ӨМНӨГОВЬ: Бэлчээрийн даац 80 гаруй хувьд хүрэлцээтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-09-08 20:55:35

Даланзадгад, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн нийт нутгийн 80 гаруй хувьд намаржилт сайн байна.


Тодруулбал, Өмнөговь аймгийн ХХААГ-аас өвөл, хаврын бэлчээрийн даац багтаамжийг тооцоолж гаргаснаар нутгийн 80 хувьд хүрэлцээтэй, 20 хувьд даац хэтэрсэн байгааг тодорхойлжээ.


Энэ өвөл 2 сая гаруй толгой мал өвөлжих урьдчилсан төлөвтэй, үүнээс 250 мянган толгой малыг зах зээлийн эргэлтэд оруулж, 240 мянган толгой малыг хүнсэнд хэрэглэхээр төлөвлөжээ.


Тус аймгийн хэмжээнд 213 өрхийн 51,5 мян толгой мал оторлож байна. Гадны аймгийн  28 өрхийн 11,5 мянган толгой мал, өөрийн аймгийн сумдын нутагт 185 өрхийн 40 мянган толгой мал оторлож байна.

 

Өмнөговь аймгийн ХХААГ-ын дарга Ш.Бат-Эрдэнэ:


-Энэ зун бороо сайн орсонтой холбоотойгоор ногоо элбэг зуншлага сайхан боллоо. Өмнөговь аймгийн хэмжээнд 2,5 сая толгой мал, зургаан мянга гаруй малчин өрх өвөлжихөд бэлэн гэж үзэж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 56 дугаар тогтоол гарсан. Үүнтэй уялдуулаад Өмнөговь аймгийн Засаг даргын 04 тоот албан даалгавар мөн гарсан.

Өмнөговь аймаг 15 сумын дарга нартайгаа цахим хурал хийлээ. Хурлаар жилийн өвс, тэжээлийн нөөцөө сум өөрсдөө бэлдэх чиглэлийг өгсөн. Энэ жил эрт хүйтэрч эхэлж байна. Мөн өвөл цас их орох төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлсэн. Цас орж эхлэхээр манай бүс нутаг руу отрын мал орж ирэх магадлал их байна. Хил залгаа аймгуудын малчид өвөлжих газар нутаг үзээд явж байгаа мэдээллүүд ирж байна. Бид орж ирж байгаа оторчдыг боломжоороо хүлээж авна.

Харин малын гоц халдварт өвчингүй байх, тарилга туулгандаа хамрагдсан байхыг л шаардана. Өмнөх жилүүдэд цаг хүндрэхэд хил залгаа аймагтаа мөн оторлож байсан. Тиймээс цаг сайхан байгаа жилээ чадлынхаа хэрээр хамтран өвөл, хаврыг давна гэж бодож байгаа. Өмнөговь аймаг цас зудтай цаг үеүдэд малчдаа өвс, тэжээлээр хангаж, тодорхой хөнгөлөлтийг үзүүлэн ажиллаж байсан. Энэ жил цаг сайхан байна. Тиймээс малчид тайвшрахгүй өвс хадлангаа дор бүрдээ маш сайн нөөцлөх хэрэгтэй байгааг чухалчлан анхааруулж байна.

 

Холбоотой мэдээ