ГОВЬ-АЛТАЙ: Мал сүрэг, зэрлэг амьтдыг ундаалах хөв цөөрөм байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙЕсөнбулаг, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр Дарви суманд хөв цөөрөм байгуулав.
Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаанаас энэ онд Жаргалан, Баян-Уул, Дарви, Шарга суманд хөв цөөрөм хийх боломжтой газруудыг тогтоосон байна. Тус газруудын нэг болох Говь-Алтай аймгийн Дарви сумын Ихэс багийн Баяннурууны Мараатын эх гэдэг газарт шинээр хөв цөөрөм байгуулсан тухай Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаанаас мэдээлэв.
Энэ ажлыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр "Алтайн хишигт" ХХК хийж гүйцэтгэсэн аж.
Энэхүү хөвийн далангийн урт 36м, өндөр 2,5м, хярын өргөн 3,5м, илүүдэл ус гаргах сувгийн урт 17м, өргөн 2м, гүн 0,7м бөгөөд мал сүрэг, зэрлэг амьтдыг ундаалах, бэлчээрийн давхардал, байгаль орчны доройтлыг бууруулахад ач холбогдолтой юм.