Ерөнхийлөгч түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цолын батламж, тэмдэг гардууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд ес давж түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цолны батламж, тэмдэг гардууллаа.
Ес давж түрүүлсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Тэргүүн богд” дэвжээний бөх, улсын начин Э.Батмагнайд “Улсын арслан” цол олголоо.
Харин найм давж үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жавхлант” дэвжээний бөх, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаярт “Улсын гарди” цол олгов.
Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж сонордуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсын цолны батламж, шагнал гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.