АНУ-ын зэвсэг, техникийн экспорт 46.6 тэрбум долларт хүрэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-20 15:01:08

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын зэвсэг, техникийн экспортын хэмжээ энэ жил хамгийн дээд үзүүлэлт болох 46.6 тэрбум долларт хүрчээ. Энэ тухай долоо хоног тутмын “Defense News” сонинд Пентагоны мэдээллийг иш татан бичсэн байна.

2014 онд АНУ гадаадын орнуудад 34.2 тэрбум долларын зэвсэг, техникийг нийлүүлж байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 27.8 тэрбум доллар байжээ.

Тус сонинд мэдээлж буйгаар, зэвсэг, техникийн экспортын хэмжээ өссөн нь Сири, Иракт “Лалын улс” бүлэглэлтэй хийж буй тэмцэлтэй холбоотой байна. Үүний сацуу, “нефтийн үнэ унасантай болон батлан хамгаалахын төсөв буурсантай” холбоотойгоор 2016 онд дээрх үзүүлэлт бага зэрэг буурч магадгүй гэж таамаглаж байгаа аж.

Эн түрүүнд АНУ-ын Ойрхи Дорнод дахь холбоотнууд болон түншүүддээ нийлүүлдэг зэвсгийн хэмжээ буурах төлөвтэй байна. “Defense News” сонинд бичиж буйгаар, тус бүс нутагт нийлүүлдэг зэвсэг, техникийн хэмжээ “15 тэрбум доллар хүрч буурна гэж урьдчилан таамаглаж байна”. Гэсэн хэдий ч Америкийн зэвсэг, техникийг Зүүн Европ болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд худалдан авах нь нэмэгдэх ажээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ