Архангай аймгийн нийт нутгийн 20 орчим хувьд мал өвөлжих боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-09-25 18:47:16
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт зуншлагын байдал, бэлчээрийн ургац тааруу байгаа зэргээс шалтгаалан өмнөх жилүүдийнхээс илүү олон малчин өрх отор нүүдэл хийх хандлагатай байгаа ажээ. Архангай аймгийн нийт нутгийн 20 гаруй хувьд хэвийн, 80 хувьд  нь гандуу байна.

Бэлчээрийн даацыг аймгийн нийт нутгаар тооцоолоход нутгийн  2 орчим  хувьд бэлчээр нөөцтэй, 11 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 34 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 20  орчим хувьд 3-5 дахин хэтэрсэн, 33 орчим хувьд нь олон дахин хэтэрсэн байдалтай байна. Өөрөөр хэлбэл нутгийн 20 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзжээ.

Харин нутгийн 80 орчим  хувьд нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажилд эртнээс анхаарах шаардлагатайг орон нутгийн холбогдох байгууллагаас хэлж байна.

Энэ өвөл Архангай аймгийн 19 сумын 101 багийн 17.0 мянган малчин болон мал бүхий өрхөд 5.3 сая толгой мал өвөлжих урьдчилсан тоо байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ