СЭЛЭНГЭ: Гэмт хэргийн улмаас иргэн болон байгууллагад 1151.8 сая төгрөгийн хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-05-16 16:11:07

Сүхбаатар, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 31.3 хувиар нэмэгдсэн байна.

 

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мэдээлснээр, оны эхний 4 сарын байдлаар нийт 323` гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 77 буюу 31.3 хувиар өссөн байна. Эдгээр гэмт хэргийн 75 нь согтуугаар үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас иргэн болон байгууллагад нийт 1151.8 сая төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үеэс 54.1 хувиар их байгаа аж.

 

Одоогийн байдлаар учирсан хохирлоос 440.4 сая төгрөгийг нөхөн төлүүлж, нөхөн төлөлт 38.2 хувьтай байна.  

 

Бүртгэгдсэн гэмт хэргийн 116 нь өмчлөх эрхийн эсрэг, 113 нь хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг, 41 нь байгаль хамгаалах журмын эсрэг, 29 нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 24 нь бусад төрлийн гэмт хэрэг эзэлж байна.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн 11 нь малын хулгай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6-гаар буурсан байна.  

 

Мөн аймгийн хэмжээнд эхний 4 сарын байдлаар 81 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүлжүүлэгдсэн хүний тоо 14-өөр нэмэгдсэн байна. 

 

Мөн гэмт хэргийн улмаас 111 хүн гэмтэж, 10 хүн нас баржээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 18 хүн хохирсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмтсэн хүний тоо 26 хүнээр нэмэгдсэн бол гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон хүний тоо 1-ээр буурчээ.

 

Холбоотой мэдээ