Бага сургууль руу нэвтэрсэн зэвсэгт этгээд хоёр хүнийг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-04-11 08:59:48

САН-БЕРНАРДИНО. /VOA/. АНУ-ын Калифорни муж улсын Сан-Бернардино хотын бага сургуулийн нэгэн анги руу зэвсэгт этгээд дайран орж, нэг багш болон нэг хүүхдийг буудан хөнөөсөн хэрэг өчигдөр гарчээ. Амиа алдсан багш нь гэмт этгээдийн салсан эхнэр аж.

Гэмт этгээд эхнэрээ буудан хөнөөж, хоёр хүүхдийг шархдуулсан байна. Шархадсан хоёр хүүхдийн нэг нь шархаа даалгүй амьсгал хураажээ.

Цагдаа нарын хэлснээр, гэмт этгээд амиа хорлосон байна.

Энэ хэрэг Лос-Анжелес хотоос зүүн зүгт 96 км зайтай орших Сан-Бернардино хотын “North Park” бага сургуульд орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 10:30 цагт болжээ.

53 настай зэвсэгт этгээд Седрик Андерсон сургууль руу зэвсгээ нууж нэвтрээд, 15 сурагчтай ангид ороод гал нээсэн байна.

Тэрбээр өөрийн эхнэр Карен Элайн Смитийг хөнөөж, 8 настай сурагч Жонатан Мартинес болон 9 настай нэг сурагчийг шархдуулжээ. Сурагч Жонатан Мартинесыг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй амьсгал хураасан байна. 9 настай сурагчийн биеийн байдал тогтвортой байна гэж албаны хүмүүс мэдэгдлээ.

Сан-Бернардино хотод үүнээс өмнө 2015 оны 12 дугаар сард галт зэвсгээр олон хүний аминд хүрсэн хэрэг гарч байжээ. Тодруулбал, эхнэр нөхөр хоёр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байр руу дайран орж, 14 хүнийг хөнөөж, 21 хүнийг шархдуулсан байна.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ