ӨМНӨГОВЬ: Цөлжилттэй бүс нутгаар 150 сая заг шинээр тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-21 22:05:51

Даланзадгад /МОНЦАМЭ/ "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг менежментийн төлөвлөгөө боловсруулан 70 сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байна.


Улсын хэмжээнд тарих тэрбум модны 40-өөс дээш хувь нь зөвхөн Өмнөговь аймагт ургана гэсэн үг юм. Тус төлөвлөгөөнд дөрвөн чиглэлээр мод тарих ажлыг тусгаж өгчээ. Нэгдүгээрт, төв суурин газрын цэцэрлэгт хүрээлэн, айл өрхүүд хувийн эзэмшлийн хашаандаа мод тарих, төв суурин газрыг салхинаас хамгаалах ойн зурвас чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллага жил бүр 90 мод, иргэн бүр 9 мод тарих зорилт тавьсан.


Иргэн хуваарьт модноосоо илүү мод таривал мод тутамд усалгаа, арчилгааны 13500 төгрөгийн урамшуулал олгох юм. Өнгөрсөн жилийн хугацаанд мод тарьсан иргэдэд 69 сая төгрөг урамшууллаар олгосон бол энэ жил урамшуулалд 150 орчим сая төгрөг төлөвлөсөн байна. 


Хоёрдугаарт, Өмнөговь аймгийн ойн сангийн 7.3 хувийг заган ой эзэлдэг. Аймгийн хэмжээнд 700 мянга орчим га талбай нь байгалийн сэргэн ургалтыг дэмжих, сийрэг талбайг ойжуулах ойн хэсэг, 240 мянга гаруй га нь шинээр заг тариалах боломжтой талбай байдаг. МУИС, Шинжлэх ухааны хүрээлэн, сумд хамтран нийт заг тариалах талбайн хэмжээг гаргажээ.  

Энэ ажлын хүрээнд шинээр 150 орчим мянган га талбайд 150 сая заг тариалах чиглэл өгчээ. Уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бүс нутагтаа энэ жил 10 мянган заг тарихаар гэрээ байгуулсан байна.


Гуравдугаарт, "Ногоон хэрэм" төслийн хүрээнд одоогоор 50 га бүхий 10 талбайг Даланзадгад суманд байгуулсан юм.  Тус төслийг үргэлжлүүлэн Арц богдын өвөр хоолой, Олон нуурын хөндийн салхины хүчийг сааруулах зорилгоор Даланзадгадаас Булган сум хүртэл 100 гаруй километр зайд тус бүр 50 га хэмжээтэй 100 талбайг нэмж байгуулахаар болжээ. Тухайн ногоон байгууламжийн усалгааны асуудлыг Говь гурван сайхан уулын салаа бүрээс эх авч урсах шургасан булаг болон үерийн ус зэргийг нөөцлөн ашиглахаар төлөвлөж, судалгааны ажил хийж байна. 

 

Дөрөвдүгээрт, Онги, Улааннуур чиглэлд 20 га талбайд тэжээлийн ургамал, чацаргана, мод бут тарихаар төлөвлөгөө гаргажээ. Өмнөговь аймгийн хэмжээнд Даланзадгад суманд сум дундын нэг ойн анги ажиллаж байсан бөгөөд 2022 онд зүүн, баруун бүсэд нэмэгдэн хоёр анги байгуулагдсан юм. Оюутолгой компани нийгмийн хариуцлагын хүрээнд тус ойн ангиудын бүтээн байгуулалт болон гурван жилийн үйл ажиллагааны зардал болох 2 тэрбум төгрөгийг шийдвэрлэхээр Өмнөговь аймагтай хамтын ажиллагаанд гарын үсэг зуржээ.

Ийнхүү үндсэн дөрвөн чиглэлээр Өмнөговь аймагт "Тэрбум мод" тарих хөтөлбөр хэрэгжиж байна. 

Таримал мод тариалахад мод үрсэлгээний газартай байх тун чухал байгааг мэргэжилтнүүд онцлон хэлж байна. Орон нутагтаа үрслүүлсэн суулгац 90 гаруй хувьтай, харин хангайгаас авчирсан суулгац 40 хувьтай ургаж байгааг судалгаагаар гаргасан байна.

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд мод үржүүлгийн газар гурав, Баянзаг бүсэд МУИС-тай хамтарсан мод үржүүлгийн газар, Номгон, Ханбогд, Манлай, Баян-Овоо, Цогтцэций, Гурвантэс суманд тус бүр нэг мод үрсэлгээний газрууд ажиллаж байна. 

Холбоотой мэдээ