Молдавын нутаг дэвсгэрт НАТО-гийн баазуудыг байгуулахгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-07 16:25:41
МОСКВА. /РИА Новости/. Намайг ерөнхийлөгч байх хугацаанд Молдавын нутаг дэвсгэрт Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн ямар ч бааз байхгүй бөгөөд цаашид ч байгуулахгүй байх болно гэж тус улсын Ерөнхийлөгч Игорь Додон мэдэгдсэн байна.
 
“Молдавын цэргийн баазуудаар явахад одоогоор Молдавын нутаг дэвсгэрт харийн цэргийн баазуудыг байгуулах оролдлого, аюул заналхийлэл байхгүй бөгөөд ойрын хугацаанд ч ийм зүйл болохгүй гэдэгт би итгэлтэй байна. Намайг ерөнхийлөгч байх хугацаанд ийм зүйл болохгүй. Ерөнхийлөгчийн зөвшөөрөлгүйгээр НАТО-гийн баазуудыг байгуулах ямар ч боломжгүй. Молдавын ард иргэдийн дийлэнх нь улсынхаа нутаг дэвсгэрт НАТО-гийн баазуудыг байгуулахыг эсэргүүцэж байгаа” хэмээн И.Додон "Звезда" телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна.

Молдав улс түншлэлийн бие даасан төлөвлөгөөний хүрээнд 1994 оноос эхлэн НАТО-той хамтран ажиллаж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Молдавын нийслэл Кишенёв хотод НАТО-гийн харилцаа холбооны асуудал эрхэлсэн товчоо нээгджээ. И.Додон энэ бүхнийг удаа дараа эсэргүүцэж байсан аж.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ