Эрүүлжүүлэгдсэн болон согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-03-30 17:39:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 117 дугаар тогтоолоор баталсан “Архидалттай тэмцэх” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тулгамдаж байгаа асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар мэргэшил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага, хууль хяналтын бодлогын хорооны бүрэлдэхүүн өнөөдөр Алтанбулаг, Сүхбаатар суманд ажиллалаа.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хувьд архигүй өдрийг сумандаа тогтоосон хэдий ч олон улсын зам дагуу, хилийн бүс нутаг учраас хил гаалиар иргэдийн оруулж ирсэн архины хэрэглээг зохицуулах, хяналт тавих боломжгүй байдаг нь хүндрэлтэй асуудлын нэг болдог байна. Гэсэн хэдий ч иргэдийнхээ дунд архины хор хөнөөлийн тухай сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулдаг ажээ.

Харин Сүхбаатар сумын тухайд архины хамаарлын эсрэг ажилладаг ТББ-уудтайгаа хамтарсан үйл ажиллагааг тогтмол зохион явуулж ажилласнаар архины хэт хамааралтай 70 хүнээс есийг нь хамаарлаас холдуулж чадсан байна. Мөн 2015 онд буюу хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө Сүхбаатар суманд жилд 1131 хүн эрүүлжүүлэгддэг, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт 69 байсан аж. Харин 2018 онд эрүүлжүүлэгдсэн хүний тоо 707, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 50 болж буурсан үзүүлэлттэй байгаа ажээ.

Нутгийн удирдлага, хууль хяналтын бодлогын хороо нь дээрх сумдад “Архидалттай тэмцэх” хөтөлбөрийн зарчим, үйл ажиллагааны чиглэлд нийцүүлэн орон нутгийн онцлог, тулгамдсан асуудалд тулгуурласан жил бүрийн төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх ажлыг төрийн бус байгууллага, ард иргэд, аж ахуйн нэгжийн оролцоотой хэрхэн зохион байгуулсан тухай мэдээллийг сонслоо. Мөн стандартын шаардлага хангасан согтууруулах ундааг тодорхой цэгт борлуулах /үйлчлэх/, архи худалддаггүй, үйлчилдэггүй, хэрэглэдэггүй сар, өдөр, цагийн тоог нэмэгдүүлсэн эсэх, уг хөтөлбөрийн зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд иргэд, байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн байдал, мөн  архидан согтуурснаас нийгэм, эдийн засаг, хувь хүний эрүүл мэнд, ёс зүй, бие сэтгэцэд учруулах хор уршгийн талаар иргэдэд мэдлэг, хандлага төлөвшүүлэх чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгааг хэрхэн явуулсан зэргийг голчлон шалган танилцжээ. 

Холбоотой мэдээ