Төвшрүүлэх сумын “Багахангай” ХХК 1000 гаруй га-д тариалалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-04-26 12:09:28
Архангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг Төвшрүүлэх сумын “Багахангай” ХХК-ий хамт олныг хаврын тариалалтдаа гарахын өмнө техник, тоног төхөөрөмждөө засвар үйлчилгээ хийж байхад нь очлоо. “Баганхангай” ХХК Төвшрүүлэх сумандаа 1000 гаруй га-д тариалалт хийнэ гэдгийг компанийн захирал Б.Жавхлан танилцууллаа. Өнгөрөгч жил гандуу байсан тул тус компани га-гаас 8-10 центр улаанбуудай хураан авчээ.

Мөн “Багахангай” компанийн дэргэдэх “Таван булаг” гурилын үйлдвэртэй танилцлаа. Гурилын үйлдвэр нь зогсолтгүй бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 20 тн гурил үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ. Ингэвэл аймгийн нийт хүн амын гурилын хэрэгцээний 30 хувийг хангах боломжтой юм байна. Одоогийн байдлаар үйлдвэрийнхээ хүчин чадлын 10 гаруй хувийг ашиглаж байгаа ажээ. Цаашдаа аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногооны зоорь, улаанбуудай хадгалах элеватор шаардлагатай байгааг Б.Жавхлан захирал хэлж байв.

Энэ хавар Архангай аймгийн хэмжээнд улаанбуудай тариалдаг 20 гаруй аж ахуй нэгж байгууллага, иргэн Хайрхан, Өгийнуур, Төвшрүүлэх, Өлзийт, Хотонт зэрэг сумдад 9400 га-д тариалалт хийж, 11,000 тн улаанбуудай хураана гэсэн тооцоог ХХААГ-аас гаргасан байна. Архангай аймаг өмнө жилүүдэд жилдээ 5000-6000 тн улаанбуудай хураан авч байжээ. 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ