ТОКИО-2020
Японы тамирчин С.Томоки хоёр дахь алтан медалиа хүртлээ

ТОКИО. /NHK/. Японы тамирчин Сато Томоки Токиогийн Паралимпын эрэгтэйчүүдийн 1500 метрийн тэргэнцэртэй уралдаанд алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.


Рио-де-Жанейрогийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тэрбээр барианаас гарсныхаа дараахан бусад тамирчдаа хошуучилж эхэлсэн байна. Тийнхүү 3 минут 29.13 секундэд барианд оржээ.


Харин АНУ-ын тамирчин Раймонд Мартин удаалж, мөнгөн медалийн болзол хангасан бол хүрэл медалийг мөн зохион байгуулагч орны тамирчин Үэёнабарү Хироказү хүртсэн байна.


Баасан гарагт С.Томоки 400 метрийн уралдаанд мөн алтан медаль хүртсэн юм. Ингэснээр тэрбээр 2008 оны Бээжингийн наадмаас хойш Паралимпын наадмаас хоёр алтан медаль хүртсэн Японы анхны тамирчин болжээ.


Японы тамирчин Ү.Хирозакүгийн хувьд Токиогийн наадмаас хоёр хүрэл медаль хүртээд байна. 

Э.Содномпилжээ 245 кг-ыг амжилттай өргөв

Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын пауэрлифтингийн тэмцээнд хүч сорин өрсөлдөж буй Энхбаярын Содномпилжээ 2 дахь захиалга 245 кг-ыг амжилттай өргөв.

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ эхний захиалгаа амжилттай өргөв

Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын пауэрлифтингийн тэмцээний 107 кг-ын жинд хүчээ сорин өрсөлдөж буй Энхбаярын Содномпилжээ эхний захиалга 241 кг-ыг амжилттай өргөв.


Түүний жинд хүчээ сорьж байгаа тамирчид бүгд эхний захиалгаа амжилттай өргөлөө.

Э.Содномпилжээ 241 кг-ыг өргөхөөр эхний захиалгаа өгөв
Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын пауэрлифтингийн тэмцээний 107 кг-ын жинд өрсөлдөх Энхбаярын Содномпилжээ Токиогийн Олон улсын форум танхимд хүчээ сорьж эхэллээ.
Паралимпын хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ жиндээ орж, эхний захиалгаа 241 кг-ыг өргөхөөр захиалсан байна. Оролцогч 9 тамирчнаас хамгийн хүндийг өргөхөөр захиалжээ.




Өнөөдөр Э.Содномпилжээ Токиогийн паралимпын дэвжээнд хүчээ сорино

Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" Зуны Паралимпын XVI наадмын өнөөдөр болох пауэрлифтингийн тэмцээний 107 кг жинд хүчээ сорин өрсөлдөх Монгол Улсын гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ тэмцээн явагдах /Tokyo International Forum/ газар буюу Токиогийн Олон улсын форум танхимд ирээд байна.


Түүний жингийн тэмцээн Токиогийн цагаар 11 цагаас эхлэх бөгөөд түүний өрсөлдөх 107 кг-д 9 тамирчин хүчээ сорино. Дэлхийн хошой аварга, дэлхийн дээд амжилт эзэмшдэг, гавьяат тамирчин Э.Содномпилжээ Паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын пауэрлифтингийн анхны тамирчин юм.



Тэрбээр 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн 107 кг-д 247 кг өргөн, Гиннесийн дээд амжилт тогтоосон билээ.





Ц.Шаравжамц зуны паралимпын тамирчдад медаль гардуулсан анхны монгол хүн болов

Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" Зуны Паралимпын XVI наадмын тэргэнцэртэй туялзуур сэлэмний багийн тэмцээн өчигдөр /2021.08.29/ орой Шиба мужийн Макүхари Мэссе ордон/Makuhari Messe Hall/-д явагдаж шилдгүүдээ шалгаруулан өндөрлөв.


Туялзуур сэлэмний тулааны эрэгтэйчүүдийн багийн төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангасан багуудын шагнал, медалийг Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Чиба мужийн Иргэдийн хурлын дарга Кавамура Хироаки /Kawamura Hiroaki /-гийн хамт гардуулж өглөө.



Ийнхүү Ц.Шаравжамц зуны паралимпын наадмаар шагнал гардуулсан анхны монгол хүн боллоо. Өмнө нь 2010 оны Ванкуверын өвлийн паралимпын наадмаар өдгөө Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Н.Хүрэлбаатар Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга байхдаа шагнал гардуулж байсан түүхтэй билээ.






Н.Алтанцэцэг хүрэл медалиас атгаад алдлаа

Токио /МОНЦАМЭ/ Японы нийслэл хотноо болж буй "Токио-2020" паралимпын XVI наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг-ын жинд Н.Алтанцэцэг Бразилын жүдоч М.Эмеричтэй барилдаж ялагдлаа. 

Тэрбээр Бразилын жүдоч М.Эмеричид барилдаан дөнгөж эхлээд 13 секундэд цэвэр /иппон/ ялагдаж, паралимпын хүрэл медалийн оосроос атгаад алдлаа.

Монголын багийн төлөөлөгчид Олон улсын паралимпын хорооны удирдлагуудтай уулзав

Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын XVI наадамд оролцож буй Монгол Улсын багийн албаны төлөөлөгчид өнөөдөр Олон улсын паралимпын хорооны удирдлагуудтай уулзлаа. 


Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Монголын үндэсний паралимпын хорооны ерөнхийлөгч Д.Нямхүү, Олон улсын паралимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн паралимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Спорт ба эмэгтэйчүүд комиссын гишүүн Н.Оюунбат нар Олон улсын паралимпын хорооны ерөнхийлөгч, Бразил улсын иргэн Эндрю Парсонс болон Олон улсын паралимпын хорооны Спорт ба эмэгтэйчүүд комиссын дарга, Нидерланд улсын иргэн Рита Ван Дриел нартай уулзаж, Олон улсын паралимпын хөдөлгөөн, цаашдын  хөгжлийн талаар ярилцаж, өөрсдийн явуулж байгаа үйл ажиллагааны талаар танилцууллаа.



Паралимпын триатлоны тамирчин Үдагийн гайхалтай амжилтын түүх

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" зуны паралимпын  XVI наадмын триатлоны спортын эрэгтэйчүүдийн PTS4 ангилалд  өрсөлдсөн, Японы тамирчин Үда Хидэкийн /宇田/34/ гайхалтай түүхийг Монголын сэтгүүлчдийн багийн гишүүн Найдангийн Базарсүрэн орчуулснаар спорт сонирхогч та бүхэндээ толилуулж байна.


"Токио-2020" паралимпын триатлоны спортыг эрэгтэйчүүдийн PTS4 ангиллын сэлэлтээр 8 дугаарт, дугуйн төрлөөр 3 дугаар, гүйлтийн төрлөөр 2 дугаар байрт шалгарсан амжилтаараа паралимпын мөнгөн медаль хүртсэн юм.



Энэхүү уралдааны барианд орж ирэхийн өмнө Үда олимпын багийн гишүүд, хэвлэлийнхэн рүү гараа даллан, өдий хүртэл хичээж, тэмцэж ирсэн дасгал сургуулилтын үр дүнг харуулж байгаадаа баярлаж нүүр дүүрэн инээмсэглэж байсан бол барианд орж ирмэгцээ маш чангаар уйлж, нулимсаа арчин гараа дээш өргөн сэтгэл хөдлөлөө барьж дийлээгүй бөгөөд "Уучлаарай" хэмээн толгойгоо бөхийлгөв. Тамирчин хүний дусал хөлс, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүнээс хэд дахин илүү зүтгэл ямар их амжилт, баярын нулимс авчирч байгааг эндээс харж болно.


Тэрбээр 2013 оны 5 дугаар сард гэргий Аки/亜紀/-тай хуримаа хийж, бүтэн айл гэр болж амьдралаа эхэлсэн бол 5 хоногийн дараа ажлаа хийх явцад осолд орж, баруун гараа тайруулжээ.


Тэдний 5-хан хоног үргэлжилсэн аз жаргал, баяр хөөр агшин зуур нулимс, харуусал болон хувирсан юм. Гэхдээ тэрээр бууж өгсөнгүй. Удахгүй хорвоод мэндлэх хүүгийнхээ төлөө ямар ч хатуу бэрхийг даван туулахаар шийдэж, хэдхэн сарын дараагаар хөдөлгөөн заслын нэг хэлбэр, усанд сэлэх спортоор хичээллэж эхэлсэн нь триатлоны тамирчин болох анхны алхам болж өгчээ.



Үда Хидэки тамирчныг осолд орсны дараагаар найз нөхөд, төрөл садангийн олон хүмүүс эргэн ирж сэтгэл санаагаар дэмжиж байжээ. Тэднийг ирэх бүрд эрүүл энх, аз жаргалыг хүсэх домогт цаасан тогоруу шувуу мянга мянгаар нэмэгдэж байлаа. Ойр дотны хүмүүс бүгдээрээ л цаасан тогоруу хийж авчирдаг байж.


"…Одоо надад 12 мянган цаасан шувуу байгаа хэмээн инээмсэглэх Үда тамирчинд үнэхээр л цаасан шувууд хүсэл мөрөөдлийг нь биелүүлж өгсөн юм шиг, цаасан шувууд түүний биед амилан мөнгөн медаль хүртээсэн юм шиг санагдаж билээ" хэмээн онцолсон юм. 


Үда Хидэки триатлон спортоор шантралгүй хичээллэж удалгүй 2015 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, 2017 онд дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэв.


Улмаар 2018 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 4 дүгээр байрт орж байсан бол энэ удаа өөрийн туулж ирсэн амьдралдаа шинэ өнгө, хүч чадал, баяр баясал нэмж триатлоны PTS4 ангилалд паралимпын мөнгөн медаль хүртээд байна.


Аливаа зовлон бэрхшээлд шантралгүй зүтгэж яваа Үда тамирчин ийнхүү хүсэл зоригоор жигүүрлэн, бусдад үлгэр дуурайлал болон гялалзаж явна.





Паралимпын наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо 200 давжээ

ТОКИО. /NHK/. Токиогийн Паралимпын наадамтай холбоотой 22 хүнээс халдвар илэрснээр ийм тохиолдлын нийт тоо 200 давлаа гэж тус наадмыг зохион байгуулагчид бямба гарагт мэдээллээ.


Шинээр халдвар илэрсэн хүмүүсийн дунд хилийн чанадаас ирсэн дөрвөн хүн байжээ. Тэдний гурав нь наадамтай холбоотой төлөөлөгч бол нэг нь гэрээт ажилтан юм.


Харин шинжилгээний хариу нь эерэг гарсан бусад 18 хүн нь Японы иргэд бөгөөд 13 нь гэрээт ажилтан, хоёр нь наадамтай холбоотой төлөөлөгч, гурав нь сайн дурын ажилтнууд байна.


Зохион байгуулагчдын мэдээлснээр, халдвар илэрсэн 22 хүний хэн нь ч тамирчдын хотхонд байрлаагүй байжээ. Эдгээр тохиолдлыг оруулснаар Паралимпын наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо 219-т хүрсэн байна. 

Н.Алтанцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар болов

Токио /МОНЦАМЭ/ Японы нийслэл хотноо болж буй "Токио-2020" Паралимпын XVI наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн +70 кг жинд барилдаж байгаа Н.Алтанцэцэг Америкийн бөхийг цэвэр яллаа.

Тэрбээр АНУ-ын жүдоч Дэвис Катле /Davis Katle/-тэй хүч үзэн цэвэр ялж, хүрэл медалийн төлөө Бразилын жүдоч М.Эмеричтай барилдана. Манай бөх Н.Алтанцэцэгийг эхний тойрогт ялсан Казахстаны бөх Байбатина Зарина /Baibatina Zarina/ 2 дугаар тойрогт Италийн бөх Коста Каролинаг цэвэр ялж аваргын төлөө барилдахаар болов.






БНХАУ-ын баг 82 медальтай "Токио-2020" паралимпын XVI наадмыг тэргүүлж байна

Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" паралимпын XVI наадамд оролцож байгаа 160 улсын баг тамирчдаас өнөөдрийн байдлаар 62 улсын баг медаль хүртээд байгаагаас манай хөрш улс Хятадын шигшээ баг 82 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна.


Энэ удаагийн паралимпын наадмаас БНХАУ-ын баг 32 алт, 23 мөнгө, 27 хүрэл, нийтдээ 82 медальтай тэргүүлж байна. Их Британи улсын баг 19 алт, 14 мөнгө, 16 хүрэл, нийт 49 медаль ОХУ-ын паралимпын хороо /RPC/ буюу ОХУ-ын баг 13 алт, 7 мөнгө, 20 хүрэл, нийт 40 медаль, хүртэж гуравт бичигдэж байна.


Харин тэргүүлэгчдийн араас АНУ-ын баг 12 алт, 8 мөнгө, 4 хүрэл, нийт 24 медальтай нэхэж байгаа бол Украин улсын баг 10 алт, 17 мөнгө, 9 хүрэл, нийт 36 медальтай 5 дугаар байрт бичигдэж байна.




Жүдоч Н.Алтанцэцэг цэвэр ялагдлаа

Токио /МОНЦАМЭ/ Японы нийслэл хотноо болж буй "Токио-2020" Паралимпын XVI наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд Нямаагийн Алтанцэцэг эхний учраа бөхдөө ялагдлаа. 


Тэрбээр Казахстаны бөх Байбатина Зарина /Baibatina Zarina/-тай эхний тойрогт барилдаж 54 дэх секундэд цэвэр /иппон/ ялагдлаа.  

"Токио-2020" паралимпын XVI наадмаас 61 улс медаль хүртээд байна

Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" паралимпын XVI наадамд оролцож байгаа 160 улсын баг тамирчдаас өнөөдөр өглөөний 11 цаг 30 минутын байдлаар 61 улс паралимпын алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна.


Энэ удаагийн паралимпын наадмаас БНХАУ-ын баг 30 алт, 22 мөнгө, 26 хүрэл, нийтдээ 78 медальтай тэргүүлж байна. Их Британи улсын баг 18 алт, 14 мөнгө, 16 хүрэл, нийт 48 медаль Оросын паралимпын хороо /RPC/ буюу ОХУ-ын баг 13 алт, 7 мөнгө, 20 хүрэл, нийт 40 медаль, хүртэж гуравт бичигдэж байна.


Харин тэдний араас АНУ-ын баг  12 алт, 8 мөнгө, 4 хүрэл, нийт 24 медальтай бол Украин улсын баг 9 алт, 17 мөнгө, 9 хүрэл, нийт 35 медальтай 5 дугаар байрт орж байна.

Афганистаны хоёр тамирчин Токиод иржээ

ТОКИО. /Kyodo/. Афганистанд үүсээд буй нөхцөл байдлын улмаас Паралимпын наадамд оролцохгүй байхаар шийдвэрлээд байсан хоёр тамирчин Японы нийслэл Токио хотноо бямба гарагт ирснийг Афганистаны Паралимпын хороо мэдээллээ.


Ингэснээр энэ долоо хоногийн мягмар гаргаас эхэлсэн наадамд Афганистаны таеквондогийн эмэгтэй тамирчин Закиа Худадади, хөнгөн атлетикийн эрэгтэй тамирчин Хоссейн Рассули нар оролцохоор болж байна.


Афганистаны нийслэл Кабул хотыг “Талибан” хөдөлгөөн хяналтдаа оруулсны дараа З.Худадади Токиогийн наадамд оролцоход туслалцаа үзүүлэхийг хүссэн дүрс бичлэгийг нийтэлжээ. 


Паралимпын наадамд дэлхийн 160 улс орон, бүс нутгийн 4400 орчим тамирчин оролцож буй юм. 

Өнөөдөр жүдоч Н.Алтанцэцэг барилдана

Токио /МОНЦАМЭ/ Японы нийслэл хотноо "Токио-2020" паралимпын XVI наадам өнөөдөр 10 дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын баг тамирчдаас энэ өдөр жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -70 кг жинд Нямаагийн Алтанцэцэг барилдана. 


Ниппон Бүдокан ордонд Паралимпын жүдо бөхийн барилдаан хэдхэн минутын дараа эхлэх гэж байна. Монголын жүдоч Н.Алтанцэцэг эхний тойрогт Казахстаны бөх Байбатина Зарина /Baibatina Zarina/-тай барилдана. Азийн наадмын аварга, ОУХМ Н.Алтанцэцэг өмнө нь Казахстаны бөхийг ялж байсан юм. 



Паралимпын тамирчин автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэлд мөргүүлжээ

ТОКИО. /Asahi/. Японы харааны бэрхшээлтэй паралимпын тамирчин Китазоно Арамицү тамирчдын хотхон дунд автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас гэмтжээ.


Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, Японы жүдоч пүрэв гаргийн үдэд тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас толгой, хөлөндөө гэмтэл авсан байна. Осол гарах үед тэрбээр явган хүний гарцаар гарч байжээ.


Өдгөө 30 настай К.Арамицү тамирчдын хотхоны эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд хоёр долоо хоног эмчилгээ хийлгэх төлөвтэй байна. Харин тээврийн хэрэгсэлд зорчиж явсан долоон хүн гэмтэж бэртээгүй байна.


Энэхүү цахилгаан тээврийн хэрэгслүүдийг хотхон дунд тамирчид, төлөөлөгчдийг тээвэрлэхэд ашиглаж буй юм.


К.Арамицү эрэгтэйчүүдийн жүдо бөхийн 81 килограммын жинд өрсөлдөх байжээ. 

Б.Цагаанбаатар Паралимпын наадамд шүүгчээр ажиллаж байгаа анхны монгол хүн

Токио /МОНЦАМЭ/ Өнөөдөр өглөөний 06 цагаас “Токио-2020” паралимпын XVI наадмын триатлоны тэмцээн Шиноказе парк /Shinokaze. Park/-т эхэлсэн бөгөөд триатлоны спортын 8 ангилалд болж байгаа юм. 


Токио хотод агаарын температур +33 хэм, хөрсөн дээр +37 хэм, чийгшил нь 80 хувьтай бүгчим халуун байна. Пара триатлоны спортын төрөл нь "Рио-2016" паралимпын наадмаас эхлэн паралимпын хөтөлбөрт орсон юм байна.



Монгол Улсаас Паралимпын наадамд анх удаа шүүгчээр ажиллаж байгаа Б.Цагаанбаатартай тэмцээний завсарлагаар уулзлаа. Тэрбээр Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн триатлоны холбооны Шүүгчдийн хорооны дарга бөгөөд “Токио 2020” паралимпын наадмын триатлоны тэмцээнийг шүүх эрх авсан Монголын анхны шүүгч болсон гэдгээрээ онцлогтой юм. 



Б.Цагаанбаатар: "Триатлоны спорт харьцангуй шинэ спортын төрөл боловч дэлхийн өнцөг булан бүрт жигд хурдтай хөгжиж, Олимпын их наадмын хөтөлбөрт байнга багтаж байгаа бол 2016 оноос эхлэн Паралимпын наадмын хөтөлбөрт орсон. Түүнчлэн Токио-2020 олимпоос триатлоны холимог багийн буухиа зайг наадмын хөтөлбөрт шинээр оруулсан юм. Триатлоны спортыг бие даасан байдлаар хөгжүүлэх эхлэлийг 1974 оны үест АНУ-ын Сан-Диего хотод тавьсан гэдэг.


Харин Дэлхийн триатлоны холбоо /World Triathlon/ 1989 оны 5 дугаар сард байгуулагдсан бөгөөд тэр жилдээ Францын Авиньон хотноо анхны ДАШТ-ээ зохион байгуулсан аж. ДТХ нь одоогоор 172 гишүүн орныг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд Монгол Улс тус холбооны 108 дахь гишүүн нь юм. 1994 онд Парист хуралдсан Олон улсын олимпын хорооны чуулганаас триатлоныг Олимпын их наадмын хөтөлбөрт багтаах шийдвэр гаргаж, 2000 оны Сидней, 2004 оны Афин, 2008 оны Бээжин, 2012 оны Лондон, 2016 оны Рио, 2020 оны Токиогийн олимпод триатлончид оролцоод байгаа" гэлээ. 


Триатлон нь усанд сэлэлт, дугуй, гүйлт гэсэн 3 төрлийн нийлбэр гэж болно. Дотроо янз бүрийн зайтай: Олимп, дэлхий, тивийн хэмжээний тэмцээнүүд нь стандарт зайд (1500 метр сэлж, 40 км дугуйгаар уралдаж, 10 км гүйнэ) явагддаг. Мөн спринт (750 м сэлж, 20 км дугуйгаар, 5 км гүйх), холын (4 км сэлж, 120 км дугуйгаар, 30 км гүйх), ironman буюу хэт холын (4 км сэлж, 189 км дугуйгаар, марафоны зайд гүйх) зэрэг олон зайд өрсөлддөг юм байна.



Энэ удаагийн паралимпын триатлоны шүүгчээр ажиллаж байгаа Б.Цагаанбаатар Монголын триатлоны холбоог анх санаачлагч бөгөөд “Токио-2020” паралимпын XVI наадмын төдийгүй паралимпын наадамд шүүгчээр ажиллаж байгаа анхны монгол хүн болж байна. Тэр олон улсын 2 дугаар зэргийн шүүгчийн эрхтэй /ITU level 2 Technical official/. Б.Цагаанбаатар 2009-2021 онуудад болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 2010, 2014, 2018 оны Азийн наадам, 2013 оны ДАШТ-ий шүүгчээр ажиллаж байсан туршлагатай шүүгч юм.



"Токио-2020" паралимпын XVI наадмаас 46 улс медаль хүртээд байна

Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" паралимпын XVI наадамд оролцож байгаа 160 улсын баг тамирчдаас өнөөдрийн байдлаар 46 улс паралимпын алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна. 


Энэ удаагийн паралимпын наадмаас БНХАУ-ын баг 19 алт, 10 мөнгө, 17 хүрэл, нийтдээ 46 медальтай тэргүүлж байна. Оросын паралимпын хороо /RPC/ буюу ОХУ-ын баг 10 алт, 7 мөнгө, 11 хүрэл, нийт 28 медаль, Их Британи улсын баг 9 алт, 10 мөнгө, 9 хүрэл, нийт 28 медаль хүртэж гуравт бичигдэж байна.


Харин тэдний араас АНУ-ын баг  9 алт, 6 мөнгө, 3 хүрэл, нийт 18 медальтай бол Австрали улсын баг 7 алт, 5 мөнгө, 8 хүрэл, нийт 20 медальтай 5 дугаар байрт орж байна.

 

Өнөөдөр барилдсан Монголын 2 жүдоч тэмцээнээ дуусгав
Токио /МОНЦАМЭ/. Токио хотноо болж байгаа Паралимпын XVI наадмын жүдо бөхийн татамид өнөөдөр Монголын багаас эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан А.Мөнхбат эхний тойрогт Австралийн жүдоч Фиппс Вайн / Phipps Vayn/-ыг цэвэр /иппон/ ялсан ч дараалан 2 ялагдаж тэмцээнээ дуусгав.
Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-д С.Ядамдорж Гүржийн бөх Зурабиани Зурабыг цэвэр ялж, дараагийн тойрогт Казахстаны бөхөд ялагдсан. Тэрбээр дараагийн тойрогт Узбекистаны бөхтэй барилдаж цэвэр ялагдлаа.