И.Швёнтек анх удаагаа Уимблдонд түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-07-13 11:12:24

МОСКВА, 2025 оны долоодугаар сарын 13 /РИА Новости/. Лондон хотын зүлэгтэй талбайд болж буй Уимблдоны тэмцээний финалд Польшийн теннисчин Ига Швёнтек АНУ-ын тамирчин Аманда Анисимоваг "бутниргэснээр" анх удаагаа тус тэмцээнд түрүүллээ.


Чансааны 8 дугаарт бичигдсэн Швёнтек 13 дугаарт жагсаж буй Анисимоваг 6:0, 6:0 гэсэн харьцаагаар илт давуугаар хожсон байна. Тэдний тоглолт 57 минутын турш үргэлжилжээ.


Уимблдоны эмэгтэйчүүдийн финалын тоглолт сүүлийн 114 жилийн хугацаанд анх удаагаа 6:0, 6:0 гэсэн харьцаагаар өндөрлөсөн байна. 1911 онд Доротея Ламберт-Чамберс өөрийн өрсөлдөгч Дора Бутбид ганц ч гейм өгөлгүйгээр хожиж байжээ. Харин Их дуулгын эмэгтэйчүүдийн тэмцээний түүхэнд аваргын төлөөх тоглолт 6:0, 6:0 харьцаагаар дууссан тохиолдол 1988 онд гарсан бөгөөд тухайн үед Германы теннисчин Штеффи Граф Беларусийн Наталья Звереваг “Ролан Гаррос” тэмцээний финалд илт давуугаар ялж байв.  


Энэ удаагийн финалд тоглохоосоо өмнө хоёр теннисчин WTA-гийн ивээл дор болдог тэмцээнүүдэд хоорондоо учраа таарч байгаагүй ажээ. Уимблдоны ялагч Швёнтек 3 сая фунт стерлингийн, Анисимова 1,52 сая фунт стерлингийн мөнгөн шагналыг тус тус хүртэнэ.

 

Польшийн теннисчин анх удаагаа Уимблдоны тэмцээнд түрүүлж байгаа нь энэ бөгөөд өмнө нь 2018 онд тус тэмцээний өсвөр үеийнхний ангилалд аваргалж байжээ. Тэрбээр Их дуулгын цувралд зургаа дахь удаагаа түрүүлж байгаа бол WTA-гийн ивээл дор болдог тэмцээнүүдэд нийтдээ 23 удаа аваргалсан байна. 

Холбоотой мэдээ