ТОКИО-2020
Өнөөдөр “Токио-2020” олимпын анхны медальтнууд тодорно

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр албан ёсоор нээлтээ хийсэн Зуны олимпын XXXII наадмын медалийн эзэд өнөөдрөөс тодорч эхлэх талаар спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/ Токиогоос мэдээлж байна.

 

Тухайлбал, байт харвааны холимог хос багийн төрөл, дугуй, туялзуур сэлэм, буудлага, таэквондо, хүндийг өргөлт, жүдо бөхийн төрөлд медальтнууд төрнө.


Асака буудлага спортын төвд  эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 м төрөлд Оюунбатын Есүгэн цэц сорьж , 624 оноогоор 25 байрт орлоо.

 

Ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Батмөнхийн Болор-Эрдэнэ Тунисын Фадва Гарсиг 4:1 /5:11, 11:6, 12:10, 11:6, 11:7/ -ээр хожиж, ширээний теннисний төрөлд Монголын олимпын анхны ялалтыг авлаа.


 

Тун удахгүй эрэгтэй ганцаарчилсан төрөлд Энхбатын Лхагвасүрэн АНУ-ын Н.Кумартай тоглоно.

Б.Болор-Эрдэнэ Тунис улсын тамирчинг хожив

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны XXXII олимпын наадмын ширээний теннисний төрөлд эх орноо төлөөлөн анх удаа өрсөлдөж буй ОУХМ Б.Болор-Эрдэнэ эхний тоглолтондоо Тунис улсын тамирчинг илүүрхэн хожлоо.

 

Ийнхүү ширээний теннисний спортоор Монгол Улс анх удаа олимпын наадамд оролцож, ийнхүү түүхэнд тэмдэглэгдэх хожил авч монголчуудаа баярлуулж байна. Эмэгтэй ширээний теннисний тамирчин Б.Болор-Эрдэнэ Монголын багийн хамгийн залуу тамирчин юм.



"Токио-2020" олимпын наадам товлосон хугацаанаас 1 жилийн дараа "Хөшиг"-өө нээлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын нийслэл Токио хотын Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэнд “Токио-2020” Зуны XXXII олимпын наадмын нээлтийн ёслол 2021 оны 7 дугаар сарын 23-ны 19 цагт /Улаанбаатарын цагаар/ эхэлж, амжилттай өндөрлөв.

 

“Ковид-19” цар тахлын улмаас бүтэн  нэг жилээр хойшилсон олимпын наадмын нээлтийн эхэнд Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны ерөнхийлөгч Томас Бах, Япон улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито тэргүүтэй эрхмүүд коронавирусын халдварын улмаас амиа алдсан олон мянган хүмүүсээ дурсаж хүндэтгэл үзүүлэн 1 минут чимээгүй зогсож хүндэтгэв. Дэлхий даяар цар тахлыг ялж, даван гарахын төлөө хийж байгаа олимпын наадам гэдгээрээ “Токио-2020” түүхэн онцлогтой олимп билээ.


 

Олимпын наадмын нээлтэд гадаадын дипломатууд, ивээн тэтгэгчид, ОУОХ-ны төлөөлөгчид зэрэг албаны 950 хүн оролцож байна. Японы зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний төлөөлөгчид Японы төрийн дуулал эгшиглэх мөчид Японы төрийн далбааг мандуулсан юм. Нээлтийн ёслолд 15 улс, олон улсын байгууллагын тэргүүн, 70 орны спортын сайд нар хүрэлцэн иржээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Токиогийн олимпын наадмын энэхүү нээлтийн ёслолд албан ёсны төлөөлөгчөөр оролцсон юм.

 

Мөн нээлтийн ёслолд ОУОХ-ны гишүүн 205 улсын 6000 гаруй тамирчин, албаны хүмүүс, 900 гаруй хүндэт зочин, 3500 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан нийтдээ 10400 гаруй оролцогч хуран цугларч "Токио-2020" Зуны XXXII олимпын наадмын “Хөшиг” ийнхүү нээгдлээ.


 

Коронавирусний халдвар хамгааллын дүрэм ёсоор “Үндэстнүүдийн парад”-ын үеэр тамирчид өөр хоорондоо хоёр метрийн зай барьж, алхаснаар нээлтийн ёслолын үргэлжлэх хугацаа төлөвлөснөөс 30 минутаар уртасжээ.


 

Цэнгэлдэхэд Олимпын таван цагаригийг байршуулсан бөгөөд түүнийг 1964 оны Токиогийн олимпод оролцсон тамирчдын тарьсан модоор урлажээ. Цагариг тус бүр 4 метрийн диаметртэй юм байна.




 

Олимп зохион байгуулагч баг, 206 орны үндэсний шигшээ багийн жагсаалын дараа “Хамтдаа хамгийн хурдан, хамгийн өндөр, хамгийн хүчтэй” Олимпын уриаг уран сайхны аргаар илэрхийлсэн үнэхээр сэтгэл хөдөлгөсөн мөч байлаа. 

 

“Тамирчин, шүүгч, дасгалжуулагч болон албаны хүмүүсийн нэрийн өмнөөс бид Олимпын их наадамд шударгаар, сэргээшгүй, олимпизмын зарчмыг хүндэтгэн оролцохоо амлаж байна. Спортоор дамжуулан энэ ертөнцийг илүү сайхан болгоно” хэмээн эзэн орны тус бүр 2 тамирчин, шүүгч, дасгалжуулагч тангараг өргөв.




Цэнгэлдэхийн бүх суудал хүнтэй мэт харагдуулахын тулд янз бүрийн өнгөтэй суудлын бүрээс хийсэн юм байна.

 

Монгол Улсын баг тамирчид одоогоос 57 жилийн өмнөх "Токио-1964" Зуны XVIII олимпын наадамд анх удаа оролцсон бол “Токио-2020” Зуны XXXII олимпод спортын 10 төрөлд 43 тамирчин оролцож байгаа юм.


 

Монголын баг тамирчид "Токио-2020" зуны XXXII олимпын наадмын нээлтийн ёслолд 27 хүний бүрэлдэхүүнтэй, Японы цагаан толгойн үсгийн дарааллаар 191 дүгээрт жагссан бөгөөд монголчууд “Мишээл & Амазонка” брэндийн урласан ёслолын хувцсыг өмсөж оролцсон юм. Энэхүү хувцасны эд ширхэг бүр утга учиртай бөгөөд энгэр дээрх алтлаг хээг Монгол үндэстний хийморь лундаа, цог жавхлан эрч хүчний илэрхийлэл болгож шавхагдашгүй хурд хүч, тэсвэр тэвчээрийн билэгдэл давхиж буй морийг цан хүүрэг татуулсан байдалтай дүрслэн үндэсний үүлэн хээ угалзны хэв маягаар абстракт дүрслэлээр бүтээсэн юм байна.


 

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах нээлтийн ёслолд үг хэлэхдээ: “Өнөөдөр итгэл найдварын мөч тохиож байна. Бид энэ өдрийг арай өөрөөр төсөөлж байсан ч энэ мөчийг таашаан хүлээн авцгаая. Хүн төрөлхтөнийг нэгтгэх спортын их хүч, энх тайвны тухай тунхаглаж буй илгээлт юм. Энэ нь бид хамтдаа бүхий л замыг туулна гэсэн найдварыг бидэнд хайрлаж байна. Бид Японы ард түмэнд хүндэтгэл илэрхийлж байна. Японы ард түмэнгүй энэ Олимпын наадмыг зохион байгуулах боломжгүй байсан. Японы эрх баригчид, ард иргэд бүхий л түвшинд асар их ажлыг хийлээ. Бид та бүгдээр бахархаж, талархаж байна. Бүхий л бэрхшээлийг үл харгалзан биднийг алгаа дэлгэн, хүлээн авсан мянга мянган сайн дурын ажилтнуудад онцгой талархал илэрхийлье. Токиогийн олимпын наадмыг бодит болгосон бүх хүнд баярлалаа" гэв.


 

Цэнгэлдэхэд паралимпын тамирчин Цүшида Вакако олимпын бамбарыг оруулж ирсэн. Олимпын наадмын жүдо болон чөлөөт бөхийн төрөлд аваргалж байсан алдарт Тадахиро Номүра, Саори Ёшида нараас гадна Япон улсын бейсболын домог Бейсболын мэргэжлийн лигт түүхээ бүтээсэн Шигео Нагашима, Садахару О.Хидеки Мацуи нар бамбар буухиалах ёслолд оролцсон юм. Олимпын бамбарыг Японы алдарт теннисчин Австралийн нээлттэй тэмцээн, Америкийн нээлттэй тэмцээний хошой аварга Наоми Осака асаалаа.





 

Ташрамд дуулгахад, Токио-2020 олимпын нээлтийн үеэр Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талд олимпын наадмыг эсэргүүцсэн хүмүүс жагсаж байв. Олон зуун хүн коронавирусний цар тахлын улмаас олимпын наадмыг зогсоохыг шаардаж, олимпод зарцуулах мөнгийг ковидын эсрэг тэмцэхэд зориул хэмээн шаардсан юм.




 

Дөрвөн жил тутамд зохион байгуулдаг Олимп энэ удаа 5 жилийн дараа буюу ийнхүү "Токио-2020" Зуны XXXII олимпын наадмын нээлтийн ёслол амжилттай болж, хагас сарын турш 206 орны 11 мянган тамирчид Токиогийн олимпын алт, мөнгө, хүрэл медалийн төлөө хүч, хурд, ур чадвараа сорин өрсөлдөнө. 





Х.Сэйко: Токиогийн Олимп албан ёсоор эхэлснийг мэдэгдэж байна

ТОКИО. /BBC/. Дэлхий дахины өмнө тулгамдсан сорилтуудын улмаас Олимпын наадмын түүхэнд анх удаа хойшилсон Токиогийн Олимп өнөөдөр ийнхүү албан ёсоор эхэлж буйг тус наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйко мэдэгдлээ. Итгэл найдвар бид бүхнийг энэхүү өдрийг угтан авах боломжийг бүрдүүлсэн гэдгийг тэрбээр онцлон хэлэв.


“Дэлхий нийт бүхэлдээ “COVID-19”-өөс үүдэлтэй асар том сорилтуудтай нүүр тулгараад байна. Иймээс тэдгээр сорилтыг даван туулахад хувь нэмрээ оруулж буй дэлхийн өнцөг булан бүр дэх эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд тэргүүтэй бусад албан хаагчдад миний бие гүнээ талархаж, хүндэтгэж буйгаа илэрхийлье” хэмээн Х.Сэйко онцлон тэмдэглэлээ.


Мөн Олимпын наадмыг зохион байгуулж буй Японы ард түмэнд төдийгүй өндөр хүчин чармайлт гарган ажилласан Олон улсын олимпын хороо, Японы Засгийн газар, Токио хотын засаг захиргаа тэргүүтэй бусад байгууллагуудад талархаж буйгаа илэрхийлэхдээ туйлын их баяртай байна хэмээн "Токио-2020" наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн нэмж хэлжээ. 

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар Кени улсын боксчинтой эхний тулаанаа хийнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны XXXII олимпын наадмын боксын төрөлд оролцох Монголын шилдэг боксчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо болон Ажнай корпорацийн тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар маргааш эрэгтэйчүүдийн 57 кг-д Кени улсын тамирчин Окоч Николас Оконго-той эхний тулаанаа хийнэ.


Тулаан Улаанбаатарын цагаар 7 дугаар сарын 24-ны оройн 17 цаг 51 минутаас эхлэх бөгөөд түүний өрсөлдөгч Окоч Николас Оконго нь 38 настай ахмад боксчин учраас манай тамирчинд илүүрхэн ялах магадлал маш өндөр гэж болно.

 

Харин Дэлхийн армийн аварга, Ази тивийн 2021 оны аварга, ҮШБ, “Алдар” спорт хороо, “Капитрон” банкны тамирчин, ОУХМ Баатарсүхийн Чинзоригийн хувьд эрэгтэйчүүдийн 63 кг-д 1994 онд төрсөн 27 настай Узбекистаны боксчин, Катар улсын Доха хотноо болсон 2015 оны ДАШТ-ий хүрэл медальт Абдураймов Элнуртай учраа  таарсан юм.


Түүний өрсөлдөгч Э. Абдураймовын амжилтаас танилцуулбал,  2017 онд болсон Гамбургийн ДАШТ-д 5 дугаар байр, 2017 онд Ташкентад Ази тивийн АШТ-д түрүүлсэн, 2021 онд АБНЭУ-ын Дубай хотноо болсон АТАШТ-ээс хүрэл, Тайландын ОУТ-ээс мөнгөн медаль хүртжээ. Б.Чинзоригийн энэ тулаан ням гарагийн /2021.07.25/ 17 цаг 18 минутаас тоглож эхлэх бөгөөд манай тамирчин өрсөлдөгч Абдураймов Элнуртай өмнө нь 2 тоглож нэг ялагдаж, хамгийн сүүлд ялсан юм байна.

 

Монгол Улсаас анх удаагаа эмэгтэй боксын төрлөөр оролцох эрхээ авсан ҮШБ, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, ОУХМ М.Мягмаржаргал эмэгтэйчүүдийн 75 кг жинд энэ сарын 28-ны үдээс өмнө 10 цаг 30 минутаас олимпын ринг дээр гарч тулалдана.


Түүний өрсөлдөгч Их Британийн боксчин Прайс Лаурен нь 1994 онд төрсөн, 27 настай тамирчин юм. Түүний амжилтыг дурдвал, ОХУ-ынэ Улан-Үдэ хотноо 2019 онд зохион байгуулсан  ДАШТ-д хүч үзэж дэлхийн аварга болсон. Мөн 2018 онд Шинэ Дели хотноо болсон ДАШТ-ий хүрэл, “Минск-2019” Европын АШТ-ий аварга, мөн 2018, 2016 онд Софи хотноо болсон ЕТАШТ-ээс хүрэл медаль хүртсэн энэ жингийн шилдэг тамирчдын нэг юм байна.

 

Ташрамд дуулгахад, “Токио-2020” олимпын наадмын боксын төрөлд хүч, хурд, авхаалж самбаа, оюун ухаан, уг чадвараа сорин өрсөлдөхөөр эрэгтэйчүүдийн 8 жинд 187 тамирчин,  эмэгтэйчүүдийн 5 жинд 102 тамирчин нийт 13 жинд 289 тамирчин 2021 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийтдээ 276 тулаан хийж Зуны  XXXII олимпын наадмын аваргын алт болон олимпын мөнгө, хүрэл медальтнуудаа шалгаруулна.

 

“Токио-2020” гэрэл зургийн дуранд

"Токио-2020" Олимпын наадам албан ёсоор эхэлж буйтай холбогдуулан олон улсын гэрэл зургийн сэтгүүлчдийн дурандаа буулгасан зургуудыг та бүхэнд сонирхуулъя.


Зуны Олимпын цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох орон сууцны байрны цонхон дээрх үзэгчид. Эх сурвалж: NBC


Үндэсний цэнгэлдэх хүрээлэн. Эх сурвалж: The Globe and Mail


Олимпын нээлтийн ёслол эхлэхээс өмнөх цэнгэлдэх хүрээлэнгийн зураглал. Эх сурвалж: NBC


Халдвар хамгааллын дэглэмээ сахин гарцаар гарч буй Токиогийн оршин суугчид. Эх сурвалж: The Star


Нээлтийн ёслолын үеэр хэрэглэх гар ариутгагчууд. Эх сурвалж: The Globe and Mail


Автомашины зогсоолд тээврийн хэрэгслүүдийг зохицуулж буй сайн дурын ажилтан. Эх сурвалж: The Globe and Mail


Ariake” теннисийн талбайн гадна өөр хоорондоо зай барин зогсож буй хүмүүс. Эх сурвалж: The Globe and Mail


Нээлтийн ёслолын өмнө нөхцөл байдлыг хянаж буй цагдаагийн ажилтнууд. Эх сурвалж: The Globe and Mail


Олимпын гэрэлт цагирагийн гэрэл зургийг авч буй хүмүүс. Эх сурвалж: NPR


Токиогийн Олимпын галт бамбар. Эх сурвалж: Reuters


Японы Агаарын цэргийн хүчний үзүүлбэр. Эх сурвалж: Reuters

Олимпын наадмын нээлтийн ёслол эхэллээ

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимпын наадмын нээлтийн ёслол Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд албан ёсоор эхэллээ. 


Цар тахал өнгөрсөн оны эхэн үеэс дэлхий дахиныг хамран тархаж эхэлснээс хойших хамгийн том спортын тэмцээн энэ болж байгаагаараа онцлогтой.



Энэ удаагийн наадамд дэлхийн 200 гаруй улс орон, бүс нутгийн 11 мянга орчим тамирчин хурд хүчээ сорих юм. “Токио-2020”-ийн тэмцээнүүдийн хувьд, Олимпын наадмын түүхэнд анх удаа танхимын үзэгчгүйгээр явагдана.




Японы 125 сая орчим хүн амын аравны нэгээс илүү хувь нь оршин суудаг Токиод олон иргэн вакцинд хамрагдаагүй байгаа энэ үед халдварын шинэ давлагаа дэгдээд байгаа юм.


Нийслэл хотод баасан гарагт халдварын 1386 тохиолдол илрээд байна. Түүнээс нэг хоногийн өмнө 1979 хүнээс халдвар илэрсэн нь нэгдүгээр сарын дунд үеэс хойших өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.



Нээлтийн ёслол болохоос хэдхэн цагийн өмнө Японы Агаарын цэргийн хүчнийхэн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр Олимпын таван өнгийн цагирагийг зуран сонирхолтой үзүүлбэр үзүүлсэн юм.




Нийт 68 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд болж буй нээлтийн ёслолд ердөө 950 хүн оролцож байгаа бөгөөд олон улсын тамирчид өөр хоорондоо зай барин жагсаж байна. 



Дүрвэгсдийн багийн тамирчид 


Тамирчдын ёслолын жагсаалын дараа тив тивийн нэртэй дуучид “Beatles” хамтлагийн дуучин Жон Ленноны “Imagine” дууг хамтдаа дууллаа. Энэхүү үзүүлбэрийг Анжелика Киджо, Алехандро Санс, Жон Леженд, Кейт Урбан нар үзүүлэв.


Мөн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр шөнийн тэнгэрт 1800 дрон нисгэн дэлхийн бөмбөрцгийг бүтээж, “Imagine” дууг эгшиглэх үеэр цэнгэлдэх хүрээлэнгээс дээш хөөргөжээ. 



“COVID-19”-ийн улмаас Токиогийн Олимпод өрсөлдөх боломжгүй болсон тамирчид

ВАШИНГТОН. /CNN/. Токиогийн Олимпын тэмцээнүүд анхлан товлосноос нэг жил гаруйн дараа эхэллээ. Энэхүү наадам цар тахлын улмаас хойшилсон хэдий ч Японд “COVID-19” халдвар тархсан хэвээр байна.


Зохион байгуулагчдын хувьд тамирчид хийгээд олон нийтийн аюулгүй байдлыг хангахын тулд урьд хожид үзэгдээгүй шийдвэрүүдийг гаргаад байгаа билээ.


Харин коронавирусээр халдварласан тамирчдын хувьд энэ удаагийн Олимпын наадамд оролцох мөрөөдөл нь замхраад байна. Тэдний заримынх нь шинжилгээний хариу Японд ирэхээсээ ч өмнө эерэг гарсан бол зарим нь Токиод ирснийхээ дараа халдвар авснаа мэджээ.


Ийнхүү “COVID-19”-өөс сэргийлэх эрүүл мэнд, аюулгүй байдлын дүрэм журмын улмаас тэмцээнд оролцож чадахгүй болсон нь олон нийтэд ил болоод буй тамирчдыг танилцуулж байна.


АНУ-ын баг бүрэлдэхүүн: таван тамирчин

  • Эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн багийн тамирчин Кэти Лу Самуэльсон
  • Эмэгтэй теннисчин Коко Гауфф
  • Эмэгтэй гимнастикч Кара Икер
  • Эрэгтэйчүүдийн элсний гарбөмбөгийн багийн тамирчин Тейлор Крабб
  • Эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн багийн тамирчин Брэдли Бил /Эрүүл мэнд, аюулгүй байдлын протоколд багтсан байсан боловч “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан талаар олон нийтэд мэдээлээгүй/

Их Британийн баг бүрэлдэхүүн: гурван тамирчин

  • Буудлагын тамирчин Эмбер Хилл
  • Теннисчин Дэн Эванс
  • Теннисчин Йоханна Конта

Чехийн баг бүрэлдэхүүн: хоёр тамирчин

  • Ширээний эрэгтэй теннисчин Павел Сиручек
  • Эрэгтэйчүүдийн элсний гарбөмбөгийн багийн тамирчин Ондрей Перушич

Мексикийн баг бүрэлдэхүүн: хоёр тамирчин

  • Бейсболын тамирчин Эктор Веласкес
  • Бейсболын тамирчин Сэмми Солис

Өмнөд Африкийн баг бүрэлдэхүүн: хоёр тамирчин

  • Эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийн тамирчин Табисо Моньяне
  • Эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн багийн тамирчин Камохело Махлаци

Авсралийн баг бүрэлдэхүүн: нэг тамирчин

  • Эрэгтэй теннисчин Алекс де Минаур
  • Чилийн баг бүрэлдэхүүн: нэг тамирчин
  • Таэквондогийн тамирчин Фернанда Агирре

Нидерландын баг бүрэлдэхүүн: нэг тамирчин

  • Скейтбордингийн тамирчин Кенди Жейкобс

ОХУ-ын баг бүрэлдэхүүн: нэг тамирчин

  • Усанд сэлэлтийн багийн тамирчин Илья Бородин 
“Токио-2020” зуны Олимпын тухай баримтууд

ТОКИО. /CNN/. Токио хотод өмнө нь 1964 онд зуны Олимпын наадмыг зохион байгуулж байсан бөгөөд хоёр дахь удаагаа ийнхүү тус наадмыг зохион байгуулах гэж байна. Токио нь 2016 оны Олимпыг зохион байгуулах эрхээ авч чадаагүй билээ.


Түүнчлэн 1972, 1998 оны өвлийн Олимпын наадмуудыг Япон улсын Саппоро болон Нагано хотуудад тус бүр зохион байгуулж байсан аж.


ТЭМЦЭЭН БОЛОХ ГАЗАР БОЛОН СПОРТЫН ГАЗРЫН ЗУРАГ

Тэмцээнд оролцох урилгыг дэлхийн 206 Үндэсний Олимпын Хороог төлөөлөх улс орон, мужууд, нутаг дэвсгэр, олимпод оролцох дүрвэгсдийн баг руу илгээжээ. 


Олимпын наадамтай холбоотой шийдвэрүүд 

2012 оны 5 дугаар сарын 23- 2020 оны зуны Олимпын наадмыг зохион байгуулах хотоор ИстанбулМадрид, Токио хотууд шалгарч үлджээ. 


2013 оны 9 дүгээр сарын 7-  Тийнхүү 2020 оны зуны Олимпын наадмыг Японы нийслэл Токио хотноо зохион байгуулахаар болсныг Аргентины нийслэл Буэнос-Айрэс хотод болсон Олон улсын Олимпын хороо /ОУОХ/-ны 125 дахь удаагийн чуулганы үеэр зарлажээ.  


2014 оны 5 дугаар сарын 7- NBC телевиз 2032 оны зуны Олимпын наадмыг шууд дамжуулан үзүүлэхийн тулд 7.7 ам.доллар төлөхөөр тохиролцжээ. 2032 оны зуны Олимпын наадам нь 23 дахь удаагийн шууд дамжуулалт болох аж.


2016 оны 8 дугаар сарын 3- Олон улсын олимпын хороо (ОУОХ) Олимпын наадамд скейтборд буюу тавцантай гулгах төрөл, каратэ, сөрфинг буюу далайн давлагаагаар гулгах, спорт авиралт, бейсбол/софтбол гэсэн таван шинэ спортыг нэмжээ.


2017 оны 4 дүгээр сараас 2019 оны 3 дугаар сар- “Токио-2020” зуны олимпын наадмыг зохион байгуулах хорооноос "Хүн бүрийн медаль" аяныг эхлүүлж, Олимп, Паралимпын наадамд зориулж металл салгаж авах боломжтой цахилгаан төхөөрөмжүүд хандивлахыг иргэдэд уриалжээ. Аяны хүрээнд ойролцоогоор 6 сая ширхэг буюу 79,000 тонн бүхий хуучин гар утас болон бусад жижиг электрон төхөөрөмжийг цуглуулсан байна.


2018 оны 2 дугаар сарын 28- “Токио-2020” зуны олимп, паралимпын наадмын бэлгэдэл сахиус /Маскот/-ыг зарлалаа. Зохион байгуулагчдын мэдээлснээр, сахиусууд нь "эсрэг тэсрэг зан чанаруудтай" хэдий ч бие биенээ хүндэлдэг футурист супер баатрын амьтад ажээ.


2018 оны 7 дугаар сарын 21- Олимп, Паралимпын наадмын бэлгэдэл сахиусны нэрс ил боллоо. Олимпын наадмын бэлгэдлийг “Мираитова”, харин Паралимпын бэлгэ тэмдгийг “Сомейти” гэж нэрлэсэн билээ. "Мираи-Това" гэж дууддаг Мираитова бол цэнхэр, цагаан өнгийн Олимпын сахиус юм. Энэ нэр нь Япон хэлний “мираи” буюу ирээдүй, “това”  буюу үүрд мөнх гэсэн утгатай үгсийг нэгтгэсэн хувилбар ажээ. Харин "Со-мей-ти" гэж тодотгодог нь ягаан, цагаан өнгийн Паралимпын сахиус юм.  “Сомейти” гэдэг нь “сомейёшино” буюу төрөл бүрийн интоорын мод гэдэг үгнээс үүсэлтэй нэр ажээ. Англиар энэ үг нь маш хүчирхэг гэсэн утгыг илэрхийлдэг байна.


2018 оны 8 дугаар сарын 7- “Токио-2020” зуны олимпын хорооноос оролцогчдын аюулгүй байдлыг хангах ажлыг илүү үр дүнтэй болгохын тулд нүүр царай таних технологи ашиглах тухай мэдэгдэв. Тамирчид, холбогдох албаныхан, ажилтнууд болон хэвлэлийнхэн зэрэг хүмүүсийн нүүрний дүрсийг мэдээллийн санд хадгалж, нэвтрэх боломжийг бүрдүүлэх аж. Энэ ажлыг программ хангамжийг "NEC" корпорац хариуцжээ.


2019 оны 7 дугаар сарын 24- “Токио-2020” зуны Олимпын наадмыг зохион байгуулагчид медалийн дизайныг олон нийтэд танилцууллаа. Медаль нь хайрга чулуутай төстэй харагддаг бөгөөд 8.5 сантиметр диаметртэй ажээ. Бүх медалийг зөөврийн компьютер, гар утас, зургийн аппарат зэрэг электрон хэрэгслийн хог хаягдлыг дахин боловсруулан бүтээхээр болов.


2019 оны 12 дугаар сарын 4- “Greenpeace” байгууллагын тайланд  дурдсанаар, 2020 оны 3-р сарын 26-нд Олимпын бамбарын буухиа эхлэх Японы зүүн хойд Фукушима муж дахь спорт цогцолбороос өндөр түвшний цацраг идэвхт цэгүүдийг илрүүлжээ. Тус тайланд Японы Байгаль орчны яамнаас спорт цогцолборын ойролцоох бохирдсон хөрсөнд ариутгал хийсэн талаар мөн дурдсан байна.


2019 оны 12 дугаар сарын 15- Олимп, Паралимпын нээлт, хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах төв цэнгэлдэх хүрээлэнгийн нээлт боллоо. Архитектор Кенго Кумагийн бүтээсэн 68,000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн өртөг 157 тэрбум иен буюу 1.4 тэрбум ам.доллар болжээ.


2020 оны 1 дүгээр сарын 10- Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гаргасан удирдамжид тамирчдыг талбай, медалийн тавцан дээр болон нээлт, хаалтын ёслолын үйл ажиллагааны үеэр эсэргүүцэл үзүүлэхгүй байхыг анхааруулжээ.


2020 оны 3 дугаар сарын 12- Олимпын наадмын галт бамбарыг Грекийн Олимпиа хотод асаалаа. Уг ёслолын арга хэмжээг үзэгчгүйгээр зохион байгуулжээ. 2020 оны 3-р сарын 26-ны өдрөөс эхлэн Японы бүх мужаар аялуулах бамбарын буухиа 121 хоногийн хугацаанд үргэлжлэх хуваарьтай байв. 


2020 оны 3 дугаар сарын 24- Японы Ерөнхий сайд Абэ Шинзо болон Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Олимпын наадмыг 2021 он хүртэл хойшлуулахаар тохиролцов. Уг наадмыг хойшлуулсан хэдий ч “Токио 2020” гэсэн нэрийг хэвээр нь авч үлдэхээ мэдэгджээ. 


2020 оны 3 дугаар сарын 30- “Токио-2020” зуны олимп 2021 оны 7-р сарын 23-наас 8-р сарын 8-ны хооронд болно гэж Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ноос мэдэгдэв. 


2020 оны 12 дугаар сарын 22- “Токио-2020” зуны олимпын наадмын бэлтгэл, зохион байгуулалттай холбоотой гарах зардлын хэмжээ 15.4 тэрбум ам.долларт хүрнэ гэж наадмыг зохион байгуулах хороо мэдэгдсэн нь анхны төлөвлөсөн зардлын хэмжээнээс 2.4 тэрбум орчим ам.доллароор илүү байжээ. Олимпын наадмыг бүтэн жилээр хойшлуулсан нь зардлыг ийнхүү нэмэгдүүлсэн байна. 


Мөн “Токио-2020” зуны олимпын наадам болон Паралимпын наадмын үеэр коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 100 тэрбум иен буюу 900 орчим сая ам.доллар зарцуулахаар болсон байна. 


2021 оны 5 дугаар сарын 26- Японы "Асахи Шимбун" сониноос тус улсад  коронавирусний цар тахлын дэглэм тогтоосонтой холбогдуулан Олимпын наадмын арга хэмжээг цуцлахыг уриалсан нийтлэл гаргажээ. Тус сонин нь “Токио 2020” Олимпын наадмын албан ёсны түнш юм.


2021 оны 7 дугаар сарын 8- Японы Олимпын хорооноос Олимпын наадам болох хотуудад коронавирусний онц байдлын дэглэм тогтоосон тул үзэгчидгүй болно хэмээн мэдэгджээ.

 

Олимпын мэндчилгээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд хүч, хурд, ур чадвараа сорин өрсөлдөхөөр Токио хотноо очоод байгаа Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нартаа Олимпын мэндчилгээ дэвшүүллээ.


Монголын олимпын баг, тамирчид аа!

 

Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл, спортын цэнгэлийн манлай зуны XXXII олимпын наадам энэ өдрүүдэд тохиож байна.

 

Монголын баг тамирчид зуны олимпод оролцож эхэлснээс хойших 57 жилийн дотор “Токио-1964”-гоос “Токио-2020” хүртэлх замыг  туулж, зуны 13 удаагийн  олимпод оролцон 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль  хүртэн, олимпын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлж,  алтан соёмбот далбаагаа мандуулсан түүхтэй.

 

Дэлхий дахиныг хамарсан  цар тахлын  амаргүй цаг үед Монголын баг тамирчид  идэвхтэй бэлтгэл сургуулилтаа  базааж, цуцалтгүй хөдөлмөрлөж спортын 10 төрлөөр 43 тамирчин эрхээ аван оролцож байгааг онцлон тэмдэглэж байна.

Манай баг тамирчид туурга тусгаар Монгол орныхоо нэр хүндийг олимпын тавцанд өндөрт өргөнө гэдэгт итгэлтэй байна.

 

Дэлхий дахинаараа хүсэн хүлээсэн олимпийн энэ наадамд “Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй, хамтдаа” уриан дор нэгдэж амжилт ялалтаар дүүрэн оролцохыг баг, тамирчид Та бүхэндээ хүсэн ерөөе!

 

Токиогийн тэнгэрт Монгол Улсын Төрийн далбаа олонтоо мандах болтугай!

 

Монгол Улсын Ерөнхийлөгч

 

Ухнаагийн Хүрэлсүх

Монголын байт харваачид 27 дугаар байрт шалгарлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын байт харвааны тамирчид 1260 оноо цуглуулж, 64 орноос 27 дугаар байрт жагслаа хэмээн Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан мэдээллээ.

 

Байт харвааны эрэгтэй ганцаарчилсан төрлийн чансаа тогтоох тэмцээн явагдаж дууссан бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Б.Отгонболд 646 оноотой, 54 дүгээр байрт жагсав.

 

Тэргүүн байрт БНСУ-ын тамирчин Ким Жэ Док шалгарч, хоёрт АНУ-ын тамирчин Брэди Эллисон, гуравт БНСУ-ын тамирчин О Жин Хьёк нар удаалжээ. Манай тамирчин Б.Отгонболд энэ сарын 27-нд Хятадын тамирчинтай өрсөлдөнө.

 

Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй байт харвааны ганцаарчилсан төрлүүд мөн холимог багийн төрлүүд явагдлаа. Эрэгтэй, эмэгтэй тамирчдын оноог нийлүүлэн холимог багийн оноог гаргахад Монголын тамирчид нийлээд 1260 оноо цуглуулжээ.





Гавьяат тамирчин Э.Цэндбаатар маргааш эхний тулаанаа хийнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” Зуны XXXII олимпын наадмын боксын төрөлд оролцох баг тамирчдын албан есны сугалаа өчигдөр “Кокугикан Арена” ордон /боксын тэмцээн зохион байгуулах газар)-д  болж, Монголын 3 боксчин өрсөлдөгчдөө мэдэж авлаа.

 

“Токио-2020” олимпын наадмын боксын төрөлд хүч, хурд, авхаалж самбаа, оюун ухаан, уг чадвараа сорин өрсөлдөхөөр эрэгтэйчүүдийн 8 жинд 187 тамирчин,  эмэгтэйчүүдийн 5 жинд 102 тамирчин нийт 13 жинд 289 тамирчин 2021 оны 7 дугаар сарын 24-нөөс 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл нийтдээ 276 тулаан хийж Зуны  XXXII олимпын наадмын аварга болон олимпын медальтнуудаа шалгаруулна. Монголын боксын тамирчдын сугалааг та бүхэнд толилуулж байна.



 













Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг анхны тоглолтоо Италийн багтай хийнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаа төлөөлөн олимпын наадамд анх удаагаа оролцон ур чадвараа сорьж байгаа 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг маргааш буюу 7 дугаар сарын 24-нд тоглоно.

 

Дэлхийн шилдэг долоон багийн эсрэг хийх тоглолтын талаар товчхон мэдээлэл болон таамаглалыг 3х3 сагсан бөмбөгийн тайлбарлагч Б.Алтангэрэл спорт сонирхогчдод хүргэж байна.

 

Монголын шигшээ баг түүхэнд анхных гэж тэмдэглэгдэх тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн шигшээ багийн эсрэг хийх юм. Италийн багт дэлхийн аваргын “Үнэ цэнэтэй тоглогч” Раелин Ди Али болон Чиара Сонсолини, Марцелла Филиппи, Жулиа Рулли гэсэн дөрвөн тоглогч багтжээ. Дэлхийн аварга болсон бүрэлдэхүүний гурван тоглогч дээр 5х5 шигшээ багийн тоглогч Чиара Сонсолини нэмэгдсэн юм.

 

Хоёр баг өмнө нь 2019 онд Турины эмэгтэйчүүдийн мэргэжлийн гранпри тэмцээнд учраа тааран тоглоход 13:12 харьцаатай эцсийн мөчид Италийн баг хожиж байсан.

Нурууны өндрийн харьцуулалт дээр манай баг бага зэрэг намхан бөгөөд Италийн багийн Раелин Ди Алигаас бусад гурван тоглогч 182 см-с дээш өндөртэй бол манай багийн хамгийн өндөр тоглогч Б.Солонго 182 см өндөртэй.

 

Италийн багийн Чиара Сонсолини, Марцелла Филиппи, Жулиа Рулли нар манай багийн эсрэг нурууны давуу талаа ашиглан будагтай талбайд илүү тоглолт үзүүлэх боломжтойгоос гадна бүгд шидэлт сайн гүйцэтгэдэг, хурдны хувьд ч муугүй тоглогчид.

 

Харин Раелин Ди Али бол ямар ч тоглогчийг эсрэг хөнгөхөн тоглочих авьяастай нэгэн. Түүний довтолгоог зогсооно гэдэг маш хэцүү даалгавар. Хурдтай, бөмбөг эзэмшилт, шидэлт сайтайгаас гадна том тулаанд гангарч чаддаг сэтгэл зүй өндөртэй тоглогч.


 

Монголын багийн хувьд удаан хугацааны турш бэлтгэлээ системтэйгээр маш сайн хангасан. Манай дөрвөн тоглогч довтолгоо боломжийн, хамгаалалтад жигдхэн тоглоно. Манай багийн давуу тал бол хувилбартай тоглолт бөгөөд гүйцэтгэлээ чамбай дуусгах нь хамгийн чухал.

 

Бас нэг давуу тал бол эсрэг багийн өндөр тоглогчдыг зайнд гаргаад Раелин Ди Али дээр /163 см өндөртэй/ өндөр намын зөрүү үүсгэж, будагтай талбайд өндөр тамирчдынхан нь эсрэг хурдаар илүүрхэн хөл дээр нь ажиллан тоглох боломж бий.

 

Мэдээж хожих боломжийн хувьд дэлхийн аварга Италийн шигшээ багийн магадлал өндөр. Харин дасгалжуулагчийн тактик, ур ухаан, тоглогчийн талбайд гаргах шийдвэр, тоглолт ямар байхаас бүх зүйл хамаарах юм байна.

Олимпын үеэр мөрдөх 15 минутын дүрмийг цуцлана

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токиогийн олимпын наадмын үеэр коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд хатуу чанга дүрэм журам мөрдүүлж байгаа бөгөөд тус журмын нэг  болох 15 минутын дүрэм юм байна.

 

Тамирчид, төлөөлөгчид зайлшгүй шаардлагаар зочид буудлаасаа гарах бол 15 минут л явах ёстой гэсэн утгатай. Харин тамирчид ийм богинохон хугацаанд дэлгүүрээс хоол ундны юмаа цуглуулах юм уу, эмийн сангаас эм авахад хэцүү байгаа талаар гомдоллох болжээ. Харин зохион байгуулагчдаас уг дүрэм журмыг эргэн харж 15 минутын дүрмийг цуцлахаар төлөвлөж буйгаа мэдэгдлээ.

 

“Хэрэв тухайн байрлаж буй газартаа хооллох боломжгүй бол дэлгүүр орох зэрэг зайлшгүй шаардлага гарна. Ийм тохиолдолд бид тамирчдад боломж олгох ёстой. Заавал 15 минутад багтаа гэж шаардахгүй. Одоо 15 минутын дүрэм байхгүй болно. Гэхдээ нэг минут ч гэсэн гадагш гарах бол үүдний жижүүртээ нэр, өрөөний дугаараа тэмдэглүүлэх ёстой” хэмээн Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Маса Такая хэлэв.

 

Хэдийгээр 15 минутын дүрэм хүчингүй болсон ч тамирчдыг зочид буудлаасаа хол явахгүй байхыг анхааруулжээ. Ковидын өвчлөлийн улмаас Япон улс онц байдал тогтоогоод байгаа бөгөөд сүүлийн 24 цагийн дотор Токиод хотод халдварын 979 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь нэгдүгээр сарын 15-наас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм байна.

Монголын баг тамирчдын тэмцээний хуваарь

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Токио-2020" Зуны XXXII олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн хурд, хүч, ур чадвараа сорих үндэсний шигшээ баг тамирчдын тэмцээний хуваарийг МҮОХ-ноос албан ёсоор мэдээлж байна.


Тухайлбал, Токиогийн олимпын наадмын эхний өдөр Монголын Байт харвааны тамирчид цэцээ сорьж байгаа бол маргааш буудлага спорт /О.Есүгэн, Э.Даваахүү/, эмэгтэй 3х3 сагсан бөмбөг, бокс /Э.Цэндбаатар/, жүдо /М.Уранцэцэг, Д.Амартүвшин/, ширээний теннис /Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ/, байт харвааны /Б.Урантунгалаг, Б.Отгонболд/ холимог хос төрлүүдийн тэмцээн явагдах юм байна. 












Олимпын нээлтийн өдөр халдварын 19 тохиолдол илэрлээ

ТОКИО. /Kyodo/. Токиогийн Олимпын тамирчдын хотхонд байрлаж буй гурван хүнийг оролцуулан 19 хүний коронавирусний шинжилгээний хариу шинээр эерэг гарлаа гэж тус наадмыг зохион байгуулах хорооноос өнөөдөр мэдээллээ.


Энэ сар гарсаар наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо өдөрт хамгийн олноор нэмэгдсэн нь энэ бөгөөд гадаадын гурван тамирчин одоо 14 хоног тусгаарлагдахаар болж байна. Үлдсэн хүмүүсийн хувьд, гурав нь гэрээт ажилтан, гурав нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан юм.


Зохион байгуулах хорооны мэдээлснээр, шинжилгээний хариу нь эерэг гарсан гурван тамирчны нэг нь тамирчдын хотхонд байрлаж байсан бол бусад нь Чех, Нидерландын тамирчид ажээ.


Ингэснээр долоодугаар сарын 1-нээс хойш бүртгэгдсэн, Олимпын наадамтай холбоотой халдварын тохиолдлын тоо 106-д хүрч байна. Зохион байгуулах хорооноос танилцуулж буй өдөр тутмын энэхүү мэдээлэлд наадмын өмнөх бэлтгэлийн байранд шинжилгээний хариу нь эерэг гарсан тамирчид, төлөөлөгчдийг оруулдаггүй байна.


Олимпын тамирчдын хотхонд халдварын анхны тохиолдол өнгөрсөн бямба гарагт илэрсэн ба тухайн хүн наадамтай холбоотойгоор хилийн чанадаас ирсэн хүмүүсийн жагсаалтад бүртгэгдсэн байжээ.


Халдвар илэрсэн хүмүүстэй ойр байсан тамирчдын хувьд тэмцээнээ эхлэхээс өмнөх зургаан цагийн дотор өгсөн шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд өрсөлдөх боломжтой ажээ.


Олимпын наадам Токиод дөрөв дэх удаагаа онцгой байдал тогтоогоод буй энэ үед өнөө орой албан ёсоор эхэлнэ. Онцгой байдлын дэглэм наймдугаар сарын 22 хүртэл хэрэгжих тул ирэх сарын 8 хүртэл үргэлжлэх наадмын хугацааг бүхэлд нь хамрах юм.


Олимпын нээлтийн ёслол тэргүүтэй ихэнх үйл ажиллагаа Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс танхимын үзэгчгүйгээр явуулна. 

С.Ёшихидэ Олимпын дипломат ажиллагаагаа эхлүүллээ

ТОКИО. /Kyodo/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Токиогийн Олимпын нээлтийн ёслолд оролцохоор хүрэлцэн ирсэн гадаадын орнуудын өндөр түвшний төлөөлөгчидтэй хийх гурван өдрийн дипломат уулзалтаа эхлүүлж, АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден болон хэд хэдэн орны удирдагчидтай уулзав.


Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон тэргүүтэй 15 орчим улс орон, олон улсын байгууллагын тэргүүн нар Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд баасан гарагт болох ёслолын үйл ажиллагаанд оролцоно. Японы нийслэлд “COVID-19” халдварын улмаас онцгой байдал тогтоосон хэвээр байгаатай холбоотойгоор нээлтийн ёслолыг танхимын үзэгчгүйгээр явуулна.  


С.Ёшихидэ 1909 онд угсаа залгамжлах хунтайжийн өргөөний зориулалтаар байгуулсан “Акасака” ордонд гадаадын өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж байгаа юм. Ийнхүү Ерөнхий сайд болон түүний гэргий Марико нар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены гэргийтэй пүрэв гаргийн орой оройн зоог барьжээ. Тэргүүн хатагтай Олимпын нээлтийн ёслолд оролцох Америкийн төлөөлөгчдийг тэргүүлж буй юм.


Олимп, Паралимпын наадам амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа Жилл Байден С.Ёшихидэтэй уулзах үеэрээ хэлснийг Японы Гадаад хэргийн яам уламжилжээ. Үүний хариуд Ерөнхий сайд, нээлтийн ёслолд Байдены гэр бүлийн гишүүн оролцож буй нь Япон-АНУ-ын харилцаа өндөр ач холбогдолтой болохыг тодотгон харуулж буйд баяртай байгаагаа илэрхийлжээ. Талууд мөн боловсрол тэргүүтэй бусад сэдвийн талаар хэлэлцсэн байна.


Коллежийн профессор Жилл Байдены хувьд нөхрөө нэгдүгээр сард ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш Япон улсад анх удаа айлчилж буй юм. Тэрбээр эзэн хаан Нарүхитод бусад зочдын хамтаар баасан гарагт бараалхахаар товлоод байна.


С.Ёшихидэгийн хувьд Э.Макронтой бямба гарагт уулзана. Энэхүү уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч тусдаа байгаа, салсан эцэг эхчүүдийн хүүхдүүдтэй холбоотой асуудлыг хөндөх төлөвтэй байна.


Францын 39 настай иргэн Винсент Фишо өөрийн Япон эхнэр нь хоёр хүүхдийг хулгайлсан хэмээн мэдэгдэж, энэхүү асуудалдаа олны анхаарлыг татахын тулд Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо өлсгөлөн зарлажээ.


Мөн С.Ёшихидэ пүрэв гарагт Өмнөд Суданы дэд Ерөнхийлөгч Ребекка Нянденг Де Мабиор, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гербейесус, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нартай уулзжээ.


Өмнөд Суданы дэд Ерөнхийлөгч Ребекка Нянденг Де Мабиор


НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар Филиппо Гранди



Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гербейесус



Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ


Т.Гебрейесус “COVID-19” цар тахлын улмаас олон сорилт тулгараад буй энэ цаг үед Токиогийн Олимпыг зохион байгуулах шийдвэр гаргаж, халдварыг хяналтад авах чиглэлд хүчин чармайлт гаргаж буйг сайшаасан гэж Гадаад хэргийн яам мэдээлжээ. Ерөнхий сайд хариуд нь, вакциныг хүртээмжийг тэгш байлгах чиглэлд үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргахаа амлаад, коронавирусний гарал үүслийг тогтооход нэмэлт судалгаа шаардлагатай байгааг онцлон тэмдэглэжээ.


С.Ёшихидэ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэр, талууд Япон, Монгол чөлөөт, нээлттэй Энэтхэг, Номхон далайн бүсийг цогцлоох чиглэлд хамтран ажиллаж,  БНАСАУ-д 1970, 1980-аад онд хулгайлагдсан Япон иргэдийн асуудалд нэн даруй шийдэл олох чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцлоо гэж Гадаад хэргийн яам мэдээлжээ. 


Тус яамны нэгэн өндөр албан тушаалтны мэдээлснээр, коронавирусний илүү хурдан халдварладаг хувилбарууд сүүлийн үед эрчимтэй тархах болсон нь олон төлөөлөгчийг айлчлалаа цуцлахад хүргэсэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний хувьд Сөүл дэх Японы Элчин сайдын яамны орлогч дарга түүний талаар зохисгүй үг хэлсний дараа нээлтийн ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.


Мөн Японд Засгийн газрын түвшний 70 орчим төлөөлөгч айлчлах төлөвтэй байгаа боловч яг хэчнээн хүн оролцохыг эцсийн минут хүртэл эцэслэн танилцуулах боломжгүй байна гэж Сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Като Кацүнобү мэдэгдсэн байна.

Токиогийн олимпын нээлтийн ёслол өнөөдөр Улаанбаатарын цагаар 19.00 цагт эхэлнэ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр цэнгэл болох “Токио-2020” Зуны XXXII олимпын наадам өнөөдөр албан ёсоор нээлтийн ёслолоо Монголын цагаар 19.00  цагт хийнэ.

 

Энэхүү олимпын наадмын "Токио-2020" Зохион байгуулах хорооны ёслолын ажиллагааны гүйцэтгэх продюсер Такаюки Хиоки ярихдаа: “Олимпын наадам хойшилсон учир бид нээлтийн үйл ажиллагаагаа хялбарчлах болсон нь хамгийн хэцүү хэсэг нь байлаа. Бид ч үзэгчдэд хүргэх гэсэн санаагаа эрс шинэчлэх шаардлагатай болсон. Бараг 5 жил төлөвлөсөн зүйлээ дахин шинэчлэх хэрэгтэй болсон. Энэ бол хамгийн том сорилт байлаа” гэжээ.

 

Анх удаа дэргэдээ үзэгчгүй олимпын наадам ийнхүү "Хөшиг"-өө нээж байгаа гэдгээрээ түүхэнд тодоор бичигдэх юм. Цар тахлын улмаас олимпын наадмын нээлтийн ёслолд зөвхөн сонгогдсон албаны хүмүүс оролцоно. Зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч Хидэмаса Накамүра: “Нээлтийн ёслолд 950 гаруй тусгай зочид өнөөдрийн нээлтийн ёслолд оролцохоос тэдний 800 нь гадаадын зочид бол 150 нь Япончууд байх юм.

 


Мөн Токиогийн олимпын нээлтэд Японы уран бүтээлчид болох Сэйгэн Токүзава, Марихико Хара, Маяасүки Кагэй болон комедигийн хослол Хиро-Пон нар оролцох аж.

 

Японы эзэн хаан Нарүхито гэр бүлээ төлөөлөн ганцаараа олимпын нээлтийн ёслолд оролцоно.

 

Монгол Улсын баг тамирчид Зуны олимпын наадамд 14 дэх удаагаа оролцож байгаа бөгөөд монголчууд анх 1964 онд Япон улсын Токио хотноо зохион байгуулсан XVIII олимпын наадамд оролцож байсан түүхтэй. Ийнхүү Монголын баг тамирчид 57 жилийн дараа арлын Япон орны нийслэл Токио хотноо болох XXXII олимпын наадамд өрсөлдөх гэж байна.   

 

Энэхүү олимпын наадамд Монгол Улсаас бокс, жүдо, чөлөөт бөх, байт харваа, буудлага спорт, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлт, ширээний теннис, хөнгөн атлетик, хүндийг өргөлт гэсэн спортын 10 төрөлд 43 тамирчин хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Монголчууд өмнө нь “Москва-1980”, “Рио-2016” олимпын наадамд 43 тамирчаа оролцуулж байсан бөгөөд уг дээд амжилтыг энэ удаа давтаж байгаа билээ.

 

Токиод өрсөлдөх тамирчдаас О.Гүндэгмаа, С.Батцэцэг, Д.Сумъяа нарын олимпын медальт тамирчид болон М.Уранцэцэг, Э.Цэндбаатар нарын өмнөх олимпын наадмаас шагналт байр эзэлж байсан гавьяат тамирчид ч энэ удаа олимпын медалийн төлөө өрсөлдөх юм.


Бас нэгэн онцлог гэвэл Монголын баг анх удаа спортын 10 төрөлд өрсөлдөхөөр Токиод ирсэн бөгөөд багийн төрөлд анх удаа 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй олимпын дэвжээнд өрсөлдөнө. Мөн ширээний теннисний спортын төрлөөр монголчууд олимпод анх удаа хүч, ур чадвараа сорих юм.

 

Монголын баг тамирчдын хувьд анх удаа баг тамирчдын олонхийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа бөгөөд 25 эмэгтэй тамирчин Токиод оролцох бол 18 эрэгтэй тамирчин хүчээ сорихоор ирсэн байна. Өмнө нь оролцож байсан олимпын наадмуудаас “Мюнхен-1972”, “Монреал-1976” олимпод тус бүр хамгийн цөөн буюу 2 эмэгтэй тамирчин өрсөлдөж байсан бөгөөд бусдад нь эрэгтэй тамирчид давамгайлж, олонхи болж байсан юм.  

 

Монголын баг тамирчдын тэмцээн уралдааны салхийг хагалж өнөөдөр байт харвааны спортын төрөлд ОУХМ Б.Урантунгалаг, Отгонболд нар цэц мэргэнээ сорин өрсөлдөнө.

 

Монгол Улсаас 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй тамирчид, дасгалжуулагчид болон албаны хүмүүс Токиод очоод байгаа бөгөөд үндэсний шигшээ багийн олимпын туг баригчаар гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр /жүдо бөх/, 3х3 сагсан бөмбөгийн тамирчин О.Хулан нар сонгогдсон.

 

Улс орнуудын баг тамирчид Токиогийн олимпын нээлтийн ёслолд оролцох гишүүдийн тоог зарлаад эхэлжээ.

 

Тухайлбал, Австрали улсаас олимпын нээлтийн ёслолд 50 тамирчин болон албаныхан жагсах бөгөөд багийн нийт гишүүдийн тоо нь 472 юм байна.

 

БНСУ-аас 26 тамирчин жагсах бол багийн олимпын туг баригчаар Хван Сүн Вү, Ким Ён Күг. Багийн нийт гишүүдийн тоо 354 /Үүнээс 232 нь тамирчин/

 

Энэтхэг улсаас олимпын нээлтэд 50 тамирчин болон албаныхан жагсана. Нийт гишүүдийн тоо – 228 /Үүний 119 нь тамирчин/

 

Канадаас олимпын нээлтэд 30-40 тамирчин. Туг баригчаар Миранда Айм, Натан Хираяама. Багийн гишүүдийн тоо нь 370 хүн байх юм байна. 

Олимпын наадмын нээлтийн ёслол өнөөдөр болно

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын нээлтийн ёслол өнөөдөр болно. Зохион байгуулагчид наадмын үеэр тамирчид, арын албаны ажилтнуудын дунд коронавирусний халдварын тархалтыг хэрхэн зогсоох вэ гэдэг нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.


Цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон "Токио-2020" Олимпын нээлтийн ёслол Токио хотын төвд байрлах Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болно. Японы нийслэлд сүүлийн 57 жилийн хугацаанд анх удаа Олимпын наадмыг зохион байгуулж буй нь энэ юм.


Энэ удаагийн Олимп нь хамгийн олон буюу 33 спортын төрөлтэй гэдгээрээ онцлог бөгөөд дэлхийн 200 орчим улс орон, нутаг дэвсгэрийн 11 мянга гаруй тамирчин хурд хүчээ сорин өрсөлдөнө. Олимпын наадам ирэх наймдугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 


Токиод халдварын үзүүлэлтүүд дахин нэмэгдсэний улмаас онцгой байдал тогтоогоод буйтай холбоотойгоор танхимын үзэгчдийг нээлтийн ёслол тэргүүтэй ихэнх тэмцээнийг үзэж сонирхохыг хориглосон юм. Энэхүү онцгой байдлын дэглэм наймдугаар сарын 22 хүртэл хэрэгжинэ.


Одоогийн байдлаар тамирчид, арын албаны ажилтнуудын дунд коронавирусээр халдварласан олон арван тохиолдол бүртгэгдээд буй нь Олимпын наадмыг аюулгүй зохион байгуулж чадах эсэх талаар шүүмжлэл дагуулаад байна. Мөн наадмыг зохион байгуулагчид сүүлийн өдрүүдэд дуулиан шуугианд өртөх болжээ.


Тодруулбал, нээлтийн ёслолын хөгжмийн зохиолч ангийнхаа хүүхдүүдийг болон бусад сурагчдыг, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зохисгүй хандаж байсан талаарх сэтгүүлд өгсөн ярилцлагынхаа төлөө үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн юм. Түүнчлэн нээлтийн ёслолын найруулагч олон жилийн өмнөх хошин жүжгийнхээ үеэр еврейчүүдийг үй олноор хомроглон устгаж байсан талаар хошигносон үг хэлснийхээ улмаас шүүмжлэлд өртөн ажлаа хүлээлгэн өгсөн байна.


Олимпын наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Хашимото Сэйкогийн хувьд, олон нийтийн үзэл бодол янз бүр байгааг ухамсарлаж байгаагаа хэлжээ. Гэвч дэлхий дахин хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулгараад буй энэ цаг үед спортын хүч чадлыг хүн төрөлхтөнд сануулахын төлөө Олимпын наадмыг зохион байгуулах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Абэ Шинзо Олимпын наадмын нээлтэд оролцохоос татгалзжээ

ТОКИО. /NHK/. Токиогийн Олимпын наадмын нээлтийн ёслолд өндөр дээд түвшний зочны хувиар уригдсан Японы Ерөнхий сайд асан Абэ Шинзо нээлтэд оролцохоос татгалзжээ.


Коронавирусний халдварт өвчин тархсантай холбогдуулан Токиод онц байдлын дэглэмийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй энэ үед Наадмыг зохион байгуулах хорооны хүндэт зөвлөх А.Шинзо ийм шийдвэр гаргасан байна. Цар тахлын улмаас Японд нээлтийн ёслол болон дийлэнх тэмцээнийг энгийн ард иргэд үзэж сонирхох боломжгүй юм. Үүнтэй холбогдуулан эгэл жирийн иргэд ёслолыг үзэх боломжгүй учир нээлтэнд хүрэлцэн ирэх нь зохисгүй гэж А.Шинзо үзэж байна.


Токиогийн Олимпын наадам 2020 оны 7 дугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан боловч коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлогдсон билээ. Наадмыг гадаадын хөгжөөн дэмжигчидгүйгээр зохион байгуулах эцсийн шийдвэрийг зохион байгуулагчид гуравдугаар сарын 20-нд гаргасан юм.