Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагчид Ж.Мөнхсоёлыг дэвшүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 7 дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан боллоо.
Хуралдаанаар ИТХ-ын бүрэн эрхийг тогтоож батлах, дотоод зохион байгуулалтыг тогтоон батлах, ИТХ-ын байнгын дэгийг тогтоон батлах гэсэн үндсэн 3 асуудлыг хэлэлцсэн байна. Хэлэлцэх асуудлынхаа дарааллыг тогтоосны дагуу сум, орон нутгийн тойргуудаас нэр дэвшин ялалт байгуулсан ИТХ-ын 31 гишүүний бүрэн эрхийг тогтоон баталж, үнэмлэх энгэрийн тэмдгийг гардуулсан. Энэ удаагийн ИТХ-ын сонгуулиар Ардчилсан намаас 7 нэр дэвшигч, МАН-аас 24 нэр дэвшигч ялалт байгуулсан юм. Мөн үеэр Ардчилсан нам бүлгээ байгуулж, бүлгийн даргаараа Б.Гантулгыг сонгосон бол МАН-ын бүлгийг Ч.Гомбодорж даргалах болжээ.
Хуралдаанаар мөн ИТХ-ын дотоод зохион байгуулалтын тухай асуудал буюу ирэх дөрвөн жилд сонгогдон ажиллах ИТХ-ын дарга, Баянхонгор сумын Засаг даргыг дэвшүүлж санал асуулгаар батлах асуудлыг хэлэлцсэн. Ийнхүү олонхийн саналаар Баянхонгор сумын ИТХ-ын даргаар МАН-аас 6 дугаар багт нэр дэвшиж ялалт байгуулсан М.Батбаяр сонгогджээ. ИТХ-ын төлөөлөгчид М.Батбаярыг "Энэхүү албанд ямар нэгэн улс төрийн өнцгөөс бус туршлагатай улс төрчийн үүднээс хандан, ажил хэргээ явуулна гэдэгт итгэлтэй байна" хэмээн журмын нөхөд нь дэмжжээ. Харин Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын захирагчид МАН-аас Угалз 4 дүгээр багт нэр дэвшиж ялалт байгуулсан Ж.Мөнхсоёлыг нэр дэвшүүлснээр бүрэн дэмжигдсэн байна. ИТХ-ын төлөөлөгчид түүнийг мөрийн хөтөлбөрөө аймгийнхаа хийгээд Баянхонгор сумынхаа хэтийн хөгжилтэй уялдуулан гаргаж, ирэх дөрвөн жилд үр дүнтэй, бодит бүтээмжтэй ажиллахыг хүслээ.
Түүнчлэн Баянхонгор сумын ИТХ-ын тэргүүлэгчдийг долоон хүний суудалтай байхаар тогтоож, МАН-аас зургаан суудал, АН-аас тэргүүлэгчдийн суудалд нэг хүнийг оруулжээ.
Б.Мөнхзул