ЗАВХАН: Тарвагатай нурууны цогцолбор газраар аялахыг жуулчдад санал болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Тарвагатай
нурууны байгалийн цогцолбор газрын бүс нутгаар аялахаар бол халуун рашааны гуравдугаар
зэрэгт багтах рашаануудад орох боломжтой.
Энд Хожуул, Зарт, Халуун ус, Цэцүүх, Хөнжил зэрэг халуун рашаантай. Химийн найрлагаараа өөр хоорондоо ялгаатай бөгөөд дотор эрхтнийг анагаах увидастай.
Мөн галт уулын гаралтай бүлэг жижиг нуурууд элбэг тохиолдоно. Уулын тайгын ширэгт, уулын тайгын цэвдэгт хөрс нилээд өргөн зурвасаар тархсан байдаг. Архангай аймгийн Цахир, Завхан аймгийн Алдархаан, Идэр, Булнай, Их Уул сумдын нутаг дэвсгэрт оршдог Тарвагатайн нуруу нь хангайн нурууны төв хэсгийн байгалийг онцлогийг төлөөлсөн газар юм.
Монголын хамгийн том Сэлэнгэ мөрний эх, ус хагалбарын муж болох бөгөөд эмчилгээний чанартай рашааны нөөц ихтэй тул 2000 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна. Идэр Тэрхийн голын хооронд сунаж оршихдоо гүн хөндий, эгц цавчим хажуу бүхий 2567-3226 метр өргөгдсөн уулстай.
Зарим жилүүдэд цас хайлдаггүй онцлогтой. Хангайн өндөр уулын чийглэг сэрүүн мужид багтдаг. Асга чулуугаар хучигдсан усны хагалбар уулс, эгц хажуутай гүн хавцал, галт уул, мөстлөгийн гаралтай хотгор гүдгэр түгээмэл байдаг.
Тарвагатайн нурууны сав газарт орших Идэр гол, Ногоон нуураар аялах бол Маргад Ембүү жуулчны баазад тухлах боломжтой.
Маргад Ембүү жуулчны бааз нь Улаанбаатараас 970 км, аймгийн
төвөөс 78 км-т Идэр сумын төвөөс 23 км-т байрладаг.
Улирлын чанартай зун 6-10 сарын хооронд үйл ажиллагаа явуулдаг. Монгол ахуйтай танилцах загасчлах гээд төрөл бүрийн аялалыг аялагч, жуулчдад зориулан зохион байгуулдаг.
Энэ жил тус амралтын газраас Тарвагатай
нурууны цогцолбор газраар байгалийн аялал хийх. Элсэн манхан үргэлжилсэн нуруу,
говийн бүсээр аялах, Томоохон гол, нууранд загасчлах завиар аялах. Морь унаж,
үхэр тэргээр аялах, зураг авахуулах. Монголчуудын эртний уламжлалт нүүдлийн
соёл иргэншил, зан үйлтэй танилцах. Эсгий хийх, арьс сур боловсруулах, морь
уургалах, эмнэг сургах, монгол үндэсний тоглоом наадгайгаар тоглох боломжийг
жуулчдад санал болгожээ.
Амралтын газар байрлах Тарвагатайн нурууны 170000 га талбайг нь ой мод эзэлдэг. Шинэс зонхилон ургах бөгөөд нутгийн зүүн хэсгээр хуш модтой. Сибирь хундага, ягаан цээнэ, эмийн бамбай, алтанзул зэрэг ховор ургамал ургадаг. Эгц хавцал бүхий газраар намхан бутлаг ургамал ургана. Буга, бор гөрөөс, шилүүс, хүдэр, аргаль янгир, чандага, үнэг, тарвага зурам, үхэр огдой, жирх тааралдана. Хур сойр, ятуу, адууч чогчоохой, гангар хун, хээрийн галуу, хилэн омруут ахууна зэрэг олон зүйлийн ховор шувуудтай. Тиймээс аялагч, жуулчид байгалийн үзэсгэлэнт газрыг нүдээр үзэж, ховор ан амьтдыг ойроос харах боломжтой юм.
Маргад Ембүү амралтын газартай 98197490, 98469625 утсаар холбоо бариарай.
Ногоон нуур
Ногоон нуурын намар, Энд Монгол уран сайхны киноны зураг авалтыг хийжээ