Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтад иргэд саналаа идэвхтэй өгдөг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-19 20:55:12

Завхан/МОНЦАМЭ/.Завханы Идэр сумд энэ жил Орон нутгийн хөгжлийн санд  57 сая төгрөг хуваарилагджээ. Энэхүү хөрөнгөөр сумын төвөө камержуулах, замын тэмдэг тэмдэглэгээ хийх, гудамж хашаануудыг хаягжуулахад зарцуулах ажээ.
Түүнчлэн хүүхэд залуучууд, иргэдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх тоглоомын талбай, нийтийн биеийн тамирын зориулалт бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар иргэд нь саналаа өгчээ. Мөн сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр сумын цагдаагийн хэсэгт согтуурлын түвшин тогтоогч хэрэгсэл Drager, торгуулийн хуудас хэвлэгч автомат машинтай болох гэж байгаа. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг бүх цэгүүдийг иж бүрэн камержуулна. Мөн иргэдийн саналаар сумын нийгмийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай цусны анализатор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, яаралтай тусламжийн хайрцаг зэрэг бусад тоног төхөрөөмжтэй болохоор төлөвлөөд байгаа. Эдгээр хөрөнгө оруулалтуудыг сумандаа хийснээр сумын иргэд эрүүл мэндийн нэн шаардлагатай шинжилгээ, оношилгоог цаг алдалгүй сумандаа хийлгэх бүрэн боломжтой юм. Ер нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумандаа ямар бүтээн байгуулалт нэн шаардлагатай байгааг иргэд өөрсдөө санал өгч эхний 10 байранд эрэмбэлэгдсэн саналаар дээрхи хөрөнгө санхүүжилтийг захиран зарцуулдаг журамтай. Сүүлийн жилүүдэд иргэд саналаа идэвхитэй өгч сум орон нутагтаа хэрэгтэй гэсэн хөрөнгө оруулалтыг хүсдэг болсон нь сайшаалтай.

 277 сая төгрөгийн санхүүжилтээр сургуулийн барилгатай болжээ

Идэр сум өнгөрсөн жилийнхээ орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг мөн л үр дүнтэй захиран зарцуулжээ. Учир нь өнгөрсөн жил сумын бүрэн дунд сургуулийн хичээлийн “Г” байрны засвар, өргөтгөлийн ажлыг хийж  хүүхдийн дотуур байрыг ашиглалтад оруулжээ.
Энэхүү барилгын ажлыг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрчим хүчний үр ашиг” төслийн 207 сая төгрөг, сумын ОНХС-ийн таван сая төгрөг, аймгийн ОНХС-ийн 65 сая төгрөг, нийт 277 сая төгрөгийн санхүүжилттэй засварлажээ. Өнөөдөр дотуур байранд малчин өрхийн 60 гаруй хүүхэд тохилог орчинд сурч амьдрах нөхцөл ийн бүрджээ. Түүнчлэн өнгөрсөн жилийн 11-р сараас эхлэн “Жи мобайл” компанитай хамтран олон нийтийн үүргийн хөгжлийн сангийн хөрөнгө 212 сая төгрөгөөр дахин дамжуулах станц нэмж байрлуулжээ. Тухайлбал дахин дамжуулах станцыг Мануустай багийн нутагт байрлуулснаар Идэр, Тэлмэн, Тосонцэнгэл, Яруу, Нөмрөг  зэрэг сумын 10 гаруй багийн үүрэн холбооны сүлжээ, малчдын харилцаа холбоо сайжирчээ.
Харин 2017-2018 оны хагас жилийн байдлаар Дархан-Уул, Мануустай багууд багийн төвийн барилгатай болж эрчим хүчээр хангагдсан байгаа. Энэ ондоо багтаан Загастай багийн төвийг шинээр барьж, төвийн эрчим хүчинд холбон ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа тухай Идэр сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ