Монголын эрүүл мэнд, боловсролын салбарт 2 сая долларын тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
aminaa@montsame.mn
2015-10-28 08:37:37

ТОКИО. /Financial/. Хүн амынхаа эмзэг бүлэгт чиглэсэн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэх, боловсролын чанараа сайжруулахад Монгол Улсад 2 сая долларын техникийн буцалтгүй тусламж үзүүлэх хэлэлцээрт аравдугаар сарын 23-ны өдөр Азийн хөгжлийн банк, Японы Сангийн яам гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах ёслолд Монгол дахь Японы Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Фукасава Хироши гэрчээр оролцов.

Боловсролын салбарын шинэчлэлийг дэмжихэд 1 сая доллар, Улаанбаатарын гэр хороололд амьдардаг, нийгмийн эмзэг давхаргад эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд 1 сая доллар зарцуулах юм.

Боловсролын салбарын тусламж нь тус улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэн, салбарын шинэчлэлийн баг, Улаанбаатарын есөн дүүрэг, Дундговь, Хэнтий, Хөвсгөл, Орхон, Увс, Завхан аймаг дахь боловсролын хэлтсүүд болон лаборатори сургуулиудын сургалтын албаны чадвар, бүтээмжийг дээшлүүлэхээр улс, аймаг, дүүргийн хэмжээнд судалгаа явуулж, чанартай боловсролыг адил тэгш түгээхэд нөлөөлөгч хүчин зүйлийг сайжруулна.

Эрүүл мэндийн тусламж нь Улаанбаатарын гэр хорооллын иргэдэд эмнэлгийн үйлчилгээ хүрэх боломж бололцоог нэмэгдүүлэх бөгөөд уг үйл ажиллагааны дараа гэр хороололд өрхийн эмнэлэг байгуулах, гэр бүлийн эрүүл мэндийн 10 төвийг шинээр барих Азийн хөгжлийн банкны оролцоотой төсөл хэрэгжих юм. Энэ төсөл нь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд ч хувь нэмрээ оруулна.

Боловсролыг дэмжих төсөл  2017 оны долдугаар сарыг хүртэл 2 жилийн хугацаанд хэрэгжих бол эрүүл мэндийн төсөл 2016 оны наймдугаар сард дуусгахаар урьдчилан тооцоолсон байна.

Монгол Улсад 168.5 сая долларын дөрвөн удаагийн засгийн газрын зээл, 40 сая долларын засгийн газрын бус зээл, 10.31 сая долларын 15 удаагийн техникийн тусламж гээд нийт 218.8 сая долларын тусламжийг Азийн хөгжлийн банкнаас 2014 онд олгосон байна.

Манилад төвтэй Азийн хөгжлийн банк нь Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийг бүхэлд нь өсгөх, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт, бүс нутгийг нэгтгэх үйл явцаар дамжуулан ядуурлыг бууруулах зорилт тавьсан байдаг. 1966 онд байгуулагдсан тус банк  бүс нутгийн 48 улс, бүс нутгийн бус 19 улсыг эгнээндээ нэгтгэжээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ