Түлээний үнэ өсөөгүй ч борлуулалт тааруу байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-11 10:22:44

Айл өрх өвлийн түлшээ бэлтгэж байгаа энэ үед нүүрс түлээ ямар үнэтэй байгааг Ховд аймгийн зах дээр түлээ нүүрс зардаг цэгээс тодрууллаа. Ховд аймгийнхны нэг онцлог ой мод багатай учраас үхэр малын аргал түлшинд их хэмжээгээр хэрэглэдэг юм.

Тус  зах дээр нэг уут аргал 3000 төгрөг, уут мод 5000 төгрөг, портер машинд ачиж ирсэн  тэвш аргал 60,0-65,0 мянга, тракторын чиргүүлтэй аргал 150,0 мянган төгрөгийн ханштай байна. Харин машин нүүрс нэг тн нь 80,0-90,0 мянган төгрөгийн үнэтэй, уут нүүрс 5000-7000 төгрөгийн үнэтэй байна.

Түлээ зарж байгаа иргэн н.Батсүхтэй уулзахад “Өнгөрсөн жил түлээ сайн борлогддог байсан.Энэ жил түлээ нүүрсний үнэ өмнөх жилээс нэмэгдээгүй. Бид цаад тал нь 50-60 км газраас аргал тээвэрлэж ирдэг. Хүмүүсийн худалдан авалт муу байна, аргал борлогдохгүй байна” гэж ярилаа.

Намрын хадлангаа дуусгаад өвлийн түлш бэлтгэж зардаг иргэдийн хувьд түүж ирсэн аргал борлогдохгүй байгаа нь санааг нь зовоож байгаа гэнэ.

Намрын налгар өдрүүд нэг хэсэгтээ налайж цаг агаар тогтуун байгаа нь нөлөөлж байгаа  байх гэж зарим нь хэлж байв.

Гэхдээ л айлууд урин дулаан дээр үнэ хямд байхад өрсөөд түлээгээ татаад авдаг байсан бол  энэ жил  иргэдийн худалдан авах чадвар тааруу байгаа нь түлээний зах дээр ирсэн машин, трактор энд тэндгүй тэвш дүүрэн аргалтай зогсож байгаагаас илт байв.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ