otgontsetseg@montsame.mn
2025-07-02 05:51:33
“Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”
“Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” нийтлэлийн уралдаандАмиа бодсон ганцаардмал хүйтэн орчинг цахим ертөнц авч ирэв үү? Сэлэнгэ/МОНЦАМЭ/.  “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал” энэ бол цоо шинэ үг. Саяхан болтол бид цахим гэдэг үгийг хэрэглэх нь байтугай мэддэг ч үгүй байлаа. Дэлхийн хөгжил дэвшилтэй зэрэгцэн даяаршиж буй эл нийгэмд хүмүүс насны ялгаа зааггүйгээр амьдралын түмэн өнгийн мэдээллийг цаг тутам дуртай үедээ авсаар байна. Өнөөдөр өрх бүр гэртээ интернэттэй болсноор өдөр, шөнөгүй интернэт ухаж суудаг хүмүүсийн тоо ч улам нэмэгдсээр. Энд насны хязгаар гэж үгүй. Манай оронд цахим буюу интернэт хэрэглээ 1994 оноос эхэлж арваадхан жилийн дотор 2007 он гэхэд л 17329 хэрэглэгч, 2010 онд 709600 хэрэглэгчтэй болж, 20 жилийн дотор 2014 онд гурван сая хүн амтай монгол орны хүн амын 70 орчим хувь нь  интернэт хэрэглэдэг болсон судалгаа нь интернэт хэрэглэгчийн тоо огцом өссөнийг  илтгэж буй юм. Аливаа зүйл сайнтай саартай, эерэг сөрөг зүйлийг дагуулж байдаг. Интернэт хэрэглээ бий болсон 10 жилийн хугацаанд 2004 онд манай улсад анх удаа компьютерт донтсон хүүхэд “Сэтгэцийн эрүүл мэндийн төв”-д хэвтэн эмчлүүлсэн анхны тохиолдол бүртгэгдсэн байдаг. Тэр үед жилдээ 1-2 хүүхэд л эмчлүүлдэг байсан бол өдгөө сард 2-3 хүүхэд интернэтийн хэт донтолттой болж энэ төвд хүргэгддэг болжээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос явуулсан судалгаагаар интернэтээр тоглоом тоглож буй хүүхдүүдийн 51 хувь нь гэртээ тоглодог бөгөөд интернэт сүлжээ ашиглан хоорондоо тоглосоор эцэстээ сэтгэцийн эмгэг тусдаг байна. Сэтгэцийн хараат байдалд орсон хүүхэд хичээлээ таслах, худлаа ярих, хулгай хийх гэх мэтчилэнгээр зан төрх нь өөрчлөгддөг болохыг сэтгэцийн эмч нар ярьж байна. Мөн донтолтод орсон хүмүүст улигт үйлдэл илэрдэг гэдгийг ч мөн тэд хэлсэн юм. Үүнийг өөрөөр хөнгөн гуниг ч  гэж тодорхойлдог аж. Тэгэхээр хүн ямар нэгэн стресст орох, эсвэл хийх юмаа олж ядсан үедээ интернэтээр аялж сатааран тайвширдаг байна. Мөн фейсбүүкт дахин дахин удаанаар орох нь донтож буйг илтгэх улигт үйлдэл болдог учраас хэт их хэрэглээ гэж үзээд бие хүмүүс өөрсдөө хэрэглээгээ хянаж, зохицуулахыг ч зөвлөж байгаа юм. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ төлөө хараа хяналтаа орхигдуулаад, цахим орчинд өөрсдөө хүртэл цаг наргүй аялдаг болсонтой холбоотойгоор хүмүүний хоорондын халуун дулаан яриа, гэр бүлийн амьд харилцаа үгүй болж, интернэтийн орчин дахь амиа бодсон хүйтэн орчин тэднийг бүрхсээр. . .Монгол Улс цахим хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Эл орчин дахь үйлдлүүд нь далд явагддагаараа төвөгтэй бөгөөд нэг хүүхэд 2-3 түүнээс ч олон хаягтай байх жишээтэй.  Монгол Улсын хэмжээнд жил тутам цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг өсч, өнгөрсөн онд 300 гаруй, энэ онд 400 гаруй бүртгэгджээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд цөөхөн байгаа ч дэлгэрэнгүй хэлэх боломжгүй юм. Цахим орчинд ихэвчлэн залилан мэхлэх, айлган сүрдүүлэх, даган дууриах гэмт хэрэг үйлдэгддэг байна. Эрдэмтэд эцэг эхчүүдэд хандаж 0-2 насны хүүхдэд цахим орчныг хориглох, 2-5 насны хүүхдэд өдөрт 1-ээс бага цаг, 5-18 насны хүүхдэд өдөрт 2-оос бага цаг хэрэглүүлэх нь зохимжтой, муу нөлөө багатай болохыг зөвлөсөн байна. Ажилтай завгүй явдаг эцэг эхчүүд гэр бүл, үр хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цаг хугацаагаа гар утастайгаа нөхөрлөж өнгөрүүлдэг болсон. Энэ бол гар утас маажсан амиа бодсон ганцаардмал орчинг бүрдүүлж, нөгөө гэр бүлийн амьд харилцааг орхисноос үүдэлтэй нүдэнд харагдахгүй хана тэднийг холдуулж буйг анзаардаггүй байна. Чухам л ийм цаг үед хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулж, амьд харилцаанд орох нь чухал юм.
2394 өдөр