Буянт суманд ХАА-н агро парк байгуулах хамгийн боломжтой гэж мэргэжлийн байгууллагууд үзжээ

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2016-11-03 12:14:33

“Ховд Агро Парк” төслийн санаачлагч, удирдагч, эдийн засагч Д.Нямдаваатай  баруун таван аймгийн бизнесийн стратеги хэлэлцэх үеэр уулзаж ярилцлаа.

-Та төслийн талаар товч ойлголт өгөхгүй юу?

-Дэлхийн олон улс оронд хөдөө аж ахуйн агро парк амжилттай хөгжсөн байдаг. Миний хувь хөдөө аж ахуй хөгжлийн ирээдүйг паркын тогтолцоо тодорхойлно гэж бодож байгаа. Манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ болон нэг хүнд ногдох малын тоогоор дэлхийд дээгүүрт ордог. Гэвч малын тоо толгой их байгаа нь мал аж ахуй сайн хөгжсөн орон гэсэн дүгнэлтэнд хүрэхэд учир дутагдалтай юм. Мал аж ахуйн хөгжсөн улс орнуудын жишээнээс үзэхэд малын тоонд голлон анхаарахаас илүү ашиг шимийг нь анхаарч, хөгжүүлж байна. Иймд бид нэгдсэн байдлаар мал аж ахуй, газар тариаланг бүс нутгуудад хөгжүүлэх шаардлагатай. Ингэснээр малын чанар нэмэгдэж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гадна, дотны зах зээлд гаргах боломж нээгдэх юм. Мөн манай Ховд аймаг, цаашлаад баруун бүс нутагт газар тариалан, эрчимсэн мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн хөгжил төвийн бүсээс хэт удаан явж байгаа нь алслагдсан бүс нутгийн иргэдийн хүнсний аюулгүй байдалд илүү анхаарах шаардлагыг бий болгож байгаа юм.

-Яагаад заавал Ховд аймгийн Буянт суманд Хөдөө аж ахуйн агро парк байгуулах болсон бэ?

-Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, ХААИС, Ховд Их сургуулийн судлаач, мэргэжилтнүүдийн багаас холбогдох судалгааг хийж, усалгаатай газар тариалан, төрөлжсөн жимс, хүнсний ногоо тариалалт хөгжүүлэх боломжтой хэд хэдэн нутгийг тогтоож, үнэлгээ хийсэн. Үүнээс Ховд аймгийн Буянт сумын нутаг нь нэгдүгээр усалгаатай газар тариалан хөгжүүлэх боломжтой, хоёрдугаарт цаг уурын нөхцөл тааламжтай, гуравдугаарт дэд бүтцийн хөгжил сайн, дөрөвдүгээрт хөрсний үржил шим сайн зэрэг Хөдөө аж ахуйн агро парк хөгжих угтвар нөхцөлүүд, шалгууруудад хамгийн ихээр нийцсэн нь юм.

-Яагаад заавал Хөдөө аж ахуйн агро парк гэж?

-Монгол бол мал аж ахуйн асар их нөөцтэй орон. Гэтэл бид өнөөдөр уул уурхайгаас хараат эдийн засгийн бүтэцтэй болчихсон. Газрын тосоо хүртэл боловсруулж чадахгүй хилийн дээс давуулж байна. Нэг салбараа хэт шүтсэн, хэт хараат байсныхаа үр дагаврыг үзэж байна. Харин ХАА-н бүтээгдэхүүн бол эргэн төлждөг бүтээгдэхүүн. Би нэг жишээ дурдъя. 2008 онд дэлхийн зах зээл дээрх нэг кг үхрийн махны үнэ 2.7 ам.доллар байсан бол өнөөдөр бараг 4.6 ам.доллар хүрч байна. Энэ бүх тоо юуг хэлээд байна вэ гэхээр Монгол Улс эдийн засгаа маш яаралтай солонгоруулах шаардлагатайг хэлээд байгаа юм. Солонгоруулах гэж хэлээд байгаа бодлогын буюу солонгын нэг том өнгө нь НОГООН буюу хөдөө аж ахуйн, хүнсний үйлдвэрлэл байх шаардлагатай болоод байна.

-Төслийн гол ач холбогдол, нийгэмд хүртээмжтэй байдал, ирээдүйг хэрхэн дүгнэх бэ?

-Энэхүү төсөл нь хэрэгжсэнээр ХАА-н салбарын болон бүс нутгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх өндөр ач холбогдолтой. Төслийн үр ашгийг төсөлд оролцогч талууд болон нийт бүс нутгийн ард иргэд бүрэн хүртэх боломжтой. Бидний зүгээс төсөл хэрэгжиснээр дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Нэгдүгээрт: шинэ, дэвшилтэт болон өндөр технологи дамжуулах, нэвтрүүлэх, нутагшуулах, хоёрдугаарт: экспортын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гуравдугаарт: байгаль орчинд халгүй үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дөрөвдүгээрт: бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, тавдугаарт: жижиг, дунд үйлдвэр, өрхийн үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих орчныг бүрдүүлэх, ажлын байр бий болгох, зургаадугаарт: үйлдвэрлэлийн үр ашигтай зарцуулалт, харилцан ашигтай байдал бий болгох гэсэн ач холбогдолтой юм.

-Хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгч, ард иргэдэд хандаж хэлэх үгээ үлдээнэ үү?

-Аливаа ажлыг эхлүүлнэ гэдэг маш чухал гэдгийг онцолж хэлмээр байна. Манай төслийн хувьд төсөлд оролцох бизнес эрхлэгч, ард иргэдэд нээлттэй, тэгш эрх олгож байгаагаараа давуу талтай юм. Мөн хөрөнгө оруулагч нь нэгдсэн паркын системд биш төслийн нэгжид хөрөнгө оруулах боломжийг бий болгож байгаа. Иймд та бүхнээс Паркын удирдлага компаний зүгээс паркын нэгдсэн тогтолцоонд нэгдэж, тогтвортой ашиг хүртэж, хамтдаа хөгжихийг уриалж байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ