Сомалид тэсрэх бөмбөг дэлбэрч наад зах нь 19 хүн амиа алдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-04-07 10:16:19

МОГАДИШҮ. /Al jazeera/. Пүрэв гарагийн орой Сомалийн өмнөд нутгийн Шабелла мужид энгийн иргэдийг тээвэрлэж явсан бага оврын автобус газарт булсан тэсрэх төхөөрөмжинд өртөж наад зах нь 19 хүн амиа алдаж, 6 хүн хүнд шархадсан байна.

Мужийн цагдаагийн ахмад Аддоу Мухамед Вордхиерын мэдээлснээр уг автобус Шабелла мужийн  Гобвэйн тосгоноос Мерка хот руу явж байсан бөгөөд хамгийн багадаа  23 хүн тээвэрлэж явжээ.Шархадсан иргэдийг Мерка хотын эмнэлэгт хүргэсэн байна.

Уг халдлагын хариуцлагыг одоогоор ямар нэгэн бүлэглэл өөртөө хүлээгээгүй байна.

Өмнөх өдөр буюу лхагва гарагт нийслэл Могадишү хотод гарсан 7 хүн амь үрэгдэж 10 гаруй хүн шархадсан халдлагын хариуцлагыг лалын хэт давруу үзэлтнүүдийн “Аль-Шабааб” бүлэглэл өөртөө хүлээсэн юм.  

Шинээр сонгогдоод байгаа Сомалийн Ерөнхийлөгч Мохамед Абдуллахи Мохамед "Фармажо" пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр “Манай улс “Аль-Шабааб” бүлэглэлийн эсрэг дайн зарлаж байна. Аллах үргэлж бидэнтэй хамт, бид тэднийг ялах болно” гэж мэдэгдсэн байна.

Х.Сарнай 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ