Улсын наадамд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-13 18:17:39

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн  бөхчүүдэд Баяр наадмыг зохион байгуулах хорооноос чимгийн үнэмлэхийг гардууллаа.


Хүй долоон худгийн дэнжид зохион байгуулагдаж буй  "Уяачдын наадам”-ын үеэр 2025 оны Үндэсний их баяр наадамд түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрч амжилт гаргасан бөхчүүдэд бай шагнал, хүндэт чимгийн үнэмлэхийг Шадар сайд С.Амарсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам тэргүүтэй албаныхан  гардуулан өгч, цаашдын спортын замналд нь өндөр амжилт хүслээ.

-Дархан аварга Н.Батсуурь-Хууринан шуугигч

-Улсын аварга П.Бүрэнтөгс-Өлзий бадрах

-Улсын заан Б.Пүрэвсайхан-Цогт гарамгай

-Улсын заан Б.Бат-Өлзий-Үнэн зоригт

-Улсын арслан Б.Орхонбаяр-Улам нэмэх

-Улсын гарьд Ө.Бат-Орших-Өсөх идэр

-Улсын заан М.Лхагвагэрэл-Хурц шаламгай

-Улсын харцага Б.Зоригтбаатар-Өсөх идэр

-Улсын начин Б.Түмэндэмбэрэл Өсөх идэр

-Улсын начин Л.Энхсаруул-Өсөх идэр чимгийг тус тус хүртлээ. 


Түүнчлэн энэ жилийн баяр наадамд ес даван түрүүлж, Монгол Улсын арслан цол хүртсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат улсын начин Э.Батмагнай, үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нарт бай шагнал гардуулан өгч, амжилт хүслээ. 


Уяачдын наадамд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хүрэлцэн ирж, наадамчин олонтой мэндчиллээ. 






Холбоотой мэдээ