Москва хотод гэмт хэргийн тоо ихээхэн буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-31 17:15:45
МОСКВА. /ТАСС/. Москва хотод өнгөрсөн онд гэмт хэргийн түвшин сүүлийн таван жилд байгаагүй хамгийн бага түвшинд хүрсэн тухай Ерөнхий прокурорын газрын статистикийн эмхэтгэлийн мэдээлэл харуулжээ.
 
Тус хотод өнгөрсөн онд 140 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь 2016 оныхтой харьцуулахад 19,4 хувиар бага байжээ. Хүнд болон онц хүнд гэмт хэргийн тоо 7 хувиар буурч, 39,7 мянга болсон байна.
 
12,5 сая гаруй хүн амтай Москва хот нь Оросын бусад бүс нутагтай харьцуулахад бүртгэгдсэн гэмт хэргийн тогоороо тэргүүлдэг бөгөөд зарим холбооны тойргоос илүү гардаг аж.

Сүүлийн жилүүдэд Москва хотод “Аюулгүй хот” тогтолцоог хөгжүүлж байгаа юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд Москва орчмын дүүргүүдэд гарсан гэмт хэргийн тоо 107-оос 84 мянга болж буурсан байна. Гэмт хэргийг илрүүлэх асуудал Москва хотын “сул тал” болдог аж. Жил бүр бүртгэгдсэн нийт гэмт хэргийн гуравны хоёрыг илрүүлж чадалгүй орхидог байна. 
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ