ЗАВХАН: Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-05-03 14:17:13

Улиастай /МОНЦАМЭ/. Тус аймагт “Хүн бүр байгаль хамгаалагч” аян өрнөж байна. Аяны хүрээнд Завхан аймгийн Цагдаагийн газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр нөлөөллийн ажлыг цахим орчинд болон иргэдтэй уулзаж, ухуулан таниулах ажлыг хийж буй юм. Энэ талаарх тодруулгыг Завхан аймгийн Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч З.Нямтулгаас тодруулав. 


-Завханд аймагт хүрээлэн байгаа орчны эсрэг ямар төрлийн гэмт хэрэг бүртгэгдэж байна вэ?

-Завхан аймгийн тухайд 2022 онд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 53 бүртгэгдсэн нь өмнөх оноос 5.6 хувь өссөн үзүүлэлттэй байна.

Тус аймагт бүртгэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн тоон үзүүлэлтийг сүүлийн таван жилийн байдлаар авч үзэхэд жил тутамд өссөн үзүүлэлттэй.

Тухайлбал, 2018 онд нийт 12 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол энэ тоо жил бүр өссөөр 2022 онд 53 бүртгэгдсэн байна. 

Тодруулж хэлбэл, 2022 онд хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох хэрэг гурав, хууль бусаар мод бэлтгэх хэрэг 33, ой, хээрийн түймэр тавих нэг, хууль бусаар ан агнах хоёр, химийн хорт аюултай бодисыг эргэлтэд оруулах хэрэг 2021 онд нэг бүртгэгджээ. Харин байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх хэрэг сүүлийн таван жилд өссөн төдийгүй 2022 онд 14 хэрэг бүртгэгджээ.


Манайхаас нөлөөллийн ажлын хүрээнд ялангуяа цахим орчинд буй заруудыг хянах, иргэдэд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад тухай бүр мэдэгдэж, иргэн бүрийг байгаль хамгаалагч байхыг уриалж байгаа юм. Тухайлбал манай аймгийн хувьд нэн ховор ургамал болох хонин арцыг хууль бусаар түүж бэлтгэх гэмт хэрэг жил тутамд өссөн үзүүлэлтэй байгаа нь харамсалтай юм. Хууль бусаар арц түүх гэмт хэрэг сүүлийн гурван жилд гэхэд 25 хэрэг бүртгэгдсэн байна.

 

-Хонин арц ихэвчлэн тусгай хамгаалалттай газруудад ургадаг уу? Зөвшөөрөл авдаг уу?

-Завхан аймгийн нийт нутаг дэвсгэрийн 35 хувь нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Үүнээс 24 хувийг орон нутгийн, 11 хувийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг эзэлдэг. Хонин арц нь нэн ховор ургамал учир зөвшөөрөл авдаггүй. Түүж ашиглахыг хуулиар хориглодог. Гэтэл аймгийн нутаг дэвсгэрт сүүлийн таван жилд бүртгэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 28 хувийг нь хонин арцыг хууль бусаар түүж бэлтгэх хэрэг эзэлж буй юм.

Гэтэл 71 хувийг нь хууль бус мод бэлтгэх хэрэг эзэлжээ. Аймгийн 24 сумаас 16 сум ойн сан бүхий газар нутагтай. Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх  тусгай зөвшөөрөлтэй 49  ойн мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Дээрх ойн мэргэжлийн байгууллагуудын зүгээс аймгийн төв болон Улаанбаатар хот, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг аймгийг мод, модон материалаар хангадаг. Жил бүр аймгийн ИТХ-аас баталдаг мод бэлтгэлийн хэмжээ, зөвшөөрлийг давсан хууль бус мод бэлтгэх хэрэг бүртгэгдсээр байгаа юм.

 

-Гэмт хэрэг, зөрчлийн өссөн шалтгаан нь юу юм бол?

-Улс эх орны эдийн засаг хямарч, иргэдийн амжиргааны түвшин буурсан, ажилгүйдэлтэй холбоотой энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн. Ховор, нэн ховор ургамал, ан амьтны эд эрхтэн, мод, модон материалын зах зээлийн үнэлгээ өссөн.


Жишээлбэл, 2020 онд 1кг арц 5000 төгрөг байсан бол одоо 20000-30000 төгрөг болж, 3-6 дахин өссөн нь хонин арцыг хууль бусаар түүж бэлтгэх сэдлийг өгч байгаа нь харамсалтай.

Энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдсэнтэй холбоотой хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх дагнасан Экологийн цагдаагийн алба гэж 2020 онд байгуулагдсан нь үр дүнгээ өгч байна. Учир нь энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулж, иргэдэд нөлөөллийн ажлыг хийх, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулахад голлон анхаарч дагнан ажиллаж байна.  

Монгол Улсын Үндсэн хуулийн 16, 19 дүгээр зүйлд “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах”, “хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэний өмнө төр хариуцна” гэж заасан. Хуулийн эл заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Экологийн цагдаагийн алба нь Улсын ерөнхий прокурорын 2017 оны А/67 дугаар тушаалаар харьяалуулсан, 2015 онд УИХ-аас баталсан Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох.

Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийг хууль бус эргэлтэд оруулах. Мөн хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх, ой хээрийн түймэр тавих. Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх, Байгалийн тэнцэл алдагдуулах зэрэг гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.


-Хуулийн хариуцлага нь ямар байдаг вэ?

-Арцыг зөвшөөрөлгүй түүж худалдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Нэн ховор арцыг хууль бусаар түүхгүй байхыг дахин сануулж байна. Таны танил хэн нэгэн арц түүдэг, худалддаг, худалдан авдаг бол, байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд уриалаарай.

Тухайлбал арцны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тоот тушаалаар нэн ховор Хонин арц /Juniperus Sabina/ нэг килограмм тутамд хуурай жин 194000 төгрөг, нойтон жин 100900 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй.

Харин ховор хуурамч хонин арц нь /Juniperus pseudosabina/ нэг килограмм тутамд хуурай жин 175800 төгрөг, нойтон жин 98500 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээтэй байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна.


Харин эрүүгийн хуулийн 24.8.1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5.4 саяас 27 сая төгрөгөөр торгох. Эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэгээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.


Монгол  Улсын   хуульд   арцыг   хэрхэн   ямар   журмаар   түүж ашиглахыг зөвшөөрсөн дүрэм, журам бий. Тиймээс иргэд, ялангуяа нутгийн иргэд хуулиа дээдэлж, байгаль-ээжээ хүндэтгэн, аливаа баялгийг хамгаалах, зохистой ашиглахыг бид энэ сарын хугацаанд, нөлөөллийн аяны хүрээнд цахим орчинд болон, ухуулга сурталчилгааны ажлыг эрчимтэй хийж байна.  

 

-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөл гэж байдаг гэж сонссон энэ зөвлөл ямар асуудлуудыг зохицуулдаг вэ?


-Тийм ээ. Завхан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 01 дугаар тогтоолоор Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийг байгуулсан. Энэ зөвлөл 2 дугаар сарын 13-ны өдөр анхны хуралдаанаа хийсэн. Зөвлөл нь нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулдаг.

Иргэдийн эрх зүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх ухуулга нөлөөллийн нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа хэдий ч төдийлөн зорилтот бүлгийн хүмүүст хүрэхгүй байна. Тиймээс нөлөөллийн ажлыг тогтмол цахим орчинд болон ухуулга сурталчилгааны хэлбэрээр зохион байгуулах нь үр дүнтэй юм. Байгаль орчныг хамгаалах ажилд иргэдийн үүрэг оролцоо чухал учир “Иргэдийн  сайн дурын санаачлагын бүлэг”-ийг байгуулах, бүлгийн гишүүдийг ГХУСАЗСЗ-өөс урамшуулдаг байх тогтолцоог бүрдүүлэхэд нутгийн захиргааны байгууллагын дэмжлэг туслалцаа чухал юм.  


Мөн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэд олон нийтийн дэмжлэг туслалцааг авах тэднийг татан оролцуулах явдал чухал байна.


Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ жил аймгийн ИТХ, засаг дарга нараар “Хамтран ажиллах төлөвлөгөө”-г батлуулж үр дүнг тооцон ажиллахаар болсон.

Байгаль орчныг хайрлан хамгаалах чиглэлээр Идэвхтэн байгаль хамгаалагчийн орон тоог нэмэгдүүлэх. Ялангуяа хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн эрх зүйн мэдлэгийг сайжруулах нөлөөллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулахыг бид зорьж байна.  

-Танд баярлалаа.


Арцны ид төлжин ургах үед хууль бусаар түүж байгаа нь харамсалтай.

Ташрамд, монголчууд арцыг тусгайлан үржүүлж, ургуулж байгаагүй ч ашиглалтын нарийн горимтой байснаас байгалийн унаган төрхийг хэзээ ч алдагдуулж байгаагүй.


Арцыг мөчир, үрээр нь үржүүлэх боломжтой. Тухайлбал хонин арцыг үржүүлэх оролдлогыг хийж байсан. Хэнтий аймгийн Хэрлэн баян Улааны Хөдөө арал, нийслэлийн Ар согоот, Төв аймгийн Жаргалант сумын Мэндийн үзүүр, Баянчандмань сум, Борнуур суманд Г.Пүрэвбат ламын Бүтээлийн сүм зэрэг газарт арцыг мөчрөөр нь тарьж туршсан, үр дүнтэй байсан гэж "Ховор ургамал сан" ТББ-ыг үүсгэн байгуулагч, биологийн ухааны доктор Х.Отгонбилэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг. Тиймээс нэн ховор ургамлыг хууль бусаар түүж бэлтгэхгүйгээр өөрсдөө тарьж ургуулж болох аж. 


Холбоотой мэдээ