Ж.Сайнцог:Халаалтын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагад нь өгч ажиллуулах ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-04-03 17:39:35

Сэлэнгэ/МОНЦАМЭ.Сэлэнгэ аймгийн удирдлагын баг сумдынхаа иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг хангах зорилгоор аймгийнхаа 17 сумдад төвлөрсөн дулаан хангамжийг бий болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн амжилттай ажиллаж байна. Энэхүү ажлаараа Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөл сүүлийн гурван жил дараалан улсдаа ажил үйлсээрээ манлайлсан аж. Тус зөвлөлийн эл хэрэгжүүлж буй бодит ажлыг газар дээр нь үзэж сонирхох, мөн туршлага судлах зорилгоор төвийн бүсийн эрчим хүчний зохицуулах зөвлөлүүд, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН, компанийн захирлууд Сэлэнгэ аймагт анх удаа уулзаж зөвлөлдлөө. Энэхүү өргөн цар хүрээг хамарсан зөвлөлдөх уулзалтаар аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид, орон  тооны гишүүдэд “тусгай зөвшөөрөл”, “үнэ тариф”, “хяналт шалгалт”-ын зохицуулалтын чиглэлээр мэдлэг олгохын зэрэгцээ чадавхижуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгчээ. Тус үйл ажиллагааны үеэр Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн дарга Ж.Сайнцогтой уулзаж ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Эрчим хүчний зохицуулах зөвлөлийнхөн Сэлэнгэ аймагт анх удаа өргөн бүрэлдэхүүнтэй уулзаж байгаа гэлээ. Энэхүү үйл ажиллагааныхаа талаар сонирхуулаач?

-Баярлалаа. Сэлэнгэ аймгийн эрчим хүний зохицуулах зөвлөл маань сүүлийн гурван жилд улсдаа эрчим хүчний зохицуулах ажлаараа тэргүүлж яваа. Ийм ч утгаар өнөөдөр Сэлэнгэ аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааг бусад аймгийнханд харуулах, туршлага судлах зорилгоор энэ удаагийн уулзалт, зөвлөгөөнийг аймагтаа зохион байгуулж байгаа юм.

-Нэлээд ач холбогдолтой зөвлөгөөн болж байгаа юм байна. Сэлэнгэ аймгаас ямар бүрэлдэхүүнтэй оролцож байна. Зөвлөлдөх уулзалтаар ямар асуудлыг голлон ярилцав?

-Энд Сэлэнгэ аймгийн 17 суманд үйл ажиллагаа явуулж байгаа халаалтын төвүүдийн удирдлагууд оролцлоо. Сэлэнгэ аймгийн хувьд хэдэн сэдвийг онцлон тавьж байна. Тухайлбал өнөөдөр цахилгаан, тээвэр, шатахуун, нүүрсний үнэ нэмэгдсэн байдаг. Гэтэл дулааны үнэ тариф нэмэгдэхгүй байгаад байгаа. Иймээс энэ асуудлыг Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хороо, аймгуудын эрчим хүчний зөвлөлүүд, мөн дулааны үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууд хоорондоо санал солилцож, бас хамтран ажиллахаар ярилцлаа. Мөн сумдад дулааны үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-уудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь хамгаас чухал байгаа. Үүнд нэлээд ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Үүнийг хангаж, хөдөлмөр аюулгүй байдлыг сахин сайн ажилласнаар үйлдвэр үйлчилгээний ажлыг хэвийн явуулах ёстой.

-Энэ удаагийн зөвлөгөөн Сэлэнгэ аймгийн туршлагыг судлах ажлыг давхар хийж байгаагаараа онцлог болж байна гэж ойлголоо. Энэ маань таны яриад байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, мэргэжлийн байгууллагад нь өгөх зэрэгтэй холбоотой юу. Танай зөвлөлийн ажлын талаар сонирхож байна?

-Сэлэнгэ аймгийн Ерөө, Хушаат, Орхон сумаас бусад нь ерөнхийдөө төвлөрсөн дулаан хангамжийн системд шилжсэн байгаа. Өмнө нь сумдад халаалт хариуцсан мэргэжлийн компани нь байхгүйгээс төр төсвийн байгууллагууд тухайлбал сургууль, цэцэрлэг дээрээ дулааны үйл ажиллагааг явуулдаг байсан. Энэ маань эрчим хүчний тухай хуулиараа бол нийтийн ашиг сонирхлын зөрчлөөр болохгүй. Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар ажлын хажуугаар нийтийн ашиг сонирхолд нийцсэн аж ахуй явуулж болохгүй гэсэн заалт байдаг. Иймээс бид энэ ажлыг мэргэжлийн байгууллагад нь өгье гэж шийдээд энэхүү ажлыг сумдад амжилттай хийж байна. Энэ маань тэсэрч дэлбэрэх аюултай сав байдаг. Энэ утгаар халаалтын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагад нь өгч нь ажиллуулах ёстой гэсэн байр сууриар манай эрчим хүчний зохицуулах зөвлөл 17 сумаа ерөнхийдөө бүгдийг нь мэргэжлийн байгууллагад хамрууж байгаа. Хамгийн сүүлд Орхон суманд аймгийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээг тавьж байна. Ингээд Орхон сум маань төвлөрсөн халаалтын системд орчих юм бол манай аймгийн бүх сум төвлөрсөн халаалтын системдээ ороод мэргэжлийн байгууллага цаашид аваад явах боломж нь нээгдэж байгаа юм.

-Нэг сумаар гурван туулай . . . гэгчээр нэг дор олон үйл явдлыг гүйцэтгэсэн зөвлөгөөн болжээ. Ямар ямар аймаг оролцов?

-Сургалт зөвлөгөөнийг Эрчим хүчний зохицуулах хороо, Сэлэнгэ аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл хамтран явууллаа. Үйл ажиллагаанд маань Сэлэнгэ, Төв, нийслэл, Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүд, мөн зохицуулах зөвлөлүүдийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нар оролцлоо. 

Холбоотой мэдээ