ТОКИО-2020
Өнөөдөр эмэгтэй 3х3 сагсчид болон Д.Сумъяа, Ц.Цогтбаатар нар хүчээ сорино

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын 3 дахь өдөр /2021.07.26/ Монгол Улсын шигшээ багийн тамирчдаас эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн баг болон жүдо бөхийн эмэгтэй 57 кг, эрэгтэй 73 кг жингийн тамирчид олимпын тэмцээндээ хүч, хурд, ур чадвараа сорино.


Токио хотын Аоми Урбан спортын парк /Aomi Urban sports park/-т болж буй эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн төрөлд өрсөлдөж буй Монголын шигшээ баг энэ өдөр дахин 2 тоглолт хийх юм.


Тухайлбал, Улаанбаатарын цагаар өглөө 09 цаг 40 минутаас Румын улсын  багтай, үдээс хойш 16 цаг 30 минутаас Францын багтай тоглох юм.


Энэ өдөр Токио хотын Nippon Budokan ордны татами дээр Монголын 2 жүдоч хүчээ сорино. Тэмцээн Улаанбаатарын цагаар 10 цагаас эхлэх бөгөөд эмэгтэйчүүдийн 57 кг жинд олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Доржсүрэнгийн Сумьяа хоёрдугаар татамид 16 дахь барилдаанд /10 цаг 48 минут/ Словений К.Кайжер-тай эхний барилдаанаа хийх бол эрэгтэйчүүдийн 73 кг-д өрсөлдөх Цэндбаатарын Цогтбаатар эхний барилдаанаа 11 цагт Гвиней улсын Мамаду Самба Бах /7 дахь барилдаан/-тай хүч үзэх юм байна.


Ташрамд сонирхуулахад, “Токио-2020” Зуны олимпын XXXII наадамд оролцож байгаа 206 орноос 40 улсын баг тамирчдаас олимпын медаль хүртээд байна. Өнөөдөр өглөөний 08 цагийн байдлаар БНХАУ-ын шигшээ баг 6 алт, 1 мөнгө, 4 хүрэл нийт 11 медальтай тэргүүлж явна.


Харин 2 дугаар байрт АНУ-ын шигшээ баг 4 алт, 2 мөнгө, 4 мөнгөн медальтай яваа бол Оросын Үндэсний олимпын хорооны баг 1 алт, 4 мөнгө, 2 хүрэл, нийт 7 медальтай болж Японы шигшээгийн өмнө гарсан бол 4 дүгээрт Япон 5 алт, 1 хүрэл медальтай байгаа бол БНСУ-ын шигшээ баг 2 алт, 3 хүрэл медальтай 5 дугаар байрт бичигдэж байна.

Олимпын 3 дахь өдөр БНХАУ-ын баг 9 медальтай 206 орныг тэргүүлж явна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” 3уны олимпын XXXII наадмын 3 дахь өдрийн байдлаар БНХАУ-ын үндэсний шигшээ баг 5 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтай оролцогч 206 улс орноос тэргүүн байр эзэлж байна.


Харин АНУ-ын шигшээ баг 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт 8 медальтай хоёрдугаарт бичигдэж байгаа бол олимп зохион байгуулагч Япон улсын шигшээ баг 5 алт, 1 мөнгөн медальтай удаалж байгаа аж.


Дөрөвдүгээр байрт БНСУ-ын шигшээ 2 алт, 3 хүрэл медальтай 4 дүгээр байр, Оросын үндэсний олимпын хорооны баг 1 алт, 2 мөнгө, 1 мөнгөтэй 5 дугаар байр тус тус эзэлжээ.


Харин 6-10 дугаар байрт Итали /1 алт, 1 мөнгө, 2 мөнгө/, Австрали /алт, мөнгө, хүрэл тус бүр 1/, Тунис /алт, мөнгө тус бүр 1/, Канад, Нидерланд улсын шигшээ багууд тус бүр 2 мөнгөн медальтай багтсан байна.

 

Боксчин Б.Чинзориг эхний тулаандаа ялагдаж олимпоо дуусгав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхиийн Ryogoku Kokugikan ордонд болж буй “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн  64 кг-д Баатарсүхийн Чинзориг Узбекистаны тамирчин Эльнур Абдураимовт ялагдаж тэмцээнээ дуусгав.

 

Тэрбээр эхний үед 3:2-оор ялсан ч дараагийн үед тун идэвхгүй хүлээж тоглосноор 5:0-ээр хожигдсон. Улмаар сүүлийн раунд бүх нөөц боломжоо шавхаж төгсгөлийг илүү олон цохилт хийж, санаачлагыг өөртөө авалгүй байснаар 3 үеийн нийлбэр дүнгээр 4:1-ээр хожигдсон юм.

 

Тэд өмнө нь 2 удаа тоглоход нэг нэг хожоод байсан бөгөөд ОУХМ Б.Чинзориг хамгийн сүүлд 2021 оны Ази тивийн АШТ-д түүнийг 5:0-ээр ялсан бол олимпын рингэнд ийнхүү тун харамсалтай ялагдаж том боломжоо алдлаа.

Эмэгтэй 3х3 сагсан бөмбөгчид ОХУ-ын шигшээд 5:21-ээр хожигдлоо

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд анх удаа ур чадвараа сорьж байгаа Монголын шигшээ баг ээлжит тоглолтоо дэлхийн хошой аварга, Европын 3 удаагийн аварга Оросын багтай хийж, 21:5-аар хожигдлоо.

 

М.Цэрэнлхам тоглолт эхлээд удаагүй байхад хуруугаа гэмтээсэн ч гурван оноо авч багаа тэргүүлэв. Мөн Э.Чимэддолгор хоёр оноо авсан юм. Эсрэг баг холын зайн зургаан шидэлтээ оруулсан нь онооны зөрүү холдох үндэслэл болсон юм.

 

Түүнчлэн орос тамирчид дундын зайнаас 57 хувьтай довтолж, найман оноог багтаа авчирсан. Манай шигшээ байга маргааш өглөө 09.40-өөс Румын, 16.30-аас Франц багтай тоглох болно.

Ё.Басхүү, дэлхийн хошой аварга Хифүми Абэ-д базари үнэлгээгээр ялагдлаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын жүдо бөхийн эрэгтэй 66 кг-д эхний тойрогт гоц мөргөсөн Ё.Басхүү хоёрын даваанд Беларусийн Дмитрий Миньковыг торгуулиар ялж, шилдэг наймд шалгарсан ч дараагийн тойрогт Х.Абэ-д ялагдлаа.

 

Д.Миньков бол манай 66 кг жингийн шилдгүүд болох Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг нарыг ялж байсан эвгүй учраа Д.Миньковыг ялснаар Ё.Басхүү шилдэг 8-д Японы жүдоч, дэлхийн хошой аварга Хифүми Абэтэй барилдаж цаг дуусахын өмнөхөн базари үнэлгээгээр хожигдов. Манай жүдоч үдээс хойш болох дагах барилдаанд Италийн Мануэль Ломбардо-той барилдана. 

Эмэгтэйчүүдийн 52 кг-д хүч үзсэн ОУХМ Л.Сосорбарамын хувьд хоёрын даваанд Швейцарын жүдоч, ДАШТ-ий хүрэл медальт Фабьен Кочерт ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Токиогийн олимпын боксчдын тулааныг Монголын 2 шүүгч дэнсэлж байна

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” 3уны олимпын XXXII наадмын боксын тэмцээнийг Монгол Улсын 2 шүүгч олимпын ринг дээр гарч байгаа шилдэг боксчдын тулааныг дэнслэн шүүж байгаа юм.

 

Тухайлбал, Олон улсын сонирхогчдын боксын холбооны 3 од буюу олимпын зэрэглэлийн шүүгч, ОУХМ Ц.Цогтгэрэл /эмэгтэй/, олимпын зэрэглэлийн шүүгч О.Мандахбаяр /эрэгтэй/ нар шүүгчээр ажиллаж байна.



Олимпын наадамд боксын шүүгчээр ажиллаж буй монгол эмэгтэй Цэрэнхандын Цогтгэрэл одоогоос сарын өмнө Монгол Улсын ерөнхийлөгч асан Х.Баттулгын зарлигаар төрийн дээд одон Алтан гадас одонгоор шагнуулсан билээ. Тэрбээр Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны ажилтан юм. ОУСБХ/АИБА/-ны 3 од буюу олимпын зэрэглэлийн шүүгч, ОУХМ Ц.Цогтгэрэл тив, дэлхийн болон олон улсын томоохон тэмцээнийг амжилттай шүүж байсан туршлагатай шүүгч.



Харин Токиогийн олимпын шүүгчээр сонгогдсон Мандахбаярын хувьд түүний аав Р.Отгонбаяр бол 1982 онд Германд болсон боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, Монголын боксчдын анхны дэлхийн медальтан болсон тамирчин билээ. 







Ерөнхий сайд эмэгтэй 3х3 сагсан бөмбөгчдийнхөө тоглолтыг үзжээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” 3уны олимпын XXXII наадамд оролцож буй Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийнхаа талбайн эзэн Японы багийн эсрэг хийсэн тоглолтыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүрэлцэн ирж үзэж Монголын багаа дэмжлээ.

 

ФИБА-гийн Ерөнхий нарийн бичигийн дарга Андреас Загилис, Ерөнхий сайдыг хүндэтгэн энэ үеэр хүрэлцэн ирж хамтдаа тоглолтыг үзсэн байна.

 

Тоглолт үзсэн уулзалтын үеэр ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас  Загилис Монголын сагсан бөмбөгийн хөгжил болоод Монголын багуудын амжилт дэлхийн хэмжээнд өндөр байгааг дурдаж манай Ерөнхий сайдад баяр хүргэлээ.


Тоглолтын дараа Ерөнхий сайд баг, тамирчидтай уулзах үеэр “Та бүхэн минь энэ хүнд хэцүү цар тахлын үед багийн спортоор анх удаа Олимпын наадамд оролцон түүх бүтээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаа шүү” хэмээн онцлон хэллээ.

 

Ташрамд дуулгахад, өчигдөр “Токио-2020” олимпын наадмын 3х3 төрлийн өөрийн үндэсний багийн тоглолтуудыг Францын Ерөнхийлөгч Э.Макрон /Emmanuel Macron/, АНУ-ын Тэргүүн хатагтай Ж.Байден /Jill Biden/, Польшийн Ерөнхийлөгч А.Дуда /Andrej Duda/ нар ирж үзжээ.

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг хоёр удаа хожигдсон ч мөрөө үлдээж чадлаа

ТОКИО. /Washington post/. Эх орондоо сагсан бөмбөгийг 4-хөн жилийн өмнөөс тоглож эхэлсэн Онолбаатарын Хулан өөрийн дуртай “NBA”-гийн оддын тоо томшгүй олон бичлэгийг үзсэний дараа хэрхэн бөмбөгөө залж, бөмбөг оруулахыг өөрөө сурчээ.


“Би ганцаархнаа сургуулийн талбай дээр өрсөлдөгчөө төсөөлөн хөдөлгөөнүүдийг дуурайхыг хичээдэг байсан” гэж тэрбээр хэлжээ.


Гэсэн ч бямба гарагийн орой О.Хулан дахин төсөөлөлдөө автах шаардлагагүй болжээ. Тэрбээр Олимпын наадмын 3х3 эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд АНУ-тай анхны тоглолтоо хийсэн юм. Топ зэрэглэлтэй америкчууд 21-9 онооны харьцаагаар хожсон нь сагсан бөмбөг тоглож сураад 4-хөн жилийг ардаа орхисон хүний хувьд сүрхий ач холбогдох өгөх зүйл биш юм. Өдгөө 21 настай О.Хулан болон түүний багийнхан Олимпын наадмын багийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон анхны тамирчид билээ.


Энэ бүхэн бөх, бокс, жүдогийн төрлүүдэд Олимпын тамирчдаа бэлтгэж ирсэн түүхтэй Төв Азийн 3 сая хүн амтай оронд 3х3 сагсан бөмбөг хэр алдартай болсны илрэл юм. О.Хулан багийн спортын төрлөөр хөгжих хүсэлтэй Монгол эмэгтэйчүүдийн төлөөлөл бөгөөд тэрбээр баасан гарагийн орой болсон наадмын нээлтийн үеэр эх орныхоо тугийг барьсан Монголын анхны эмэгтэй болж, Токиогийн наадамд тоглох нь олон эмэгтэйд Олимпод тоглох итгэлийг бэлэглэнэ гэж найджээ.


“Би тэдний үлгэр дуурайлал болохыг хүсэж байна. Монголын эмэгтэй тамирчид хийгээд бусад эмэгтэйг төлөөлөн хамгийн том тайзнаа гарах нь миний хувьд гайхалтай. Сагсан бөмбөг манай улсад сүүлийн 5 жилийн хугацаанд тэсрэлт хийж байна. Өдгөө 3х3 манай улсад үндэсний спорттой дүйцэхүйц байна. Бүгд л үүнийг тоглож, тэмцээнүүдийг телевизээр үзэх болжээ. Энэ төрөл манай орны хувьд маш анхаарал татсан спорт болоод байна” гэж тэрбээр өмнө нь ярьсан байна.


Бямба гарагт 3х3 сагсан бөмбөгийн тэмцээн Олимпын наадамд өмнө нь  үзэгдэж харагдаагүй шинэ зүйлийг мэдрүүлжээ.


3х3 сагсан бөмбөгийн тоглолтын өвөрмөц хэв маяг миний сонирхлыг татдаг. Үүнээс гадна Монголын олон хүүхдийг спортоор хичээллэхэд түлхэц болдог. Бид бие махбодийн хувьд илүү хүчтэй байх зэргээр байгалиасаа илүү тогтвортой байхаар заяагджээ. Бид нүүдэлчин соёлтой ард иргэд учир аливаа нөхцөлд дасан зохицоход бэлэн байдаг. Энэ нь бидэнд их тус нэмэр болдог гэж бодож байна” гэж О.Хулан мөн ярьлаа. 


Монголын 3х3 Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Лувсандашийн Мягмаржав хэлэхдээ, 3х3 олны сонирхлыг татсан үе нь хүүхдүүд 2000-аад оноос эхлэн зохион байгуулагдсан арга хэмжээнүүдэд оролцож эхэлснээс улбаатай.


“Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ач холбогдлоо алдаагүй нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоо энэ төрлийн спортыг дэлхийн өнцөг булан бүрт алдаршуулахыг зорьсонтой нь холбоотой. Кара Лоусон зэрэг бусад дасгалжуулагч мөн үүнд анхаарлаа хандуулсан юм” гэж тэрбээр мөн ярьсан байна. 


“Бид Чингисийн талбайн голд тоглож байсан. Тухайн үед тоглолтын тасалбарууд бүгд зарагдаж дууссан. Тоглолт маш чанга байсан. Тэд 3х3 тоглолтод эх орондоо ихээхэн хувь нэмрээ оруулж байна” хэмээн дасгалжуулагч Кара Лавсон ярьжээ.


Сүүлийн арван жилд энэ спортын төрөл цойлж гарсан нь Токиогийн Олимпын наадамд шалгарч чадаагүй ч Азидаа хамгийн шилдэгт тооцогдох эрчүүдийн алдартай шигшээ багийг байгуулахад түлхэц болжээ. Монголд зохион байгуулагддаг 3х3 тэмцээнүүдэд 20000 орчим хүүхэд тоглож байгаагаас тал орчим нь эмэгтэйчүүд байна гэж Л.Мягмаржав хэлсэн байна.


“Манай улсад ардчилсан тогтолцоо бий болсноос хойших сүүлийн 30 жилийн хугацаанд охидуудад зориулагдсан спортын төрлүүд тийм ч олон байсангүй. Тэр дундаа гудамжны сагсан бөмбөг. Монголд очоод гудамжаар алхвал цагиргаар тоглож буй охид, хүүхдүүд мэр сэр харагдана” гэж Л.Мягмаржав ярьжээ.


Өөрийн ах, эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчин О.Энхбаатараас урам зориг авсан О.Хулан гудамжны сагсан бөмбөгөөр 18 настайгаасаа хичээллэх болсон хэдий ч хаанаас эхлэхээ сайн мэддэггүй байжээ.


Тэрбээр “YouTube”-с санаа авах бичлэгүүдийг үзэж, “NBA”-гийн өөрийн дуртай тоглогч Стефен Карригийн онцлогийг тоглолтынхоо арга барилд шингээхийг хүсжээ. Их сургуульд байхдаа тэрбээр 3х3 сагсан бөмбөгийн багт элсэж, хожмоо үндэсний шигээ багт орсон байна.


Тийнхүү багийн гишүүдтэйгээ хамт байж, байрныхаа шатаар гүйж, хахир өвлийн хүйтэнд тоглоомын талбай дээр бэлтгэлд хийдэг байжээ. Зарим үед тэд өрсөлдөгч багтайгаа учраа таарах үед өндөрлөг газар тэсвэр хатуужилтай байхад нь нөлөөлнө гэж итгэн Улаанбаатар хотыг хүрээлсэн бартаат зам, ууланд бэлтгэл хийх аж.


Гэсэн ч олон улсын тоглолтуудад хэцүү үеүд байлаа. Монгол Улсын баг 2019 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анхны тоглолтоо хийсэн боловч Амстердамд болсон дөрвөн тоглолтод дөрвүүлэнд нь ялагджээ. Харин 2019 оны Азийн цомын тэмцээнд илүү их амжилт гаргаж, дөрөвдүгээр байрт шалгарч, Олимпод оролцох эрхээ авсан байна. Энэ нь тус улсын эмэгтэйчүүдийн спортод тохиолдсон гайхалтай үйл явдал болж, 3х3 баг дорхноо нэрд гарчээ. 

Жүдоч Л.Сосорбарам эхний өрсөлдөгчөө ялав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдөр Монголын багаас эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ё.Басхүү, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам нар хүчээ сорино.

 

Эмэгтэйчүүдийн 52 кг жингийн В хэсэгт орсон Л.Сосорбарам эхний барилдаанаа Узбекистаны Диёра Келдиёроватай хийж өчих мэхээр цэвэр ялснаар дараагийн шатанд шалгарлаа. Диёра бол Их Дуулга тэмцээнд түрүүлсэн Узбекистаны анхны эмэгтэй жүдоч юм.  Манай бөх, 23 настай 2019 оны Азийн аварга,  2021 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт энэ бөхтэй 4 таарч барилдахад манай бөх 3 удаа ялж байжээ.

 

Л.Сосорбарамын дараагийн өрсөлдөгч Швейцарын жүдоч, ДАШТ-ий хүрэл медальт Фабьен Кохер. Энэ бөх 57 кг-аас доош бууж ирсэн бөгөөд 2019 оны Будапештийн Гран при тэмцээнд Л.Сосорбарамыг ялж байсан юм байна.

 

Ё.Басхүү В хэсэгт орсон. Эхний тойрогт хийлээд дараа нь Беларусын Дмитрий Миньковтой барилдана. Миньков эхний тойрогт Катарын Элдрисси Аяоуб-ыг цэвэр ялжээ. Миньковтой манай бөх өнгөрсөн гуравдугаар сард Ташкентийн Их Дуулгад таарч барилдан, ялж байжээ.

Монголын баг, Японы шигшээд 10:19-өөр хожигдлоо

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмэгтэй 3х3 сагсанбөмбөг Aomi Urban sports park -т болж байгаа бөгөөд Монголын шигшээ баг өнөөдөр хоёр тоглолт хийхээс эхний эзэн орон Японы багтай өрсөлдөн хожигдов.

                                        

Олимпын багийн төрөлд анх удаа оролцсон Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгчид ийнхүү Токиогийн олимпын хэсгийн гурав дахь тоглолтоо хийж /Монгол/ 10:19 /Япон/-өөр ялагдал хүлээлээ, одоо 13:00 цагаас ОХУ-ын багтай тоглох юм. 




Монголын 3x3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид өчигдөр /2021.07.25/ дэлхийн аварга Италид ганцхан онооны зөрүүтэй 14:15, АНУ-д 9:21 харьцаатай ялагдсан бөгөөд тэд анх удаа олимпын дэвжээнд гарч тоглож дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх боломжтой гэдгээ харуулж чадсан юм.

Японы тамирчин Такато Наохиса эх орондоо анхны алтан медалийг авчиржээ

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадмын жүдогийн тэмцээний 60 кг-ын жингийн төрөлд Японы тамирчин Такато Наохиса эх орондоо анхны алтан медалийг авчирлаа.  


Өдгөө 28 настай Японы жүдоч Тайваний тамирчин Ян Юн Вэйг ялжээ. Такато Наохиса 2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпын наадамд хүрэл медалийн эзэн болж байсан аж. Үүнээс гадна тэрбээр гурван удаагийн дэлхийн аварга, 2021 оны Азийн аварга бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбооны Их дуулгын тэмцээнүүдэд 11 удаа ялалт байгуулсан удаатай.


“Хүмүүс намайг тууштай дэмжсэний хүчинд би энэ бүгдэд хүрч чадлаа. Аварга болсон ч гэсэн би улам сайжрахыг хичээх болно” гэж тэрбээр ярьжээ.


Үүнээс гадна Японы тамирчин Тонаки Фуна Косовогийн тамирчин Дистрия Красничид ялагдаж, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн байна. 

Ц.Анударь шигшээ 8-д шалгарахад ганц оноо дутав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын буудлага спортын эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалын урьдчилсан шат дөнгөж сая явагдаж дууслаа.


Энэ шатанд 53 тамирчин өрсөлдсөнөөс анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй ана Энэ шатанд 53 тамирчин онч мэргээ сорьж анхны олимпдоо оролцож буй залуу тамирчин Ц.Анударь дэлхийн шилдгүүдтэй ана мана өрсөлдөж ганцхан оноо дутан есдүгээр байрт жагслаа. Тэрбээр 60 суманд 96, 97, 95, 97, 97, 94 гэж буудан нийт 576 оноо авсан юм. Шигшээ тэмцээнд эхний 8 байрт шалгарсан тамирчид өрсөлдөх юм.


Долоо дахь олимпдоо онч мэргээ сорьж буй О.Гүндэгмаа энэ дасгалд 568 оноогоор 30 дугаар байрт жагслаа. Түүний хувьд 7 дугаар сарын 30-ны баасан гарагт өөрийн үндсэн дасгал болох спорт гар бууны 25 метрийн төрөлд онч сорих юм.

 

Ийнхүү 10 метрийн хийн гар бууны дасгалд БНХАУ-ын Жиан Раншин (587), Грекийн А.Коракаки (585), ОХУ-ын В.Бацарашкина (582), БНХАУ-ын Лин Ю Мэй (579), Францын М.Ламоле (578), Болгарын А.Костадинова (578), Украины О.Костевич (577), Францын С.Говервил (577) нар шигшээд шалгарч, олимпын медалийн төлөө буудахаар болов.

Өнөөдөр Токиогийн дэвжээнд өрсөлдөх монгол тамирчид

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпын XXXII наадмын 2 дахь өдөр 28 орны баг тамирчид медаль хүртсэн бөгөөд тэдний нэгд Монголын Улсын баг багтсан юм.

 

Харин өнөөдөр буюу 7 дугаар сарын 25-ны өдөр Монголын шигшээ багаас эмэгтэй 3х3 сагсан бөмбөг, буудлага, жүдо, боксын тамирчид Токиогийн олимпын уралдаан тэмцээндээ хүч, хурд, ур чадвараа сорино.

 

Тухайлбал, Буудлага спорт: Өнөөдөр өглөө 9:00 цагаас Asaka shooting Range буудлага спортын төвийн галын шугаманд манай 2 тамирчин цэц  мэргээ сорино. Эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 метрийн дасгалд олимпын мөнгөн медальт Отрядын Гүндэгмаа 18 дугаар, ОУХМ Цолмонбаатарын Анударь 26 дугаар галын шугамнаас сум тавина. Урьдчилсан буудлага өглөөний  9:00 цагаас , Улмаар финалд урьдчилсан буудлагад хамгийн өндөр оноо авсан 8 тамирчин цааш нь медалийн төлөө 11:15 цагаас өрсөлдөнө.

 

Эмэгтэй 3х3 сагсанбөмбөг Aomi Urban sports park -т болж байгаа бөгөөд Монголын шигшээ баг өнөөдөр хоёр тоглолт хийнэ. Эхлээд өглөөний 10.15 минутаас эзэн орон Японы багтай, дараа нь 14:00 цагаас ОХУ-ын багтай тоглох юм.

 

Nippon Budokan ордны татами дээр манай 2 жүдоч хүчээ сорино. Өнөөдрийн барилдаан 11 цагаас эхлэх бөгөөд эмэгтэйчүүдийн 52 кг-д Лхагвасүрэнгийн Сосорбарам хоёрдугаар татамид долоо дахь барилдаанд Узбекистаны Д.Келдиероватай эхний барилдаанаа хийх бол эрэгтэйчүүдийн 66 кг-д өрсөлдөх Ёндонпэрэнлэйн Басхүү нэгдүгээр дэвжээнд 15 дахь барилдаанд дэвжээн гарах юм.

 

Мэргэжлийн сумо бөхиийн Ryogoku Kokugikan ордонд болж буй боксын тэмцээний эрэгтэйчүүдийн  64 кг-д Баатарсүхийн Чинзориг орой 17 цаг 15 минутаас 1/16 -д шалгарах тулаанаа Узбекистаны Эльнур Абдураимовтой хийх юм. 



Монголын багийн анхны медалийг М.Уранцэцэг хүртлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр "Бүдокан" ордонд болж буй "Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг хүчээ сорьж буй М.Уранцэцэг олимпын хүрэл медалийн төлөөх барилдаанд Португалийн Катарина Костатай хүч үзэн, өчих мэхээр цэвэр ялж хүрэл медаль хүртлээ.

 

Ийнхүү жүдо бөхөөр гаргасан амжилтаараа Гиннесийн номонд бичигдсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг Токиогийн олимпын хүрэл медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн салхийг хагалсан гайхалтай амжилт үзүүллээ.

 

Украины жүдоч Дарья Белодед хүрэл медалийн төлөө Израил улсын жүдоч Шира Ришони /Shira HIRA Rishkny/-той барилдаж яллаа.

 

Энэ жингийн аваргын төлөөх барилдаанд Японы жүдоч Фуна Тонаки, Косовогийн Дистриа Красники нарын дунд өрнөж, жүдоч Д.Красники, Японы шилдэг жүдочийг нутгийн дэвжээн дээр нь вазари үнэлгээгээр ялснаар Токиогийн олимпын алтан медалийг өөрийн эх орондоо авчирлаа.  



Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Италийн багт ганцхан оноогоор хожигдлоо

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны олимпын XXXII наадамд багийн төрөлд анх удаа оролцож буй Монголын 3Х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг эхний тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн багтай хийж 14:15 ганцхан оноогоор хожигдлоо.

 

Монголын сагсчин охид тоглолтын төгсгөлд 7:12-оор хожигдож явсан ч тооны харьцааг ганцхан бөмбөгний зөрүүтэй болгож чадсан. Хэрэв цаг дуусах мөчтэй зэрэгцэн Солонгын шидсэн алсын зайн бөмбөг оновчтой болсон бол хүчирхэг Италийн багийг буулган авах ч боломжтой байлаа гэж спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагираг сонин/ Токиогоос мэдээлэв. 

 

Өнөөдөр орой Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг хоёр дахь тоглолтоо АНУ-ын багтай хийх юм.

М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр "Бүдокан" ордонд болж буй "Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг хүчээ сорьж буй М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн жүдоч Красникитэй барилдаж базари үнэлгээгээр ялагдлаа.

 

Харин нөгөө талд Украины Дария Белодед, Японы Тонаки нар хагас шигшээд барилдаж Фуна Тонаки Д.Белодедийг цэвэр ялж, олимпын аваргын алтан медалийн төлөө Красникитэй хүч үзэхээр болов.

 

Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга Мөнхбатын Уранцэцэг одоо хүрэл медалийн төлөө, Португалийн жүдоч Катарина Коштатай хүч үзэхээр боллоо.

Олимпын сэлүүрт завины тэмцээний хуваарийг шуурганы улмаас өөрчилжээ

ТОКИО. /NHK/. Халуун орны шуурга Японыг чиглэн урагшилж буйтай холбогдуулан Токиогийн Олимпын сэлүүрт завины тэмцээнүүдийн хуваарийг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрчээ. Ийнхүү спортын энэ төрлийн тэмцээнүүдийг нэг өдрөөр хойшлуулж, ням гарагт зохион байгуулахаар болжээ.


Мөн даваа гарагт явуулахаар товлоод байсан эрэгтэй, эмэгтэйчүүдийн газцаарчилсан болон хосын төрлийн шөвгийн найм, хагас шигшээгийн тоглолтуудыг ням гарагт зохион байгуулахаар болжээ. Ингэснээр даваа гарагт сэлүүрт завины ямар ч тэмцээн болохгүй гэж Спортын хорооны төлөөлөгчид мэдээлсэн байна. 


Халуун орны “Непартак” шуурга Японыг чиглэн урагшилж буйтай холбоотойгоор цаг агаарын байдал муудах төлөвтэй байгааг Цаг уурын байгууллагаас урьдчилан мэдээлжээ. Шуурга мягмар гаргийн орчимд Японы хойд хэсгээс зүүн нутгийг дайран өнгөрөх төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаны төлөөлөгчид мягмар гарагт болох тэмцээнүүдийн хуваарийг нягталж байгаагаа мэдээлжээ.


Токиогийн Олимпын тэмцээнүүдийг цаг агаарын байдлын улмаас хойшлуулсан анхны тохиолдол энэ болж буй юм. Төлөөлөгчдийн мэдээлснээр, одоогийн байдлаар шуурга бусад тэмцээнүүдийн хуваарьт нөлөөлөх төлөвгүй байгаа боловч нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөлт гарч болзошгүй байгаа ажээ. 

Жүдоч М.Уранцэцэг хагас шигшээд шалгарлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр "Бүдокан" ордонд болж буй "Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг хүчээ сорьж, хэсгийн аваргын төлөө Израилын жүдоч Шира Ришони /Shira HIRA Rishkny/-той барилдаж яллаа.

 

М.Уранцэцэг энэ барилдаанд өмнө нь түүнийг 5 ялж байсан ч тун хянамгай барилдаж, өрсөлдөгчөө үүрч шидээд, угсруулан өчих мэхээр ялж хагас шигшээд шалгарлаа.

 

Эмэгтэйчүүдийн 48 кг жингийн хагас шигшээд манай жүдоч М.Уранцэцэг Косовогийн Красникитэй барилдана. Харин нөгөө талд Украины Дария Белодед, Японы Тонаки нар хагас шигшээд шалгарсан юм. Ийнхүү жүдо бөхийн эмэгтэйчүүдийн хөнгөн жингийн тэргүүлэгч 4 шилдэг жүдочид тунаж үлдлээ.  

М.Уранцэцэг, Чилийн бөхийг өчих мэхээр цэвэр ялав

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр (2021.07.24) "Бүдокан" ордонд эхэлж, эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, 2 дугаар тойрогт Чилийн Варгас Лейтэй барилдаж гарт өчих мэхээр ялж, 1/8 шигшээд шалгарлаа.

 

Одоо манай тамирчин хэсгийн аваргын төлөө Израилын Шира Ришони /Shira HIRA Rishkny/-той барилдана. Түүнтэй өмнө нь 5 таарч барилдахад бүгдэд нь Уранцэцэг ялж байсан юм.

“Токио-2020” Олимпын анхны алтан медалийг Хятадын тамирчин хүртлээ

ТОКИО. /CNN/. БНХАУ-ын тамирчин Ян Цянь “Токио-2020” зуны Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны дасгалд алтан медаль хүртлээ. Ийнхүү тэрбээр энэхүү наадмын анхны алтан медалийн эзэн болжээ. 


Ян Цянь 251.8 оноо авч, Олимпын дээд амжилтыг тогтоогоод байна. Түүнчлэн энэ төрөлд ОХУ-ын тамирчин Анастасия Галашина мөнгөн медаль, Швейцар улсын тамирчин Нина Кристен хүрэл медаль хүртжээ.


Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас (WADA) ОХУ-ын албаны хүмүүс болон баг, тамирчдыг дэлхийн хэмжээний томоохон спортын тэмцээн, уралдаан, арга хэмжээнд оролцохыг дөрвөн жилээр хориглох шийдвэр гаргасантай холбогдуулан энэхүү наадамд Оросын тамирчид улсынхаа нэрийг төлөөлж оролцоогүй юм. Тэдний хувьд ОХУ-ын Олимпын хорооны гишүүнээр оролцож байгаа билээ.