ЗАВХАН: Цаг агаарын нөхцөл байдал хүнд ч гэлээ мал тооллого төлөвлөсөн хугацаандаа эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-12-08 17:24:36

Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Тус аймгийн 1000 гаруй төрийн албан хаагч жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогод ажиллаж байна.


2023 оны мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-17-ны өдөр улсын хэмжээнд зохион байгуулж байна.


Мал тэжээвэр амьтдын тооллогын зохион байгуулалт, мэдээллийн чанарыг сайжруулахад анхаарах асуудлуудын талаарх арга зүйн зөвлөгөө өгөх сургалтыг аймгийн 24 сумын төсөв, төрийн сангийн мэргэжилтэн, 116 багийн Засаг дарга нарыг оролцуулан 12 дугаар сарын 3-ны өдөр Улиастай суманд зохион байгуулсан.  


Аймгийн хэмжээнд 24 сумын 116 багт аймаг сумын ЗДТГ, удирдлагууд, төсөв төрийн сан хариуцсан мэргэжилтэн, багийн засаг дарга нар, бусад мэргэжилтнээс бүрдсэн багууд ажиллаж байна. Аймгийн тооллого зохион байгуулах комисс 24 сумын 10 чиглэлд, хяналтын баг таван чиглэлд тус тус ажиллана. 


Аймгийн 9 сум зудын эрсдэлтэй, орон нутгийн чанартай зарим зам даваа хаагдсан, цаг агаарын таагүй нөхцөл байдалтай байна. Гэсэн хэдий ч төлөвлөсөн хугацандаа мал тооллогын ажил эхэлсэн байна.


Харин Тэс, Асгат, Баянхайрхан суманд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хөдөөгийн багуудын тооллого 8-ны өдрөөс эхэлжээ. 


Манай улс 1961 оноос мал, тэжээвэр амьтдыг жилийн эцэст  тоолдог болсон билээ.


Мал тээжээвэр амьтдыг жил бүр тооллогод хамруулсанаар гамшгийн эрсдэлд өртсөн тохиолдолд нөхөн төлбөр авах. Малын ашиг шимээс олох орлого, зарлагыг тодорхойлох, хөрөнгийн бүртгэлээ баталгаажуулж мэдээллийн санд бүртгүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Мөн хөдөө аж ахуйн салбар нь Завхан аймгийн эдийн засгийн гол салбар юм. 


Тиймээс малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг аймгийн Статистикийн хэлтсээс уриалж мэдээлэл өгөв.

Холбоотой мэдээ