ТОКИО-2020
Токиогийн Олимпын шинэ цэнгэлдэх хүрээлэнг олон нийт үзэж сонирхжээ

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотноо ирэх онд зохион байгуулах Олимп, Паралимпын наадмын гол цэнгэлдэх хүрээлэнг олон нийт анх удаа үзэж сонирхжээ.


Олимпын наадмын онтой ижил тоо бүхий 2020 хүнийг сонгосон бөгөөд шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн гүйлтийн замыг шалгах зорилгоор тэмцээн зохиосон байна. Тэд 400 метр гүйлтийн замыг нэг тойрсон бол зарим нь 50 метрийн буухиа гүйлтэд оролцсон байна.


Токиогийн Олимпын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа болох энэхүү цэнгэлдэх хүрээлэн 60 мянга орчим хүний суудалтай бөгөөд гүйлт, хөл бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулна. 152.9 тэрбум иен буюу 1.4 тэрбум ам.долларын өртгөөр байгуулсан уг цэнгэлдэх хүрээлэнг Япон барилгын уламжлалт хэв маягийг шингээн барьсан бөгөөд 47 мужаас авчирсан модыг ашиглажээ. 

Монголын спортын 2019 оны онцлох амжилтууд

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улиран одож буй 2019 онд Монголын спортын ертөнцөд дэлхий, тивийн болон олон улсын уралдаан тэмцээнд улс орныхоо нэрийг гаргасан томоохон амжилтуудыг онцлон дурдаж байна.


Монголын багийн спортынхон ТОП хэмээгдэх спортын төрлүүдийн өмнө орж цойлсон түүхэн амжилтуудыг гаргасан гэдгээрээ "2019 он" онцлогтой жил болсон билээ. Сагсан бөмбөгийн спорт Монголд 60 шахам жилийн өмнөөс хөгжиж, хүүхэд, багачууд бага наснаасаа энэ спортоор хичээллэж, тоглож өссөн билээ. Харин тив, дэлхийн хэмжээнд томоохон амжилт гаргасан нь тун ховор. Сүүлийн жилүүдэд сагсанбөмбөгийн спортоор тэр тусмаа 3х3 төрлөөр өсвөр, залуу үеийнхэн олон улсад төдийгүй тив дэлхийд танигдаж, амжилт нь эрс дээшилсээр байгаа юм. Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчид 2019 онд тоглолтын ур чадвар, амжилтын чансаагаараа олимпын эрхийн болзлыг хангасан гэж болно



Үүнийг батлан харуулж, 2019 оны 11 дүгээр сарын 01-нд сагсан бөмбөгийн 3х3 төрөлд олимпын эрх авсан орнуудыг зарлахад Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийг албан ёсоор авсан билээ. Тэд Монголын багийн спортын түүхэнд олимпын эрхийг ийнхүү анх удаа хүртсэн баг тамирчид болж байна. Монголын эмэгтэй шигшээ багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нар багтжээ.


Монголын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эрэгтэйчүүдийн баг тамирчид ч энэ жилийн турш гайхалтай ялалтууд байгуулж монголдоо төдийгүй олон улсад гайхагдсан. Энэ удаа олимп зохион байгуулагч орны хувьд Япон улс давуу эрхээ эдлэн цагаан хуудсаар эрэгтэй багаа оролцуулах болж, манай эрэгтэйчүүд олимпын эрх авах боломжгүй болсон юм.  Манай гол өрсөлдөгчид болох Серби, ОХУ, БНХАУ, Японы сагсан бөмбөгчид олимпын эрхээ авчихсан. Тэгэхээр өрсөлдөгчгүй шахам болсон манай эрэгтэйчүүдийн багийг 2020 оны 3 болон 4 дүгээр сард Энэтхэг болон Унгар улсад болох олимпын эрхийн төлөөх тэмцээн хүлээж байгаа нь таатай хэрэг.



Монгол Улсын багийн спортынхоны хувьд 2019 онд сагсан бөмбөгөөс гадна хөлбөмбөг, шайбтай хоккей зэрэг төрлөөр олон улсад танигдсан чамгүй амжилтыг гаргаж монголчуудаа баярлуулсан билээ. Тиймээ, Энэ жил 60 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байгаа Монголын хөлбөмбөгийн спорт нас насны ангилалдаа өндөр амжилт гаргаж, ур чадвар нь эрс дээшилж байгааг хөлбөмбөг соннирхогчид ихэд үнэлж, дэмжин таалах болсон.


Тэдний томоохон амжилт гэвэл, Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Брунней улсын “Бруней Даруссалам” багийн ногоон талбайд хийсэн хариу тоглолтод амжилттай тоглож, гоолын нийлбэрээр 3:2-оор хожсон амжилтаар 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны хэсэгт орж тоглох эрхийг авч, Монголын үе үеийн хөлбөмбөгчдийн хувьд түүхэн амжилт тогтоосон юм.


Ийнхүү Монголын үндэсний шигшээ баг Ази тивийн шилдэг 40 багийн эгнээнд дэвшиж ДАШТ-ий урьдчилсан шатны хоёрын даваанд F хэсгийн /Япон, Киргиз, Тажикстан, Мьянмар, Монгол/ анхны өрсөлдөгч болох Мьянмар улсын шигшээ багтай /2019.09.05/ өрсөлдөж, 1:0-ээр хожсон. Энэхүү түүхэнд бичигдэх хожлын гоолыг А.Нармандахын дамжуулалтаар 18 настай залуу тамирчин А.Дөлгөөн Мьянмарын хаалганд оруулсан юм. Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны "F" хэсгийн хүрээнд хоёр тоглолт хийж нэг хожил байгуулсан Монголын шигшээ багийн дэлхийн чансаа 4 байраар урагшилж 183 дугаарт эрэмбэлэгдсэн. Энэхүү F хэсэгт Япон, Киргиз, Тажикстан, Монгол, Мьянмар улсын баг багтан өрсөлдөж байгаа юм.


Багийн спортоор сүүлийн жилүүдэд амжилтаа ахиулж байгаа спортын төрлөөр Монголын шайбтай багийг онцлох ёстой. Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо шайбтай хоккейн "Asian challenge cup” тэмцээнд хүч, ур чадвараа сорьсон Монголын хоккейчид /2019.03.09/ алтан медаль хүртсэн юм.


Ийнхүү манай шигшээ багийнхан аваргын төлөөх тоглолтод Филиппиний шигшээ багийг 6:3-аар хожиж Азийн хошой аварга болж, төрийн дууллаа эгшиглүүлсэн билээ. Монголын үндэсний шигшээ баг хэсгийн тоглолтдоо Малайзыг 9:5-аар, Сингапурыг 13:3-аар хожсон ч Филиппиний шигшээ багт хожигдоод байсан ч ийнхүү аваргын төлөөх тулаанд энэ багтай дахин тоглож хожиж чадсан юм.



Олимпын медальт тамирчдыг төрүүлсэн Монголын топ спортын төрлүүдээс 2019 онд онцлох өндөр амжилт гаргасан тамирчдаас дурдвал, “Рио-2016” олимпын V байрын шагналт, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга Э.Цэндбаатар 2019 онд Ази тивийн аварга болсон төдийгүй ДАШТ-ий /2019.09.21/ хүрэл медальтан болсон билээ.



Чөлөөт бөхийн спортоор Хөдөлмөрийн баатар, “Лондон-2012” олимпын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, ДАШТ-ий  мөнгө, хүрэл медальтан, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг  “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-д хүрэл медалийн төлөөх барилдаанд Дэлхийн аварга Украины Алла Черкасоваг ялж ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн. Тэрбээр энэ ДАШТ-ээс Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын “Токио-2020” олимпын хоёр дахь эрхийг авч чадсан юм.


Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт, Дэлхийн Армийн 2019 оны аварга, гавьяат тамирчин О.Гүндэгмаа Катар Улсын Доха хотноо 11 дүгээр сард болсон буудлагын спортын Ази тивийн АШТ-ий 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноогоор “Токио-2020” олимпын эрхээ авсан. Түүний энэ амжилт нь олимпын наадамд 7 дахь удаагаа ур чадвараа сорих эрх авсан анхны тамирчин болж Монголын спортын түүхэнд тодоор бичигдэх юм.



Тайландын Паттаяа хотноо болсон /2019.09.26/ хүндийн өргөлтийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 81 кг-д Мөнхжанцангийн Анхцэцэг огцом өргөлтөөр 110 кг-ын туухай өргөж хүрэл медаль хүртэв. М.Анхцэцэгийн энэ медаль нь ДАШТ-ээс хүртэж буй түүний хоёр дахь хүрэл медаль төдийгүй Монголын туйванчдын түүхэнд бичигдэх ДАШТ-ий хоёр дахь медаль болж байна.



Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 105 кг-д гавьяат тамирчин Э.Содномпилжээ хэвтээ шахалтын төрөлд дэлхийн дээд амжилтыг 3 удаа /2019.03.21 /шинэчлэн тогтоолоо. Тэрбээр эхний оролтоор 242 кг-ыг шахаж, 247 кг, 252 кг-ыг тус тус  өргөжээ, сүүлийн оролдлогоор 255 кг-ыг амжилттай шахаж Монгол Улсын аварга болов. Э.Содномпилжээ Казахстаны Нур-Султан хотноо 2019.07.19-нд пара пауэрлифтингийн ДАШТ-ий 107 кг-д 247 кг өргөн түрүүлж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр Улаанбаатарт /09.12/ болсон ОУТ-ий пауэрлифтингийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн 105 кг жинд 248 кг өргөж Дэлхийн дээд амжилтыг шинэчлэв. Ийнхүү 2019 онд гаргасан эдгээр амжилтаараа “Рио-2016” паралимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ “Гиннесийн ном”2019.09.16/ албан ёсоор бүртгэгдсэн билээ.



Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мөнхзаяа Австрали улсад болсон “Алтан зам” ангиллын тэмцээнд хурд, хүчээ сорин IY байр эзэлж, олимпын эрхийн болзлыг 2 дахь удаагаа хангалаа. Тус тэмцээнд Б.Мөнхзаяа 42 км 195 метр замыг 2 цаг 29 минут 18 секундэд туулан барианд орсон юм. Тэрбээр 2019 оны хоёрдугаар сард Хонконг хотноо болсон олон улсын тэмцээнд зургадугаар байрт шалгарч 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхээ Монголын баг тамирчдаас хамгийн түрүүнд авч байсан юм.


Улиран одож буй 2019 онд монголын ахмад тамирчид монголчуудаа баярлуулсан, өсвөр залуу үеийнхэндээ үлгэр дууриалал болсон, бахархалт амжилтуудыг онцлох учиртай. Польшийн Торун хотод /2019.04.02/ хөнгөн атлетикийн мастеруудын ДАШТ-ээс 85 настай Ц.Раднаа гуай 400 метрийн зайд аваргын алтан медаль хүртэж, дэлхийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоов. Тэрбээр 60 метрийн саадтай уралдаан болон гурвын харайлтын төрөлд тус тус алтан медаль хүртэж, энэ ДАШТ-ээс 3 алтан медаль зүүсэн юм.



Тэрбээр Австрали улсад /2019.09.06/ болсон хөнгөн атлетикийн тэмцээний гурвын харайлт, 60 метрийн гүйлт, 80 метрийн саадтай гүйлт гэсэн 3 төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон. Улмаар Малайз улсад болсон Ази тивийн мастеруудын АШТ-ээс /2019.12.05/ Ц.Раднаа /400 м, 200 метрийн гүйлт, 80 метрийн саадтай гүйлт, гурвын харайлт/ 4 алтан медаль хүртсэн юм.



Монгол Улсын гавьяат тамирчин 81 настай Т.Цэрэндолгор 2019 оны хөнгөн атлетикийн ахмадын ДАШТ-ээс нэг алт,  дөрвөн мөнгөн медаль хүртэж, өмнөх жилүүдийн амжилтын буухиагаа үргэлжлүүлж Монгол Улсынхаа нэрийг дахин мандуулсан юм. Тэрбээр хөнгөн атлетикийн Ази тивийн 2019 оны АШТ-ээс жад шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн төрөлд түрүүлж, тивийн аварга болсон төдийгүй хоёуланд нь Азийн дээд амжилтыг шинэчилсэн билээ.


Монгол хүний эр зориг, тэвчээр хатуужил, хүч чадал нөөц боломжийг дэлхий дахинд гайхшруулан, бишрүүлсэн онцгой амжилтуудыг гаргасан тамирчдаа энд бас онцлон тэмдэглэх нь зүйн хэрэг.


”Токио-2020” зуны олимпын 32 дугаар наадмын өмнөх жил 2019 онд Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Мөнхбатын Даваажаргал /Хакүхо/ 2019 оны хамгийн сүүлийн буюу Кюүшюү башёгийн 15 дахь өдрийн барилдаанд Японы залуу Озэки Такакейшог итгэл төгс ялж 14 даваа, 1 унаатай 43 дахь түрүүгээ хүртсэн. Ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Их аварга Хакүхо М.Даваажаргал Японы Эзэн хааны болон Ерөнхий сайдын цомыг 43 удаа хүртсэн анхны Их аварга, хосгүй амжилтын эзэн болж сумо бөхийн түүхэнд тодоор бичигдсэн билээ.


Бас нэгэн бахархалт амжилтыг дурдвал, мэргэжлийн боксын ертөнцөд “King Tug” хэмээх нэрээр цахиур хагалж, алдараа дуурсгах болсон монгол боксчин, “Лондон 2012” олимпын болон 2009 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт. Тэрбээр 2019 оны нэгдүгээр сард Олон улсын мэргэжлийн боксын байгууллага /IBО/-ын Дэлхийн аварга болсон юм. Н.Төгсцогт 2020 оны нэгдүгээр сард багтаж Дэлхийн боксын зөвлөл /WBC/-ийн гурван удаагийн аварга АНУ-ын тамирчин Гарри Рассельтай WBC-гийн дэлхийн аваргын төлөө тулалдах гэрээ байгуулсан билээ.



Мөн Шри Чинмойн нэрэмжит дэлхийн холын зайн гүйлтийн уламжлалт 6 болон 10 өдрийн  нээлттэй тэмцээн Нью-Йорк хотод 2019 онд болж, дүнгээ гаргахад эрэгтэйчүүдийн 10 өдрийн гүйлтийн ангилалд Монгол Улсын тамирчин Б.Буджаргал 1221.8 км замыг туулсан амжилтаараа түрүүлсэн нь бас л монгол хүний тэсвэр тэвчээр, эр зоригийг харуулсан амжилтын нэг яах аргагүй мөн билээ.



Монголын топ спортын төрлүүдийн нэг болох жүдо бөхийн шигшээ багийн тамирчид “Токио-2020” зуны 32 дугаар олимпын наадам хаяанд ирсэн тун хариуцлагатай цаг үед “Токио-2019” жүдо бөхийн ДАШТ-ээс ганцхан хүрэл медальтай ирж монголчуудынхаа итгэлийг алдсан билээ. Харин энэхүү ДАШТ-д амжилтгүй оролцсон МЖБХ-ны удирдлага болон дасгалжуулагчид хариуцлагаа ухамсарлан ажлаа /2019.09.11/ хүлээлгэн өгч, бусад спортынхонд үлгэр дууриалал үзүүлсэн. Монголын жүдочид сүүлийн 4 олимп дараалан медалийн буухиаг таслаагүй бөгөөд энэ амжилтаа бататган “Токио-2020” олимпын наадмаас медаль хүртэнэ хэмээн монголчууд итгэж найдаж байгаа. 



“Токио-2020” зуны олимпын наадам эхлэхэд 7 сар гаруй буюу 227 хоног үлдээд байгаа энэ мөчид Монголын баг тамирчдаас албан ёсоор олимпын дэвжээнд гарах 12 монгол тамирчин эрхээ албан ёсоор аваад байна. Марафонч ОУХМ Б.Мөнхзаяа /хөнгөн атлетик/ Монголын баг тамирчдаас “Токио 2020” олимпын наадмыг зорих анхны эрхийг авсан. Харин хамгийн сүүлд /2019.11.28/ Тайландын нийслэл Бангкок хотноо болсон байт харвааны 21 дэх удаагийн Ази тивийн аварга АШТ-ий эрэгтэй ганцаарчилсан төрөлд Монгол Улсын тамирчин Баатархуягийн Отгонболд эхний гурван байрт шалгарснаар “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрхээ аваад байна.


Монголын буудлагын тамирчид олимпын дөрвөн эрх аваад байгаа бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сард СМ Ц.Анударь, ОУХМ Э.Даваахүү “Токио 2020” олимпын наадмын эрхээ авсан. Оюунбатын Есүгэн Катарын Доха хотноо /2019.11.06/ болсон Ази тивийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд 626,5 оноо авч олимпын эрх авсан бол олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа /буудлага/ “Токио 2020” олимпын визээ авчихаад байгаа юм.


“Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-д Монголын үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Т.Тулга чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” олимпын наадмын анхны эрхийг авсан. Мөн эмэгтэйчүүдийн 68 кг-д Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг олимпын эрхээ өвөртөлсөн.

Монголын эмэгтэй 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг /Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго/ олимпын эрхээ аваад байгаа билээ.


"Токио-2020" зуны олимпын наадмын дараа Токио хотноо паралимпын наадам болно. Монголын пара спортын шигшээ баг тамирчдаас “Токио-2020” паралимпын эхний эрхийг Турк улсын Анталья хотод болсон пара таеквондогийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн к 44 ангиллын 61 кг-д Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн к 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа нар тус тус хүртсэн бол пара буудлагын ОУХМ З.Ганбаатар "Токио-2020" паралимпын эрхээ албан ёсоор авсан. Мөн гавьяат тамирчин Э.Содномпэлжээ пауэрлифтингийн төрлөөр дэлхийн дээд амжилтыг олон удаа ахиулж паралимпын эрхийн болзлоо бүрэн хангажээ. Мөн Бангкок хотноо 10 дугаар сард болсон  байт харвааны Ази тивийн АШТ-ээс Н.Мөнхбаатар мөнгөн медаль хүртсэн амжилтаараа "Токио-2020" паралимпын эрхээ аваад байга юм.

МҮОХ-ны гишүүнээр 7 хүнийг шинээр сонгов

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны гишүүдийн ээлжит бус хурал /2019.11.28/ “Чингис” зочид буудлын “Өргөө” хурлын танхимд болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн баталжээ.


Тухайлбал, МҮОХ-ны 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Мөн зарим гишүүний гишүүнчлэлийг дуусгавар болгож, шинээр 7 хүнийг МҮОХ-ны гишүүнээр элсүүлж, батлав. МҮОХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгчийг нөхөн сонгох ээлжит бус гишүүдийн хурлыг 2020 оны гуравдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулахаар товлож, хараат бус, бие даасан сонгуулийн комиссыг байгуулав. Тус комисс нь нэр дэвшигчдийн материалыг хүлээн авахаас эхлэн сонгуулийн дүнг мэдээлэх хүртэлх сонгуулийн бүх үйл ажиллагааг хариуцан ажиллах юм.


Олон улсын залуучуудын "Ногоон наадам"-ыг Улаанбаатар хотноо 2020 онд зохион байгуулах талаар, тус наадмын Гүйцэтгэх хорооны захирал Ц.Бат-Энх танилцуулсан байна.


МҮОХ-ны шинэ гишүүнээр Монголын морин спорт уяачдын холбооноос Б.Батбаатар, Монголын адал явдалт, спортын аяллын холбооноос Б.Энхмандах, Монголын мөсний чарганы холбоо /Олимпын төрөл/-ноос  Б.Баян-Очир, Ц.Анандбазар, Ц.Баттулга, Монголын шатрын холбооноос Я.Санжмятав, Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооноос Ч.Наранбаатар тус тус сонгогджээ.





Байт харваач Б.Отгонболд “Токио-2020” олимпын эрх авлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын нийслэл Бангкок хотноо болж буй байт харвааны 21 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монгол Улсын тамирчин Баатархуягийн Отгонболд эхний гурван байрт шалгарснаар “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрхээ аваад байна.


Түүний цэцээ сорьсон энэ төрөлд 18 орны 43 тамирчин сум тавьсан бөгөөд Б.Отгонболд нь “Токио-2020” олимпын наадмын эрх авсан Монголын анхны байт харваач боллоо. Байт харвааны олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн 2020 оны зургадугаар сард Германы Берлин хотод болох Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн юм байна.







Зуны олимпын их наадамд О.Гүндэгмаа 7 дахь удаагаа оролцоно

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаа Катар Улсын Доха хотноо болж байгаа буудлагын спортын Ази тивийн АШТ-ий 25 метрийн спорт гар бууны төрөлд 587 оноогоор “Токио-2020” олимпын эрхээ авлаа.


Ийнхүү зуны олимпын их наадамд 7 дахь удаагаа оролцохоор боллоо. Отрядын Гүндэгмаа 1978 оны 5 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг багш дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Буудлагын спортоор 1993 оноос эхлэн хичээллэж эхэлсэн бөгөөд хийн гар бууны 10 м, спорт гар бууны 25 метрийн дасгалуудад өрсөлддөг.

Түүний томоохон амжилтуудыг дурдвал, 1998 онд О.Гүндэгмаа Д.Мөнхбаяр, Д.Оюун нарын хамт ДАШТ-ий багийн төрлөөс хүрэл медаль, 2006 онд 25 метрийн хийн гар бууны хувийн төрлөөр хүрэл медаль авсан. 2002, 2006 онд Азийн наадмын хувийн болон багийн төрлөөр хүрэл медаль хүртсэн. Ази тивийн аварга, Дэлхийн цомын шигшээ тэмцээний аварга, дэлхийн цомын цувралуудын алт, мөнгө, хүрэл медальтай. 2005 онд Зүүн Азийн наадмын мөнгө , Ази-Африкийн наадмын хүрэл медальтай /2005/. Москвагийн олимпын наадмаас хойш олимпоос мөнгөн медаль хүртсэн Монголын тамирчин болсон. Тэрбээр 2008 оны 8 дугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 2016 оны 3 сарын 18-нд дэд хурандаа  цол хүртжээ.

Монголын шилдэг тамирчин О.Гүндэгмаа хамгийн сүүлд 10 дугаар сард БНХАУ-ын Үхань хотод болсон дэлхийн цэргийн спортын VII наадам /World Military Games/-ын буудлага спортын 25 метрийн гар бууны дасгалд 590 оноогоор түрүүлж Дэлхийн цэргийн спортын наадмын аварга болсон юм. 

Марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах газрыг өөрчилснийг шүүмжилжээ

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотноо ирэх онд болох Олимпын наадмын марафон гүйлт, спорт алхааны тэмцээнийг хойд нутгийн Саппоро хотноо зохион байгуулах шийдвэрийг тус улсын Хөнгөн атлетикийн холбоо шүүмжилсэн байна.


Зуны улиралд Токио хотод хэт халдагтай холбогдуулан дээрх тэмцээнүүдийг зохион байгуулах газрыг өөрчлөх шийдвэрийг Олон улсын олимпын хороо, Японы Засгийн газар, Токио хотын засаг захиргаа, Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хороо өнгөрсөн долоо хоногт гаргасан юм.


Японы Хөнгөн атлетикийн холбооны төлөөлөгч Казүнори Асаба мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, тамирчид, дасгалжуулагчид болон бусад бие бүрэлдэхүүн сүүлийн таван жилийн турш бэлдсэнийг онцлоод, ийм шийдвэр гарсанд харамсаж буйгаа илэрхийлсэн байна. 

“Токио-2020” зуны XXXII олимп эхлэхэд 262 хоног үлдлээ

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы нийслэл Токио хотноо 56 жилийн дараа болох зуны 32 дугаар олимпын наадамд оролцох эрхийг Монгол Улсаас 40 тамирчин авах зорилт дэвшүүлэн үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэл сургуулиа эрчимтэй базааж байгаа юм.


“Токио-2020” зуны олимпын наадам эхлэхэд 262 хоног үлдээд байгаа энэ мөчид Монголын баг тамирчдаас албан ёсоор олимпын дэвжээнд гарах 10 эрх аваад байна.


Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Баярцогтын Мөнхзаяа 2019 оны хоёрдугаар сард Хонконгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарч 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпын наадамд оролцох анхны эрхийг авсан юм.


Харин 10 дахь эрхийг буудлага спортоор Оюунбатын Есүгэн авлаа. Тэрбээр өчигдөр Катарын Доха хотноо /2019.11.06/ эхэлсэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд О.Есүгэн 626,5 оноо авч эрхийн болзол хангажээ. Одоогоор, Монголын буудлагын тамирчид олимпын гурван эрх аваад байгаа бөгөөд 2019 оны дөрөвдүгээр сард СМ Ц.Анударь, ОУХМ Э.Даваахүү “Токио 2020” олимпын наадмын эрхээ авсан.


Өнгөрсөн есдүгээр сард болсон “Нур-Султан 2019” чөлөөт бөхийн ДАШТ-ний эрэгтэйчүүдийн 65 кг-д Монголын үндэсний шигшээ баг, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпын их наадмын анхны эрхийг авчирсан. Мөн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 68 кг-д Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг олимпын эрхээ авч, улмаар хүрэл медаль хүртсэн юм.


Монголын багийн спортын түүхэнд олимпын эрхийг анх удаа хүртсэн онцгой үйл явдал энэ сарын 1-нд тохиож монголчуудаа баярлуулсан. Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд олимпын эрх авсан орнуудыг энэ өдөр зарлахад Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпын наадамд оролцох эрхийг албан ёсоор авсан юм. Монголын эмэгтэй шигшээ багт Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нар багтжээ. Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчид чансаагаараа олимпын эрхийн болзол хангаад байсан юм. Харин Япон улс зохион байгуулагч орны давуу эрхээ эдлэн цагаан хуудсаар эрэгтэй багаа оролцуулахаар шийдвэрлэснээр манай эрэгтэйчүүд чансаагаараа олимпын эрх авах боломжгүй болсон. Гэхдээ тэд Токиогийн олимпын эрх олгох хоёр ч тэмцээнээс эрх авах боломжтой. Монголын эрэгтэйчүүдийн багийг Энэтхэг болон Унгар улсад 2020 оны 3 болон 4 дүгээр сард болох олимпын эрхийн тэмцээн хүлээж байгаа юм.

"Токио-2020" зуны олимпын наадмын дараа Токио хотноо паралимпын наадам болно. Монголын пара спортын шигшээ баг тамирчдаас “Токио-2020” паралимпын эхний эрхийг Турк улсын Анталья хотод болсон пара таеквондогийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн к 44 ангиллын 61 кг-д Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн к 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа нар тус тус хүртсэн бол пара буудлагын ОУХМ З.Ганбаатар "Токио-2020" паралимпын эрхээ албан ёсоор авсан. Мөн гавьяат тамирчин Э.Содномпэлжээ пауэрлифтингийн төрлөөр дэлхийн дээд амжилтыг олон удаа ахиулж паралимпын эрхийн болзлоо бүрэн хангажээ. Тайландын Бангкок хотноо 10 дугаар сард болсон  байт харвааны Ази тивийн АШТ-ээс Н.Мөнхбаатар мөнгөн медаль хүртсэн амжилтаараа "Токио-2020" паралимпын эрхээ авсан юм.

Ташрамд сонирхуулахад, Монгол Улс зуны 13 удаагийн олимпын наадамд оролцож, 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль хүртсэн. Монгол Улс медаль хүртсэн орны тоогоор 199 орноос 51 дүгээр байрт орж байна.


1964 оны Токиогийн олимпын наадамд 21 тамирчин оролцож медаль хүртэж чадалгүй ирсэн. Тус олимпын наадамд 93 орны тамирчин оролцсон байна.

1968 онд 16 тамирчин Мексикийн Мехико хотыг зорьж /Ж.Мөнхбат/ нэг мөнгө, /Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг/ гурван хүрэл медаль хүртэж, шагналт байрт хоёр тамирчин орсон байна. 112 орон оролцсон тус олимпоос Монгол Улс 27 дугаар байрт орж байжээ.

1972 оны Мюнхены олимпод 41 тамирчин явж /Х.Баянмөнх/ нэг мөнгөн медаль, шагналт байр хоёрыг эзэлж 121 орноос 36-д орсон.

1976 оны Монреалын олимпод 33 тамирчин оролцож /З.Ойдов/ нэг мөнгө хүртэж, шагналт байрт дөрвөн тамирчин орсон амжилтаар 92 орноос 35 дугаар байрт жагссан байна.

1980 оны Москвагийн олимпын наадамд 43 тамирчин оролцож /Ж.Даваажав, Ц.Дамдин/ хоёр мөнгө, /Д.Оюунболд, Р.Даваадалай/ хоёр хүрэл медаль, таван шагналт байр эзэлж 80 орноос 22 дугаар байрт орсон юм. Тус олимпод хөрөнгөтний гэгдэх орнууд оролцоогүй.

1984 оны АНУ-ын Лос-Анжелес хотноо болсон 23 дугаар олимпын наадамд хуучнаар социалист системийн орнууд оролцоогүйгээс манай тамирчид Лос-Анжелес хотыг зориогүй юм.

1988 оны Сөүлийн олимпын наадамд манай 28 тамирчин оролцож /Н.Энхбат/ нэг хүрэл медаль, таван шагналт байр хүртэж 159 орноос 47-д оржээ.

1992 оны Барселоны олимпод 33 тамирчин явснаас /Н.Баярсайхан, Д.Мөнхбаяр/ хоёр хүрэл медаль зүүж, шагналт байранд мөн хоёр тамирчин орсноор тус олимпод оролцсон 169 орноос 48 дугаар байр эзэлсэн.

1996 оны Атлантын олимпын наадамд 18 тамирчин оролцож /Д.Нармандах/ нэг хүрэл медаль хүртэж 179 орноос 71 дүгээр байрт оржээ.

2000 оны Сиднейн олимпод 20 тамирчин оролцож буудлагын тамирчин Отрядын Гүндэгмаа шагналт байр эзэлж, манай тамирчдын олимпын наадамд 1964 онд анх удаа оролцохдоо медаль хүртээгүй шиг Сиднейгээс ганзага хоосон ирснээр 199 орноос 150 дугаарт орж сүүл мушгисан билээ.

Шинэ зууны анхны олимп болох 2004 оны Афины олимпын наадамд Монголын баг тамирчид /Х.Цагаанбаатар/ нэг хүрэл медаль хүртжээ.

2008 оны Бээжингийн олимпын наадамд жүдо бөхийн -100 кг-д Найдангийн Түвшинбаяр, боксоор Энхбатын Бадар-Ууган нар Монголын баг тамирчдын түүхэн дэх анхны алтан медалийг хүртсэн. Мөн 25 метрийн спорт гар бууны төрөлд Отрядын Гүндэгмаа, боксын спортоор Пүрэвдоржийн Сэрдамба мөнгөн медаль хүртжээ.

2012 оны Лондоны олимпын наадамд жүдо бөхийн -100 кг-д олимпын аварга Найдангийн Түвшинбаяр мөнгөн медаль хүртэж, Монгол Улсаас анх удаа олимпын хос медальтан болсон. Боксын спортоор Нямбаярын Төгсцогт мөнгө, жүдо бөхөөр Сайнжаргалын Ням-Очир, чөлөөт бөхөөр Соронзонболдын Батцэцэг, боксын спортоор Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нар хүрэл медаль хүртэж монголчууд олимпын наадмаас анх удаа хамгийн олон буюу 5 медальтай ирсэн юм.

2016 оны Рио-де-Жанейрогийн олимпын наадамд жүдо бөхөөр Доржсүрэнгийн Сумьяа мөнгө, боксоор Доржнямбуугийн Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. 


Монголын эмэгтэй баг Токиогийн Олимпын наадамд оролцох эрхээ авлаа

ТОКИО. /FIBA/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/ 2020 оны Токиогийн Олимпын наадмын сагсан бөмбөгийн “3х3” төрөлд оролцох болзлыг хангасан эрэгтэй, эмэгтэй тус тус 4 багийг нэрлэсэн байна.  


Эмэгтэй шилдэг багуудад Орос, Хятад, Монгол, Румын шалгарч, ирэх оны долдугаар сарын 25-29-нд болох “3х3” тэмцээнд оролцох эрхээ авсан байна. Харин эрэгтэйчүүдийн төрөлд Серби, Орос, Хятад, Японы баг оролцохоор болжээ. 

Токиогийн Олимп, Паралимпыг зохион байгуулах газрыг танилцуулжээ

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотноо ирэх онд болох Олимп, Паралимпын наадмын тэмцээнүүдийг зохион байгуулах газруудын нэгийг мягмар гарагт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд анх удаа танилцуулжээ.


Ariake” гимнастикийн төвийг байгуулахад дотооддоо боловсруулсан модыг ихээр ашигласан бөгөөд 36 мянган хавтгай дөрвөлжин метр талбайтай, 12 мянган хүний суудалтай ажээ. Японы соёлын чухал хэсэг болох модоор үзэгчдийн суудал болон өөр бусад олон хэсгийг барьсан байна.


Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулагчдын мэдээлснээр, ирэх онд болох наадмыг зохион байгуулахаар барьж буй байгууламжуудын дундаас хамгийн их мод ашигласан нь “Ariake” ажээ. Энэхүү шинэ байгууламжид ирэх сард Трамполины дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. 

Токиогийн Олимпын марафон гүйлтийн тэмцээнийг эрт зохион байгуулах санал гаргана

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотноо ирэх онд зохион байгуулах Олимпын наадмын марафон гүйлт, спорт алхалтын тэмцээнүүдийг өглөөний 5 цагт эхлүүлэх  саналыг Токио хотын захиргаа гаргахаар төлөвлөж байгаа талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ.


Олон улсын олимпын хороо /ОУОХ/ эдгээр тэмцээнийг хойд нутгийн Хоккайдо мужид зохион байгуулах төлөвлөгөөг танилцуулсантай холбогдуулан Токио хотын захиргаа дээрх шийдвэрийг гаргажээ. Наймдугаар сарын эхээр нийслэл хотод өглөөний 5 цагийн орчимд нар манддаг байна.


“Токио-2020” Олимпын үеэр хэт халах төлөвтэй байгаагаас үүдэн сөрөг үр дагаврууд үүсэж магадгүй хэмээн олон нийт ихээхэн санаа зовниж байна. Өнгөрсөн долоо хоногт ОУОХ марафон гүйлт, спорт алхалтын тэмцээнүүдийг Саппоро хотод зохион байгуулах талаарх төлөвлөгөөг танилцуулсан юм.  


Саяхан Катарын нийслэл Доха хотод болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий үеэр дээр дурдсантай ижил тэмцээнүүдийг шөнө дунд эхлүүлснийг үл харгалзан бүгчим халууны улмаас олон тамирчин тэмцээнээс гарсантай холбогдуулан ОУОХ дээрх төлөвлөгөөг боловсруулжээ. 

ОУОХ, Токиогийн Олимпын хорооны төлөөлөгчид хэлэлцжээ

ТОКИО. /Kyodo/. "Токио-2020" Олимпын наадмын марафон гүйлт, спорт алхалтын тэмцээнүүдийг Хоккайдо мужийн Саппоро хотод зохион байгуулах боломжийн талаар Олон улсын олимпын хороо болон Токиогийн Олимпын наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгчид хэлэлцжээ.


Пүрэв гарагт Катарт болсон 206 улс орон, бүс нутгийн Олимпын хороодын төлөөлөгчдийн уулзалтын үеэр ОУОХ-ны тэргүүн Томас Бах энэ талаар мэдэгдсэн байна.


ОУОХ “тамирчдыг эн түрүүнд тавих” зарчмын дагуу зуны халууныг зохицуулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх тусгай багийг байгуулсан бөгөөд “Токио-2020” наадмын хоёр тэмцээнийг Токио хотоос хойд зүгт 800 орчим километр зайд оршдог Саппоро хотод зохион байгуулах санал гаргасан юм.


Саппоро хотын агаарын температурыг Токиогийнхтой харьцуулахад 5 орчим хэмээр бага байдгийг Т.Бах онцлоод, энэхүү шийдвэр нь маш чухал алхам болно хэмээн хэлсэн байна. Уг асуудлыг энэ сарын 30-нд эхлэх ОУОХ-ны Зохицуулах комиссын уулзалтын үеэр хэлэлцэх төлөвтэй байна. 

“Токио-2020” наадмын марафон гүйлтийн тэмцээн Саппород болж магадгүй

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотноо ирэх онд болох Олимпын наадмын марафон гүйлт, спорт алхалтын тэмцээнүүдийг хойд нутгийн Саппоро хотод зохион байгуулах талаар хэлэлцэж байна гэж Олон улсын олимпын хорооноос /ОУОХ/ мэдээлжээ.


Японы хамгийн хойд нутгийн Хоккайдо мужийн Саппоро хотод сэрүүн цаг ууртай байдгийг ОУОХ-ны мэдэгдэлд онцолсон байна. Тус хотын долоо, наймдугаар сарын агаарын температурыг Токио хотынхтой харьцуулахад 5-6 хэмээр бага байдаг аж. Мөн Саппоро хотод 1972 оны Өвлийн Олимпыг зохион байгуулж байжээ.


“Тамирчдын эрүүл мэнд, сайн сайханд ОУОХ үргэлж анхаардаг бөгөөд марафон гүйлт, спорт алхалтын тэмцээнүүдийг зохион байгуулах газрыг өөрчлөх санал үүнийг батлан харуулж байна” гэж ОУОХ-ны тэргүүн Томас Бах хэлсэн байна.


Олимпын наадмын үеэр тамирчид асар их хүчин чармайлт гаргадаг тул тэдэнд хамгийн сайн нөхцөл бололцоог бүрдүүлж өгөх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж Т.Бах нэмж хэлжээ. 

“Toyota” Олимпын наадамд зориулсан автомат жолоодлоготой тээврийн хэрэгслээ танилцуулжээ

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотноо ирэх онд зохион байгуулах Олимп, Паралимпын наадмын үеэр тамирчдыг тээвэрлэх автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийг “Toyota” компани танилцуулжээ.


Автомат жолоодлоготой бага оврын автобус нь “Toyota” компанийн “e-Palette” тээврийн хэрэгслийн өөрчилсөн хувилбар ажээ. Уг автобусаар 20 хүртэлх тооны зорчигч эсвэл тэргэнцэртэй дөрвөн хүн зорчих боломжтой.


Toyota” компанийн мэдээлснээр, уг тээврийн хэрэгслийн багтаамж сайтай байдал нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бууж суух нөхцөлийг хялбаршуулжээ. Дээд тал нь 19 км/цаг хурдлах уг автобус бүтэн цэнэгээр 150 километр туулах хүчин чадалтай байна.


Энэхүү тээврийн хэрэгслийг ихэвчлэн тамирчдын байрлах газруудад ашиглаж, тэмцээнд оролцогчид болон арга хэмжээг зохион байгуулагчдыг тээвэрлэх ажээ. Автобусыг энэ сарын сүүлээр болох “Tokyo Motor” шоуны үеэр олон нийтэд үзүүлнэ. 

Токиогийн Олимп: Хэт халуунтай тэмцэхийн тулд хиймэл цас туршина

ТОКИО. /NHK/. Японы нийслэл Токио хотноо зохион байгуулах Олимп, Паралимпын наадмын каноэ завины уралдааны туршилтын тэмцээн ирэх долоо хоногт болно. Уг арга хэмжээний үеэр тамирчдыг наранд цохиулахаас сэргийлэх зорилгоор хиймэл цас оруулахаар төлөвлөж байна.


Ирэх онд болох Токиогийн Олимпын наадамд бэлтгэн туршилтын арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа бөгөөд хэт халууны улмаас тамирчид болон үзэгчдийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдлүүдийг бууруулахаар ажиллаж байгаа ажээ.


Өнгөрсөн наймдугаар сард Олимпын туршилтын арга хэмжээнүүдийн нэг болох сэлүүрт завины аварга шалгаруулах тэмцээнд оролцсон зарим тамирчин наранд цохиулсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн юм. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулагчид хэт халууныг зохицуулахад ихээхэн анхаарах болжээ.  


"Есдүгээр сарын 12-нд эхлэх каноэ завины тэмцээний үеэр хиймэл цас оруулахаар төлөвлөж байна" гэж Токиогийн Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлжээ. Цас оруулагч жижиг машинууд нь өдөрт нэг тонн орчим цас оруулах хүчин чадалтай аж.


Технологийг ашиглан хэт халуунтай тэмцэх боломжийг нээсэнд баяртай байгаагаа Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулах хорооны төлөөлөгч илэрхийлээд, уг арга хэмжээ үр дүнтэй болвол “Токио-2020”-ийн үеэр хиймэл цас оруулна гэж хэлжээ. 

Токиогийн Олимпын үеэр түргэн тусламжийн төвийн тоог олшруулна

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотноо ирэх онд зохион байгуулах Олимп, Паралимпын наадмын үеэр хэт халж болзошгүйтэй холбогдуулан тамирчид, үзэгчдийн аюулгүй байдлыг баталгаажуулах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болсон талаар тус улсын Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлжээ.


Энэхүү зорилтын хүрээнд тамирчид болон үзэгчдэд түргэн тусламж үзүүлэх төвүүдийг олноор байгуулахаар төлөвлөж байгаа ажээ. 2018 оны зун Токиод хэт халсны улмаас түүхэнд байгаагүй хамгийн олон буюу 8295 хүн эмнэлэгт хүргэгдсэн юм.


Токиогийн Олимпын наадам /долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9/ болон Паралимпын наадмын /наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6/ аль аль нь зуны хамгийн халуун үед болох тул түргэн тусламжийн олон төвийг тамирчдын байрлах газрууд болон наадмыг зохион байгуулах газруудын эргэн тойронд байгуулах ажээ.