Эмэгтэйчүүд бие хамгаалах урлагт суралцаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-06-29 17:20:28
ШИНЭ ДЕЛИ. /Си-Эн-Эн/. Дели хотын зүүн хэсэгт орших жижиг байрны нэгэн өрөөнд олон өнгийн сари өмссөн бүсгүйчүүд бие хамгаалах урлагт суралцаж байгаа тухай телевизийн “Си-Эн-Эн” суваг мэдээлэв.

Йог юм уу фитнесийн сургалтанд хамрагдах гэж биш харин бие хамгаалах урлагаар хичээллэхээр 28-50 насны 45 эмэгтэй нэгэн дээвэр дор цуглаад байгаа нь энэ аж.

Энэтхэг улсын нийслэлийн засаг захиргааны удирдлагууд тус улсад гарч буй хүчингийн хэргийн тоо нэмэгдэж байгаатай тэмцэж, уг төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм сургалтыг дэмжих болсон байна. “Томсон Ройтерс” байгууллагаас явуулсан санал асуулгаар Энэтхэг улс нь эмэгтэйчүүдийн хувьд хамгийн аюултай улс гэсэн дүн гарсан билээ.

2002 оноос хойш Дели хотын эмэгтэйчүүд бие хамгаалах урлагаар хичээллэх болсон бөгөөд тус хотын цагдаагийн газраас зохион байгуулдаг ийм сургалт нь өнөө үед тус улсын бүсгүйчүүдийн хувьд ихээхэн ач холбогдолтой болоод байгаа ажээ.
 
Э.Хулан
 

Холбоотой мэдээ