач Светлана Гомбоева өнгөрсөн ням гарагт БНСУ-ын багийг 0-6 онооны харьцаатай буулган авснаар Елена Осипова, Ксения Перова нарын бүрэлдэхүүнтэй багийн тамирчдаа мөнгөн медаль хүртэхэд тусалсан юм.


Татьяна Минина

ОХУ-ын Олимпын хорооны ээлжит мөнгөн медалийг таеквондогийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан 24 настай Татьяна Минина ням гарагт хүртсэн бөгөөд тэрбээр АНУ-ын залуу тамирчин Анастасия Золотичид ялагдсан байна.


София Позднякова, София Великая

Олимпын дөрвөн удаагийн аварга, ОХУ-ын Олимпын хорооны тэргүүн Станислав Поздняковын охин София Позднякова даваа гарагт болсон туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан илд сэлэмний төрөлд багийн гишүүн София Великаяг ялснаар тэд ОХУ-ын Олимпын хороонд хоёр дахь алт, тав дахь мөнгөн медалийг авчиржээ.


ОХУ-ын Олимпын хорооны гурав дахь алтан медалийг даваа гарагт болсон уран сайхны гимнастикийн эрэгтэй шигшээ баг хүртсэн байна.


Максим Храмцов

Олимпын хороог төлөөлөн Токиогийн Олимпод оролцсон Максим Храмцов даваа гарагт болсон таеквондогийн эрэгтэйчүүдийн -80 кг-ын жинд Йорданын тамирчинтай учраа таарч, ялалт байгуулснаар Оросын таеквондогийн түүхэн дэх анхны алтан медалийг эх орондоо авчиржээ.


Михаил Артамонов

Залуу тамирчин Михаил Артамонов бямба гарагт болсон таеквондогийн эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд ялалт байгуулж, хүрэл медаль хүртсэн байна.


Александр Бондар, Виктор Минибаев

Усанд үсрэлтийн тамирчид Александр Бондар, Виктор Минибаев нар даваа гарагт болсон 10 метрийн синхрон үсрэлтийн төрөлд хүрэл медаль хүртжээ.


Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас /WADA/ ОХУ-д спортын хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасантай холбогдуулан тус улсын тамирчид "Токио-2020" наадамд ОХУ-ын Олимпын хорооны /ROC/ нэрийн дор ийнхүү өрсөлдөж байгаа билээ. 

Аавынхаа тамирчны замналыг үргэлжлүүлж яваа Позднякова алтан медаль хүртлээ

ТОКИО. /Reuters/. ОХУ-ын Олимпын хорооны тэргүүн Станислав Алексеевич Поздняковын охин София Станиславовна Позднякова “Токио-2020” зуны Олимпын наадмын туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан илд сэлэмний төрөлд алтан медаль хүртсэнээр гэр бүлийнхээ нэр хүнд, аавынхаа тамирчны замналыг үргэлжлүүлж буйгаа батлан харууллаа.

Түүний аав С.А.Поздняков нь туялзуур сэлэмний төрөлд Олимпын наадмаас таван медаль хүртэж байсан бөгөөд 1996 оны Атлантагийн Олимпын наадамд туялзуур сэлэмний ганцаарчилсан илд сэлэмний төрөлд түрүүлж байжээ.

Охиноо Олимпын аварга болсон мөчийг гэр бүлийн түүхийнхээ чухал өдөр хэмээн онцолсон тэрбээр өөрийн инстаграм хуудсандаа, "Охины маань Олимпын түүх өнөөдрөөс эхэллээ. Тэрбээр удаан хугацааны турш бие даасан тамирчин болоод хувь хүн байсан бол өнөөдрөөс эхлэн түүний алдар нэр спортын түүхэнд үүрд бичигдэн үлдэхээр боллоо” хэмээн нийтэлжээ.

Мөн тэрбээр, "Охиноо хайрлаж, үүрд бахархаж, амжилтанд нь баярлан бахдах нь миний цаашид гүйцэтгэх үүрэг боллоо. Тэрбээр энэхүү амжилтаа өөрийнхөө хөдөлмөрөөр бүтээсэн. Түүнчлэн эцэг эхийн ген нь ч мөн түлхэц өгсөн гэдэгт найдаж байна” хэмээн бичсэн байна.

Түүний охин С.С.Позднякова нь 2018 онд ДАШТ-д түрүүлж, 2019 онд ДАШТ-ээс багаараа алтан медаль хүртсэн бөгөөд энэ удаагийн Олимпын наадамд ОХУ-ын Олимпын хороог төлөөлөн оролцож байгаа юм. Өдгөө 24 настай түүний хувьд “Токио-2020” Олимпын наадмаас алтан медаль хүртсэн нь эцгийнхээ “сүүдэр”-ээс гарах боломжийг олгосон гэж хэлж болно.

С.С.Позднякова Олимпын алтан медаль хүртсэнийхээ дараа, "Намайг туялзуур сэлмээр хичээллэж эхлэхэд нэрээр минь биш Поздняковын охин гэж дууддаг байсан. Мэдээж би түүний охин гэдгээрээ бахархдаг. Гэхдээ бид өөр, тусдаа хүмүүс. 2018 оны ДАШТ-ээр би туялзуур сэлэмний ганцаарчилсан төрөлд түрүүлсэн. Тэр үед өөрийгөө тамирчин хүн гэдгээ харуулсан гэж бодож байна. Харин өнөөдөр үүнийгээ баталж чадлаа. Гайхалтай байна” хэмээн хэлжээ.

Ташрамд дурдахад, Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас (WADA) ОХУ-ын баг, тамирчдыг 2022 он хүртэл дэлхийн хэмжээний томоохон спортын тэмцээн, түүний дотор Олимпын наадамд оролцохыг хориглох шийдвэр гаргасантай холбогдуулан энэхүү наадамд ОХУ-ын тамирчид улсынхаа нэрийг төлөөлж оролцоогүй юм. Тодруулбал, тэд ОХУ-ын Олимпын хорооны /ROC/ нэрийн дор оролцож байгаа билээ. 

МҮОХ-ноос олимпын шинэхэн медальтнуудад хүндэтгэл илэрхийлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос "Токио-2020" Зуны олимпын XXXII наадмын мөнгөн медальт Саиед Моллай, хүрэл медальт Ц.Цогтбаатар нарт хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэв.


Энэхүү ёслолд МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, "Токио-2020" Монголын багийн ахлагч Б.Баттүшиг, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган нар оролцлоо.


МҮОХ-ны удирдлагууд олимпын тавцанд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулсан шинэхэн медальтнууддаа талархал илэрхийлж, цаашдын спортын замнал нь улам их амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөв.







Өнөөдөр барилдсан Монголын 2 жүдоч тэмцээнээ дуусгав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Токиогийн олимпийн жүдо бөхийн тэмцээний зургаа дахь өдрийн тэмцээн үргэлжилж эрэгтэйчүүдийн -100 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн -78 кг-д О.Мөнхцэцэг нар барилдаж тэмцээнээ дуусгажээ.


Л.Отгонбаатар эхний даваанд Европын аваргын хүрэл медальт Эстонийн Г.Минаскинтай барилдаж ялсан ч дараагийн тойрогт Израилийн Петер Пальчиктай барилдаж, нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялагдсанаар олимпын тэмцээнээ дуусгав. 

Олимпын цэнгэлдэх бүрд PCR шинжилгээ авч байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын наадамд ирсэн сэтгүүлчид эхний 4 өдөр шүлсээр PCR шинжилгээ өгч байгаа бөгөөд 5 дахь өдрөөс эхлээд 3 хоногт нэг удаа шинжилгээ өгч байгаа юм байна.


Тэмцээний талбай, дэвжээтэй ойр ажиллах зурагчин, зураглаач болон бусад ажилтнууд өдөр бүр өгч байгаа аж.

Цэнгэлдэх бүрд PCR тест авах цэг байрлуулж уг цэгээс багц аваад, саванд нь хангалттай хэмжээнд шүлсээ хуримтлуулж, "Bar code"-г нааж, бүртгэлийн системд "ID card"-ын дугаараар бүртгүүлнэ. Харин шинжилгээ өгөхөөс 30 минутын өмнө ууж идэх юм болон ус ч ууж болохгүй. Шинжилгээнд өгөх дээжээ буцаагаад PCR цэгтээ  өгөөд болох бөгөөд шинжилгээг маш хялбараар ийнхүү шийдсэн байна.



Монголын багийн элч төлөөлөгч Хакүхо М.Даваажаргал багаа дэмжиж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" Олимпын Монголын багийн элч төлөөлөгч, сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал баг тамирчдаа дэмжиж байна.


Энэ өдрүүдэд Их аварга Хакүхо М.Даваажаргал тэмцээнүүд дээр хүрэлцэн очсон бөгөөд Монголын багийн штабаар зочилж, арын албанд зүтгэж буй хүмүүстэй уулзан амжилт хүсэв.

Их аварга 7 дугаар сарын Нагоя башёд нэг ч уналгүй түрүүлж, олимпын багийнхандаа том бэлэг барьсан. Энэ нь түүний дээд зиндааны 45 дахь түрүү бөгөөд уг амжилт эвдэгдэхгүй байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж буй.


Хүнд гэмтлийн улмаас жил гаруй хугацаанд түрүүлж чадалгүй өнжиж, зодог тайлах сануулга авч байсан гэдэг утгаараа энэ удаагийн түрүү илүү үнэ цэнэтэй байлаа.


Түүний аав, дархан аварга Ж.Мөнхбат 1964 оны Токиогийн олимпод оролцсон Монголын багийн гишүүн байсныг бид мэднэ. Аварга тэрхүү Олимпод медалийн төлөө өрсөлдөөд 8 дугаар байрт орсон бол 1968 оны Мехикогийн Олимпоос анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан түүхтэй. 


Хакүхо аварга Олимпын наадмын турш Монголын баг тамирчдад том нөмөр нөөлөг болох нь гарцаагүй.




Жүдоч Л.Отггонбаатар 1/16-д шалгарлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жингийн барилдааны эхний даваанд ОУХМ Л.Отгонбаатар Эстонийн жүдоч Григори Минаскинтай барилдаж яллаа.


Тэрбээр Г.Минаскинтай барилдахдаа үндсэн цагтаа хэн хэн нь оноо авч чадаагүй бөгөөд нэмэлт цагтаа өмсөх мэхээр вазари үнэлгээ авч хожсоноор шөвгийн 16-д шалгарлаа. Түүний дараагийн учраа Израилын жүдоч, Европ тивийн 2020 оны аварга Петер Палтчик юм байна.


Эмэгтэйчүүдийн -78 кг жинд 2019 оны Хонгконг-д болсон "Азийн нээлттэй" тэмцээний мөнгөн медальт, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Отгоны Мөнхцэцэг D хэсэгт эхний барилдаанаа 2020 оны Европын залуучуудын аварга, 2021 оны Ташкент, Тбилисийн Гранд Сламын хүрэл медальт Израилийн Инбар Ланиртай барилдаж, түүний хийсэн лав барьцнаас мордох мэхэнд цэвэр ялагдлаа. Ийнхүү ОУХМ О.Мөнхцэцэг тэмцээнээ дуусгаж байна.



АНУ-ын тамирчин Р.Финке Олимпын алтан медаль хүртлээ

ТОКИО. /Xinhua/. АНУ-ын усан сэлэлтийн тамирчин Роберт Финке эрэгтэйчүүдийн 800 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд өнөөдөр Олимпын алтан медаль хүртлээ.


Өдгөө 21 настай залуу тамирчин Р.Финке финалын 50 метрийн өмнөхөн дөнгөж дөрөвдүгээр байрт бичигдэж байсан боловч хурдаа нэмснээр 7 минут 41.87 секундын амжилтаар тус төрөлд түрүүлжээ.


Тэмцээний ихэнх хугацаанд тэргүүлсэн Италийн усан сэлэлтийн тамирчин Грегорио Палтриниеригийн хувьд Р.Финкегээс 0.24 секундын дараа барианд орж, мөнгөн медалийн болзол хангасан байна.


Харин Украины усан сэлэлтийн тамирчин, Европын аварга Михайло Романчук 7 минут 42.33 секундээр удаалж, хүрэл медалийн эзэн болжээ. 

Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 11 мянга 275 иргэн байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 335 эмнэлэг болон тусгаарлан ажиглах  байранд 11 мянга 275 иргэн байна.


Үүнээс нийслэлд 52 эмнэлэгт 4891, тусгаарлан ажиглах 18 байранд 595 иргэн, орон нутагт 265 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 5757 иргэн байгаа юм.


Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 2709 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

"Улаанбаатар" клуб улирлыг цомтой эхлүүлэв

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны 2021 оны улирлыг нээж “Атлетик 220”, “Улаанбаатар” клубүүд “Супер цом”-ын төлөө тоглоход “Улаанбаатар” нэмэлт цагт 0:2-оор хожлоо.

 

Хоёр багийн тоглолтын үндсэн цаг 0:0-ээр өндөрлөж нэмэлт цаг сунгахад “Улаанбаатар” клуб болон үндэсний шигшээ багийн хагас хамгаалагч Б.Балжинням 97 дахь минутад гоолын салхийг хагалсан юм.

 

Дараагийн гоолыг “Атлетик 220” клубээс “Улаанбаатар”-т шилжсэн хамгаалагч Д.Төрбат 101 дэх минутад гоол оруулж шинэ багтаа өөрийгөө харуулахын зэрэгцээ гоолын баяраа тэмдэглэлгүй өнгөрөөж хуучин багийнхандаа хүндэтгэл үзүүллээ.

 

Ийнхүү 120 минут үргэлжилсэн ширүүн тэмцлийн эцэст ялалт байгуулсан “Улаанбаатар” клуб анх удаа “Супер цом”-ыг өргөлөө. Өдгөө 10 жилийн ойгоо тэмдэглэж буй нийслэлийн клубт МХБХ-ны Дэд Ерөнхийлөгч Х.Азжаргал цомыг гардуулан өгөв.

Үзэгч хөгжөөн дэмжигчид, тоглогч, дасгалжуулагчид, ивээн тэтгэгч, хөл бөмбөгийн зүтгэлтнүүдийн хүсэн хүлээсэн шинэ улирал эхэллээ. Ирэх 8 дугаар сарын 1-нд “Hisense” үндэсний дээд лигийн тоглолтууд болно.

Токиогийн олимпын эргэн тойронд

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын эргэн тойронд болж буй сонин, содон мэдээг Монголын үндэсний олимпын хорооноос толилуулж байна.


Олимпын наадамд оролцогч 16 хүнээс коронавирус илэрсэн талаар Зохион байгуулах хорооноос мэдээлэв. Харин тэдний дунд тамирчид байгаагүй аж. Одоогоор олимпод оролцогчдоос нийт 240 мянга гаруй шинжилгээ авсан бөгөөд 169 эерэг тохиолдол бүртгэгдээд байна.


Эстони улс Токиогийн олимпын анхны алтан медалиа туялзуур сэлэмний эмэгтэйчүүдийн багийн төрлөөр авав. Тун өрсөлдөөнтэй болсон финалын тоглолтод эстони бүсгүйчүүд БНСУ-ын багийг 36:32-оор хожсон юм. Энэ төрлийн хүрэл медалийн төлөөх тулаанд Италийн баг Хятадыг 32:21-ээр хожлоо.


Эстони улс ЗХУ-аас салан тусгаарласнаас хойш олимпын 4 дэх алтан медалиа аваад байна. Тэд сүүлийн 2 олимпын наадмаас алтан медальтан тодроогүй юм байна.

Японы усанд сэлэгч Юүи Охаши Токиогийн олимпоос 2 дахь алтан медалиа зүүлээ. Тэрбээр энэ сарын 25-нд 400 метрийн чөлөөт сэлэлтэд түрүүлсэн бол өчигдөр 200 метрийн чөлөөт сэлэлтэд мөн тэргүүн байр эзэлж дахин олимпын алтан медаль хүртжээ.


Америкийн усанд сэлэгч Кети Ледеки эмэгтэйчүүдийн 1500 метрийн уралдаанд 15.37.34 долийн амжилтаар түрүүллээ. Мөнгө, хүрэл медалийг түүний нутаг нэгт Эрика Салливан, Германы Сара Кохлер нар хүртэв. Тэрбээр Риогийн олимпоос 4 алтан медаль хүртсэн амжилтаа Токиод давтах боломжгүй болсон билээ.


Нидерланд улс сэлүүрт завины эрэгтэйчүүдийн багийн төрөлд дэлхийн дээд амжилт тогтоон түрүүллээ. Тэд финалд 5:32.03 минутын амжилт үзүүлсэн юм. Мөнгө, хүрэл медалийг Их Британи, Австралийн баг хүртэв.


Зохион байгуулагч Япон улс олимпийн наадмыг багийн дүнгээр тэргүүлж байна. Тэд нутаг дээрээ 13 алт, 4 мөнгө, 5 хүрэл, нийт 22 медаль хүртээд байна. Япон улс 2016 оны Риогийн олимпоос 12 алт авсан бол энэ жил нутаг дээрээ эхний таван өдөр л 13 алт зүүжээ. Удаах байруудад БНХАУ /12+6+9=27/, АНУ /11+11+9=31/, Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/ /7+9+6=22/ бичигдэж буй бол нэг мөнгө, хоёр хүрэл медальтай Монголын баг 38 дугаарт бичигдэж байна.

Өнөөдөр О.Гүндэгмаа үндсэн дасгалдаа онч мэргээ сорино

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын 7 дахь өдөр буюу өнөөдөр Монголын баг тамирчдаас буудлага, жүдо бөхийн төрөлд нийт 4 тамирчин онч мэргэ, хүч, ур чадвараа сорино.


Буудлагын эмэгтэйчүүдийн спорт гар бууны 25 метрийн дасгалд Моголын 2 тамирчин өрсөлдөнө. Тодруулбал, Улаанбаатар хотын цагаар 08 цагаас 7 дахь олимпын наадамдаа онч мэргэнээ сорьж буй Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа, залуу тамирчин ОУХМ Ц.Анударийн хамт өрсөлдөнө.


Өнөөдөр медалийн эзэд тодрохгүй бөгөөд эхний тогтоол 30 сумаа буудах юм. Харин маргааш буюу 30-нд спорт гар бууны медалийн эзэд тодорхой болох юм байна.


Токиогийн олимпйн жүдо бөхийн тэмцээн 10 цагаас эхлэх бөгөөд Монголын баг тамирчдаас эрэгтэй -100 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн -78 кг-д О.Мөнхцэцэг нар барилдана.


ОУХМ Л.Отгонбаатар эхний даваанд Эстонийн Григори Минаскинтай, О.Мөнхцэцэг Израилийн Инбар Ланиртай барилдана. Тус 2 жингийн медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 16:00 цагт эхэлнэ.