БАЯНХОНГОР: Цас орж эрс сэрүүснэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөөдөр нутгийн хойд хэсгээр, энэ сарын 4-нд нутгийн өмнөд хэсгээр, 5-нд нийт нутгаар цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Энэ өдрүүдэд иргэд:
-Дулаан хувцаслах,
-Хол, ойрын замд гарахдаа аюулгүй байдлаа хангах, тухайн очих гэж байгаа газрынхаа цаг агаарын мэдээ, мэдээллийг хүлээн авч, шийдвэр гаргах,
-Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, малд явуулахгүй байх,
-Малаа ойрын бэлчээрт бэлчээх зэргээр өөрийн болоод бусдын амь, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахыг тус албанаас онцгойлон сануулав.
Аймгийн УЦУОША-наас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 4-нд хангайн уулархаг нутаг, хээр талын нутгаар, 5-нд нийт нутгаар хур тунадас орно. 4, 5-нд Алтайн салбар уулсаар 10-12м/с хүрч ширүүснэ. Бусад нутгаар 7-10м/с.
Агаарын температур: Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, хээр талын нутгаар шөнөдөө -0...-5 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө +0...+5 градус, өдөртөө +11...+16 градус дулаан, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. Энэ сарын 4, 5-нд нийт нутгаар сэрүүснэ.