Дөрвөн иргэний амийг аварсан Г.Ганбаярыг “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2017-01-26 15:55:58

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр галын аюулаас дөрвөн хүний амийг аварсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн II хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаярыг хүлээн авч уулзан “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.

Сайд С.Бямбацогт энэ үеэр хэлэхдээ “Аюул ослоос хүний амийг аварсан энэ сайхан мэдээг сонсоод цагдаагийн алба хаагчдаараа бахархах сэтгэл төрж байлаа. Ард олныхоо аюулгүй амьдралын манаанд цагдаагийн мянга, мянган алба хаагчид 24 цагийн турш нүд цавчилгүй зүтгэж яваа. Өргөсөн тангарагтаа үнэнч байж эрдэнэт хүний амь насыг аврах ариун үйл хэргийг нэр төртэй биелүүлсэн Г.Ганбаяртаа баярлалаа” гэв.

Цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр энэ сарын 24-ны өглөө 08.00 цагийн үед ажилдаа явж байхдаа Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 14 дүгээр гудамжинд орших суух иргэн Ц.Найманжингийн байшингийн үүдний хэсэгт гал гарч байгааг хараад хашааг нь даван орсон байна. 

Байшинд байсан дөрвөн иргэнийг сэрээж галын аюулаас аврах үед хоёр хүн угаартсан байдалтай, нэг хүний мөр түлэгдсэн байжээ.

Цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр нь тус байшингаас иргэн Ц.Найманжин, Д.Алтанзул, Ц.Есөнжин, Г.Нэргүй нарын 35-40 насны дөрвөн хүнийг аварч, эмнэлгийн тусламж үзүүлсэн юм.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ