Монголчууд хоол тэжээлийн дутагдлын түвшнээ бууруулж чаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-21 17:10:50

УЛААН-ҮД. /asiarussia/. “Дэлхийн өлсгөлөнгийн индекс”-т Монгол Улс 2000 оноос хойш хүн амын дунд хоол тэжээлийн дутагдлын үзүүлэлтийг ихээхэн бууруулж чадсан 10 орны тоонд багтсан байна.

Холбогдох мэдээллийг хүнсний бодлого судлалын олон улсын “Welthungerhilfe” хүрээлэн болон “Concern Worldwide” хүмүүнлэгийн байгууллага Берлин хотод нийтэлсэн тухай “DW”  суваг мэдээлжээ.

Хэдийгээр дэлхий даяар өлсгөлөнтэй тэмцэхэд ахиц гарч байгаа боловч хоол тэжээлийн дутагдалтай хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж, 795 саяд хүрнэ гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Дээрх байгууллагуудын тайланд тэмдэглэж буйгаар, дэлхийн хүүхдүүдийн дөрөвний нэг нь хоол тэжээлийн дутагдлын улмаас биеийн хөгжил нь удааширч байгаа бол бүх хүүхдийн 9 хувь нь өлсгөлөнгийн улмаас тураалд оржээ.

Дэлхийн 52 орны өлсгөлөнгийн түвшин маш өндөр үзүүлэлттэй гарсан байна.  Хамгийн өндөр түвшин Өмнөд Азийн орнууд болон Африкийн Сахарын цөлөөс урагш оршдог орнуудад ажиглагджээ.

Үүний сацуу, дэлхий даяар өлсгөлөнтэй хийж буй тэмцэл ахиц дэвшилд хүрснийг мэдээлж байна. 2000 оноос хойш хөгжиж буй орнуудад хоол тэжээлийн дутагдалтай хүмүүсийн тоо 27 хувиар буурчээ.

Иргэдийнхээ хоол тэжээлийн дутагдлын түвшнийг хамгийн их бууруулсан 10 орны тоонд Монгол, Украин, Азербайжан, Босни-Герцеговин, Бразил, Хорват, Киргиз, Латви, Перу болон Венесуэл орсон байна.

Д.Жаргал

Холбоотой мэдээ