Завханы эмнэлэг сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэх төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-01 11:09:44
Завхан /МОНЦАМЭ/. Архигүй хамт олон аяны хүрээнд Завханы Нэгдсэн эмнэлэг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран “Архинд донтох эмгэг, түүний нийгэмд болон бие эрхтэнд үзүүлэх хор уршиг” сэдэвт сэтгэлзүйн эмчилгээ үйлчилгээг үзүүлж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар Улиастай сумын архинаас хамааралтай 36 иргэн сэтгэлзүйн зөвлөгөө, үйлчилгээг аваад байна. Сэтгэлзүйн эмчилгээ нь хүн амд архидалт, түүний хор уршгийн талаар таниулах, архинаас хамааралтай иргэдийг нийгэмшүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлдэг гэдгийг эмч нар хэллээ. Мөн Нэгдсэн эмнэлэг  “Сэтгэл гоо заслын танхим”-ыг өөрсдийн хүч, нөөц бололцоондоо тулгуурлан нээжээ. Төвийн өрөөг Богд Очирваань Отгонтэнгэр хайрханыхаа үзэсгэлэн хийгээд говь, хангай хосолсон байгалийн зургаар тохижуулж  усны хоржигнох чимээг сонсон, ил галын дэргэд бие сэтгэлийн амар амгалан байдлыг мэдэрч сэтгэл зүйн засал авах боломжийг бүрдүүлсэн байна. Энэ танхимд архинаас хамааралтай иргэд ба хүссэн хүн бүр ирж үнэгүй үйлчлүүлэх боломжтой гэдгийг эмнэлгийн удирдлагууд дуулгалаа.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ