“Хамгаалах байр” байгуулах асуудлыг хөндлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2017-09-28 16:42:55
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурал өнөөдөр хуралдлаа. Хурлаар үндсэн 3 асуудлаар мэдээлэл хийсэн байна. Дархан сумын 10,11 дүгээр багийн нутаг дэвсгэрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ахуйн хүрээнд архидан согтуурах явдлыг бууруулах чиглэлээр зохион байгуулсан ажил, үр дүнгийн тухай мэдээллийг Багийн Засаг нар тавилаа.
Түүнчлэн Дархан сумын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай аймгийн Цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Ж. Баярчимэг мэдээлэл хийсэн юм.

Дархан суманд 422 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оноос 48 гэмт хэргээр өссөн буюу 12,8 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Гэмт хэргийн бүтцийн хувьд сүүлийн жилүүдэд хулгайлах, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргүүд нийт гэмт хэргийн 57,1 хувь буюу ихэнх хувийг эзэлсэн байна.

Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажилласны үр дүнд аймгийн хэмжээнд 2017 оны эхний 8 сард бусдын бие махбодод гэмтэл учруулах, залилан, мэхлэх, тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, насанд хүрээгүй хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг, согтуугаар, гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргүүд тус тус буурсан байна.
Харин Хулгайлах гэмт хэрэг 10,3 хувиар, Танхайрах гэмт хэрэг 1.6 хувиар, Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 23.6 хувиар, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүд өсчээ.
Иймд өсөлттэй байгаа гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж ажиллахаар болов.
Архи, тамхи, ахуйн хий хэрэглэх тохиолдол нэмэгдсээр байгаатай холбогдуулан худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа ААНБ-ын эрхлэгч, ажилтнуудад холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, хариуцлага тооцох чиглэлд анхаарах хэрэгтэй хурлын үеэр зөвлөлийн гишүүд гэлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настныг илрүүлэх, холбон зуучлах, хамтарсан багийн үйлчилгээнд хамруулах чиглэлээр төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж үр дүн гарсан хэдий ч “Хамгаалах байр”- байгуулах асуудлыг хөндөн тавьж асуудлыг шийдвэрлэхэд орон нутгийн зүгээс анхаарч ажиллахыг хүслээ.
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ