БАЯНХОНГОР: Хонгор нутгаас 76 жилийн дараа улсын наадмын түрүү бөх тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, улсын начин Э.Батмагнай 9 даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртлээ.
Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат Монгол Улсын Аварга малчин П.Сэмнээ агсны зээ хүү, Монгол Улсын идэр шаламгай начин П.Нямжанцангийн зээ дүү Энхтүвшингийн Батмагнай хонгор нутгаас 76 жилийн дараа улсын наадмын түрүү бөхөөр тодорсон түүхэн амжилтын эзэн болов.
Э.Батмагнай Үндэсний их баяр наадмын дэвжээнд 3-ын даваанд 4:34, 4-ийн даваанд 4:00, 5-ын даваанд 1:04, 6-гийн даваанд 8:34, 7-гийн даваа 1:43, 8-ын даваанд 2:45, 9-ийн даваанд 2:26 минут барилдаж түрүүллээ.
Тэрбээр 2001 оны нэгдүгээр сарын 12-нд Баянхонгор аймгийн Жинст суманд Лонжийн Энхтүвшин, С.Болормаа нарын 3 дахь хүүхэд болон төрсөн, луу жилтэй. 186 см өндөр, 136 кг жинтэй. Баянхонгор аймгийн Номун далай сургуулийг 2018 онд төгссөн, Их засаг дээд сургуулийг дүүргэсэн.
11 наснаас эхлэн үндэсний болон чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн тэрээр 2022 онд 21 насандаа Улсын начин цол хүртэж, тухайн үеийн хамгийн залуу начин болж залуу начны даага хөтөлж байв.
Ташрамд, Энэ жил Хонгор нутгийнхан өнгөтэй сайхан наадаж, Улсын наадмын хурдан морьдын азарганы уралдааны түрүү магнай /Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат, Алдарт уяач И.Золбоогийн хүрэн халзан/, Их насны уралдааны айраг /Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат Ц.Энхтайваны хул морь/, Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул Б.Баянмөнх үндэсний сурын харваанд Монгол Улсын Гарамгай мэргэн, аймгийн БТСГ, Цэц мэргэн клубийн харваач Номундалай сургуулийн сурагч Д.Энхбаяр өсвөрийн харваанд түрүүлж Улсын идэр мэргэн цол хүртсэн бол Шагай харваа ахмадын харваанд Баянхонгор аймгийн харваачид гуравдугаар байр эзэлсэн байна.