ЗАВХАН: Улсын аварга шалгаруулах тэмцээнд ахмад шатарчин Н.Төвсанаа тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-06-28 14:51:07

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт ахмад шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болж, 14 аймгийн шатарчид оролцлоо.


Ахмад шатарчдын улсын 18 дахь удаагийн тэмцээнийг Монгол Улсын ууган дөрвөн аймгийн нэг Завхан аймгийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Алдархаан сумын уугуул, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, олон улсын мастер Пүрэвийн Жигжидсүрэнгийн нэрэмжит болгон зохион байгууллаа.


Тэмцээнийг Монголын шатрын холбоотой хамтран зургаадугаар сарын 23-25-ны өдрүүдэд Улиастайд зохион байгуулсан. Тэмцээнд Улаанбаатар хотын дүүрэг, 14 аймгийн 80 гаруй ахмад шатарчин оролцож, оюун ухаанаа уралдуулсан. Хоёр насны ангиллаар явуулсан тэмцээний 50+ насны ангилалд Улаанбаатар хотын оролцогч Н.Төвсанаа, эмэгтэй шатарчдаас Г.Баярмаа нар тэргүүлжээ.


Харин 65+ насны ангилалд мөн Улаанбаатар хотын оролцогч С.СанждоржДорноговь аймгийн оролцогч эмэгтэй шатарчдаас Г.Бямбаа нар тэргүүлжээ. Блицийн төрөлд Н.Төвсанаа, бодлого бодолтын төрөлд Г.Алтан-Оч нар тэргүүлсэн байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Ташрамд, тус аймаг шатрын спортыг бодлогоор дэмждэг аймаг юм. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав 2008 онд Завхан аймгийн Засаг дарга байхдаа гурван тулгуурт бодлого хэрэгжүүлж эхэлсний нэг нь шатрын спорт юм. Энэ хугацаанд нийт 14 мянган хүүхдийн 11 мянга нь шатар тоглож сурчээ.


Мөн 2016 онд Завхан аймгийн 11 мянган хүүхэд Дэлхийн шатрын холбоонд гишүүнээр элсжээ. Ингэснээр дэлхийн 600 сая хүнтэй цахим орчноор дамжуулан шатар тоглох боломж нээгдсэн аж. Тус холбоонд 30 мянган хүнийг нэгэн зэрэг элсүүлсэн амжилтаар Энэтхэг улс тэргүүлдэг бол Монгол Улс хоёрдугаарт бичигдсэн түүхтэй. 

Холбоотой мэдээ