УДБЭТ гуравдугаар сарын тоглолтоо “Дон Кихот” балетаар эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-02-27 07:43:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын хамт олон 2023 оны 3 дугаар сарын тоглолтоо дэлхийн сонгодог бүтээл Л.Минкусын “Дон Кихот” балетаар эхлүүлэх гэж байна.

Тус балетыг ямар ч бэрх адал явдал, сайн сайхны төлөөх ширүүн тэмцэлд бэлэн атлаа үргэлж уйтгарлаж явдаг сайн санаат хөлөг баатар Дон Кихотын тухай өгүүлэх Сервантесын зохиолоос сэдэвлэн бүтээжээ.

Энэхүү балет нь сэтгэл сэргээсэн гайхам цоглог бүжиг, уран яруу хөгжимтэй учир дэлхийн олон оронд хүүхэд бүрийн заавал үзсэн байх балетын тоонд ордог. “Дон Кихот” балетыг УДБЭТ-ын тайзнаа 1971 оноос хойш өнөөдрийг хүртэл театрын тайзнаа тоглож байгаа юм. Уг балет нь эх зохиолын ердөө нэг л хэсэг буюу Китри, Базиль хоёрын хайр дурлалыг хэрхэн аварч байгаа хөгжилтэй түүхийг Китригийн аав, гуанзны эзэн Лоренцо, Китритэй гэрлэнэ гэж бат итгэсэн баян тайж Гамаш, мөн Дон Кихотын үнэнч дагуул, зэвсэг агсагч Санчо Панса нарын дүрээр илэрхийлдэг.

Хөгжмийн зохиолч Людвиг Минкус туршлагатай хүн учраас Испани маягийн хөнгөн хөгжим, гал цогтой бүжгээс санаа аван зохиосон балетаа эхнээс нь дуустал салахын аргагүй сонирхолтой, сэтгэл татам болгож чаджээ. Түүнчлэн тайзны тавилт, өнгө будаг нь мөн л эх зохиолын өрнөх Испани нутгийн өнгө алагласан орчин, ахуйг илэрхийлэх тул сэтгэлээ сэргээн амрах, хүүхдийнхээ урлагийн боловсролд нэгэн шинэ хуудас нэмэх боломж юм.

2023 оны 3 дугаар сарын 4, 5-нд тоглох “Дон Кихот” балетад УДБЭТ-ын балетын гоцлооч МУСТА Г.Батчимэг, МУСТА Д.Нацагдорж, Балетын гоцлооч Г.Нямцэрэн, МУСТА Х.Галтулга нарын бүжигчид гол дүрүүдийг бүтээх юм.

Тоглолтын тасалбарыг www.ticket.mn- ээр энэ долоо хоногоос зарж эхэлнэ. 

Холбоотой мэдээ