Завхан аймаг Сүхбаатарын одонт долоо дахь аймаг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-07-09 16:25:10
Завхан/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 157 дугаар зарлигаар  Завхан аймгийг төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагналаа. 1923 онд Хантайшир уулын аймаг нэртэйгээр байгуулагдаж байсан Монгол Улсын ууган дөрвөн аймгийн нэг нь Завхан аймаг юм. Тус аймгийг олон жилийн түүхт хөдөлмөр бүтээлээр нь 1963 онд төрийн дээд шагнал Алтангадас одон, 1973 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнаж байжээ.
Харин ийнхүү 44 жилийн дараа “Сүхбаатарын одон”-гоор шагнууллаа. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа Армийн генерал Б.Доржийн талбайд боллоо. Энэхүү түүхэн үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Л.Очирсүрэн болон бусад албаны хүмүүс, Завхан нутгаас төрсөн алдар суутнууд, иргэд оролцлоо. Завхан аймгийг “Сүхбаатарын одон”-гоор шагнасан Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Л.Очирсүрэн уншиж сонордуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан одонг төрийн далбаанд зүүж, үнэмлэхийг аймгийн Засаг дарга Д.Батсайханд гардуулан өглөө. Энэхүү хүндтэй шагналыг гардах үеэр Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан: - “Энэ хүндтэй шагнал бол Завханчуудын хийсэн бүтээснийг үнэлж буй шагналаас гадна ард түмэн, залуу үеийнхэнд эрч хүч, энерги өгч байна. Завхан нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэл, оюун билгээ зориулсаар ирсэн үе үеийн иргэд хөдөлмөрчид энэ цаг мөчөөс эхлэн энгэртээ гялалзах гурван том одонтой боллоо. Төрийн хүндэтгэлийг хүлээж өндөр шагналуудаар энгэрээ гоёсон ард түмэн илүү их ажиллах, илүү их сэтгэх шаардлагатай. Цаашид Завхан нутгийн хүн бүрийн сэтгэлгээ уужим байж, өрх бүр үйлдвэрлэгч болж, нутгаа хөгжүүлэх их үйлсэд хүчин зүтгэж, хөгжлийг түүчээлнэ гэдэгт итгэж буй монгол төрийн итгэл, үнэлэмж юм” хэмээв.  Ийнхүү Завхан аймаг Монгол Улсын  “Сүхбаатарын одон”-т долоо дахь аймаг боллоо.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ